Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/08

 

   И.Батсайхан, Б.Ариунжаргал нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

           Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Э.Нэргүй, шүүгдэгч И.Батсайханы өмгөөлөгч С.Ганбат, шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаа, хохирогч О.Зундуйн өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандахын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.Батсайхан, шүүгдэгч Б.Ариунжаргал нарт холбогдох 201708000022 дугаартай 2 хавтас 386 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч Б.Ариунжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэххэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн И.Батсайханы жолоодон явж байсан Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын  дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуй, жолооч И.Батсайхан нарын бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн И.Батсайханы тээврийн хэрэгсэлд 7.070.400 төгрөгийн хохирол тус тус учруулан зам тэврийн осол гаргасан,

Шүүгдэгч И.Батсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүбмэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Toyota prius  маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Ариунжаргалын жолоодон явж байсан Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуйн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ жолооч Б.Ариунжаргал нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн Б.Ариунжаргалын тээврийн хэрэгсэлд 1.760.000 төгрөгийг хохирол тус тус учруулан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал, Боржигин овгийн Ишкагийн Батсайхан нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал, Боржигин овгийн Ишкагийн Батсайхан нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн Б.Ариунжаргалын №1069072 дугаартай жолооны үнэмлэх, И.Батсайханы №223082 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нараас хувь тэнцүүлэн 668 148 /зургаан зуун жаран найман мянга, нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-7 тоотод ошин суух Оргодолын Зундуйд, 562 790 /таван зуун жаран хоёр мянга, долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 6-80 тоотод оршин суух Дагвадоржийн Жаргалмаад олгох, 502 205 /таван зуун хоёр мянга, хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 19-640 тоотод оршин суух Дагвадоржийн Оюун-Эрдэнэд олгох, 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 45-230 тоотод оршин суух Батсуурийн Мядагмаад тус тус олгохоор, шүүгдэгч Б.Ариунжаргалаас 13 780 900 /арван гурван сая, долоон зуун наян мянга, есэн зуу/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 57-203 тоотод оршин суух Ишкагийн Батсайханд, шүүгдэгч И.Батсайханаас 427 900 /дөрвөн зуун хорин долоон мянга, есэн зуу/ төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 08 тоотод оршин суух Б.Ариунжаргалд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Б.Ариунжаргалын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн Хэлтэсд, шүүгдэгч И.Батсайханы засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох, давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаа нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаа нь шүүхийн хэлэлцүүлэгт: ”...А цэгийг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар байсан тоормосны мөр приус-20  маркийн автомашины тоормосны мөртэй тохирохгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн газрын үзлэгээр анх мөргөлдсөн А цэгийг тогтоохдоо гэрч Ц.Равдан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хоёр машины зам дээр үлдсэн эд анги, тоормосны мөр зэргээр тогтоосон гэх мэдүүлэг, мөн Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 008/026 дугаартай дүгнэлтэнд хэргийн газарт засмал зам дээр үлдсэн гэх Toyota  Приус-20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай автомашины дугуйн мөртэй харьцуулан шинжлэх боломжгүй гэж заасан, мөн техникийн шинжээчийн 3 удаагийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунжаргал нь авто тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ариунжаргалд хэргийн газрын үзлэгт тэмдэглэсэн “А” цэг нотлогдоогүй, мөн түр зогсолт хийгээгүй, зайлшгүй зогсолт хийсэн нь нотлогдсон байхад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Хэргийн газрын үзлэгт тэмдэглэсэн “А” цэг нотлогдоогүй гэдэгт дараах нотлох баримтыг зааж байна. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд үл хөдлөх цэгээс ертөнцийн зүгээр хойд зүгт 189*3,00 м/зайд уг хэрэг учрал анх гарсан байж болох цэг байв. Б.Ариунжаргалын мэдүүлэгт 23-24 цагийн үед “Болор” цайны газар хоол идчихээд хөдөлсөн. 16 дугаар зөрлөгийн ойролцоо явж байхад моторын улаан гэрэл анивчиж эхэлсэн. Тэгээд Мөнхбатыг масло аваад ир машины улаан гэрэл анивчаад байна. Би өөдөөс чинь явж байя гэсэн. Гэтэл гэнэт машин гэнэт тоггүй болоод унтарсан. Тэгээд машинаа өөрийнх нь инерцээр замын хажуу өөд гаргаад машинаасаа буух гэтэл урдаас приус маркийн хурц гэрэлтэй машин өнгөрсөн. Дахиад хаалгаа нээх гэтэл түс тас гэсэн дуу гарсан. Нэг мэдсэн машин өөр тийшээ хараад зогсож байсан. Шинжээчийн дүгнэлт: /2017 оны 04 дүгээр сарн 11-ний өдрийн 008/026 дугаар/ ХХ-н 162 дугаар тал/ хэргийн газраас засмал зам дээр үлдсэн гэх автомашины дугуйн тоормосны мөр нь хувийн онцлог шинж тэмдэггүй тул Toyota  Приус-20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай автомашины дугуйн мөртэй харьцуулан шинжлэх боломжгүй. Гэрч Ц.Равдан ХХ-н 72 дугаар тал: Тухайн үед 2 автомашины зам дээр үлдээсэн эд анги, тоормосны мөр зэргээр мөргөлдсөн цэгийг тогтоосон гэдэг ч энэ нь автомашины  зам дээр үлдээсэн эд анги хэргийн газарт үзлэг хийж бэхжүүлсэн фото зурагт /26-28 дугаар тал/ автомашины эд анги болох эд зүйл тусгагдсан зүйл байхгүй. Гэрч Пүрэвжаргалын мэдүүлэг ХХ-н 69 дүгээр талд 16 дугаар зөрлөг өнгөрөөд явж байгаад гэнэт машин унтарсан. Ариунжаргал машинаа өөрөөр нь өнхөрүүлээд баруун гар талын шороон хөвөөн дээр зогссон. Тэгээд урдаас хурц гэрэлтэй машин өнгөрөөд буухын завдалгүй араас машин мөргөсөн. Би Ариунжаргалыг буух гэхэд араас машин гэж анхааруулсан. Зам дээр нилээн олон машин зогссон байсан. Тэр машинуудаас нэг залуу гүйж ирээд та 2 гайгүй юу гээд Ариунжаргалын хамгаалах бүсийг тайлаад машинаас буулгасан гэсэн.

Шүүгдэгч Б.Ариунжаргал нь замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зайлшгүй зогсолт хийсэн гэдгийг дараах нотлох баримтаар нотолсон. Үүнд: Шүүгдэгч Б.Ариунжаргалын мэдүүлэг, гэрч Пүрэвжаргалын мэдүүлэг /ХХ-н 69 дүгээр тал/ гэрч Мөнхбатын мэдүүлэг /ХХ-ийн 71 дүгээр тал/ шинжээч Цэндсүрэнгийн мэдүүлэг /ХХ-ын 73 дугаар тал/ техникийн шинжээчийн 2017 оны 03дугаар сарын 27-ны өдрийн 1589 дүгээр дүгнэлт, автомашины кабин доторх эд зүйлийг харуулсан гэрэл /ХХ-н 31 дүгээр тал/ шүүгдэгч Б.Ариунжаргалыг 26-91УНЭ улсын дугаартай Портер маркийн авто машинтайгаа Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн авто замын зорчих хэсэг дээр зогсож байсан гэж үзэж хэргийн газрын үзлэг хийж схем зураг зурсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул Б.Ариунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдолдоо “Хэргийн газрын үзлэгт тэмдэглэсэн “А” цаг нотлогдоогүй, мөн түр зогсолт хийгээгүй, зайлшгүй зогсолт хийсэн нь нотлогдсон байхад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн гомдол гаргасан”. Хэргийн талаарх дүгнэлтэнд /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчсөн эсэхийг тодорхой бичих/ бичээгүй байна. Хэргийн газрын үзлэгээр анх мөргөлдсөн А цэгийг зөв тогтоосон. Энэ талаар гэрч Ц.Равдан тухайн хоёр машины зам дээр үлдсэн эд анги, тоормосны мөр зэргээр тогтоосон гэдгээ мэдүүлсэн учир нотлох баримтаар нотлогдсон. Мөн шүүгдэгч Б.Ариунжаргалын зогсолт нь зайлшгүй зогсолт биш байсан гэдгийг болон Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 151 дугаартай, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдсон байна. Иймд өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр шүүгдэгч Б.Ариунжаргал нь замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэх , шүүгдэгч И.Батсайхан нь мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас  жолоодож явсан тээврийн хэрэгслүүдээ мөргөлдүүлж жолооч И.Батсайхан, зорчигч О.Зундуй нарын биед хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ, жолооч Б.Ариунжаргал нарын биед хөнгөн гэмтэл, И.Батсайханы тээврийн хэрэгсэлд 7070400, Б.Ариунжаргалын тээврийн хэрэгсэлд 1760000 төгрөгний хохирол тус тус учирсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг холбогдох цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь  эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ.

Зүй нь шүүгдэгч нарыг тэнсэх ял оногдуулж болох болзлыг хангасан гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцахаар хуульчлагдсан байх ба энэ хууль 2017 оны 07 дугаар сарын 01–ний өдрөөс мөрдөгдсөн байхад тэдний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгасан нь буруу болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэж журамласныг өмгөөлөгч хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүхээс энэ талаар хяналт тавиагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолд залруулга хийсэн байх бөгөөд уг залруулгаар шийтгэх тогтоолын 8 дугаар заалтанд байгаа “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/...”  гэснийг “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ ...” гэж залруулсныг нь буюу гаргасан алдааг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн чанартай алдаа гэж үзэх үндэслэлтэй, харин шийтгэх тогтоол гаргах үед орхигдуулсан төлбөрийг гаргуулахаар нэмж байгаа нь дээр дурьдсан алдаанд хамаарахгүй байхаар байхад залруулга хийсэн нь буруу энэ нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн алдаа болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон залруулга хийсэн шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2017/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОДНЯМАА

                                                    ШҮҮГЧИД                              Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Г.ТЭГШСУУРЬ