Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0100

 


Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Я.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 792 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 792 дугаар:

“...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.б, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны 4 дүгээр тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын улмаас Д.Б-д учирсан хохирол болох ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

“...Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хурал болон тухайн өдрийн 04, 05 тоот тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11, 12, 18, 25 дугаар зүйлийн дагуу хуулийн хүрээнд гарсан тогтоолууд болно. Гэтэл анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 04 тоот тогтоолыг хууль бус байсан гэж шийдвэрлэжээ.

Түүнчлэн үүнээс үүдэн нэхэмжлэгч Д.Б-д ажилгүй байсан хугацааны /2020 оны 02 дугаар сарын 18-аас 2020 оны 10 дугаар сарын 23-ны хооронд/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин,эрүүл мэнд, нийгмийн шимтгэлийг хариуцагч болох Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу хуралдсан. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь дүүргийн хуралд Засаг даргыг огцруулах саналыг хурлын төлөөлөгчдөөс хуулийн дагуу тавьсан бол 15 хоногийн дотор заавал хэлэлцэн шийдвэрлэхийг даалгасан зохицуулалт юм. Тодруулж хэлбэл, хэн нэг дарга үүнийг өөрийнхөөрөө тайлбарлан 45 хоногийн дараа хэлэлцэж болохгүй гэж ойлгох ёстой. Иймээс энэхүү хурлыг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж, хэлэлцэх асуудлаа заавал баталдаг. Энэ дагуу тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж 03 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал огт маргаагүй болно. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалалд оруулж батлаад, нээлттэйгээр хэлэлцэн 100 хувийн саналаар чөлөөлсөн Д.Б-ийг хууль бусаар чөлөөлсөн гэдэг нь ямар ч үндэслэлгүй болж байгаа юм.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүилийн 13.1-д зааснаар Д.Б-ийн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад Хурлын даргаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн нь туйлын хариуцлагагүй шийдвэр болжээ. Д.Б-ийг төлөөлөгчөөс нь чөлөөлөх тухай огтхон ч яригдаагүй, зөвхөн хурлын даргаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн гэдгийг анхан шатны шүүгч огтхон ч ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй байна.

Энэхүү хурлаас тухайн ээлжит бус хуралдаан даргалагчийг сонгох тухай 01 тоот тогтоол, хуралдааныг хүчинтэйд тооцох тухай 02 тоот тогтоол, хэлэлцэх асуудлыг батлах тухай 03 тоот тогтоол, Д.Б-ийг хурлын тэргүүлэгчээс чөлөөлсөн 06 тоот зэрэг нэлээд олон тогтоолууд гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Энэхүү хүчин төгөлдөр тогтоолуудын талаар нэхэмжлэгч тал огтхон ч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хуулийн дагуу, ямар ч алдаа зөрчилгүй явагдсан хүчин төгөлдөр хуралдааны 04 тоот тогтоолыг хууль бус тогтоол хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь дээрх тогтоолууд яагаад хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байгаа талаараа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан байгаа болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 792 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэсэгчлэн ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул үүгээр гомдол гаргаж байна. Хэргийн нөхцөл байдлыг тодруулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “   Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 4, 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох, Д.Б-ийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин 17.026.403 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагчийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Э-ыг огцруулах саналыг гаргасан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуульд заасан хугацаанд ээлжит бус хуралдааныг хуралдуулсан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар хурлын Төлөөлөгчдийн олонх буюу 54,2 хувь нь хуралдсан ямар ч алдаа зөрчилгүй явагдсан хүчин төгөлдөр хуралдаан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в-д “нутаг дэвсгэрийн ариун цэвэр-халдваргүйжилтийн байдалд хяналт тавьж, хүн амыг гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарч болох нөхцөл бүрдсэн буюу гарсан тохиолдолд нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу хэсэгчлэн онцгой дэглэм тогтоох” гэж заасан эрхийн хүрээнд 2020 оны А/108 дугаар захирамжаар үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хурал цуглаан хийхийг хоригложээ.

Гэтэл дээрх захирамжийг зөрчиж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурал 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан нь хууль дээдлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны нэгдмэл байх шинжид халдсан байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар ээлжит бус хуралдааныг товлон зарлаж, холбогдох саналыг хэлэлцэх эрх нь тухайн хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдаж байх бөгөөд хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн дүүргийн Засаг дарга Ж.Э-ыг огцруулах саналыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт хэлэлцэн хуралдуулахаар товлосныг хурлын Төлөөлөгчдийн олонхи эс зөвшөөрч ээлжит бус хуралдааныг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Гэхдээ маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан нь хууль зөрчиж явагдсан болох нь тогтоогдож байх боловч, 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шинэ бүрэлдэхүүнээр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон байна. Иймд тус хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч Д.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй учир 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Л.А-г сонгож баталгаажуулсан 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоох шаардлагагүй.   

Харин дээрх хуралдааны 4 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-ийг ээлжит бус хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул уг маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдолд “...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Д.Б-ийн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад Хурлын даргаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн нь туйлын хариуцлагагүй шийдвэр болжээ. Д.Б-ийг төлөөлөгчөөс нь чөлөөлөх тухай огтхон ч яригдаагүй, зөвхөн хурлын даргаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн ...” гэснийг хүлээж авах боломжгүй, шүүхийн шийдвэрт Хурлын даргаас чөлөөлөх үндэслэлүүдийн нэгийг дурьдсан болохоос биш төлөөлөгчөөс чөлөөлөх асуудлыг дүгнээгүй.

Мөн Д.Б-ийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин 17.026.403 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Д.Б-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болох тул 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй бөгөөд ийнхүү дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 гэж хуулийн заалт буруу баримталсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 792 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... “106 дугаар зүйлийн 106.6” гэснийг “100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

   ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА