Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0465/З |
Дугаар | 808 |
Огноо | 2017-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 808
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны “1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Х төв
Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18*******65 нэгж талбарын дугаартай 650м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний А/742 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 650 м.кв газрыг “М” ХХК-д 1.6 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Гэрээнд заасны дагуу тухайн газарт орон сууц барихаар холбогдох баримтыг бүрдүүлэх нутгийн захиргааны байгууллагад хандахад тухайн эзэмшил газартаа хашаагаа барь гэсэн. Ингээд эзэмшил газартаа хашаа барих гэтэл Халдвартын эмнэлгийн дарга болон эмч, ажилтнууд бариулахгүй байсан.
Гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол нэг жилийн хугацаанд хүчинтэй хэмээн үзнэ хэмээн гэрээний 5.6-д заасан тул 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй хэмээн би үзсэн. Улмаар газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргахад хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Газрын тухай хуулинд 15-60 хүртэл жилийн хугацаатайгаар газрыг эзэмшүүлдэг байхад манайд 1.6 жилийн хугацаатай олгосон нь буруу. Хугацаа сунгахаас татгалзах хуульд заасан нөхцөл бүрдээгүй...” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 663 дугаар захирамжаар “О” ХХК нь орон сууцны зориулалтаар 2500м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авсан байна. Дараа нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны 817 дугаар захирамжаар "Хатан цацал” ХХК-д 650м2 газрыг орон сууцны зориулалтаар шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг "М”ХХК нь ”Х******” ХХК-аас шилжүүлэн авсан байна. Газар эзэмших хугацаа нь 1 жил 6 сар байсан бөгөөд 2016 оны 3 сард дуусгавар болсон байна.
Гэтэл тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь “Монгол Улсын Газрын тухай хууль"-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэн, манай албанаас хариу албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан юм.
Мөн Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс ”М” ХХК-ийн олгогдсон газар тус төвийн цэвэр усны магистраль шугам байрладаг, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэхэд төвийн орох хаалганы хэсэгт байрлалтай тул барилга бариулах боломжгүй талаар нэхэмжлэгч байгууллагад албан бичгээр мэдэгдэж байсан байна...” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшиж байсан гэх Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлэгийн зориулалтаар эзэмшиж буй газартай давхцаж байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшиж байсан гэх Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 650м2 газар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цэвэр, бохир усны магистраль шугамтай давхцаж байгаа болно.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь хадварт өвчинтэй тэмцэх, халдварт өвчнийг эмчлэх улсын онцгой бүс гэтэл энэ онцгой бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх нь тухайн орон сууцанд оршин суух иргэдийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг шууд үүсгэх болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-иас анх “Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 650 м2 га газрын газар эзэмших хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ .
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18*******65 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг /хууль бус болохыг/ тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу зөвхөн энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 663 дугаар захирамжаар “О” ХХК-д Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2500 м.кв талбайг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 817 дугаар 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 817 дугаар захирамжаар “О” ХХК-д Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 2500 м.кв газраас 650 м.кв газрыг “Х*******” ХХК-д шилжүүлжээ .
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжаар “Х*******” ХХК-нд Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 650 м.кв газрыг нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлж мөн өдрөөс тооцон 1 жил 6 сарын хугацаатай “Газар эзэмших гэрээ” байгуулжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/25 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийг гаргасан хэдий хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1089, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1574 дугаар албан бичгүүдээр “...газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохыг...” хариу мэдэгдэн, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалтыг хийхээс татгалзсан байна.
Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...бид эзэмшил газартаа орон сууц барихаар төлөвлөн хашаа барих гээд очсон боловч эмнэлгийн зүгээс бариулаагүй. Газрын тухай хуулинд газрыг 15-60 жил олгох ёстой. Гэтэл бидэнд 1 жил 6 сараар газар эзэмшүүлсэн. Хугацааг сунгахад татгалзах хуульд заасан нөхцөл бүрдээгүй байна....“ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
1.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан боловч энэ хуулийн 30.2-д “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 650 м.кв газрыг “Х*******” ХХК-тай байгуулсан анхдагч гэрээнээс хугацааг тооцон 1 жил 6 сарын хугацаатай “Газар эзэмших гэрээ” байгуулсныг буруутгах боломжгүй байх бөгөөд “...Газрын тухай хуулийн ... 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтын “2 жил”-ийн хугацааг газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн хооронд гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолсон талаар талууд маргадаггүй болно .
2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй гэж, харин энэ хуулийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т ”...төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; буюу газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...”–аар зохицуулжээ.
Шүүх тухайн газар эзэмшигчийн хувьд “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаар гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашигласан эсэх”-ийг шалгахад нэхэмжлэгчээс “...Ус суваг болон дулаан цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцлөө авахаар хандаагүй, албан ёсны эрх бүхий байгууллагаар барилгын эскиз зураг хийлгээгүй...” , Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас “М” ХХК-ийн дээрх маргаан бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, 18*******65 нэгж талбарын дугаартай газарт орон сууц барилга барих хүсэлтийг хүлээн авч судлан үзээд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/894 дугаар албан бичгээр “...халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаан дотор байршиж байгаа эмнэлгийн хамгаалалтын зурвас, эмнэлгийн эдэлбэр газар, хашаан дотор орсон байгаа тул барилга барих боломжгүй...” гэх хариуг өгсөн байна.
Түүнчлэн Нийслэлийн газрын албаны Газрын мэдээллийн сангаас нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшиж буй Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, 18*******65 нэгж талбарын дугаартай газар болон гуравдагч этгээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эзэмшил бүхий 18*********80 нэгж талбарын дугаартай газруудын харьцуулсан зургаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 10 кв цахилгаан дамжуулах болон цэвэр, бохир ус, борооны ус зайлуулах магистраль шугамтай давхцалтай, дулааны шугамын хамгааллалтын бүсэд тулсан байдалтай байна .
Энэ талаар Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах; 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих”-ыг хориглохоор зааснаас үзэхэд инженерийн шугам сүлжээ бүхий газар, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх, барилга байшин барихаар төлөвлөхийг хориглосон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй боловч шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд бодит байдал дээрээ уг газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаан дотор, төв хаалганы баруун урд талд нийтийн эзэмшлийн зам талбайд олгогдсон байх бөгөөд энэхүү газрын орчны байдал зэргээс үзэхэд орон сууцны барилгажилт явагдах боломжгүй гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, 2014 онд Стандартчилал, хэмжил зүйн газраас “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013” стандартыг баталсан .
Уг стандарт шаардлагын 4.1.1-д “Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийг гэр хорооллоос 100 метр, үйлдвэрийн барилга байгууламжаас 1000 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө”, 4.1.5-д “Эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын талбайн хэмжээгээр хүрээлсэн хашаатай, явган хүн болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй үйлчлүүлэгчдэд зориулсан цардмал зам төлөвлөнө”, 4.1.7-д “Ажилчид болон үйлчлүүлэгчдийн машины зогсоолын талбайг тохижуулан байршлын тэмдэг тавина” гэж эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, гадаад болон дотоод орчны эрүүл ахуйн нөхцөл хамгааллын дэглэмд тавих шаардлагыг чанд сахин мөрдүүлэх, түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүн, нян тээгчийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх, шаардлагатай үед тэдгээрийн хавьтлыг тусгаарлан хөл хорио тогтооно” гэж заасан зэргээс үзэхэд “олон улсын хөл хориот өвчин” илэрсэн тохиолдолд Халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулахаар байна.
3.Нөгөөтээгүүр Эрүүл мэндийн байгууллагуудын эдэлбэр газар, орчны тохижилтыг сайжруулах, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/141 дүгээр “Тохижилт ажлын зураг төсөв боловсруулах тухай” тушаалаар “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын зургийг боловсруулахаар баталсан нь зүй тогтолын хувьд гуравдагч этгээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ирээдүйд үүсч бий болох нөхцөл байдлын үүднээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийж буй үйлдэл гэж үзэхээр байна.
Харин нэхэмжлэгчээс “...хашаа барих газар дээр барилгын шороо асгасан,...орц гарц хааж, хашаагаа сунган барьсан...” гэх утга бүхий албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилчдын зүгээс эсэргүүцэн хууль бус үйлдэл гаргасан талаар баримтаар тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба Нийслэлийн Засаг даргыг нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэж буруутгаж, Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хугацааг сунгахаас татгалзсан үйлдэл холбогдох хуулийг зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18*******65 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг /хууль бус болохыг/ тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР