Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Б.Лхагважав, прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар цагаатгах тогтоолтой, Ц.Б-т холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Тайж овогт Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт  холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэдэн-Ишийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хүчингүй болгон Тайж овогт Цэдэн-Ишийн Быг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгийг буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаварыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 -д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын 3 настай, 700.000 төгрөгийн үнэ бүхий эр үхэр 1 /нэг/, 5 настай, 900.000 төгрөгийн үнэ бүхий эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь таниулах ажиллагаа явуулж тэмдэглэл заавал үйлдэнэ гэж заагаагүй байх тул шүүгчийн таниулах ажиллагаа хуулинд заасны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, гэрч Х.Жанарбек, Б.Пүрэвдорж, Х.Дамдиндорж, Янзо Омак Викторович, Чимит Ай-хан Орлович, хохирогч З.Сансар нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. ОХУ-ын иргэн Янзо Омак Викторович нь адуу авч ирж өгсөн Ц.Быг шууд зааж таньсан, үүнийг ОХУ-ын болон Монгол Улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслах, хилийн албаны ажилтан нар харж байсан байхад түүнийг үгүйсгэж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь яллах талын нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж, цагаатгах талын нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Эрх зүйн туслалцаа хүсэж явуулсан мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу ОХУ-ын талаас Тува улсын иргэн Янзоо Омак Викторовичийг гэрчээр байцааж мэдүүлсэн мэдүүлгийг ч мөн үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Ц.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байсан, мөн 04 сарын 12, 13-ны өдрүүдэд иргэн Бадамдоржийн гэрийг нүүлгэж, Тарвагатайн хөдөө гэх газар хүргэж буулгасан гэж гэрч нар мэдүүлдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Дорлигийн "...манайх 2016 оны 04 дүгээр сарын 17-ны үеэр нүүж байхад Үхэхийн баруун хөвөө буюу Бураагийн баруун хөвөөнд Бадамдоржийнх байсан. Би тод санаж байна" гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэтэл шүүх гэрч Ц.Дорлигийн мэдүүлгийн яагаад үнэлээгүй талаараа :дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байгаагүй, 04 сарын 12, 13-ны өдрүүдэд хадам аав болох Бадамдоржийн гэрийг нүүлгээгүй, харин Монгол Улсын хилээр хууль бусаар адуу нэвтрүүлж ОХУ-ын Тува улсын иргэдэд зарж борлуулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон.

Шүүхийн цагаатгах тогтоолын "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Быг цагаатгаж, хэргийг прокурорт буцаав гэжээ. Цагаатгах тогтоолд Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй гэж үзэж, цагаатгаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр нь сзргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй, шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зүйл, хэсгийг удирдлага болгон баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь цагаатгах тогтоол гарахад шийдвэрлэвэл зохих асуудлын талаар дурдсан заалт юм. Энэхүү заалтаар Ц.Быг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Хилийн бүсэд гарсан гэмт хэргийг хилийн Тагнуулын ажилтан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байх бөгөөд энэхүү ажиллагаагаар цугларсан баримт сэлт, мэдээлэл нь хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж нотлох баримт гэж үзнэ. Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт ...Шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүн, мал амьтан, эд зүйлийг гэрч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болно" гэж заажээ. Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай цагаатгах тогтоол нь яллах талын нотлох баримтыг хэт үгүйсгэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, шүүгдэгчийг "гэм буруугүй байна' гэсэн дүгнэлт хийсэн атлаа хуулинд заасан ямар үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, илт үндэслэл муутайгаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тус цагаатгах тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт  оруулж  шийдвэрлэв.

 

Увс аймгийн Прокурорын газраас Ц.Быг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан, бусадтай бүлэглэж улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэдэн-Ишийн Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, Тайж овогт Цэдэн-Ишийн Быг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн дээрхи цагаатгах тогтоол нь  2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.Учир нь :

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6850000 төгрөгийн хохирол учруулсан, бусадтай бүлэглэж улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай  нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байдалд хүргэсэн  байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаа талаараа тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул шүүхээс Ц.Быг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлээс  “…Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдсон байхад үндэслэлгүйгээр цагаатгасан…” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх Ц.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ  хуулинд заасан ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа заагаагүй, хуулийн зүйл заалтыг дутуу баримталсан байна.

 

2002 оны буюу өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох заалт шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хасагдсан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэл нь агуулгын хувьд гэмт хэргийн шинж хангагдаагүй гэсэн үндэслэлд нэгэн адил хамаарахаар байх тул Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэх заалтыг баримтлах нь зүйтэй байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокурорын эсэргүүцлийн “Шүүх хуулийн заалтыг  баримтлаагүй” гэх хэсгийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай цагаатгах тогтоолын 1 дүгээр заалтын  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэдэн-Ишийн Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон, Тайж овогт Цэдэн-Ишийн Быг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.” гэснийг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэдэн-Ишийн Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон, Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган, хэргийг прокурорт буцаасугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Цагаатгах тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлээс “Ц.Баатаржавыг үндэслэлгүйгээр цагаатгасан.” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.