Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0504/З |
Дугаар | 221/МА2021/0094 |
Огноо | 2021-02-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0094
“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар ”М” ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газар эзэмших эрхийн асуудлаар “М” ХХК, “Х” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Төв шуудангийн барилгын доорх газар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын гудамж-1 хаягт байрлах Шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын барилгын доорх газар, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж,
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжийн “Х” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжуудын “Х” ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, даалгаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Газар эзэмших эрхийн асуудлаар “М” ХХК, “Х” ТӨХХК-ийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “нийслэлийн Засаг даргын 2008 оны 378, 2008 оны 295, 2009 оны 22 дугаар захирамжуудын “Х” ТӨХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Төв шуудангийн барилгын доорх газар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын 1 хаягт байрлах шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын барилга байгууламжийн доорх газар, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилга байгууламжийн доорх газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын “Х” ТӨХХК-д газар олгосон захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай буюу нэг нь нөгөөтэйгээ хамааралтай салгаж үл болох нэхэмжлэлийн шаардлага байхад нэгийг нь хэрэгсэхгүй болгож, нөгөөг нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.
Учир нь Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр тогтоолоор “Х” ТӨХХК-ийн шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа барилга байгууламжийн 10.314.05 м.кв талбайг “М” ХХК-д шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн талбайгаа зориулалтын дагуу ашиглаж байгаа тул үүнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч "Монгол шуудан" ХК-аас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжийн “Х” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг , мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжуудын “Х” ТӨХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Төв шуудангийн барилгын доорх газар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын гудамж-1 хаягт байрлах Шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын барилгын доорх газар, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М” ХХК-ийг бүртгэхгүй байгаа нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах, газар эзэмших эрхийн асуудлаар “М” ХХК, “Х” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий газруудын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар “Монголын цахилгаан холбоо” ХК-д Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Төв шуудангийн 0.7, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар АТС-д 0.16, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 6 дугаар АТС-д 0.5, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 3 дугаар АТС-д 0.2 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 186 дугаар тогтоолоор “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа суурь болон салбар сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооны 491 дүгээр тогтоолоор “Х” ТӨХХК байгуулагдсанаар “Монголын цахилгаан холбоо” ХК-тай “Барилга, газар ашиглалтын гэрээг хүлээлгэн өгсөн акт” үйлдэж, газар эзэмших эрхийг шилжүүлэх албан бичгүүдийг нийслэлийн Засаг даргад хүргүүлснээр Засаг даргын 2008 оны 378 дугаар захирамжаар маргаан бүхий газрууд болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 3005 м.кв газрыг, мөн оны 295 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 1473 м.кв газрыг, 2009 оны 22 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 1876 м.кв газрыг тус тус “Х” ТӨХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг даргаас дээрх газруудыг эзэмшүүлсэн нь холбогдох хууль зөрчөөгүй байх тул тэдгээрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
“Х” ТӨХХК-д газар эзэмших эрх шилжүүлж эзэмшүүлсэн маргаан бүхий актууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн, үндэслэлтэй байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба тэдгээр газруудыг хамтран эзэмшихээр гаргасан “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
Өөрөөр хэлбэл, 2008 онд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн энэхүү маргааны тухайд тухайн газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхэд хэн нэгний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй, эрх шилжүүлэн авсан тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон” байх бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн 2018 оны 03 дугаар тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны А-1/3650 дугаар албан бичигт “М” ХХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “Х” ТӨХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гарган нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрх байдлаар холбогдох этгээдүүдээс зөвшилцсөн агуулгатай бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байхад уг ажиллагааг хийхгүйгээр маргаан бүхий газруудыг хамтран эзэмшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн маргаж буй газрыг өөр өөрийн өмчлөлийн барилгад ногдох хэмжээгээр тухайн этгээдүүд хоорондоо зөвшилцөн тогтоож, холбогдох зургийг гаргаж ирүүлэх нь зүйтэй гэж нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй.
Иймд барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М” ХХК-ийг бүртгэхгүй байгаа нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хувьд өмчлөлийн барилга, байгууламжид ногдох газрын хэмжээг харилцан зөвшилцөж тодорхойлуулсны дараа хариуцагчид газар эзэмших асуудлаа шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн газар эзэмших эрхийн асуудлаар “М” ХХК, “Х” ТӨХХКхооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжийн “Х” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжуудын “Х” ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт өгөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 778 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Төв шуудангийн барилгын доорх газар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын гудамж-1 хаягт байрлах Шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын барилгын доорх газар, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжийн “Х” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжуудын “Х” ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж гуравдагч этгээдэд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ