Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 701

 

О.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Амгаланбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батцэцэг,

Ялтан О.А, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.А, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ат холбогдох эрүүгийн 201625023072 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдлах Холливүүд бааранд амь хохирогч С.Мыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, бие махбодид нь их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэн, хүзүүний дээд баруун талын цус хуралт гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч О.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, О.Аийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар О.Аийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан О.Ат оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аийн цагдан хоригдсон 182 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ааас нийт 9.702.803 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батцэцэгт олгох, хохирогчийн нэхэмжлэлээс нийт 1.658.209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Ялтан О.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэргийн бүрдүүлэлт мөрдөн байцаалтын явцад дутуу хийгдсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас үзэхэд шинжээч эмч Ц.Ганболдыг байцаахдаа хөтөлсөн, хэрэгт чухал ач холбогдолтой байж болохуйц гэрч Октябрь гэх эмэгтэйг огт гэм буруугүй болгохын тулд хөтлөн байцааж, талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 2-3 удаа алгадахад үүсэхгүй. Зөвхөн хатуу мохоо зүйлийн 2-3 удаа цохих үйлчлэлээс үүснэ хэмээсэн. Камерийн бичлэгийг шинжээчид үзүүлсний дараа асуултад хөтлөгдөн хариулсан нь харагдаж байна. Эхлээд талийгаач С.Мын толгойд гэрч эмэгтэй Октябрь хүрч, алгадаж байгаа нь камерийн бичлэгт авагдсан. Цохих, алгадах хоёрын хүч харилцан адилгүй. Аль нь хүчтэй байсан эсэхийг камерийн бичлэгийг хараад эсхүл цогцост задлан шилжилгээ хийж шалгах боломж байхгүй. Зөвхөн миний цохилтоос болж С.Мыг хохироосон гэж үзэж байгаа нь хэт нэг талийг барьсан, өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Гэрч эмэгтэй Октябрийг энэ хэрэгт холбогдуулан шалгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Октябрийг оролцуулахгүйгээр явуулсан. Анх энэ хэрэг хохирогч болон гэрч Октябрийн маргаанаас үүссэн. Шүүх хуралдаанд гэрч Октябрийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээгүй. Талийгаач С.Мыг би огт танихгүй. Мөрдөн байцаалтын явцад талийгаач бид хоёр хоёулаа их хэмжээний согтолттой байсан болох нь тогтоогдсон. Би тэр хүнийг биеэ авч явах чадваргүй байсныг мэдээгүй. Надад мэдэх боломж байгаагүй. Мөн талийгаач нь маш их хэмжээний согтолттой байсан нь үхэлд хүрэхэд хэрхэн нөлөөлсөн талаар дахин сайтар шалгуулах хүсэлтэй байна. Гэхдээ би өөрийгөө огт гэм буруугүй гэж үзэхгүй байгаа. Уг хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар биеэ хамгаалах чадваргүй хүнийг санаатай алсан гэж хүндрүүлэн зүйлчлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хуулийн дагуу хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. ...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх О.Аийг үндэслэлгүйгээр, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. О.А нь тухайн өдрийн 17 цагаас хойш ажлынхаа гадна хамт ажилладаг Чулуунбор нартай нэг, нэг пиво, найз Оюунсүрэн нарын ажил дээр очихдоо 3 том 2,5 литрийн пиво авч орсон, дээр нь Оюунсүрэнгийн ууж байсан 3 том 2,5 литрийн пивыг ууж дуусаад О.А өөрөө нэмж дахин 3 том пиво картаараа гүйлгээ хийж худалдан авч хувааж уусан. Дахиад бааранд байхдаа нэг, нэг пиво, 0.75 литрийн архи нэгийг нийтдээ 9 том пиво, нэг нэг лааз пиво, 0.75 литрийн архи тус тус ууж, их хэмжээний согтууруулах ундаа ууж согтсон байсан. Өөрөөр хэлбэл, их хэмжээний согтууруулах ундааг хэтрүүлэн уусны улмаас өөрийн үйлдэл болон бусдыг хянах чадваргүй болтлоо согтсон байсан болох нь гэрч Чулуунборын болон О.А, Оюунсүрэн, Азжаргал, шүүгдэгч О.А нарын шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгүүдээр болон түүний ХААН банкны картаар гүйлгээ хийсэн зарлагын баримтаар нотлогдсон байх тул үүгээр О.А нь тухайн үед өөрөө их хэмжээний согтолттой байсны улмаас хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтсон байсан гэдгийг мэдэх чадваргүй, сэтгэхүйн хувьд өөрийн үйлдлээ хянах, дүгнэлт хийх чадваргүй болсон байсны улмаас хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй. Хохирогч С.М нь О.А нарын ширээн дээр ирэхээсээ өмнө төрсөн өдөр тэмдэглэн өөр хүмүүстэй хамт архи ууж, их хэмжээгээр согтсон байсан. О.А нарын ширээн дээр хамт байгаагүй, тэдэнтэй хамт архи уугаагүй, түүнийг бүжиглэж байх үед нь ширээн дээр нь ирж суусан, хамт явсан хүмүүстэй нь маргалдаж идэвхтэй хөдөлгөөн хийж байсан учраас О.А нь хохирогчийг хэр хэмжээний архи уусан, ухаанаа алдталаа согтсон байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан учраас О.А хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтсоныг мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Эрүүгиин хуулиин тусгай ангийн 10.1 дүгээр зүйлиин 2.7 дахь хэсэгт "Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, ... болохыг мэдсээр байж хүнийг алсан бол" гэж энэ хэргийн субьектив талын гол шинжийг тодорхойлон заасан. Гэтэл дээрх 2 үндэслэлээр О.А нь амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй, их хэмжээний согтолттой байгааг мэдээгүй, мэдэх чадваргүй согтуу байсан болох нь нотлогдсон. Өөрөө хэлбэл, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан хэргийн субьектив талын бүрэлдхүүн байхгүй байхад анхан шатны шүүх "О.Аийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэм буруутайд тооцсон" нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлсноос хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. О.А нь бусдыг алах санаа зорилго байгаагүй. Түүнийг өөрийн ширээн дээр ирж, маргаан үүсгэснийг таслан зогсоож, түүнийг хашраах, ширээнээсээ холдуулж хөөж явуулах гэсэн санаа зорилготой  2-3 удаа гараараа цохисон. Тэр үед нь хохирогч их хэмжээний согтолттой байсан нь /шинжээчийн дүгнэлтээр цусанд 5.3 промилл, шээсэнд 3.8 промилл, ходоодны шингэнд 7,2 промилл спиртийн агууламж илэрсэн хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ цохилтын улмаас харвалт үүсэж, үхэлд хүргэх гэмтэл үүсэхэд нөлөөлж, хохирогчийн амь хохирох шалтгаан болсон. О.А нь тухайн үед үүнийг хүсээгүй, хохирогчийг хэт их согтолттой байгааг мэдээгүйн улмаас ийм хор уршиг учирна гэж бодоогүй. Өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан нь хэргийн үйл явц, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ" гэж заажээ. Үүнээс үзэхэд О.Аийн үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд О.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг агуулж байх тул энэ зүйллээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулах байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс, нотлох баримтын шаардлага хангаагүй, үнийн дүн нь тодорхойгүй, энэ хэрэгт хамааралгүй хувийн шинжтэй ганц нэгээр авсан зүйлүүдийн үнийн дүнг бүрэн тооцож, ... илүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмгөөлөгч миний бие хэрэгт хавсаргагдсан иргэний нэхэмжлэлтэй холбогдох бүх баримтыг шалгаж үзэхэд иргэний нэхэмжлэлтэй холбогдуулж, 14.861.012 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас оршуулгын зардал болон энэ хэрэгтэй холбоотой, нотлох баримтаар тогтоогдсон хохирол зардал 7.246.929 төгрөг, түүнээс төлсөн 3.500.000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл төлбөр 3.746.929 төгрөг болж байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, хамааралгүй, хэрэгсэхгүй болгох нэхэмжлэл 7.614.083 төгрөг болж байхад шүүх үүнийг буруу тооцож, нийт төлөгдөх нотлох баримтаар хангагдсан нэхэмжэлийн шаардлагын хэмжээг 13.202.803 төгрөг гэж тооцож, үлдэгдэл төлөх төлбөрийг 9.702.803 төгрөгийн төлбөрийг О.Ааас гаргуулахаар ... шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, О.Ат ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолд О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, хэргийн улмаас төлөх нэхэмжлэлийн шаардлагын нотлогдсон хэмжээг 13.202.803 гэж дүгнэснийг 7.246.929 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Ааас давж заалдах гомдол гаргасан. Би үүнд нь хариу тайлбар бичсэн. Хохирогч миний ганц хүү байсан. Болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувьд тогтоосон төлбөрийг төлүүлэхээр хүсэлт гаргасан. Мөн 1-7 насны 3 хүүхэд өнчирч хоцорсон байгаа. 4 настай хүүхэд нь дутуу төрсөн учраас эрүүл мэндийн хувьд өвчтэй байгаа. Цэцэрлэгт хагас өнчин гэдгээр бүртгүүлсэн боловч эмчийн үзлэгээр шүдний үрэвсэл, хоолойн гуурс нь мөн үрэвсэлтэй гэж гарсан. Үүнд нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа. Миний хүүгийн оршуулгын ажиллагааг ондоо багтааж гарга гэсэн учраас хүнээс мөнгө зээлж оршуулгын ажиллагааг явуулсан. 21, 48 дахь хоногуудад хоног хураасан. Уг өдрүүдэд зарцуулагдсан зардлаа хавсаргасан. Гэхдээ уг зардлыг анхан шатны шүүхээс  шаардлага хангахгүй гэж үзэж хасч тооцсон. Тэгээд анхан шатны шүүхээс 7.700.000 төгрөг төлүүлэхээр заасан. Иймд уг мөнгийг төлж өгнө үү, нэгэнт өнгөрсөн хүү минь босоод ирэх биш дээ, өөр санал хүсэлт гаргаагүй. …” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх О.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдлах Холливүүд бааранд амь хохирогч С.Мын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, бие махбодид нь их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэн, хүзүүний дээд баруун талын цус хуралт гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Батцэцэгийн “...Манай хүү С.М нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаасаа тарж гэртээ ирээд толгойгоо угаагаад, хоолоо идчихээд хувцсаа сольж өмсчихөөд эхнэртэйгээ кино үзэж байгаад 21 цаг өнгөрөөгөөд нэг найзынхаа төрсөн өдөрт очино гээд явсан. Явахдаа надад хэлэхээр нь би “гадаа их хүйтэн байна, архи ууж байгаад гадаа хөлдөөд үхчихэв, согтуу галзуу хүмүүс их байгаа шүү” гэж хэлсэн. Тэгэхэд надад “юу гэж ууж байхав дээ, би уухгүй” гэж хэлээд явсан. Тэр үед эхнэр нь “хамт явъя” гэхэд манай хүү эхнэртээ “чи мөнгөгүй учраас явж хэрэггүй, дандаа манай эрэгтэй найзууд байгаа” гэж хэлээд ганцаараа явсан. ...Би хөгжим сонсоод хэвтэж байтал 02 цагийн үед байх манай бэр Анхцэцэг гэнэт чангаар муухай орилоод “С.М, уучлаарай” гээд сонин юм яриад байна” гээд ойлгомжгүй юм яриад сандарсан байдалтай гэрээс гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би учрыг нь олоогүй, хүүгийнхээ утас руу залгахад огт утсаа авахгүй байсан. Тэгсэн чинь удалгүй манай бэр залгаад “хурдан Холливүүд гэдэг бааранд ирээрэй” гээд л тэгээд би яваад очиход тэр баарны гадаа цагдаагийнхан ирчихсэн байсан. ...” /1 дүгээр хавтас, 32-34 дүгээр хуудас/,

гэрч Б.Азжаргалын “...Бүгдээрээ талбай руу нь гарч бүжиглэж, босож суугаад явж байхад нэг хар хувцастай залуу манай ширээний буйдан дээр суучихсан байхаар нь хажуу талын ширээний залуу гэж бодсон. Би бүжиглэж байгаад ширээний хажууд ирсэн чинь О.А манай ширээний буйдан дээр сууж байсан залууг заамдчихсан нүүр лүү нь 2 удаа цохиж байсан. Тэгээд бид нар О.Аийг тэр залуугаас салгаад Б.Уранбаярын хамт хамгаалагч нар дээр очиж манай ширээн дээр гадны нэг хүн байна. Очиж авах хэрэгтэй байна гэж хэлээд хамт дагуулан ирж нөгөө залууг өгч явуулсан. ... Тэгээд гарах гэж байсан чинь 2 хамгаалагч залуу ирээд О.Аийг дагуулаад явсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийн автомашин ирсэн. ...” /1 дүгээр хавтас, 40-41 дүгээр хуудас/,

гэрч Б.Уранбаярын “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...бүгдээрээ тайлбай руу нь гарч бүжиглэж байгаад ирсэн чинь нэг залуу бид нарын сууж байсан сандлын зүүн урд талын булан хэсэгт сууж байсан. Тэгээд бүжиглэж байхдаа сандал руугаа харсан чинь О.Аийн найз, шар үстэй хүүхэн нөгөө сандал дээр сууж байсан залуутай маргалдаад байгаа бололтой зууралдаж байсан. Б.Азжаргал бид хоёр яваад очиход О.А сандал дээр сууж байсан залуутай барилцаад авсан байхаар нь О.Аийн найзтай нийлж салгачихаад Б.Азжаргал бид хоёр хамгаалагч нар дээр очиж “манай ширээн дээр нэг залуу ирж хэвтчихээд маргаан үүсгээд байна” гэж хэлсэн. Уг залууг сандал дээр сууж байхад нь 2 хамгаалагч ирээд аваад явсан. Тэрнээс хойш бид нар нилээн удаан 20-30 минут орчим бүжиглэж байгаад гарахаар болсон чинь хамгаалагч нар ирээд “танай найзын зодсон залуугийн бие нь муу байна” гээд бид нарт камерийн бичлэгийг үзүүлж байсан. ...” /1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас/,

гэрч Ж.Уянга “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...ширээний хажууд хар өнгийн бэлтгэлийн хувцастай залуу ирээд ширээн дээр байсан 1 шил пивыг аваад уусан. Би тэр залууд “бид нар энэ ширээн дээр сууж байна. Зүгээр биз дээ” гэж асуутал тэр залуу “зүгээр, одоо бид нар гарах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар босч бүжиглээд буцаад ширээн дээрээ суухад ширээн дээр биднээс өөр хүн байхгүй байсан. Тэгээд би Чулуунбортой юм яриад сууж байтал О.А танихгүй залуутай зууралдаад сууж байхаар нь би О.Аийг “юу болоод байгаа юм” гээд хойш нь татаад суулгасан. Би босоод бүжиглэхээр явтал О.Атай заамдалцаад байсан хүнийг баарны хамгаалагч нар ирээд аваад явж байгаа харагдсан. ...” /1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас/,

гэрч Н.Ганцоожийн “...О.А баарны бүжгийн хэсэгт бүжиглэж байсан ба би сууж байтал нэг танихгүй залуу ирээд “куртикээ авъя” гэхээр нь би тэр залууд “та ширээ андуураад байх шиг байна. Манай ширээнд куртик чинь байхгүй” гэж хэлтэл нөгөө залуу бидний сууж байсан буйдангийн буланд байсан хар өнгийн эмэгтэй куртикийг авах гэхээр нь би “наадах чинь чинийх биш байхаа хө” гэж хэлээд нөгөө куртикийг нь аваад буцаагаад тавьтал нөгөө танихгүй залуу манай ширээний буйдангийн буланд суусан. Би өөдөөс нь харсан суудал дээр сууж байсан. Удалгүй О.А бүжгийн талбайгаас ирээд ширээнд суусан. Би эргээд хартал О.А нөгөө танихгүй залуутай маргалдаж, муудалцаад, нудралцаж, түлхэлцээд байхаар нь би очоод нөгөө хоёрыг “больцгоо” гээд болиулаад буцаад суудалдаа суутал дахин нөгөө хоёр чинь муудалцаад, барьцалдаад авахаар нь би гүйж очоод салгаад О.Аийг цааш нь түлхээд нөгөө танихгүй залууг буйдангийн булан дээр суулгасан. Удалгүй баарны хамгаалагч нар ирээд нөгөө залууг хоёр талаас нь өргөөд аваад явчихсан. Ингээд 20-30 минут болсон ба бид гарах гээд хувцасаа өмсөөд байж байтал баарны хамгаалагч нар ирээд О.А болон бид нарыг авч яваад цагдаа дуудсан. ...” /1 дүгээр хавтас, 56-57 дугаар хуудас/,

“...Тэр хоёр зэрэгцээд сууж байгаад хоорондоо маргалдаад, хэрэлдэж байгаад О.А зэрэгцэж суусан чигтээ амь хохирогч С.Мыг баруун гараараа нүүр, толгой хэсэг рүү нь баруун талаас нь цохисон. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгтэл муудалцахаа болиогүй. Дахиад муудалцаад О.А тэр залуугийн нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь би салгасан, гэхдээ яг хэдэн удаа цохисоныг нь бол сайн харж чадаагүй. ...” /1 дүгээр хавтас, 58 дугаар хуудас/,

гэрч С.Октябрийн “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...бүжиглэж байгаад ширээн дээрээ иртэл манай буйдангийн булан дээр суучихсан байсан. Тэгэхээр нь би тэр залууд “манай ширээнээс босооч ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн суугаад л байсан. Тэгээд би ус ундаа ууж байгаад ширээндээ суух гэтэл миний урд тээглэсэн. Тэгэхээр нь би “чи босоо, ширээ андуураад суучихсан байна” гэж тэр залууд хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу босоогүй бөгөөд хариу юу ч хэлэхгүй байсан. Тэгээд би буцаад гарч бүжиглэж байгаад ирсэн чинь тэр залуу сууж л байсан. Тэгэхээр нь хажууд нь суусан ба тэр залууг “босооч” гээд түлхтэл босохгүй байсан, тэр залуу нилээд удаан суусан. Удалгүй О.А тэр залуугийн хажуу талд ширээн дээр ирж суугаад тэр залуутай бага зэрэг маргалдаад байсан. Тэгэхэд би тэр залуу О.А хоёр дээр очоод тэр залуугийн нүүр лүү нь гараараа 1-3 удаа алгадсан. Тэгтэл О.А тэр залуутай барьцалдаж аваад 1-2 удаа тэр залууг цохиод дараад уначихсан. Тэгээд би очиж салгаад манай тэнд байсан хүмүүс бас салгаад тэр залууг ширээнээсээ холдуулах гээд удалгүй баарны хамгаалагч нар ирээд тэр залууг аваад явсан. ...” /1 дүгээр хавтас, 59-61 дүгээр хуудас/,

гэрч Б.Сугар-Эрдэнийн “...2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Холливүүд бааранд би хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх зорилгоор 20 цагт ажил дээрээ ирсэн. ...01 цагийн орчим 2 давхар луу гардаг шатны хажууд үүрэг гүйцэтгэж байхад шар өнгийн үстэй эмэгтэй ирээд “манай ширээнд нэг согтуу залуу ирээд ойр хавийн хүнтэй муудалцах гээд байна. Тэр залууг манай ширээнээс холдуулаад өгөөч” гэж хүссэн. Ширээнд нь яваад очиход нэг залуу буйдан дээр нь тасарчихсан мэт байдалтай хэвтэж байхаар нь хамгаалагч Ц.Доржийн хамт очоод тэр залууг тейкний хажуугийн буйданд авчирч суулгаад би өөрөө хажуугийн сандал дээр суухад Ц.Дорж “энэ залуу амьсгалахгүй байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би очоод хүзүүнийх нь судсыг дарж үзэхэд цохилохгүй байхаар нь тэр дор нь түргэн дуудсан. Тэр дороо камер шүүж үзэхэд тухайн залууг эхлээд шар өнгийн үстэй эмэгтэй 2 удаа алгадаад, араас нь улаан өнгийн цамцтай залуу 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохиж байгаа бичлэг байсан. ...Намайг тухайн бичлэгийг үзэж байхад шар үстэй эмэгтэй болон улаан өнгийн цамцтай эрэгтэйгээс өөр хүн тухайн залууг зодож байсан зүйл харагдаагүй. Тэгээд би тэр эрэгтэйг барьж авах гээд бичлэгээ дуусгалгүй гарч явсан. ...” /1 дүгээр хавтас, 73-74 дүгээр хуудас/,

гэрч Ц.Доржийн “...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Холливүүд бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 2 цагийн орчим тейкний хажууд хамгаалагч Сугараагийн хамт зогсож байтал бааранд үйлчлүүлж байсан махлаг, намхан 25-28 орчим настай эмэгтэй гарнцаараа ирээд “бүжгийн тайлбан хажуугийн том буйдан дээр нэг танихгүй эрэгтэй хүн ирж суучихаад босохгүй байна” гэж хэлсэн. Сугараа бид хоёр нөгөө эмэгтэйг дагаад ухаангүй залуу дээр яваад очтол бүжгийн талбайн хажууд талын буйдан дээр 28 орчим насны эрэгтэй ухаангүй хойшоо налаад сууж байсан. Сугараа бид хоёр очоод “хөөе залуу сэрээрэй” гээд таттал ямар нэг хөдөлгөөн болон дуу гаргахгүй байхаар нь хоёр талаас нь өргөөд тейкний хажууд буюу үүд рүү аваачсан. “Найзуудыг нь олох хэрэгтэй юм байна даа” гэж хэлтэл Сугараа “үүдний буйдан дээр суулгачихъя. Найзууд нь гарахдаа харах байх” гэж ярилцаад үүдний буйданд суулгасан. Удалгүй нөгөө ухаангүй залуу руу хартал амнаас нь цус гарч байсан ба би очоод амьсгалж байгаа эсэхийг нь үзтэл амьсгалахгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас/,

гэрч У.Оюунсүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө, ... Би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ирэхэд буйдангийн хойд хэсэгт нэг танихгүй залуу сууж байсан. Наад талд нь Октябрь байж байсан. Би тэр хоёрын дундуур орж суусан. Намайг суунгуут Октябрь босоод явсан. Тэгээд намайг сууж байхад тэр залуу баруун гараараа миний зүүн гар хэсгээр илсэн. Тэгэхэд нь би уурлахад тэр залуу “уучлаарай” гэсэн. Удалгүй О.А “яагаад цуг яваа хүмүүс оролдоод байгаа юм бэ” гээд бид хоёрын голоор ирж суугаад тэр залуугийн чихэнд нь юм хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу “муу сайн янхнууд дагуулж явж байж” гээд хараасан. Тэгэхэд О.А тэр залуутай маргалдаад босч ирээд тэр залуугийн нүүр хэсэг рүү 2-3 удаа байхаа цохисон. ... Харин цохиулсны дараа согтоод тасарчихсан юм шиг ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд ухаангүй байдалтай байсан. Хамгаалагч нар ирээд “босоорой” гэхэд тэр залуу босохгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 237-238 дугаар хуудас/,

шинжээч Ц.Ганболдын “...Амь хохирогч С.Мыг үхэлд хүргэсэн “тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт” гэмтэл нүүр, шанаа, толгойн хэсэгт 2-3 удаа алгадалтаас биш цохих үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. ...Амь хохирогч С.Мын тархины цус харвалтын хэмжээ тархмал их байсан. Уг гэмтлийг авмагц ухаан алдаж, удалгүй шууд нас барна. Уг гэмтлийг авсан хүн босч явах, хүнтэй юм ярих, маргалдах үйлдэл хийх чадваргүй. ...Энэ нь биеийн толгой хэсэгт хоёроос дээш удаагийн мохоо зүйлийн цохилтын хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой. ...Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн биеэ хамгаалах, удирдан жолоодох чадваргүй. ...Бичлэгийн 9 минут 10 секундээс 9 минут 35 секундын хооронд цайвар өнгийн ноосон цамцтай, дотуураа цагаан өнгийн сорочкин цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй амь хохирогч С.Мыг 3 удаа цохиж байгаа уг цохилт нь амь хохирогчийн биед уг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан байна. ...” /1 дүгээр хавтас, 91-92 дугаар хуудас/,

О.Аийн яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би эргээд харсан чинь нэг үл таних залуу ширээнд ирээд суучихсан байсан. “Яасан юм бэ” гэхэд тэр залуу Октябрийг оролдсон юм шиг байсан. Октябрь тэр залууг зүүн хацар лүү нь 1-2 удаа алгадсан. Би тэр залууг босоод яваад өгөх юм болов уу гэж бодооод сууж байтал тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Октябрь хэсэг байж байгаад яваад өгсөн. Нөгөө залуу тэгтэл амандаа юм бувтнаад хажуудаа суусан Оюукаг оролдоод байсан. Тэр үед бидний амгалан тайван байдал алдагдаж эхэлсэн. Оюука намайг дуудсан. Би яваад очиход гарч бүжиглэх гээд гарах гэтэл нөгөө залуу хөндлөн суучихаад босохгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг “хөөе залуу” гэсэн чинь нилээд согтчихсон хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “ширээ чинь хаана байна вэ?, би суулгаад өгье” гэж хэлсэн. Огт босохгүй байхаар нь би түлхээд сандлаас буулгасан. Буулгачихаад гарах гэтэл тэр залуу босч ирээд сандал дээр суучихсан. Тэгэхээр нь дахиад “чи бос л доо” гээд босгох гэсэн чинь манай найз Н.Ганцоож ирээд нөгөө залууг сандлаас босгоод тейкний тийшээ чирсэн. Тэгсэн чинь нөгөө залуу дахиж босч ирээд манай ширээн дээр суучихсан. Тэгээд би гарах гэтэл дахиад тэр залуу тээглэсэн. Тэгэхээр нь би тэр залууг “чи ямар ядаргаатай юм бэ, босчих л доо” гээд зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл Н.Ганцоож намайг салгаж авсан. Би буцаад суудалдаа суусан. Удалгүй хоёр хамгаалагч ирээд нөгөө залууг аваад явсан. Аваад явсных нь дараа нилээд удсаны дараа бид нарыг бүжиглэж байхад нэг хамгаалагч над дээр ирээд “чиний цохисон хүн чинь үхчихсэн байна” гээд намайг авч яваад камерийнхаа өрөөнд оруулсан. ...” /1 дүгээр хавтас, 131 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 6-14 дүгээр хуудас/,

цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 15-17 дугаар хуудас/,

сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 25-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “...Талийгаачид гэмтлийн гаралтай их тархины хоёр тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэн, хүзүүний дээд баруун талын цус хуралт, нурууны зулгаралт тогтоогдлоо. Тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь толгой цохигдох, доргих үед үүснэ. Баруун чихний дэлбэн, хүзүүний цус хуралт нь мохоо зүйлээр цохих, нурууны зулгаралт нь үрэгдэх үед үүснэ. Тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт, баруун чихний дэлбэн, хүзүүний цус хуралт, нурууны зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь тархийг дарснаас үхэлд хүргэжээ. Дээрхи гэмтлүүд нь бүгд амьдад нь үүсчээ. Тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доор цус харвалт нь үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Эмнэлгийн тусламж үзүүлээд ч амь насыг аврах боломжгүй. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1 дүгээр хавтас, 83-85 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд бааранд С.Мыг ширээнд ирж суулаа гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, бие махбодид нь тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доор цус харвалт бүхий гэмтэл учруулан санаатай алсан үйл баримт тогтоогдож байна.  

О.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх О.Аийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсгээр зүйлчилсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, О.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн давж заалдах гомдлын “... О.А нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон ялтан О.Аийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

О.А нь анхан шатны шүүх хуралдааны дараа буюу шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батцэцэгт 2.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон өгсөн байгааг дурдаж байна.