Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 322

 

Ц.Ба-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалтай 201620000087 дугаар эрүүгийн хэргийг Увс аймгийн Ерөнхий прокурор Г.Эрдэнэбаярын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан Тайж овогт Цэдэн-Ишийн Баатаржав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Ба-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон түүнийг цагаатгаж, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн “Шүүх хуулийн заалтыг баримтлаагүй” гэх хэсгийг хүлээн авч, цагаатгах тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ба-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон, Ц.Ба-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай” гэсэн өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр гаргасан прокурорын эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч Ц.Ба- нь уг хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Са-, гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нарийн мэдүүлэг болон хойшлуулшгүй ажиллагааны журмаар Я.О.В-, Ч.А.О- нараас асууж авсан тайлбар, Оросын холбооны улсын Кызылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, хурандаа И.О.Никешиний 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай албан бичиг, хилийн зөрчлийг шалгасан нотломж, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Ч.А.О-, К.К.В-, Я.О.В- нарын өгсөн тайлбарууд, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн таниулах ажиллагааны үр дүнг мэдээлсэн баримтуудыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авах боломжгүй гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.4-т хилийн бүсэд гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагаа явуулахаар заасан бөгөөд иргэн, албан тушаалтнаас тайлбар авч болохоор хуульчилсан байна. Гэтэл шүүх хойшлуулшгүй ажиллагааны явцад ОХУ-ын иргэдээс тайлбар авахдаа эрх, үүрэг тайлбарлаагүй, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй. ОХУ-ын иргэдээс авсан тайлбар нь хууль сануулж авсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтад хамаарахгүй боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан бусад баримтад хамаарч байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.6-д заасны дагуу ОХУ-ын иргэдээс тайлбар авсан тул үүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл гэж үзнэ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт “...Шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүн, мал, амьтан, эд зүйлийг гэрч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болно” гэж заажээ. Үүнээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар таниулах ажиллагааг зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хийхээр хуульчилсан байна. Харин хойшлуулшгүй ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нь таниулах ажиллагаа явуулахдаа заавал тэмдэглэл үйлдэнэ гэж заагаагүй байх тул таниулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй, хэргийн бодит байдал нийцээгүй байна.

ОХУ-ын иргэн Я.О.В- нь адуу авч ирж өгсөн Ц.Ба-ыг шууд таньж заасан, үүнийг ОХУ-ын болон Монгол Улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслах, хилийн албаны ажилтан нар харсан байхад үгүйсгэж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь яллах талын нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм.  Эрх зүйн туслалцаа хүсэж явуулсан мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу ОХУ-ын талаас Тува улсын иргэн К.К.В-, Я.О.В-ийг нараас мэдүүлэг авахдаа ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх, үүргийн тайлбар өгч, мөн хуулийн 308 дугаар зүйлд заасан хүлээлгэх хариуцлагын урьдчилан сануулсан байх тул энэ мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа “яллагдагч Ц.Ба-ын ашиглаж байсан 95153935 дугаар утаснаас Я.О.В-ийн 89235459695, 89232639920 утас руу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө утсаар холбогдож байгаагүй нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч Ц.Ба- нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байсан, мөн 04 сарын 12, 13-ны өдрүүдэд иргэн Бадамдоржийн гэрийг нүүлгэж, Тарвагатайн хөдөө гэх газар хүргэж буулгасан гэж гэрч нар мэдүүлдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.До-ийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэтэл шүүх гэрч Ц.До-ийн мэдүүлгийг үнэлээгүй талаараа дүгнэлт хийлгүй зөвхөн яллагдагч Ц.Ба-ын гэр бүлийн болон төрөл садангийн хүмүүсийн мэдүүлгийг үнэлж гэмт хэрэг үйлдээгүй гэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй дүгнэлт болжээ. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь яллах талын нотлох баримтыг хэт үгүйсгэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, шүүгдэгчийг “гэм буруугүй” гэсэн атлаа хуульд заасан ямар үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх илт хамгаалж, хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн “анхан шатны шүүх Ц.Ба-ыг цагаатгаж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа заагаагүй хуулийн заалтыг дутуу баримталсан” гэж хуульд байхгүй нэр томьёо хэрэглэж, хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрийг зөвтгөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримталж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй болжээ. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Тува иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт О-шынаа сууринд тайлбар авсан эрх бүхий этгээд тайлбар авах үндэслэлээ ОХУ-ын “Хилийн тухай хуулийн” 30 дугаар зүйлийг үндэслэл болгосноо дурдсан. Гэтэл шүүх Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгддөг хуулийн заалтыг баримтлаагүй гэсэн нь буруу бөгөөд ОХУ-д хүнээс тайлбар авахдаа ямар хуулийн ямар заалтыг хэрэглэх журамтай, тухайн нөхцөлд тайлбар авахдаа ямар хуулийн ямар заалтыг хэрэглээгүйг дурдаагүй нь учир дутагдалтай болсон. Монгол улсад хэрэгжиж байгаа эрүүгийн процессын хуульд тайлбарыг нотлох баримтаар тооцохгүй байж болно. Харин ОХУ-д авагдсан тайлбарыг нотлох баримтад тооцдог эсэхийг шүүх тогтоогоогүй энэ талаар тайлбарлаагүй мөн тайлбарыг баталгаажуулсан гэрчийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байхад Монгол Улсын олон улсын гэрээгээр авсан тайлбаруудыг үнэлэхээс татгалзсан нь учир дутагдалтай болсон. Мөн шүүх таниулах ажиллагаа хийсэн нь тогтоогдож байна гэснээ уг таниулах ажиллагааг харсан гэрчүүдийн мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж дүгнэсэн. Хэдийгээр таньж олуулах ажиллагаа хийхдээ тэмдэглэл хөтөлж бэхжүүлээгүй боловч гэрэл зургаар бэхжүүлсэн, мөн ОХУ-ын хилийн бүрэн эрхтийн албан бичиг, гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нарын мэдүүлэг зэргээр таньж олуулах ажиллагаа хийсэн нь тогтоогдож байхад шүүх таньж олуулах ажиллагааг нотлох баримтаар үнэлэхгүй байх нь зөв ч үйл явдлыг харж байсан гэрч нарын мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэгт “гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн бол” гэж тухайн үед үүсэж болох харилцааг зохицуулсан болохоос биш гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заах талаар зохицуулаагүй байна. Иймд гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийн алдаа болжээ. Шүүх шүүгдэгч Ц.Ба- болон түүний эхнэр Б.Цэдэнбал нарын ашиглаж байсан 95153935 дугаарын утаснаас 79235459304 дугаарт нэг удаа, 79232631887 дугаарт хоёр удаа холбогдсон байгаа нь шүүгдэгч Ц.Ба-ыг гэрч Я.О.В-тай утсаар холбогдож байгаагүйг нотлож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь 79235459304, 79232631887 дугааруудыг хэн барьж байсныг тогтоогоогүй, гэрч Я.О.В- 89235459695, 89232639920 дугааруудыг барьж байсан эсэх энэ дугаарт Монгол Улсаас хүн залгасан эсэхийг тодруулаагүй байж шууд энэ хүмүүс холбогдож байгаагүй байна гэж дүгнэх боломжгүй юм. Мөн Ц.Ба- хэрэг гарах үед өөрийн явж байсан маршрутын талаар өөрийн төрөл садны хүмүүс болон найз нараар мэдүүлэг өгүүснийг үнэлсэн мөртлөө тэр мэдүүлгүүдийг няцааж буй гэрч Ц.До-ийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй нь сонин байна. Ц.Ба- нь удаа дараа хилийн малын хулгайд хардагдан шалгагдаж байсан бөгөөд хэрэг анх гарсан үед Тува гэрч нарын өгч байсан мэдүүлэг сүүлд авсан мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа нь дахин холбоо барьсан, гэрч нарт нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулаагүй бөгөөд прокурорын эсэргүүцэлд дурдсан нотлох баримтын талаар ямар дүгнэлт хийж байгаагаа дурдаагүй нь хэргийг бүхэлд нь хянана гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “2016 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр Ц.Ба-ыг ОХУ-ын иргэн Ч.А.О-, Я.О.В- нараар таниулах ажиллагаа хийлгэсэн нь ОХУ-ын хилийн бүрэн эрх төлөөлөгчөөс ирүүлсэн албан бичиг, гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нарын  мэдүүлгээр тогтоогдож байгаа  боловч уг ажиллагааг хаана явуулсан, түүний үр дүнг бэхжүүлсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй, мөн таниулах ажиллагааны талаар гэрч Х.Жа-, Б.Пү-, Х.Да- нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул нотлох чанараа алдсан гэж үзэж байна. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 26-нд гэрч Кыргыс-Оол Владимирович, Я.О.В-   нараас   мэдүүлэг  авахдаа   зургаар  таниулахад   “би танихгүй, анх удаа харж байна, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Ц.Ба-тай уулзаж 6 тооны адуу аваагүй” гэж мэдүүлсэн ба Ц.Ба- болон түүний эхнэр Б.Цэдэнбал нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед ашиглаж байсан үүрэн холбооны дугааруудын дуудлага, ярианы түүхийг шалгахад Я.О.В-тай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө утсаар холбогдож байгаагүй нь, гэрч Д.Төгсжаргал, Г.Бадамдорж, Д.Сууриа нарын мэдүүлгээр Ц.Ба- нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тэс сумын төвд гэртээ байсан болох нь тогтоогдсон. Мөн хохирогч З.Са-ийн адууг Монгол улсын хилийн ямар тэмдэгтээр гарсан нь тодорхойгүй, адуу хулгайлагдах үед Монгол, Оросын хил зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй байна. Түүнчлэн ОХУ-ын ирэн Ч.А.О-, Кыргыс Кежис-Оол Владимирович, Я.О.В- нараас тайлбар авахдаа эрх, үүргийг тайлбарлаагүй, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулаагүй, Ц.Ба-ыг таниулах ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдагдсан нотлох баримтуудыг эрэмбэлвэл дийлэнх нь яллах талын нотлох баримтууд бичигдсэн байдаг. Шүүх Ц.Ба-т холбогдох хэргийг илт үндэслэлгүй цагаатгасан. Увс аймгийн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Г.Эрдэнэбаярын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ба-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх Ц.Ба-ыг бусдын эд зүйлийг хулгайлах, бусадтай бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон  цагаатгаж, хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Ц.Ба-ыг хохирогч З.Са-ын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэж, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Са-ын 7 тооны адууг Оросын Холбооны Улс руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэргийн яллах талын нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй гэж дүгнэхдээ прокурорын яллах үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүйн дээр ямар нотлох баримт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгааг тодорхойлолгүй хэргийн бусад нөхцөл байдалд хамааралтай нотлох баримтуудыг дурдан тоочсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Тодруулбал, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх ёстой бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН                     

                                                                                                         Д.ГАНЗОРИГ          

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН