Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00152

 

    Б.Б-ын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

53 838 317 төгрөг гаргуулах, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 34,62 м.кв-аар нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С" ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13/10/29 дүгээр “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороонд баригдах Пийс Тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 303 тоот нийт 42,032 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг 3 000 ам.доллараар тооцон захиалсан бөгөөд гэрээ байгуулах үед тухайн барилга караказ байдалтай байсан. Миний бие гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээгээр тохирсон 42.032 м.кв талбайн үнэ 126 096 ам.долларыг хугацаандаа гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэгч “С” ХХК нь 34,62 м.кв буюу 7,41 м.кв-аар дутуу талбайг хүлээлгэн өгснийг “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгүүлснээр 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдэж, хариуцагч компаниас дутуу м.кв талбайн үнэ буюу илүү төлсөн мөнгөө шаардсан боловч шийдвэрлэж өгөхгүй, хохирлыг барагдуулахгүй байна. Талбайг хүлээн авахад бодит хэмжээ зөрүүтэй байгааг орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан.

Мөн “С” ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй. Иймд 7,41 м.кв талбайн зөрүү үнэ 22 242 ам.доллар буюу 53 838 317 төгрөгийг хариуцагч “С" ХХК-иас гаргуулж, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 м.кв-аар нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах үед барилгын явц карказ босголтын шатанд байсан тухай нэхэмжлэлд дурдагдсан. Талуудын хооронд тодорхой м.кв талбайн хэмжээг зааж ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан талаар маргадаггүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авахдаа мэдсэн байхыг шаарддаг. Барилга байгууламжийн мэдэх боломжгүй доголдол гэдэгт далд шугам хоолой буюуашиглалтын явцад мэдэгдэх боломжтой дутагдал доголдлыг ойлгоно. Гэтэл захиалагч гэрээ байгуулах үедээ өөрийн хүсэж байгаа талбайн хэмжээг гэрээнд тодорхойлж өгсөн. 2011-2013 онд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх явцад захиалагч өөрийн ажлын үр дүнд хяналт тавих бүрэн боломжтой. 2013 онд ажлын үр дүнг хүлээж авахдаа талбайн хэмжээг бүрэн бүтэн хүлээж авах нь түүний эрхийн асуудал. Тухайн үед талбайн хэмжээ дутсан гэдгийг мэдэх боломжтой байсан. Нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэхдээ талбайг орон сууцны талбайн хэмжээ тооцох аргачлал буюу MNS6051:2009 стандартаар хэмжилт хийсэн. Энэ хэмжилт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссаны дараа хэмжилт хийлгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон байна.

“С” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулсан зүйлгүй. Нэхэмжлэгч өөрөө тооцоо дууссан, улсын бүртгэлд нэр шилжүүлэх тухай албан бичгээ аваагүй. Он сар нь тавигдаагүй, бичигдсэн албан бичиг байсан. Энэ асуудалд өөрөө хайхрамжгүй хандсан. Энэ шаардлага нь “С” ХХК-иас үл хамаарна. Харин 34,62 м.кв талбайн хэмжээг тодорхойлж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343.1, 343.3, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 53 798 223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, 34,62 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай талбайг Б.Б-ын нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэгч Б.Б-т өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 40 094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 497 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Талууд гэрээнд ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах нь зүйтэй" гэж дүгнэсэн боловч түүнийг тайлбарлахдаа "Б.Б 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгүүлэн 34,62 м.кв болохыг мэдсэн, мэдсэнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж буруу тайлбарласан. Талууд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ“-ний дагуу талбайг 2013 онд хүлээн авсан. Уг барилгыг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад орохтой зэрэгцэн захиалагч хүлээн авсан. Үүнээс хойш 2 жилийн дараа доголдол илрүүлсэн гэж байхад шүүх чухам аль хугацааг баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр тухайн доголдол нь ажлыг энгийн байдлаар хүлээн авах үед мэдэгдэх боломжгүй гэж үзэх ямар ч үндэслэлгүй тул 6 сарын хугацааг баримтлах нь зүйтэй бөгөөд энэ хугацаанд доголдол илрүүлээгүй нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч төлбөр тооцоогоо дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримтуудыг өөрийн биеэр авах учиртай бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 53 838 317 төгрөг гаргуулах, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 34.62 м.кв-аар нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Зохигчдын хооронд  2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хариуцагч “С” ХХК 42,032 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг 2013 оны 2 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч Б.Б 1 м.кв-ыг 3 000 ам.доллараар тооцон нийт 126 096 ам.долларыг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч ажлын үр дүнг хүлээж авахдаа тухайн талбайн хэмжээ дутсан талаар мэдэх боломжтой байсан эсэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар гэж маргажээ.

Иймд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж талуудын хүлээсэн үүргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, буруутгах боломжгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагчид 126 096 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон /хх 7-14/, харин хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчид ажлын үр дүн 42,032 м.кв талбайг бүрэн хүлээлгэн өгсөн эсэх маргаантай байна.

Хэрэгт авагдсан  “Инженер Геодези” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн талбайн хэмжээг тогтоосон актыг үндэслэн, оффис, үйлчилгээний зориулалттай талбайг гэрээнд заасан хэмжээнээс 7.41 м.кв дутуу буюу эд хөрөнгийн үнэ буурсан байдлаар хүлээн авсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. Иймд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар бууруулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч “С” ХХК нэхэмжлэгч Б.Б-т 42.032 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэж өгөх гэрээний үүргээ зөрчиж 34.62 м.кв буюу 7.41 м.кв талбайг дутуу шилжүүлсэн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас дутуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг буцаан гаргуулсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт “энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан бөгөөд гомдлын шаардлага гаргах 1 жилийн хугацаа дууссанаас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг нэмж тооцоход гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалтууд баримталсныг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “243 дугаар зүйлийн 243.1, 343.1, 343.3, 352 дугаар зүйлийн 352.2.3” гэснийг “343 дугаар зүйлинй 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                           Д.БАЙГАЛМАА