Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 03125

 

2017 оны 11 сарын 21 өдөр                Дугаар 102/ШШ2017/03125                               -Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, хороо, мянгатын  байрны тоотод оршин суух Б овогт ГГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүрэг,  хороо, давхарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  хороо, тоотод үйл ажиллагаа явуулдаг ШЭ ХХК-д холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах, Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ГГ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ГГ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ШЭ ХХК-ийн ерөнхий менежер Б.Халиунаатай орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд зуучлуулахаар 17/08 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөг төлж, зээлэнд хамрагдахад шаардлагатай өөрийн бүрдүүлсэн материалаа өгсөн.

Түүнээс хойш Б.Халиунаатай харилцан холбогдож, дүүгийнхээ хамтран зээлдэгчээр Хаан банкинд зээлтэй байгаа гэдгээ хэлэхэд хасуулаад ир гэж хэлсэн. Би энэ талаар зохих байгууллагуудад хандсан боловч хассан талаар ямар нэгэн хариуг ирүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч талын шаардсанаар зарим материалаа бүрдүүлж өгсөн.

Үүний дараа хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баримтаа бүрдүүлж өгөхгүй бол зээл хаагдлаа, зээл хариуцсан эдийн засагч амарна гэж хэлэхэд нь би 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд баруун аймгуудаар ажилтай явсан тул ирээд, миний зээлийг судалж байгаа гэх Улсын их дэлгүүрийн урд талд байрлах Голомт банкны салбар дээр очин, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амарсан эдийн засагч ажилдаа орсон уу гэж асуухад 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ямар ч эдийн засагч амраагүй гэсэн хариу өгснөөр 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар, 2017 оны 7 дугаар сарын 20-нд электрон шуудангаар гэрээг цуцлах хүсэлтээ хүргүүлэхэд хариу өгөөгүй.

Иймээс ШЭ ХХК-тай байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, урьдчилгаа төлбөрт төлсөн 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГГ манай байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа авахаар гэрээ байгуулан, гэрээний үнийн дүнд 3.000.000 төгрөгийг төлсөн.

Манай байгууллага үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 10 гаруй иргэнд Орон сууцны ипотекийн зээлийн журам-д заасан бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, тэдгээр иргэд орон сууцны зээлэнд хамрагдсан.    

Нэхэмжлэгч Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ...банкнаас тавьсан шаардлагын дагуу 17 төрлийн баримт материал бүрдүүлэх бөгөөд үүнээс 7 төрлийн баримтыг бүрдүүлж өгсөн.

Мөн бусад банкнаас зээл авсан үлдэгдэлтэй бол Зээлийн гэрээ, дансны хуулгаа өгөхөөр журамд заасан ба нэхэмжлэгч дүүгийнхээ Хаан банкны орон сууцны ипотекийн зээлэнд хамтран зээлдэгчээр бүртгэлтэй тухайгаа өөрөө хэлэхэд нь хамтран зээлдэгч бол зээлд хамрагдах боломжгүй талаар тайлбарлан, мөнгийг буцаан олгох талаар зөвөлөхөд Монгол банкнаас асуусан, хамтран зээлдэгчээс хасалт хийлгэж болох юм байна түр хүлээгээч, Хаан банкнаас хасуулаад ирье, би байраа авна. Ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгнө үү. Өөрийн зүгээс хамааралтай бичиг баримтыг асуудалгүй бүрдүүлж өгнө гэж хэлэхэд компани зөвшөөрч хүлээсэн боловч хасалтаа хийлгэж ирээгүй.

Тэрээр 2017 оны 4, 5 дугаар сард ГГ-ыг дутуу бүрдүүлсэн баримтаа өгөхийг шаардаж залгахад эхэндээ маргааш, нөгөөдөр өгнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон.

Түүний эхнэрийн дугаараар холбогдож, өөртэй нь 2017 оны 5 дугаар сард уулзахад хэд хоногоос бүрдүүлж өгнө гэсэн буюу үүнээс хойш шаардсаар байхад өгөөгүй тул 2017 оны 5 дугаар сард гэрээ дуусгавар болсон талаар утсаар мэдэгдэхэд зөвшөөрч, 1 сар гаруй холбогдохгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сард холбогдож ажлын байран дээр ирж уулзаад, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Би бүх бичиг баримтаа цэгцэлнэ. Тэр болтол түр хүлээж өгөөч гэсэн. Бид өөрийн зүгээс шалтгаалсан баримт материалаа бүрдүүлээд ирвэл үргэлжлүүлэн үйлчилгээг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн.

Улмаар зээлд хамрагдахад үнэт цаасан дээр авсан лавлагаа 30 хоног хүчинтэй тул Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл бидний шаардсан баримтыг иргэн дээрх хугацааны дотор бүрдүүлээгүй, хамтран зээлдэгчээсээ хасуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Мөн нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/80 дугаартай Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 хүртэлх заалтуудад заасан аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул хүлээн зөвшөөрөхүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ГГ, хариуцагч ШЭ ХХК-д холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах, Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний 6.2, 6.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ГГ, ШЭ ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 17/08 дугаартай, Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу үйлчилгээний хөлс 3.000.000 төгрөгийг 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.Халиунаагийн Хаан банкны 5024342099 тоот дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.

Тэрээр талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт захиалагч заасан хугацаанд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй, түүнчлэн тохиролцсон хугацаанд хүрэлцэн ирээгүйгээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг захиалагч тал хариуцана мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт захиалагчийн бүрдүүлэх материалаас мөн Монгол банкны найдваргүй зээлдэгч жагсаалтанд бүртгэлтэй эсэх зөрчлүүдээс болж зээл гараагүй тохиолдолд үйлчилгээний хөлсийг эргүүлж олгохгүй. Мөн хэн нэгний хамтран зээлдэгч болон батлан даагч болсон байвал гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, өөрийн төрсөн дүү Г.Болор-Эрдэнийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн Ипотекийн 8 хувийн зээл-д хамтран зээлдэгч болох нь Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 29/11170 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч дүүгийнхээ хамтран зээлдэгчээс хасуулах хүртэл түр хүлээгээч гэсэн мөн 6 дугаар сард Б.Халиунааг ярихад хөдөө яваад, утас холбогдох боломжгүй байсан. Хаан банк хамтран зээлдэгчээс хассан бичгийг өгөөгүй..., хариуцагч ...нэхэмжлэгч гэрээнд заасан өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй, бид хамтран зээлдэгчээс хасуулсан талаарх бичгийг аваад ирэх хүртэл хүлээсэн, энэ бичиггүй бол зээл олгох боломжгүй гэдгээ хэлсэн гэх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монголын ипотекийн корпорацийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/14-1035 дугаартай албан бичгээр тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгээ нотлож чадаагүй, шуудангаар гэрээг цуцлах саналаа явуулсан гэх боловч хэнд холбогдох ямар гэрээг цуцлах талаар тодорхойгүй, хүсэлт байхгүй зэрэг нөхцөл байдлууд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.Мөн талууд тус гэрээг байгуулсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан 17-64, 75-78 бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд бусад баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.1500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1, 412.2, 412.3 дахь хэсгүүдэд зааснаар ГГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ШЭ ХХК-д холбогдох 3.000.000 төгрөг гаргуулж, Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА