Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2016

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/06114 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-т холбогдох

 

            Гэм хорын хохиролд 26 464 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                   Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч ХХХХ шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ХХХХ миний бие нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг байсан. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхөр, хүү хоёр маань Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд ажил руугаа ХХХХ-ийн эзэмшлийн 8807 УБГ улсын дугаартай “Старекс” маркийн авто машинаар зорчиж яваад ХХХ аймгийн ХХХХХХ сумын ХХХ дүгээр багийн нутаг дэвсгэр "Жаал толгой" гэх газар уг машин онхолдох үед газар дээрээ нас барж, уй гашуу учирсан юм. Старекс маркийн автомашины жолооч ХХХХЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн.  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ХХХХ-ийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 213 тоот Прокурорын тогтоолоор хэргийг "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг шалгагдаж байх үеийн тооцоогоор эрүүгийн хэргийн улмаас иргэн ХХХХ надад 35 474 452 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс яллагдагч ХХХХнь 9 100 000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж, 26 374 452 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Нэхэмжлэл гаргах үеийн зардал болох 90 000 төгрөг нэмэгдэж, нийт 26 464 452 төгрөгийн хохирол учирсан юм. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497, 499, 508 дугаар зүйлүүдэд заасны дагуу ХХХХ-с нийт 26 464 452 төгрөгийн хохирол, гэм хорыг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах ёсгүй хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсанчлан түүний нөхөр, хүүхэд болон ХХХХнар нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "ХХХХ" ХХК-д автомашин жолоодож БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг байсан хэмээн мэдүүлжээ. Энэ нь ХХХХ-ийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогддог. Тухайн зам тээврийн осол гарах үед хариуцагч нь Өмнөговь аймаг руу ажилдаа явж байсан ба хохирогчид түүнийг гуйсаар байгаад машинд нь дайгдсан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ч тодорхой дурдагдсан байна. Иймд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон хэмжээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт авагсдан баримтаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдохгүй, үндэслэлгүй их мөнгө нэхэмжилсэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-с 26 464 452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХХ-с 290 267 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын гол нөхцөл нь хариуцлагын үндэслэгч шалтгаант холбоо буюу эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд эрх зүйн ач холбогдол бүхий шалтгаант холбоо бий эсэхийг тогтоох нь чухал байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу нэхэмжлэл /хх-ийн 26-32 дугаар хуудас /барааны падаанууд/ хх-ийн 37-96 дугаар xyyдсaac ХХХХ-ийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 26 464 452 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчид зөрчлийн улмаас гэм хор учруулсан болох талаар талууд маргаагүй ба тухайн гэм хорыг учруулсан субъектив санаа нь аль аль талынхан болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс үүссэн болох нь нотлогддог. Хохирогчид нь хариуцагчийг хууль зөрчиж хүний тоо хэтрүүлэн, хамгаалалтын бүсгүйгээр хүн тээвэрлэсэн хууль бус үйлдлээс үүсэх үр дагаврыг мэдсээр байж хүн албан хүчээр суулгаж яваад алчихсан мэтээр тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. МУ-ын Улсын бүртгэлийн газарт УБ Буян компани нэг ширхэг бүртгэлтэй байдаг ба тус компани нь 2 газар үйл ажиллагаагаа явуулдаг нь Налайх дүүрэгт буюу УБ-ын А цэгээс 33 км-т, нөгөө нь УБ хотын баруун тал 22-ын товчооны цаана буюу УБ хотын А цэгээс 35 км-т байрладаг болохыг УБ хотынхон нийтээрээ мэддэг бөгөөд ихэнх нь үйлчилгээ авч байсан байх гэж бодож байна. Мөн хавтаст хэрэгт байгаа бараа худалдан авсан баримтууд нь нэхэмжлэгч ХХХХ өөрөө худалдан авсан эсэх нь тодорхойгүй, ямар эх үүсвэрээр уг мөнгийг бүрдүүлсэн болон нэхэмжлэгчид төдий хэмжээний мөнгө байсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу шүүгч нь хэргийн материалтай танилцаагүй байна хэмээн үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй үнэнд нийцэхгүй болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч болон түүний нөхөр хүү нар нь ажилдаа явж байсан талаар дурьддаг ба / хх-ийн 4 дүгээр хуудаст / Таван толгой шин ХХК-д эдгээр хүмүүс нь ажилладаг болох нь хэргийн зохигчдын тайлбар мэдүүлэг зэргээс нотлогддог. Нэхэмжлэгч нь: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу оршуулгын зардлыг Нийгмийн даатгалын сангаас авсан болох нь тогтоогдож байна хэмээн үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлэн үндэслэлгүйгээс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл тул хэргийн үнэн мөнийг тогтоож өгнө үү хэмээн хүсэж байна. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлтэй ХХХХ-т холбогдох 2016 оны 10 дүгээр сарын 7-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06114 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хохирлын асуудлаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохиролд 26 464 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХнь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 88 07 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, иргэн ХХХХ , ХХХХ, нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ХХХХ-т холбогдох хэргийг Төв аймгийн прокурорын газрын 6 дугаар сарын 16-ны өдрийн 213 тоот прокурорын газрын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон байна.

 

            Дээрх шийдлүүд нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын шалтгаант холбоог үгүйсгэхгүй юм.

 

            Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ хариуцагч ХХХХнь хохиролд 9 100 000 төгрөгийг өгсөн асуудлаар нэхэмжлэгч маргаагүй байна.

  

            Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-с нас барагч ХХХХ , ХХХХ нарын оршуулгатай холбогдон гарсан зардлаа шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хорын хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ХХХХ гэм хорын хохиролд талийгаач нарын оршуулгын болон 21, 49 хоногийн зан үйлд зарцуулсан мөнгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ дэлгэрэнгүй тооцоог тус бүрээр гаргаж, холбогдох зардал гаргасныг нотлох баримтыг хавсарган ирүүлжээ. / хэргийн 34-96 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан нэхэмжлэл, барааны зарлагын падаанууд зэрэг баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ-ийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 26 464 452 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр давж заалдсан байна. /хх 34-96 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол нэхэмжлэхдээ оршуулгын болон 21, 49 хоногийн хураах буяны болон шашны зан үйлд хэрэглэгдсэн эд бараа, материал худалдан авсан зарлагын баримт, падаан, орлогын ордеруудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байгаа бөгөөд дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв эх хувийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, оршуулга болон 21, 49 хоногийн зан үйлийн цаг хугацааны хувьд таарч байх тул нэхэмжлэгчийг гэм хорын хохирол учирсан болохыг нотолсон гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хөдөө орон нутгаас оршуулгын үйл ажиллагаанд ирж оролцсон нэр бүхий садангийн хүмүүсийн замын зардлыг нэхэмжлэгч ХХХХд учирсан бодит хохирол гэж үзэхгүй.

 

            Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасны дагуу нэр бүхий иргэд нь өөрсдийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг  нэхэмжлэгчид олгосныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нэр бүхий хүмүүсийг төлөөлөх эрхтэй болохоо нотлоогүй тул хариуцагчаас нэр бүхий иргэдийн замын зардлын 1 054 400 төгрөгийг зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд  хариуцагч ХХХХшүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч ХХХХ-ийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийнх нь хувьд бус гэм буруутай үйлдлээрээ гэм хор учруулсан этгээдийнх нь хувьд хохирлоо арилгуулахаар шаардсан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт эзэмшигчийн гэм буруутай эсэхээс үл хамааран тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргийг хуульчилсан заалтыг анхан шатны шүүх баримталсан нь буруу юм. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хорхирлыг арилгах үүргийн талаарх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь зөв байна. Иймд шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 101/ ШШ2016/ 06114 дүгээр шийдвэрийн

 1 дэх заалтаас  “Иргэний хуулийн 499 дүгээр 499.1 дэх хэсэг” гэснийг хасаж, “…26 464 452 төгрөг...” гэснийг “ …25 320 142 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-с төлсөн 290 272 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

                                      ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД                      

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО