Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00675

 

Б.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ө-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Н.Энхтэмүүлэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Хийн Цемент шохой ХК-д 2010 онд гүйцэтгэх захирлын 552 тоот тушаалаар ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр орж ажилласан. Миний өдөр тутамдаа хийдэг ажил нь байгууллагын захиргаа, үйлдвэрийн цехүүдийн урсгал болон их засвар орон нутгийн спорт заал, эмнэлгийн байр, зочид буудлын гэх мэт төсөвт ажлуудад барилгын зураг, төсвийг бие даан удирдан зохион байгуулж ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ингээд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хийн Цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирлын 645 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөж “Бэйзмент” ХХК буюу одоогийн “Х” ХХК-д төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр хугацаагаар барилгын инженерээр ажиллах болсон. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн ажил дууссан гээд ажлаас халсан гэж утсаар ярьсан бөгөөд ямар нэг тушаал шийдвэр өгөлгүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. “Х” ХХК-д хэд хэдэн удаа ажлаас чөлөөлсөн тушаал болон бичиг баримтаа авахаар очиход ­­­“Цемент шохой” ХК-иас тойрох хуудас авч ирсэн хойно өгнө гэсээр өдийг хүрсэн. Тухайн асуудлаар хуульчаас зөвлөгөө авч ажлаас халсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх талаар бичиг баримт гаргуулах хүсэлт бичүүлэн “Х” ХХК-д өгтөл 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн. Үнэнч шударгаар ажлаа хийснийхээ төлөө ажлын байргүй, цалин хөлсгүй болж хохирч байна. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Х” ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай А/46 дугаартай тушаалаар төслийн барилгын инженер ажилтай Б.Ө-г энэ өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Ө- нь тухайн үедээ ажлаас чөлөөлөх тушаалтай маргаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...чөлөөний хугацаанд төслийн ажил дууссан хаана ажиллах, хэнтэй уулзах нь тодорхойгүй өнөөг хүрч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 4 сараар тасалдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд миний урьд ажиллаж байсан хичээл зүтгэлийг минь үнэлээд 2015 оны 10, 11, 12 cap 2016 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөс гаргуулан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцлийг хангахад тусалж өгнө үү гэх агуулгатай өргөдөл ирүүлсэн байдаг.

Дээрх өргөдөл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг мэдсэн, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасанд нийцэхгүй байна. Тодруулбал ажлаас халагдах тушаал гарснаас хойш 2 cap 22 хоногийн дараа тушаалын үр дагаврыг хэрхэх асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан хэрнээ 22 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг харуулж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхэд хандах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалын хуулийн үндэслэлийг хянах, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хэлэлцэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь манай компанид “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 тоот тушаалаар төслийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар шилжин ирсэн байдаг. Гэсэн атлаа 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Х” ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг “Цемент шохой” ХК-д холбогдуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд гаргасан байна. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Б.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Б.Өиөрмаа нь 2016 оны 02 дугаар сараас эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх ба энэ үеэс шаардах эрхийг тоолох нь зүйтэй” гэсэн нь бодит байдлыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч компани нь хангалттай, тодорхой, ойлгомжтой хэмжээнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай мэдэгдэх үүрэгтэй. Ажилтан байгууллагын удирдлагад хүсэлт гарган явж байхад халсан тушаалаа өгөх боломж ажил олгогчид байсан. Ажил олгогч нь тодорхой зохион байгуулалт, удирдлага бүхий хуулийн этгээд тул хуульд заасны дагуу халагдсан тушаалыг гардуулан өгөх үүрэгтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус хуульчилжээ. Хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ хангалттай тодорхой биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож буйг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 09 сарын 14-ний өдрөөс буюу халагдах тушаал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцох нь шудрага ёсны зарчимд болон хуулийн шаардлагад аль алинд нь нийцэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Ө- нь 2015 оны 07 дугаар сарын 22-нд буюу “Х” ХХК-д ажиллаж байх хугацаандаа хэт ажлын ачааллаас шалтгаалж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгт 2 сартай жирэмсний хяналтанд орсон боловч 3 cap гарантай болоход өсөлтгүй гэсэн оноштойгоор жирэмслэлтийг нь эмнэлгийн аргаар тасалбар болгож байжээ. Ажлаас халагдсан халагдаагүй эсэх нь тодорхойгүй үед мөн жирэмсэн байсан бөгөөд Х-Улаанбаатар хотын хооронд 2 байгууллагын дунд явж тогтсон шийдвэр байхгүйд сэтгэл санааны хүнд цохилтонд орсон байна. ...Б.Ө- нь 2017 оны 02 дугаар сарын 22-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хагалгаагаар Д.Хүслэн охиноо өлгийдөж авсан. Хүүхэд нь тархины даралттай төрсөн учраас байнгын эмчийн хяналтанд байж эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж байсан. Өөрийн бие болон нялх хүүхдээ явдлын аян даах чадвартай болох хүртэл асарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 14-нд “Цэцбилэг” хуулийн байгууллагаар дамжуулж ажлаас чөлөөлөх тухай А/46 тушаал болон нийгмийн даатгалын дэвтрээ гардан авч энэ өдөр өөрийгөө ажлаасаа халагдсан гэдгээ бүрэн ойлгосон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бегөөд халагдсан тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ө- нь “Х” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзэж, шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Ө- нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс “Х” ХХК-ийн ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр ажиллаж байгаад компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А\46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авсан гэж тайлбарлан, нэхэмжлэлээ 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Б.Ө-гийн 2016 оны 02 дугаар сард ажил олгогчид гаргаж байсан өргөдлийн агуулгад үндэслэн нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна. Ийнхүү ажил олгогчийн шийдвэрийг “хүлээн авах” гэдэг ойлголтод зөвхөн “гардан авах”-ыг хамааруулж үзэх нь учир дутагдалтай болно. Ажил олгогчийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахын тулд тухайн шийдвэрийг гар дээр авсан байх шаардлагатай боловч уг шийдвэрийн хувийг өөрт аваагүй боловч түүнийг мэдсэн, түүнтэй танилцсан, агуулгыг ойлгосон байхыг хэлбэрийн хувьд гардаж аваагүй байдлаар үгүйсгэж болохгүй юм. Нэхэмжлэгч Б.Ө- 2015 оны 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн болохыг мэдээгүй байх боломжгүй бөгөөд тушаал гарснаас хойш 1 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Ө-гийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН