Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00671

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03125 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 174 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох,

3 000 000 төгрөг гаргуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Ш” ХХК-ийн ерөнхий менежер Б.Халиунаатай орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд зуучлуулахаар 17/08 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлж, зээлэнд хамрагдахад шаардлагатай материалаа өгсөн. Тухайн үед би дүүгийнхээ хамтран зээлдэгчээр “Хаан банк” ХХК-д зээлтэй байсан бөгөөд энэ тухайгаа Б.Халиунаад хэлэхэд хасуулаад ир гэж хэлсэн. Энэ талаар зохих байгууллагуудад хандсан боловч хассан талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч талын шаардсанаар зарим материалаа бүрдүүлж өгсөн. Үүний дараа хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баримтаа бүрдүүлж өгөхгүй бол зээл хаагдлаа, зээл хариуцсан эдийн засагч амарлаа гэсэн. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд баруун аймгуудаар ажилтай явсан тул ирээд, миний зээлийг судалж байгаа гэх Улсын их дэлгүүрийн урд талд байрлах “Голомт банк” ХХК-ийн салбарт очин, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр амарсан эдийн засагч ажилдаа орсон уу гэж асуухад 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ямар ч эдийн засагч амраагүй байсан.

Миний зээлийг судалж байгаа эдийн засагчтай уулзуулах хүсэлтийг тус компанийн ерөнхий менежер Б.Халиунаад удаа дараа гаргасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар, 2017 оны 07 дугаар сарын 20-нд электрон шуудангаар гэрээг цуцлах хүсэлтээ хүргүүлэхэд хариу өгөөгүй.

Иймээс “Ш” ХХК-тай байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Г- манай байгууллагатай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа авахаар гэрээ байгуулан, гэрээний үнийн дүнд 3 000 000 төгрөгийг төлсөн.

Манай байгууллага үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 10 гаруй иргэнд Орон сууцны ипотекийн зээлийн журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, тэдгээр иргэд орон сууцны зээлэнд хамрагдсан. Нэхэмжлэгч Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар банкнаас тавьсан шаардлагын дагуу 17 төрлийн баримт материал бүрдүүлэх бөгөөд үүнээс 7 төрлийн баримтыг бүрдүүлж өгсөн. Мөн бусад банкнаас зээл авсан үлдэгдэлтэй бол Зээлийн гэрээ, дансны хуулгаа өгөхөөр журамд заасан ба нэхэмжлэгч дүүгийнхээ “Хаан банк” ХХК-ийн орон сууцны ипотекийн зээлэнд хамтран зээлдэгчээр бүртгэлтэй тухайгаа өөрөө хэлэхэд нь хамтран зээлдэгч бол зээлд хамрагдах боломжгүй талаар тайлбарлан, мөнгийг буцаан олгох талаар зөвлөхөд “Монголбанкнаас асуусан, хамтран зээлдэгчээс хасалт хийлгэж болох юм байна түр хүлээгээч “Хаан банк” ХХК-иас хасуулаад ирье, би байраа авна, ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгнө үү, өөрийн зүгээс хамааралтай бичиг баримтыг асуудалгүй бүрдүүлж өгнө” гэж хэлэхэд манай компани зөвшөөрч хүлээсэн боловч хасалтаа хийлгэж ирээгүй.

Нэхэмжлэгчийн эхнэрийн дугаараар холбогдож, өөртэй нь 2017 оны 05 дугаар сард уулзахад хэд хоногоос бүрдүүлж өгнө гэсэн бөгөөд үүнээс хойш шаардсаар байхад өгөөгүй тул 2017 оны 05 дугаар сард гэрээ дуусгавар болсон талаар утсаар мэдэгдсэн. Улмаар 1 сар гаруй холбогдохгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сард холбогдож ажлын байран дээр ирж уулзан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд би бүх бичиг баримтаа цэгцэлнэ. Тэр болтол түр хүлээж өгөөч гэсэн. Бид өөрийн зүгээс шалтгаалсан баримт материалаа бүрдүүлээд ирвэл үргэлжлүүлэн үйлчилгээг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Улмаар зээлд хамрагдахад үнэт цаасан дээр авсан лавлагаа 30 хоног хүчинтэй тул Үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл бидний шаардсан баримтыг иргэн дээрх хугацааны дотор бүрдүүлээгүй, хамтран зээлдэгчээсээ хасуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/80 дугаартай Үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 хүртэлх заалтуудад заасан аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03125 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1, 412.2, 412.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох 3 000 000 төгрөг гаргуулж, Үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 174 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 3 000 000 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 62 950 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт “Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгэгч өөрөө буруутай байвал гэрээнээс татгалзаж болохгүй” гэж заасан байдаг. Ипотекийн 8 хувийн зээлийг гаргуулахаар ярьсан “Голомт банк” ХХК-ийн эдийн засагчтай уулзах уулзалт зохион байгуулахын тулд нэхэмжлэгчийн зүгээс 17 төрлийн бичиг баримтыг өөрөө бүрдүүлж, захиалагчид өгөх ёстой байсан. Бүрдүүлж өгөх бичиг баримтуудын ихэнх нь лавлагаа байдаг бөгөөд хүчинтэй хугацаа нь 30 хоног байдаг учраас гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор захиалагч гүйцэтгэгчид гаргаж өгөх ёстой байсан.

Захиалагчийн бичиг баримтууд нь шаардлага хангасан тохиолдолд гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр зээлийн эдийн засагчтай уулзалт зохион байгуулах байсан. Мөн нэхэмжлэгч буюу захиалагч нь ипотекийн 8 хувийн зээлд өөрийн төрсөн дүүгийн хамтран зээлдэгчээр орсон байсан тухайгаа Үйлчилгээ үзүүлэх гэрээг хариуцагчтай байгуулсны дараа мэдэгдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан 17 төрлийн бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, хамтран зээлдэгчээс нэрээ хасуулсны дараа эдийн засагчтай уулзах уулзалт зохион байгуулах боломжтой байна, Банкны эдийн засагч бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уулзаж болно. Хамтран зээлдэгч бол зээл гарах боломж байхгүй гэсэн тул уулзалтыг зохион байгуулж чадаагүй юм. Үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй явдалд нэхэмжлэгч өөрөө 100 хувь буруутай, нэхэмжлэгчийн хувьд бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн, хамтран зээлдэгч гэдгээ мэдсээр байж гэрээ байгуулсан, хамтран зээлдэгчээс хасуулчихна гээд өөрөө гэрээг цаашид үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан. Хариуцагчийн хувьд шаардсан баримтуудыг гаргаж өгөөд хамтран зээлдэгчээс хасуулчихсан тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан.

Мөн давж заалдах шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн атлаа дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т заасныг харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэсний дагуу талууд гэрээний агуулга дээр харилцан тохиролцож гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул гэрээний холбогдох зүйл, заалтуудыг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэх, гэрээний зүйл, заалтуудыг баримтлах ёстой байхад анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна. Электрон шуудангаар гэрээг цуцлах саналаа явуулсан гэх боловч шуудангийн мэдээлэлд хэнд холбогдох, ямар гэрээг цуцлах талаар тодорхойгүй, Электрон шуудангаар явуулсан гэх баримт байхгүй байдаг. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй байх тул татгалзах санал явуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгээ нотолж чадаагүй, электрон шуудангаар гэрээг цуцлах саналаа явуулсан гэх боловч хэнд холбогдох, ямар гэрээг цуцлах талаар тодорхойгүй, хүсэлт байхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул...” гэж хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэсэн.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 174 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгч Г.Г-т банкнаас ипотекийн 8 хувийн зээл авахад туслалцаа үзүүлэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд зөвлөгөө өгөх, зээл олгогчтой уулзалт зохион байгуулах, нэхэмжлэгч Г.Г- нь үйлчилгээний хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ.     

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 412 дугаар зүйлийн 412.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчилдэг байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Г- нь гэрээний урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн боловч хариуцагч “Ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г-ын буруугаас буюу шаардлагатай материалыг бүрдүүлж өгөөгүйгээс зуучлалын ажиллагаа амжилттай хэрэгжээгүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй байна.

Зохигчийн “захиалагч тал гэрээгээ цуцлахыг хүсвэл 10%-ийн үйлчилгээний хөлсийг суутгана” гэх гэрээний тохиролцоо гэрээг үүргийн гүйцэтгэлээс хамааралгүйгээр цуцлах тохиолдолд хамааралтай ба нэхэмжлэгч Г.Г- хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээнд заасан дээрх үндэслэл үүсээгүй байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3.-т зааснаар хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч  дуусгавар болгож болдог байна. Зохигч нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зуучлалын гэрээнд хугацаа заагаагүй байна.

Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.4.-т зааснаар зуучлуулагч зуучлалын дагуу зээл авсан тохиолдолд зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зээл аваагүй буюу ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд зуучлуулагч зуучлагчид хөлс, шагнал төлөх үүрэг үүсэхгүй юм. Улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд шилжүүлсэн тал хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно. Нэхэмжлэгч Г.Г-ын төлсөн 3 000 000 төгрөгөөр хариуцагч “Ш” ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, хуулийн 205 дугаар зүйлд заасан журмыг баримталдаг байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.4.-т заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 174 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН