Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00691

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00152 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

53 838 317 төгрөг гаргуулах, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 34,62 мкв-аар нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13/10/29 дүгээр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороонд баригдах Пийс Тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 303 тоот нийт 42,032 мкв үйлчилгээний талбайг 1 мкв-ыг 3 000 ам.доллараар тооцон захиалсан бөгөөд гэрээ байгуулах үед тухайн барилга караказ байдалтай байсан. Миний бие гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээгээр тохирсон 42.032 мкв талбайн үнэ 126 096 ам.долларыг хугацаандаа гүйцэтгэсэн.

Гэтэл гүйцэтгэгч “С” ХХК нь 34,62 мкв буюу 7,41 мкв-аар дутуу талбайг хүлээлгэн өгснийг “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгүүлснээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэж, хариуцагч компаниас дутуу мкв талбайн үнэ буюу илүү төлсөн мөнгөө шаардсан боловч шийдвэрлэж өгөхгүй, хохирлыг барагдуулахгүй байна. Талбайг хүлээн авахад бодит хэмжээ зөрүүтэй байгааг орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан. Мөн “С” ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй.

Иймд 7,41 мкв талбайн зөрүү үнэ 22 242 ам.доллар буюу 53 838 317 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 мкв-аар нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2011 онд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах үед барилгын явц карказ босголтын шатанд байсан тухай нэхэмжлэлд дурдагдсан. Талуудын хооронд тодорхой мкв талбайн хэмжээг зааж ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан талаар маргадаггүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авахдаа мэдсэн байхыг шаарддаг. Барилга байгууламжийн мэдэх боломжгүй доголдол гэдэгт далд шугам хоолой буюу ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой дутагдал доголдлыг ойлгоно. Гэтэл захиалагч гэрээ байгуулах үедээ өөрийн хүсэж байгаа талбайн хэмжээг гэрээнд тодорхойлж өгсөн. 2011-2013 онд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх явцад захиалагч өөрийн ажлын үр дүнд хяналт тавих бүрэн боломжтой. 2013 онд ажлын үр дүнг хүлээж авахдаа талбайн хэмжээг бүрэн бүтэн хүлээж авах нь түүний эрхийн асуудал. Тухайн үед талбайн хэмжээ дутсан гэдгийг мэдэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэхдээ талбайг орон сууцны талбайн хэмжээ тооцох аргачлал буюу MNS6051:2009 стандартаар хэмжилт хийсэн. Энэ хэмжилт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссаны дараа хэмжилт хийлгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон байна.

“С” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулсан зүйлгүй. Нэхэмжлэгч өөрөө тооцоо дууссан, улсын бүртгэлд нэр шилжүүлэх тухай албан бичгээ аваагүй. Он сар нь тавигдаагүй, бичигдсэн албан бичиг байсан. Энэ асуудалд өөрөө хайхрамжгүй хандсан. Энэ шаардлага нь “С” ХХК-иас үл хамаарна. Харин 34,62 мкв талбайн хэмжээг тодорхойлж боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343.1, 343.3, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 53 798 223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, 34,62 мкв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай талбайг Б.Б-ын нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэгч Б.Б-т өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 40 094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 497 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00152 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “243 дугаар зүйлийн 243.1, 343.1, 343.3, 352 дугаар зүйлийн 352.2.3” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13/10/29 дүгээр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 3-р хороо Пийс тауэр оффис худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхарын 303 тоот 42,032 мкв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгч Б.Б- хариуцагч “С” ХХК-иас авсан. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хариуцагч 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр түүнийг ашиглах эрх захиалагчдад бүрэн нээгдсэн. Энэ хугацаанд талбайгаа хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргахгүй болохоо анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Нэхэмжлэгч захиалсан талбайгаа хүлээн авахдаа гэрээний гол нөхцөл болох талбайн хэмжээг шалгаж хүлээн авах бүрэн боломжтой. Гэтэл шүүхүүд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь ажлын үр дүнг 2013 оны 07 дугаар сарын 23-нд хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр доголдол илрүүлсэн гэсээр байхад гомдлын шаардлага гаргах хугацаа 1 жил байна гэж хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч захиалан бариулсан үйлчилгээний зориулалттай талбайгаа 2015 оны 04 сарын 21-ний өдөр хэмжүүлэхэд 7,41 мкв талбайгаар дутсан гэжээ. Түүнийг нотлох “Инженер геодези” ХХК-ийн хэмжилтийн акт гэх баримтыг үйлдсэн “Инженер геодези” ХХК нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд мөн гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй нь илт байхад шүүх дээрх баримтыг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу шилжүүлсэн 7,4 мкв талбайн үнэнд төлсөн 22 242 ам.доллар буюу 53 838 317 төгрөг, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 мкв-аар өөрийн нэр дээр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч “С” ХХК нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь “С” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд баригдах Пийс Тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 303 тоот нийт 42,032 мкв үйлчилгээний талбайг захиалжээ.

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон 42.032 мкв талбайн үнэ 126 096 ам.долларыг төлжээ.  

Хариуцагч “С” ХХК-иас 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан  үйлчилгээний талбай  нь 34,62 мкв буюу 7,41 мкв-аар дутуу байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нь “Инженер геодези” ХХК-ийн хийсэн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хэмжилтээр тодорхойлсон байна. 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б- “С” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүй гэж нэхэмжлэлдээ заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт”-ыг “Инженер геодези” ХХК гаргажээ. Уг акт орон сууцны талбайг тодорхойлсон байх ба маргааны зүйл болж буй талбай нь орон сууц биш харин үйлчилгээний зориулалттай талбай байна. Энэхүү хэмжилтийг ямар стандартад үндэслэсэн талаар актад заагаагүй, хэмжилт хийж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн, “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” нэртэй 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд үйлчилгээний зориулалттай 303 тоот 42.032 мкв талбайг “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэж хаалтад тодотгосон байхад шүүх зөвхөн 303 тоот талбайн хэмжээг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй явдал нь шүүхээс  нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх, худалдах-худалдан авах гэрээ гэж өөр өөрөөр дүгнэсэн, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хэмжээний хувьд доголдолтой гэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаанд гомдол гаргасан эсэх, ийнхүү шаардлага гаргах боломжгүй байсан нөхцөл тодорхой бус байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00152 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 497 342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН