Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/02297

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02297

                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ө /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Х ХХК /РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие “Х”.. “Ц.Ш” ХК-д 2010 онд гүйцэтгэх захиралын 552 тоот тушаалаар ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр орж ажилласан.

Миний өдөр тутамдаа хийдэг ажил нь байгууллагын захиргаа, үйлдвэрийн цехүүдийн урсгал болон их засвар орон нутгийн спорт заал, эмнэлгийн байр, зочид буудлын гэх мэт төсөвт ажлуудад барилгын зураг, төсвийг бие даан удирдан зохион байгуулж ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан.

Ингээд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Х” “Ц.Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 645 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөж “Бэйзмент” ХХК буюу одоогийн Х ХХК-д төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр хугацаагаар барилгын инженерээр ажиллах болсон.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн ажил дууссан гээд ажлаас халсан гэж утсаар ярьсан бөгөөд ямар нэг тушаал шийдвэр өгөлгүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй.

Х ХХК дээр хэд хэдэн удаа ажлаас чөлөөлсөн тушаал болон бичиг баримтаа авахаар очиход “Ц.Ш” ХК-иас тойрох хуудас авч ирсэн хойно өгнө гэсээр өдийг хүрсэн.

Тухайн асуудлаар хуульчаас зөвөлгөө авч ажлаас халсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх талаар бичиг баримт гаргуулах хүсэлт бичүүлэн Х ХХК-д өгтөл 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал болон Нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн.

Үнэнч шударгаар ажлаа хийснийхээ төлөө ажлын байргүй, цалин хөлсгүй болж хохирч байна. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд ажил эрхэлж байсан Х ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгаж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/46 дугаартай тушаалаар төслийн барилгын инженер ажилтай Б.Өг энэ өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Б.Ө нь тухайн үедээ ажлаас чөлөөлөх тушаалтай маргаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “ ... чөлөөний хугацаанд төслийн ажил дууссан хаана ажиллах, хэнтэй уулзах нь тодорхойгүй өнөөг хүрч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 4 сараар тасалдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд миний урьд ажиллаж байсан хичээл зүтгэлийг минь үнэлээд 2015 оны 10, 11, 12 cap 2016 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөс гаргуулан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцлийг хангахад тусалж өгнө үү” гэх агуулгатай өргөдөл ирүүлсэн байдаг.

Дээрх өргөдөл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг мэдсэн, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасанд нийцэхгүй байна.

Тодруулбал ажлаас халагдах тушаал гарснаас хойш 2 cap 22 хоногийн дараа тушаалын үр дагаврыг хэрхэх асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан хэрнээ 22 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг харуулж байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхэд хандах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалын хуулийн үндэслэлийг хянах, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хэлэлцэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь манай компанид “Цемент Шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 тоот тушаалаар төслийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар шилжин ирсэн байдаг.

Гэсэн атлаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Х ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхэр хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг “Цемент шохой” ХК-д холбогдуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалингаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааных гэж тодорхойлсон. 

 

Хариуцагч нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь “Х” “Ц.Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 552 дугаартай тушаалаар Ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр томилогдон 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуурай аргын технологийн төслийн ажлыг дуусах хүртэл хугацаанд үүрэгт ажлаас нь түр чөлөөлж “Бэйзмент” ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь “Бэйзмент” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хэрэгжиж байгаа төсөлд төслийн барилгын инженерээр 1 жилийн хугацаатай 07 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрээг сунгаж, 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай 14/14 тоот Хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдлоо.

 

“Бэйзмент” ХХК нь 2015 онд нэрээ өөрчлөн Х ХХК нэртэй болж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 002605675 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

 

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/46 дугаар тушаалаар Төслийн барилгын инженер ажилтай Б.Ө-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана” мөн хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан хэдий ч нэхэмжлэгч нь “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаас халсан гэж утсаар хэлсэн бөгөөд 2016 оны 01 сарын эхээр Х ХХК дээр 2-3 удаа, 2 сард 2 ч удаа очиход ажлаас халсан гэж хэлээд удирдлагууд уулздаггүй байсан. Болдбаатар гэдэг ажилтантай уулздаг байсан. Би ажлаас халсан тушаалыг авах гэхээр өгдөггүй байсан” гэх тайлбарласан, нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Бейзмент” ХХК-д бичиж өгсөн “...2015.09.25-2015.12.25-ны өдөр хүртэл суралцахаар чөлөө авсан билээ. Гэтэл чөлөөний хугацаанд төслийн ажил дуусаж, хаана ажиллах, хэнтэй уулзах нь тодорхойгүй өнөөг хүрч Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 4 сараар тасалдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд миний урьд нь ажиллаж байсан хичээл зүтгэлийг минь үнэлээд 2015 оны 10, 11, 12 сар, 2016 оны 01 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөс гаргуулан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцлөөр хангахад тусалж өгнө уу” гэх өргөдөл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Ө нь 2016 оны 02 дугаар сараас эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх ба энэ үеэс шаардах эрхийг тоолох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” нь энэ хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байх хэдий ч нэхэмжлэгч Б.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/46 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/46 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачлагаар сэргээн хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Х ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Б.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Х.ДАШДЭЧМАА