Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0792

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр 0792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Гуравдагч этгээд: Л.А

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан, 4, 5 тоот тогтоолууд хууль бус байсан болохыг тогтоолгох, Д.Бийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин 17.026.403 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Д.Б миний бие Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдож, хуралдааны 02 дугаар тогтоолоор баталгаажуулсан.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан гэх хурлыг хуралдуулж, Хурлын даргыг чөлөөлөх тухай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 дугаар тогтоол гарган Д.Б намайг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж, Л.Аг 5 дугаар тогтоолоор хурлын даргаар томилжээ.

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Л.А нь хэсэг төлөөлөгчдийн хамт Хурлын даргын өрөөнд дайран орж ирээд 4, 5 тоот тогтоол өгсөн ба ...тамгаа өг, өрөөнөөс гарч сулла, ажлаа хүлээлгэж өг ... гэх зэргээр улайран дайрч төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан албан хаагчид руу дайрч доромжлох, ажлыг нь хийлгэхгүй дарамтлах ажлаа өгөхийг шаардах зэргээр дураараа аашлан өрөөнөөс гарахгүй хонон өнжин, ажлын өрөөний хаалганы цоожийг эвдэн сольж, ажил хийх боломжгүй байдлыг үүсгэсэн. Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй хууль, тогтоомж, дүрэм, журмыг зориудаар зөрчин ээлжит бус хуралдааныг хууль бусаар хуралдуулж, улмаар хууль бус Тогтоол гаргасан.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэсэг төлөөлөгчид ... дүүргийн засаг Ж.Эыг огцруулах санал өргөн мэдүүлсэн 01 тоот албан бичгийг Хурлын даргад ирүүлсэн. Энэхүү хэсэг төлөөлөгчдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн гаргасан санал нь Улсын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тавьсан хориг, хязгаарласан цаг хугацаатай давхцаж тавигдсан төдийгүй ... дүүргийн засаг даргыг огцруулах... асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1г-д зааснаар Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д зааснаар дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийн өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан.

Иймд дээрх хуулийн заалтууд болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар тэмдэглэл, Улсын хэмжээнд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдуулахаар Хурлын Тэргүүлэгчдийн 06 дугаар Тогтоол 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Энэхүү Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай 06 дугаар Тогтоол өнөөдөр хүртэл хүчинтэй байхад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэсэг төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан гэх хурлыг хуралдуулсан нь дараах хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн хууль бус хуралдаан гэж үзэж байна. Үүнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр болох тухай албан ёсны тов зар гараагүй, зарлагдаагүй. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар Тогтоолоор баталсан Хурлын хуралдааны дэгийн 2.3 дахь хэсэгт Хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 зүйлийн 23.3, 23.4 дэх заалтыг үндэслэн дүүргийн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаанд хэн нэгэн Тэргүүлэгчийг хуралдаан удирдуулахаар санал болгоогүй байхад Хурлын даргад хуулиар хадгалагдсан онцгой эрхийг зөрчсөн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар тухайн Хурлын хуралдааныг даргалах эрх нь Хурлын даргад хадгалагдаж байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар Хурлын даргын эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэгэн нээж, хуралдааныг удирдахаар зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан товлох, хэлэлцэх асуудлыг Хурлын хороод, Намын бүлгүүдэд шилжүүлэх, санал дүгнэлт авах, хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудлын дагуу холбогдох баримт материал бэлтгэх, Хурлын төлөөлөгчдийг холбогдох мэдээллээр хангах зэрэг Хурлын онцгой бүрэн эрх болон Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар хадгалагдсан бүрэн эрхийг зөрчсөн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г, 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...Хурлын хуралдааныг товлон зарлах. түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт ажиллагаатай холбоотой санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 23 дугаар зүйлийн 23.4-т "... хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах-аар тус тус хуульчилжээ. Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4, 5 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлийн хувьд Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн албаны өрөөндөө орох, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус чуулган /хуралдаан/-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Хурлын төлөөлөгчдөд урьдчилан танилцуулаагүй, Хурлын даргыг чөлөөлөх үндэслэл болон гарах шийдвэрийн төслийг Төлөөлөгчдөд хүргүүлээгүй, танилцуулаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д ...Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бол саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн тул Хурлын даргыг чөлөөлөх тухай 2020 оны 02 дугаар сарын 18-ны 4 тоот Хурлын тогтоол, Хурлын даргыг сонгож батлах тухай 5 тоот Тогтоолууд нь хууль бус гэж үзэж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Хурлын Төлөөлөгч нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар Тогтоолоор баталсан Хурлын хуралдааны дэг, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхгүй байгаагаас хууль бус үйл ажиллагаа гарч иргэн хохирч байна.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг чөлөөлөх тухай 4 тоот Тогтоол гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1г, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалтуудыг үндэслэжээ. Дээрх хуулийн заалтууд нь Хурлын Төлөөлөгчийн болон Хурлын бүрэн эрх, Хурлын тогтоол зэргийг зохицуулсан заалт болохоос биш Хуульд заасан бүрэн эрх, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа Хурлын дарга Д.Б намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан гэх хурлаас Д.Бийг Хурлын даргаас чөлөөлсөн Хурлын 4 тоот тогтоол, Л.Аг Хурлын даргаар сонгож баталсан Хурлын 5 тоот тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2-д зохицуулжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Д.Б миний Чингэлтэй дүүргийн Хурлын Төлөөлөгч, Хурлын дарга, хурлын Тэргүүлэгчийн бүрэн эрх, баталгааг хуульчилж тусгасан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хурлын даргыг сонгож батлах тухай 02 дугаар Тогтоол хүчинтэй байгаа тул оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хурлын даргаас чөлөөлсөн Хурлын 4 тоот тогтоол, Л.Аг Хурлын даргаар сонгож баталсан Хурлын 5 тоот тогтоолууд хүчингүй болох хууль зүйн нэг үндэслэл гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг нягтлан шалгаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж тодорхой зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь буюу 35 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулах саналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бд өргөн мэдүүлж, Хурлын дарга Д.Б албан ёсоор хүлээн авсан байдаг. Энэ талаар Д.Б нэхэмжлэлдээ ч дурдсан байгаа бөгөөд үүнтэй маргахгүй, өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэгэнт хурлын төлөөлөгчид Засаг даргыг огцруулах асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлж, Хурлын дарга нь хуулийн хүрээнд хүлээж авсан л бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 15 хоногийн дотор зохион байгуулж, эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасан асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэхийг Хуралд даалгасан байх бөгөөд Хурлын дарга Д.Б нь хуулийн энэхүү нарийвчилсан зохицуулалтыг зөрчиж, Хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нийтлэг бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, асуудалд хувийн ашиг сонирхлоор хандсан нь Хурал хуулийн хугацаанд хуралдаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болох ёсгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно." гэж заасан байна. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд Монгол Ардын Намын бүлгийн нийт 30 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн нийт 5 төлөөлөгчөөс 1 төлөөлөгч буюу нийт 19 төлөөлөгч буюу нийт 35 төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирж ирц 54,2 хувьтай хуралдсан тул тус хуралдааныг хүчинтэйд тооцохыг хуулиар тодорхой зохицуулсан байна.

Тиймээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нийт төлөөлөгчийн 54,2 хувийн ирцтэйгээр хуульд нийцүүлж хуралдсан хуралдааныг хууль бус гэж үзэж буй Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Д.Бийн нэхэмжлэлд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 тоот захирамж, цаг үеийн нөхцөл байдлыг үндэслэн 2020 оны 02 сарын 05-ны өдөр Хурлын тэргүүлэгчдийн 06 тоот тогтоол гаргаж ээлжит бус хуралдааныг 03 сарын 16-ны өдөр хуралдуулахаар болсон байсан гэжээ. Хурлын дарга Д.Б нь Хурлын зарим тэргүүлэгчдийн хамт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг зөрчиж, 2020 оны 02 сарын 05-ны өдрийн тэргүүлэгчдийн 06 тоот тогтоол гэх хууль бус шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү тогтоол нь хуульд заасан 15 хоногийн хугацааг зөрчин, хугацааг өөрийн дураар тогтоож, Засаг даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлснээс хойш 42 хоногийн дараа буюу 2020 оны 03 сарын 16-д хэлэлцүүлэхээр

товлосон байдаг.

Ингэж товлохдоо 06 дугаар Тогтоолд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар олныг хамарсан хурал зөвлөгөөнийг түр хориглосон тул хэмээн дурдсан байдаг. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжид олныг хамарсан хурал зөвлөгөөнийг түр хориглох" гэсэн томьёолол байхгүйгээс гадна тухайн цаг үед Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэвийн хуралдаж байсан. Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 01/594 тоот албан бичгээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар эрх зүйн байдал нь зохицуулагдаж, уг хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага тул хуралдаан нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн үйлчлэлд хамаарахгүй болно гэж Хурлын дарга Д.Бд тайлбар ирүүлсээр байтал Тэргүүлэгчдийн хуульд нийцээгүй 06 дугаар тогтоолыг гаргаж, хуульд нийцүүлж өөрчлөхөөс татгалзсан юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасан асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэхийг Хуралд даалгасан байх бөгөөд Хурлын дарга Д.Б нь хуулийн энэхүү нарийвчилсан зохицуулалтыг зөрчиж, Хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нийтлэг бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, асуудалд хувийн ашиг сонирхлоор хандсан нь Хурал хуулийн хугацаанд хуралдаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болох ёсгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйл ийн 32.6 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хуулийн дагуу эхэлсэн боловч хуралдааныг удирдах, зохион байгуулах үүрэгтэй Хурлын дарга Д.Б нь хууль хэрэгжүүлэхээс татгалзаж ажлын байрандаа болон хуралдаандаа ирээгүй юм. Тухайн өдөр ээлжит бус хуралдаан болохыг Д.Б мэдэж байсан нь түүний нэхэмжлэлийн үндэслэлийн 1.б\ хэсэгт Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2020 оны 02 сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд хэн нэгэн Тэргүүлэгчийг хуралдаан удирдуулахаар санал болгоогүй байхад..." гэж тэмдэглэснээс нь харагдаж байна.

Нэхэмжлэлд дурдсан Хурлын хуралдааныг хуульд заасан хугацаанд нь багтаан хуралдуулах, хуралдааны бэлтгэлийг хангах, төлөөлөгчдийг мэдээллээр хангах, өөрөө хуралдаанд оролцохгүй тохиолдолд аль нэг Тэргүүлэгчээр удирдуулах шийдвэрийг гаргах бүх эрх үүрэг нь Хурлын дарга Д.Бд өөрт нь хуулиар олгогдсон боловч энэхүү үүргээ санаатайгаар биелүүлээгүй нь Хурал хуулиар өөрт оногдуулсан хугацаа заасан үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т ...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна" гэж заасан боловч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргын огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд энэхүү заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасан тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл. Хурлын тогтоол. 25.2.Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна. гэж заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Хурлын даргыг чөлөөлж, сонгох тогтоолд төлөөлөгчдийн олонхын саналаар сонгогдсон тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурж, Хурлын хуралдааны бусад тогтоолд шинээр сонгогдсон Хурлын дарга Л.А гарын үсэг зурсан болно. Иймд Хурлын даргаар ажиллаж байсан Д.Б тухайн хуралдаанд санаатайгаар оролцоогүй ба аль нэг Тэргүүлэгчээр хуралдаан удирдуулахаар санал болгоогүй нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хуульд нийцүүлж явуулахад саад учруулах үндэслэл болоогүй болно.

Нэхэмжлэгч Д.Б нь өөрөө Хурлын хуралдааныг хуралдуулах хуульд заасан хугацааг мэдсээр байж ажлын байрандаа болон Хурлын хуралдаанд ирэлгүй явсан, хуралдааны бэлтгэл хангах эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хуралдаанд оролцож асуудал шийдвэрлэхэд санаатайгаар байгаагүй нь хурлын хуралдааныг хүчин төгөлдөр бус хэмээн тооцох үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно. гэж заасан бөгөөд Хуралдаанд нийт 35 төлөөлөгчдийн олонх нь буюу 19 нь хүрэлцэн ирсэн тул 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хүчинтэйд тооцохыг хуулиар тодорхой зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Бийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2020 оны 02 сарын 18-ны хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар чөлөөлсөн. Хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд урьдчилан танилцуулсан байх тухайд бол Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт 35 төлөөлөгчдийн 20 төлөөлөгч буюу 57,1 хувь нь Хурлын дарга Д.Бийг болон тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгох асуудлыг Хурлын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулах санал бүхий 2019 оны 12 сарын 06-ны өдрийн албан бичигт гарын үсэг зурж, Хурлын дарга Д.Бд хүргүүлсэн байдаг. Энэхүү бичигт Д.Б болон тэргүүлэгчдийг чөлөөлөх асуудлыг хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх саналд гарах шийдвэрийн төслийг хавсарган бүх төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлсэн боловч Д.Б нь Хурлын хуралдаанд оруулахгүй байсаар байсан юм.

Иймээс намайг чөлөөлөх асуудлыг урьдчилан төлөөлөгчид танилцуулаагүй, гарах шийдвэрийн төслийг урьдчилан хүргүүлээгүй гэх асуудал нь мөн л огт үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт ...Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бол саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасан нь Хурлын зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд хамаарахгүй юм. Учир нь мөн хуулийн 18 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх.18.1.1.Хурлын зохион байгуулалт. Хяналт шалгалтын талаар: б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх; 12 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх. 12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах; гэж заасан нь Хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудал нь Хурлын болон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарахаар зохицуулсан байна.

Түүнчлэн Хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудал нь Хурлын зохион байгуулалтын асуудал гэж зохицуулсан бөгөөд зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхэд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргахыг шаардлага болгодоггүй билээ.

Ажилгүй байсан хугацааны цалинд 17 026 403 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагатай холбоотойгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас баталсан 04, 05 тоот тогтоолууд нь хууль ёсны дагуу явагдсан болохыг дээрх үндэслэлээр тайлбарласан болно. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй ажилгүй байсан хугацаа болон 9 сар 16 хоногийн цалин 17.026.403 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага нь хууль бус гэж үзэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгогдож, бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Уг хуулийн дагуу Л.А нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонсогдон ажиллаж байна. Ямар нэгэн хууль бус аргаар сонгогдон ажилласан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 4, 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох, Д.Бийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин 17.026.403 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн Засаг Ж.Эыг огцруулах санал өргөн мэдүүлсэн 01 тоот албан бичгийг Хурлын даргад ирүүлсэний дагуу Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Ээлжит бус хуралдааныг нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар тэмдэглэл, Улсын хэмжээнд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл улсын хэмжээнд олныг хамарсан хурал зөвлөгөөн хийхийг хориглосонтой холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлосон байна.

Ийнхүү товлосныг Хурлын төлөөлөгчдийн олонхи буюу 54,2 хувь эс зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээлжит бус хуралдааныг хуралдуулж, 3 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлыг баталж, 4 дүгээр тогтоолоор Д.Бийг ээлжит бус хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулах үүргээ биелүүлээгүй гэж буруутган Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Хурлын Төлөөлөгч нарын ирүүлсэн ... дүүргийн Засаг даргыг огцруулах... саналыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 г, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлосон нь хүчин төгөлдөр байсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах эрх нь Хурлын даргад, хуралдааныг зарлан хуралдуулах эрх Хурлын тэргүүлэгчдэд хадгалагдаж, ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар Хурлын тэргүүлэгчдээс зарласан тогтоол хүчин төгөлдөр байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын олонхи ээлжит бус хуралдааныг хуралдуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт ажиллагаатай холбоотой санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 23 дугаар зүйлийн 23.4-т "... хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах, мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Хурлын хуралдааны дэгийн 2.3-т Хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 зүйлийн 23.3, 23.4 дэх заалтыг үндэслэн дүүргийн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна. гэснийг зөрчсөн байна.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын даргыг чөлөөлөх үндэслэл болон гарах шийдвэрийн төслийг Хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Хурлын дарга Б.Бэд ирүүлээгүй, оролцоог хангаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д ...Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бол саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. гэснийг зөрчсөн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална., 18 дугаар зүйлийн 18.1-т Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:, 18 дугаар зүйлийн 18.1.1.б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх; онцгой бүрэн эрхийг, Хурлын төлөөлөгч нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах; эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх хуульд заасан журамд нийцүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно." гэсэн заалт нь хуульд заасан журмыг зөрчин ээлжит бус хуралдааныг хуралдуулсаныг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан нь хууль дээдлэх, төрийн үйл ажиллагаа нэгдмэл байх зарчмыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө., 11 дүгээр зүйлийн 11.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно., гэж зааснаар Д.Б төрийн албан хаагчийн нэгэн адил төрөөс цалин хөлс авч ажиллаж байсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно., гэж заасан боловч Д.Б уг бүрэн эрхийн хугацааг дуусгалгүйгээр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 4 дүгээр тогтоолоор Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

 Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно: 13.1.1-т нас барсан; 13.1.2-т хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан; 13.1.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;, 13.1.4-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан; 13.1.5-т тухайн орон нутгаас шилжсэн. ,13.1.6-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан үндэслэлээр Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон. үндэслэлүүдээр чөлөөлөгдөхөөр зохицуулжээ. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар Д.Бийн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад Хурлын даргаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй болох нь тогтоогдож байгаа боловч, уг хурлыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч Д.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн үр дүнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон тул Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоох нь ач холбогдолгүй.

Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ., 41.2-т Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ., гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны 4 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирлыг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэрийн улмаас бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн Хурлын дарга Б.Бийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно. гэж зааснаар ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулах нь зүйтэй байна.

Ингээд нэхэмжлэгч Д.Бийн гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны 4 дүгээр тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын улмаас Б.Бэд учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.б, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны 4 дүгээр тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын улмаас Д.Бд учирсан хохирол болох ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 5 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН