Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00673

 

П.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02746 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00091 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч П.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч П.С-ын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шуудангаас хүлээн авч мэдсэн. Төлбөр төлөгч П.С-ын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талууд харилцан тохиролцож 70 000 000 төгрөгөөр тогтоосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 50 хувь хямдруулан 35 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн албадан дуудлага худалдаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт болох байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдлийг хүлээн авсан нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариу авах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг хаагдуулсан нь хууль зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хариу ирүүлээгүй байна. Төлбөр төлөгч 2 дахь албадан дуудлага худалдаа хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрнө. 

Иймд П.С-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр П.С-аас 11 000 000 төгрөг гаргуулж Х.Энхтунгалагт олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан П.С-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах 616 м.кв талбайтай газар, 35 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохирсон үнэ болох 70 000 000 төгрөгийн 70 хувь болох 49 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувь болох 35 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах албадан дуудлага худалдааны мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02746 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шийдвэрээр П.С-аас 11 000 000 төгрөгийг гаргуулж Х.Энхтунгалагт олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй ажиллагаа болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00091 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хуулийн” гэсний дараа “/2002 он/” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

П.С- миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, Сурагчийн 45 дугаар гудамж, 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаан оруулах тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шуудангаас хүлээн авч мэдсэн. Төлбөр төлөгч миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, Сурагчийн 45 дугаар гудамж, 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг талууд харилцан тохиролцон 70 000 000 төгрөгөөр үнэ тогтоолгосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 50 хувиар хямд 35 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд миний өмчлөлийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байна. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт оруулахаар талаар НШГА-аас албан мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсээр мэдлээ. НШГА нь хүний үнэт үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулахдаа мэдэгдлээ боломжит хугацаанд буюу 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад 7 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.

Учир нь хуульд заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, хариугаа авах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг хаагдуулсан ажиллагаа хийсэн нь хууль зөрчиж явагдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу гомдлоо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнд гаргасан. Гэвч өнөөдрийг болтол миний гаргасан гомдлын хариу ирээгүй. Миний гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус учир албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх зохигчийн хоорондох маргааныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний залруулга оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч П.С- хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар захирамжаар П.С- иргэн Х.Энхтунгалагт 11 000 000 төгрөг төлөхөөр, төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар талуудын эвлэрснийг баталжээ.

Нэхэмжлэгч П.С- нь дээрх төлбөрийг сайн дураар, хугацаанд нь биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах зэрэг ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд  дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байгаа учир энэ үеэс өмнө даган мөрдөгдөж байсан хуулийг хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх тохиолдолд “2002 оны” гэх тодруулга заах шаардлагатай юм. Давж заалдах шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00091 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН