Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 124/2020/0017/З |
Дугаар | 221/МА2021/0124 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0124
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, гуравдагч этгээд Ба, гуравдагч этгээд “а” ХХК, “У” ХХК, “Т” ХХК, “Г” ХХК, Д.П, Б.Б, С.Ш, Р.Э-О, Р.Э, Б.О, Д.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Я.Б, гуравдагч этгээд “И” ХХК, “Э” ХХК, “С” ХХК, “У” ХХК, иргэн Р.Эр, Д.Лх нарын өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Т” ХХК, “Э” ХХК, “У” ХХК, “Т” ХХК, “И” ХХК, “С” ХХК, “а” ХХК-ийн төлөөлөгчид, гуравдагч этгээд Д.Лх, С.Ша, Р.Эр, Д.Өл, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УАБСЗД холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, УАБСЗД-ын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дүгээр “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “Б” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га,сортын 454 га,сортын 290 га, сортын 106 га, сортын 413 га газрыг гэсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “Б” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай 7 дугаартай 543 га ,17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га, сортын 106 га,сортын 413 га газрыг гэсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Сод өгөөж” ХХК-д үр тарианы зориулалтаар шинээр эзэмшихээр Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг, Сүрэн-Очир овогтой Нэмэхбаярт Хар хадад байрлалтай сортын 290 га газраас 80 га газрыг, Буяндалай овогтой Эрдэнэбатад сортын 290 га газраас 60 га газрыг,Норслой овогтой Баасанжавд сортын 290 га газраас 50 га газрыг, “У” ХХК-д сортын 454 га газраас 254 га газрыг, “Т” ХХК-д сортын 454 га газраас 200 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Т” ХХК-д Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 га газрыг, “И” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Г” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Э” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг эзэмшүүлсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Балжинням овогтой Одхүүд 7 дугаартай 536 га газраас 36 га газрыг, Р.Эод 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Рэгзэн овогтой Эрдэнэ-Очирт 7 дугаартай 536 га газраас 100 га газрыг, Даалхай овогтой Өлзийтөд 7 дугаартай 536 га газраас 100 га газрыг, Дагва овогтой Лхагвасүрэнд 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Дагва овогтой Пүрэвсүрэнд сортын 106 га газраас 86 га газрыг, Гэлэг овогтой Батчулуунд сортын 106 га газраас 20 га газрыг, Сундуй овогтой Шагдарпүрэвт 18 дугаартай 132 га газраас 100 га газрыг, Нанзад овогтой Мөнхбаярт 18 дугаартай 132 га газраас 32 га,Одонтой овогтой Шаалууд 17 дугаартай 603 га газраас 100 га газрыг, Буяндалай овогтой Батсайханд 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн Түмэнбаяр овогтой Пүрэвмаагийн эзэмшил Хар хадад байрлалтай сортын 290 га талбайгаас эзэмшдэг 100 га газрыг “а” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,
УАБСЗД-ын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн Т овогтой Б Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б овогтой Батын эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б овогтой Хашын эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас 100 га газрыг “а” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг” тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “а” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд давж заалдах гомдолдоо: “...манай компани нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Баруунтуруун сумын Засаг даргад зохих журмын дагуу өргөдөл гаргаж 700 га газарт газар тариалан эрхлэх зорилгоор холбогдох баримт бичгийг гаргуулан авсан.
Гэтэл нэхэмжлэгч компани 2011 оноос хойш уг газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа бүрэн гүйцэт төлөх үүргээ биелүүлээгүй, мөн 2020 оны 05 дугаар сар хүртэл талбайд кадастрын зураглал хийлгэж, газрын нэгдмэл санд бүртгүүлж өөрийн эзэмшлийн газрыг албан ёсны болгоогүй байсан.
Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас 9 жилийн хугацаанд удаа дараа хөнгөлөлт үзүүлээд байхад орон нутгийн хөгжилд ямар нэгэн хувь нэмэр оруулж, иргэдийн хүнсний асуудлыг шийдвэрлэхэд анхаараагүй нэхэмжлэгчийн талд шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Мөн “Б” ХХК-ийн энэ олон жилийн зөрчил нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх боломжийг хязгаарлаж байсан үйлдэл юм.
Энэ утгаар Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж үзэж байна.
Би хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулан авсны үндсэн дээр газартаа хөрөнгө оруулалт хийж 40 орчим сая төгрөгийн зардал гаргаж, үтрэмний хашаа барьж, 400 га талбайд уринш бэлдэж, техник тоног төхөөрөмж авахаар гэрээ хийгдээд уг гэрээ хэрэгжих шатандаа явж байна.”,
Гуравдагч этгээд “Т” ХХК, “Э” ХХК, “У” ХХК, “Т” ХХК, “И” ХХК, “С” ХХК, “а” ХХК-ийн төлөөлөгчид, гуравдагч этгээд Д.Лхагвасүрэн, С.Ш, Р.Э-О, Д.Өлзийт нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд нь тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа тогтмол эрхэлж ирсэн. Бид өргөдөл хүсэлт гаргаж, хуулийн хүрээнд тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.
Түүнчлэн тариа тарьж, уринш боловсруулалт хийж, зориулалтын дагуу ашиглаж байгаа билээ. “Б” ХХК-ийн гэх 3016 га газар нь олон жил ашиглагдаагүй, тариалалт хийгдээгүй атаршсан байсныг хурааж бидэнд олгосон.
Гэтэл “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э гэгч хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ 2011 оноос хойш газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэх мэт ор үндэсгүй худал мэдэгдлүүд хийснийг бид болон Баруунтуруун сумын иргэд гэрчлэх болно.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар ““Б” ХХК 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшиж авсан байдаг” гэх тус компанийн нэр дээр байгаа газар нь мэдээллийн санд байхгүй, газар ашиглалтын төлбөрөө төлөөгүй, 2011 оноос хойш ашиглалгүй байж байгаад 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлж авсан, мөн энэ хугацаанд зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй байсан зэргээс үзэхэд дээрх газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болно гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул, гомдлыг шийдвэрлэж өгнө үү”,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээд “Э” ХХК, “Т” ХХК, “У” ХХК, “Т” ХХК, “а” ХХК, “С” ХХК, Р.Э-О, Д.Лхагвасүрэн, Д.Өлзийт, Шагдарпүрэв нарын өмгөөлөгч миний бие нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б” ХХК нь 2011 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэжээ. Тухайн компани 2011 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газраа атаршуулсан болох нь хариуцагч, болон гуравдагч этгээдүүдийн тайлбаруудаар тогтоогдож байгаа.
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга Д.Лхагвасүрэн “Б” ХХК нь маргаан бүхий газрыг 7-8 жил ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул 3016 га газрыг өөрийнхөө эрхийн дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40,1,6 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/91 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хуулийн дагуу авсан арга хэмжээ гэж үзнэ.
Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно” гэж заажээ. Тэгтэл “Б” ХХК-ийн 2011 онд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан 3016 га газраа атаршуулсан байгаа.
Мөн нэхэмжлэгч “Б” ХХК 2011 онд байгуулагдсанаас хойш газрын төлбөрөө 2011, 2012, 2013, 2014, 2017, 2018 онуудад төлсөн байх бөгөөд 2015, 2016, 2019, 2020 онуудад газрын төлбөрөө огт төлөөгүй байгаа нь газар эзэмших эрх алдагдсан гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчаас захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэжээ. Сумын Засаг даргын буруутай шийдвэрээс болж ард иргэд хохирох ёсгүй. Одоогийн зах зээлийн энэ хүнд хэцүү нийгэмд тэр нутагт төрсөн, насаараа амьдарч буй иргэд амьжиргаагаа залгуулахаар Газрын тухай хуульд заасны дагуу өөрсдөдөө тохирсон газар эзэмших бүрэн эрхтэй.
Миний үйлчлүүлж буй гуравдагч этгээд болох нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд маань сумын Засаг даргын шийдвэрийн дагуу “Газрын тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргад өргөдөл хүсэлтээ гарган тухайн газрын эзэмших талбай бүр дээрээ иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, тус бүрдээ хувийн хэрэг нээлгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, кадастрын зураг хийлгэж хуулийн дагуу тухайн газруудыг авсан бөгөөд хуульд заасны дагуу газрын төлбөрөө хийгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Анхан шатны шүүх нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь УАБСЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УАБСЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, мөн өдрийн А/38, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/54, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Нэхэмжлэгчээс дээрх нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газрыг хариуцагч хууль бус захирамж гарган бусдад эзэмшүүлсэн” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээс үзвэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, мөн өдрийн А/38, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа мэт боловч маргаан бүхий захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, газар эзэмших эрх нь зөрчигдсөн, эсхүл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй энэ тохиолдолд манай эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдэд олгосон нь буруу гэж маргаж байгаагийн аль нь болохоо тодорхой тайлбарлаагүй, анхан шатны шүүхээс уг зөрүүг арилгаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дахин тодруулж, хэрэв нэхэмжлэгч маргаан бүхий газруудыг эзэмших ёстой гэж маргаж буй бол 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, мөн өдрийн А/38, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжуудыг хүчингүй болгосноор түүнд ямар нэгэн давуу байдал бий болох эсэх, газар эзэмших эрх үүсэх эсэх, нөгөөтээгүүр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодруулах шаардлагатай байна.
Мөн анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээд нарыг зөв тодорхойлон татаагүй, маргаан бүхий актуудтай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан “...хариу тайлбар, нотлох баримт гаргах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гадна “УАБСЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, мөн өдрийн А/38, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжууд”-тай холбогдуулан маргаж байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий актаар газар эзэмших эрх авсан “Баялаг” ХХК, иргэн Т.Пүрэвмаа, Б.Солонго, М.Отгонсүрэн, Б.Эрдэнэбат нарыг гуравдагч этгээдээр татаагүй, мөн С.Нэмэхбаяраас “Мөнх” ХХК-д, Т.Пүрэвмаагаас “А” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байхад газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд уг захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Мөнх” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, маргаж буй 3016 га талбайгаас хэсэгчлэн эзэмшсэн “Баялаг” ХХК, “Мөнх” ХХК, иргэн Т.Пүрэвмаа, Б.Солонго, М.Отгонсүрэн, Б.Эрдэнэбат нарыг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах нь хэргийг нэр мөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим болоод шүүхийн шийдвэр бодит байдалд заавал хэрэгжих захиргааны процессын эрх зүйн нийтлэг зарчимд нийцэх болно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий 7 актын хүрээнд 9 аж ахуйн нэгж, 13 иргэнийг гуравдагч этгээдээр татсан байх бөгөөд бүх гуравдагч этгээд нарын газрын хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар хуулбарлан авсан байх боловч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан нийт 3016 га талбайтай гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрууд нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцалтай болох нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг бүрэн шалгаж дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээд нарын төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ