Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1783

 

 

 

 

 

 

 

 

 

 “МонГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МонГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/265 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бүрэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МонГМ” ХХК нь Кипр Улсад бүртгэлтэй “Смайнекс инвестментс лимитед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан боловч “Смайнекс инвестментс лимитед” ХХК хамтран ажиллах гэрээнээс татгалзаж өөрсдийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МонГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 764 852 ам.долларыг гаргуулж “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн арбитрын шийдвэр гарсан. “Смайнекс инвестментс лимитед” ХХК-ийн хувьцааны төлбөрт төлсөн мөнгө нь бидний хамтран байгуулсан компанийн геологи, хайгуулын ажилд бүрэн зарцуулагдан дууссан тул тэдэнд нэхэмжилсэн мөнгийг нь шууд буцаан өгөх ямар ч боломжгүй байсаар өнөөг хүрсэн. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нь манай компанийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа боловч төлбөрийг төлөх талаар идэвхийлэн чармайн ажиллаж байгаа болно. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 дугаар огноотой мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар манай компанид ирсэн. Тус мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн оффисийн зориулалттай барилга, гарааш, газрыг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон тул анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахыг мэдэгдье гэжээ. Хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний байгууллагын үнэлгээчин манай компанийн өмчлөлийн оффисийн барилга, гарааш, газарт үнэлгээ тогтоохдоо үүсгэн байгуулагч Ц.Соёмбо миний биед мэдэгдээгүй, танилцуулаагүй, мөн ямар хууль, дүрэм журмыг баримталж үнэ тогтоосон нь ойлгомжгүй байна. Учир нь манай компанийн оффисийн зориулалттай барилга, гараашийн барилга, газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсд оршдог бөгөөд одоо болоод ирээдүйд үнэ цэнэ нь улам их өссөөр байгаа үнэ цэнэтэй объект байтал үнэлгээчин үнэлгээ тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн. тул дахин зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгөхийг хүсч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр танай гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн хариуг өгсөн. “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний байгууллагын үнэлгээчний үнэлсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, тоот 8 хаягт байрлах оффисийн зориулалттай барилгын үнэлгээ болох 1 451 600 000 төгрөгийн үнэлгээ, мөн тус хаягт байрлах гараашийн барилгын үнэлгээ болох 94 700 000 төгрөгийн үнэлгээ, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн үнэлгээ болох 373 600 000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МонГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 600 000 ам.доллар, хүү 135 200 ам.доллар, арбитрын хураамж 28 852 ам.доллар, нийт 1 764 052 ам.доллар гаргуулж Кипр Улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах гаражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “МонГМ” ХХК, 3/446, 3/347 тоот албан мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд өмчлөгч “МонГМ” ХХК-иас үнийн саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дүгээр Шинжээч томилох тогтоолоор томилж 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25/Ш дугаар үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 1 919 900 000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 1 343 930 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн бөгөөд нийтэд мэдээлсэн. Төлбөр төлөгч “МонГМ” ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 3 удаа түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2010-2016 он хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2010 онд эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай байгаагаас төлбөр авагч “Смайнекс инвестментс лимитед” ХХК их хохирч байна. Үнэлгээ хийлгэхээс өмнө хариуцагчийн дурдсанаар ямар үнээр дуудлага худалдаанд оруулах сонирхолтой байгаа талаар бид асуусан. “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. 1 919 900 000 төгрөгөөр барилга, гарааш, газар эзэмших эрхийг үнэлсэн. Зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай “МонГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тус шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бүрэнбаярын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д хуульд заасан бусад эрхээ буюу Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдсш, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана", гэсэн зарчим алдагдаж мөн хуулийн 6 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх заалт хэрэгжих боломжгүй болж үүний үр дагавраар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 08-2 тоот хаягт байрлах, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827.69 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гарааш, газрыг 1 919 900 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр хариуцагч “МонГМ” ХХК-иас 1 764 052 ам.долларыг гаргуулж “Смайнекс Инвестментс Лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 37-50/

 

Дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч барьцааны зүйл  болох “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 08-2 тоот хаягт байрлах, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827.69 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гарааш, газрыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 53, 55/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй болох нь хэргийн 58-60 талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх  хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх 64-78/

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/23142 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгджээ. /хх 79, 83/ Шинжээчийн дүгнэлтээр “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 08-2 тоот хаягт байрлах, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827.69 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гарааш, газрын зах зээлийн үнэлгээг 1 919 900 000 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

            Шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 181/ШЗ2016/01460 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж гарч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 181/ШЗ2016/03134 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр товлосон байгаа нь хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь шүүх хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмнө өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөх, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд бэлтгэж ирэх үүрэгтэй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МонГМ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН