| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0032/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 40
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Д.А-, Х.Б-, Л.Д-, Т.М-, Д.О-, Б.Т-, Б.У-, Д.Ч-,
Хохирогч Б.У-ын өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч П.Х-ы өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч Б.Ч-, Б.У-, П.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт П.Х, Б.У нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818005110418 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Б.Ч 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эмэгтэй, халх, 23 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дархан-Эрдэнэ” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, П.Х 1997 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны үндэсний их сургуулийн сувилагчийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн, Б.У 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч- нь:
-2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.У-аас өөрийгөө “Япон улсаас машин оруулж ирдэг компанид менежерээр ажилладаг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон машин захиалгын урьдчилгаа төлбөр гэж 7000000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.У-аас хамтарч Япон улсаас Монгол улсад машин захиалан оруулж ирэх санал тавин мөнгөө хувааж гаргаад, ашгаа хувааж авна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 5000000 төгрөг нийт 12000000 төгрөгийг залилан авсан,
-2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Т-аас өөрийгөө Япон улсаас машин оруулж ирдэг компанид менежерээр ажилладаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон машин захиалгын урьдчилгаа төлбөр гэж 1700000 төгрөгийг залилан авсан,
-2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Л.Д-оос 181000 төгрөгийг залилан авсан,
-2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Д.А-ээс 771500 төгрөгийг залилан авсан,
-2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Д.О-оос 3011200 төгрөгийг залилан авсан,
-2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд “Чех дэх Монголчуудын групп” гэх фэйсбүүк хаягт “Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Д.Ч-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны дансаар 3326000 төгрөгийг залилан авсан,
-2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Чех дэх Монголчуудын групп” гэх фэйсбүүк хаягт “Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Б-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернет банкаар 7009800 төгрөгийг залилан авсан,
-2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн *****аас Япон улсаас Тоёота приүс-30 маркийн машин захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2500000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 30499500 төгрөгийн хохирол учруулсан,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди" ХХК-нд нягтлан бодогчоор 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 14541604 төгрөгийн бэлэн мөнгө, 640382 төгрөгийн бараа материалыг завшиж, “Мартини Бакарди" ХХК-нд нийт 15181986 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Х- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 223440 төгрөгийн бэлэн мөнгө, 87163 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, нийт 310603 төгрөгийг завшсан,
Шүүгдэгч Б.У- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох кассын орлогоос 128230 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “Good price” дэлгүүрт 2019 оны 07 сарын 22-ны өдөр нягтлан бодогчоор ажилд ороод 2019 оны 09 сарын 10 хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өдөрт орсон бэлэн мөнгөний орлогыг захирал руу тушаана гэж кассын ажилтнаас хүлээж аваад захирал *****од тушаалгүй өмнө нь өртэй хүмүүс рүүгээ бага багаар шилжүүлчихдэг байсан. Мөн тухайн дэлгүүрийн орлогоос бас хувийн хэрэгцээндээ хэрэглэчихдэг байсан тул бэлэн мөнгөний 14,351,904 төгрөг, бараа бүтээгдэхүүний 640,382 төгрөгийн дутагдал гаргасан байх гэж бодож байна.
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1 сартай жирэмсэн учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Х-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ажиллаж байх хугацаандаа дэлгүүр дотроос бараа материал зээлээр авахдаа нягтлан бодогчид хэлж бичүүлээд зээлээр авчихдаг байсан. Тэгээд би дэлгүүрээс ундаа, чихэр, шоколад, үслэг гэрийн тавчик, халад зэрэг нийт 87163 төгрөгийн бараа материал авсан. Мөн 7, 8, 9 дүгээр сарын кассын дутагдал нийт 223440 төгрөгийн дутагдал гарсан байсан. Яагаад кассын дутагдал гарсныг мэдэхгүй байна. Уг нь өдөр болгон кассын орлогоо тоолоод бэлэн мөнгөний орлогоо нягтлан бодогч *****д өгдөг байсан.
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа бараа материал авч байсан. Бараа материалын дутагдлыг миний авах ёстой цалингаас суутгадаг байсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд кассын ажилтнаар ажиллах үеийн 128230 төгрөгийн дутагдлыг би хувьдаа хэрэглээгүй, яагаад ийм дутагдал гарсныг мэдэхгүй байна.
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өрх толгойлсон эх, харж үзээч.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 онд би найзуудтайгаа Дарханд ирсэн юм. Тухайн үед ангийн хүүхэд болох Б.Ч-ыг зорьж аюулгүйн тойргийн цаана байдаг байранд очиж түүнтэй уулзсан. Б.Ч- би машин оруулж ирдэг компанид ажилладаг гэхээр нь би машин захиалахаар болсон. Тухайн үед урьдчилгаа гээд надад 7 сая төгрөг өгчих гэхээр нь би тус мөнгийг гаргаж өгсөн. Удалгүй Эрдэнэтэд байхад 5 сарын 6-ны өдөр “хоёулаа хамт машин оруулж ирье, ашгаа хувааж авъя, чи мөнгө байвал өгчих” гэж хэлэхэд нь би хүнээс хүүтэй мөнгө зээлж, 5 сая төгрөгийг Б.Ч-д өгсөн. Би Б.Ч-аас багцаагаар 1700000 сая төгрөг авсан. Би хүүтэй мөнгө зээлж Б.Ч-д өгч байсан учир авсан 1700000 төгрөгийг мөнгөнийхөө хүүнд нь тооцно. Одоо би 12 сая төгрөг Б.Ч-аас нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ч- надад машин оруулж ирж өгнө гэж хэлээд 1700000 төгрөгийг надаас авсан. Мөнгө өгсөн өдрөө тодорхой санахгүй байна. Приус 30 машин авахаар урьдчилгаа өгсөн байсан. Одоо би түүнээс 1700000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Л.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би онлайнаар 181000 төгрөгийн бараа захиалаад, 7000 төгрөгийн бараа авсан. Одоо үлдсэн 174000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ч- 03 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад ажилд ороод 3 дугаар сараас онлайн бараа захиалж авч өгнө гэж бид нарт итгүүлсэн. Бараа авч байсан гээд баримтын хуулга харуулсан учир бид итгээд эхний барааг захиалсан. Надаас 771500 төгрөг дансаар шилжүүлж авсан, мөн бэлнээр 251100 төгрөгийг өгсөн байгаа. Захиалсан бараа ирэхгүй 14 хоног хэтэрсэн байхаар нь гэрт нь очиход Дархан явсан гээд байсан. Гэтэл намайг очсоноос хойш нэг удаа таксигаар бараагаа авч ирж өгөхөөр нь би түүнд итгэсэн. Гэтэл дахин бараа авч ирж өгөөгүй, Тэнүүнбаяртай явж байгаад осолд орчихлоо гэх мэтээр янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд, нэг удаа гараа боолгоод ирсэн учир би итгээд л хүлээгээд л байсан. Фейсбүүкээр барааны зураг явуулаад байсан чинь хуурч залилж байсан юм байна лээ. Миний хувьд аваагүй үлдсэн 771500 төгрөгөө нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.О-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг “Ургамал-Энх” ХХК-нд ажиллаж байхад 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Ч- ажилд орсон. 03 дугаар сард онлайнаар бараа захиалж авч ирдэг гэж бид нарт итгүүлээд, надаас 3062200 төгрөг авч, 51000 төгрөгийн үнэ бүхий барааг би Б.Ч-аас авсан. Үлдсэн мөнгө болох 3011200 төгрөгийг Б.Ч-аас нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр намайг Чех улс руу гаргаж өгнө гэж хэлээд надаас 566000 төгрөг, дараа нь 1460000 төгрөг, мөн 1300000 төгрөгийг надаас авсан байдаг юм. Иймд би Б.Ч-аас нийт 3326000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Чех улс руу виз гаргаж өгнө гээд эхлээд визийн цагийн мөнгө, шинжилгээний мөнгө гэж 840000 төгрөг өгсөн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 140000 төгрөг, дараа нь 725000 төгрөг, тийзний урьдчилгаа гэж 2100000 төгрөг, нийт 7009800 төгрөгийг Б.Ч-д өгсөн. Миний хувьд 1277000 төгрөг эргүүлж авсан тул үлдэх 5732800 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Ч-ыг ажилд авсан өдрийг санахгүй байна. Б.Ч- нь манайд 07 дугаар сарын сүүлээр орж ирсэн. Би шүүгдэгч нарт хөдөлмөрийн гэрээг танилцуулж, гэрээгээ байгуулъя, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, диплом зэрэг бичиг баримтуудаа аваад ир гэж хэлсэн. Гэтэл энэ гурван хүн ямар нэгэн шалтаг хэлээд бичиг баримт авчирч, гэрээгээ байгуулаагүй. Б.Ч-ын хувьд 07 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл манайд ажилласан. П.Х- зуны амралтаараа манай ажилласан, Б.У- 6-7 сарын үед ажилд орсон. Миний хувьд аудитын дүгнэлтээр тогтоогдсон дүнг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа.*****ын хувьд дутагдал гарсан байсан уу гэвэл дутагдал гарсан байсан. Бараа материал авахдаа Б.Ч-аас зөвшөөрөл авсан гэж хэлдэг. Би П.Хулан болон Б.У- нарт ийм дутагдал гарсан байна аа энэ дутагдлаа төлөөч ээ гэж 9 дүгээр сард холбогдож хэлсэн боловч энэ хоёр хүн ирээгүй. Бусад ажилтнууд ирж өр төлбөрөө барагдуулаад явсан байдаг юм. Б.Ч-ын хувьд маш их хэмжээний дутагдал гаргасан байсан тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан юм. Шүүгдэгч П.Хулан, Б.У- нарын хувьд 450,000-500,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд энэ хоёр хохирлоо барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19, 229, 2 дугаар хавтаст хэргийн 73,108,155, 234, 3 дугаар хавтаст хэргийн 40, 151, 4 дүгээр хавтаст хэргийн 31/,
-Хохирогч Б.У-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 20/,
-Б.У-, Б.Ч- нарын байгуулсан захиалгын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 21-23/,
-Б.Ч-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 30-31/,
-*****гийн эзэмшлийн Төрийн банкны *****, Хаан банкны ***** дугаартай данснуудын хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 37-54/,
-Гэрч Г.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ч- бид хоёр Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12 дугаар ангийг 2014 онд төгсөөд тэрнээс хойш уулзалдаагүй байж байтал 4 жилийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэнэт Б.Ч- над руу фейсбүүк хаягаа явуулаад чатаар орж ирсэн юм. Тэгээд Б.Ч- надтай мэнд усаа мэдээд харьцаж байсан юм.
...тэгсэн Б.Ч- би Дарханд машин оруулж ирдэг компанид ажилладаг юм. Би Улаанбаатар, Дархан хоёрын хооронд ажлаар явдаг гэж бичиж байсан. Намайг “манай ажлын газар борлуулалтын ажилтан авах гэж байгаа, чи орохгүй юм уу?” гээд миний дансны дугаар, регистрийн дугаар, зургийг аваад тэгснээ над руу чатаар хөдөлмөрийн гэрээ хийхдээ миний нэрийг оруулчихсан, цалингийн хүснэгтэд бас миний нэрийг оруулчихсан хүснэгтийг над руу явуулсан юм. Би “ямар нэртэй компани юм бэ?” гэж асуухад Б.Ч- надад гаднаас машин оруулж ирдэг Жапамк гэсэн компани юм гэж хэлсэн. Би тэгээд тэр компанид ажилд орчихлоо гэж бодсон. Тэгээд маргааш нь Б.Ч- надад урьдчилгаа өгдөг юм гэж хэлээд манай нөхрийн дансны дугаарыг аваад 800000 төгрөгийг явуулсан. Би тэр урьдчилгаа гэх мөнгийг нь аваад ямар ч ажил хийгээгүй.
...***** надад утсаар “хоёулаа Андууд дээр уулзъя“ гэж хэлсэн юм. Тэгээд намайг Андууд дээр яваад очиход ***** машинаас бууж ирээд надтай уулзаад “ Ээж, аав хоёр намайг дагаад ирсэн. Чи ээж, аав хоёрт 7 хоногийн дараа өгнөө гээд хэлээд өгөөч ээ.” гэж хэлсэн. Тэгсэн машин дотроос *****ын ээж нь бууж ирсэн юм. Би тэгээд *****ын ээжтэй нь уулзаад” 7 хоногийн дараа өгье.” гэж хэлсэн. Тэгээд ээж нь намайг дагуулаад Андуудын хажууд байдаг нотариатын газар руу орсон юм. Тэгсэн чинь тэнд ороод ***** надад хэлж өгч бичүүлсэн юм. Тэр нотариатаар гэрчлүүлсэн бичиг нь “ 32.000.000 төгрөгийг 7 хоногийн дараа өгөх нь үнэн “ гэж бичсэн бичиг байсан юм. Би *****аас 32.000.000 төгрөг аваагүй юм. Надад *****ын чатаар бичсэн бүх бичиг нь байгаа. *****ын ээж аав нь 6 хоногийн дараа над руу утсаар ярьж мөнгөө нэхээд байхаар нь би *****ын ээж аавд нь үнэнийг нь хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-75/,
-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** нь өөрийгөө “Мандах дээд сургуульд нягтлангийн ангид сурч байгаа, сурахын хажуугаар Японы хөрөнгө оруулалттай компанид менежерийн ажил хийж байгаа, тухайн компани нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг юм. Жишээ нь хямдхан үнээр машин, орон сууц оруулж ирдэг юм.” гэж хэлсэн юм. Тэгээд найз ***** маань ланд-100 гэдэг машин сонирхоод *****тай яах ийх талаараа ярилцаад өөрийнхөө ах руу утсаар яриад урьдчилгаа болох 7 сая төгрөгийг *****ын данс руу шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76/,
-Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Б.Ч-тай 10 жилийн сургуульд нэг ангид сурч байсан найзууд байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ч-ыг Дархан-Уул аймагт байна гэхээр нь Т.*****, ***** бид гурав машинтай очиж уулзсан юм. Тэр үед Б.Ч- өөрийгөө “Мандах бүртгэл” дээд сургуульд нягтлангийн ангид сурч байгаа, сурахын хажуугаар Японы хөрөнгө оруулалттай компанид менежерийн ажил хийж байгаа, тухайн компани нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг юм. Жишээ нь хямд үнээр машин оруулж ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд ***** машин сонирхоод Б.Ч-тай яах ийх талаараа ярилцаад өөрийнхөө ах руу утсаар яриад урьдчилгаа болох 7 сая төгрөгийг *****ын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд бид нар ойр зуурын юм ярьж байгаад оройдоо буцсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77/,
-Гэрч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Б.Ч-тай уулзах гээд Эрдэнэтэд гэрт нь очсон юм. Тэр үед Б.Ч-ынхаас Т.***** тэр хоёр хамт гарч ирсэн. Тэр хоёрын ярьж байгаагаар Б.Ч- Т.*****аас машин оруулж ирнэ гээд мөнгө төгрөг авсан юм байна лээ. Тэгээд би тэндээс буцаж Дархан руу гэр рүүгээ ирсэн юм. Надад хэлэхдээ би хүнд мөнгө өгчихсөн чинь хугацаандаа өгөхгүй байна. Чи яриад өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр хүн рүү нь ярихад *****гэдэг эмэгтэй байсан. Б.Ч- надад тэр *****гэдэг эмэгтэйгээс хэдэн төгрөг авахаа хэлээгүй юм.
...тэгээд Б.Ч- Эрдэнэтээс ирээд өөрөө тэр хүмүүстэй уулзаад 1700000 төгрөг авсан юм. Тэгээд тэр мөнгөнөөсөө 800000 төгрөгийг*****гийн нөхөр Барсболдын данс руу шилжүүлсэн байна лээ.
...тэгж байтал 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу *****ын данснаас 1500000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд тэр мөнгө нь тэр өдөр *****, Б.Ч- хоёр гадуур явж байгаад *****нэг хүнээс Японоос машин захиалгаар оруулж ирнэ гэж хэлээд урьдчилгаа 2500000 төгрөг авсан гэж байсан. Тэр мөнгийг *****Б.Ч-ын данс руу машин захиалга өгч байгаа хүнээр мобайлдуулж хийлгэж, тэгээд Б.Ч- интернет банкаар над руу 1500000 төгрөг шилжүүлсэн юм байна лээ. Тэгээд тэр хоёр картгүй явж байсан болохоор АТМ дээрээс мөнгө авах гэж байсан нэг танихгүй хүний данс руу 1000000 төгрөгийг шилжүүлж, АТМ-ээр картыг нь уншиж бэлнээр 1000000 төгрөгийг гаргуулж***** авсан гэж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90/,
-Б.Ч-ын эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 134-143, 202-211/,
-Т.Ч-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 476003463 дугаартай Депозит данс, Хаан банкны *****дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 149-158, 159-189/,
-*****гийн Хаан банкны ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 193-200/,
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 214, 2 дугаар хавтаст хэргийн 67-68, 103,150, 223-224, 3 дугаар хавтаст хэргийн 134-135, 4 дүгээр хавтаст хэргийн 27-28,
- *****оос Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 230/,
-“*****аас машины урьдчилгаа” гэх утгатай Б.Ч-ын ***** дугаартай Хаан банкны дансанд 1700000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 232/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай найз хүүхэн *****гийн төрсөн эгч болох ***** нь Орхон аймгаас залгаад “Та хоёр машин авах юм уу? энд машин гаднаас оруулж ирдэг хүн байна.” гэж хэлсэн юм.
...тэгээд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нөгөө ***** гэсэн дугаарын хүнтэй 14 цагийн үед Дарханы Үйлчилгээний төв дээр уулзахаар болоод би өөрийн төрсөн ах *****ын хамт очсон.
...уулзахад намхан шар хүүхэн ганцаараа байсан. Тэгээд ах бид хоёр тэр хүүхэнтэй уулзаад “за ахын дүү ямар нэртэй компани юм бэ?” гэж асуухад тэр намхан хүүхэн “манайх япон эзэнтэй, японоос машин оруулж ирдэг компани юм аа, би энэ компанид 2-3 жил ажиллачихсан юм. Би өөрөө захиалгаа авдаг юм. Би Дархан Эрдэнэтийг хариуцаж захиалга авдаг. Бид нар урьдчилгаа мөнгийг нь аваад нотариатаар ордог юм” гэж хэлээд Японоос машин оруулж ирэхэд дуудлага худалдаагаар ороход өгдөг цэнхэр өнгийн, тухайн улсаас дуудлага худалдаагаар зарагдсан гэсэн цэнхэр өнгийн бичгийг үзүүлсэн юм.
...тэгээд бас таны захиалсан машин Монголд хугацаандаа орж ирэхгүй бол таны хохирол болон өгсөн урьдчилгааг нэг нугалж буцааж төлнөө гэж хэлсэн юм. Захиалсан машин 7-10 хоногийн дотор орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр машин захиалах болоход 2 машин бол урьдчилгаа нь 5400000 төгрөг болж байна гэж байсан.
...***** гэсэн данс руу манай ах ***** Мангиртын ХААН банкны салбараас 1700000 төгрөгийг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244-245/,
-Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ажилд ороод удаагүй байхдаа надад “.би Япон, Монголын хооронд Япон машин оруулж ирэхэд зуучилдаг компанийн албан ёсны зуучлагч хийдэг гэж гар утас дээрээсээ яаж захиалга хийдэг, сайтынхаа борлуулалтын явцыг харуулж тайлбарлаж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б.Ч-д “надад нэг удаа захиалга хийгээд харуулчих” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Б.Ч- “Каро.мн” гэсэн сайт руу ороод приүс 20 машины цагаан өнгөтэй машины захиалгыг хийж харуулсан юм. Гэхдээ Б.Ч- надад “Та албан ёсны борлуулагч биш болохоор танд би утсан дээрээ нээх кодыг харуулж болохгүй” гэж надаас нуугаад тэр сайтыг нээж байснаа надад машины захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг харуулж байсан юм.
...сүүлд сонсоход тэр Б.Ч-ын надад харуулсан сайт нь хэн дуртай нь утсаараа интернетэд ороод Японоос захиалах машины танилцуулгыг үзэх боломжтой сайт байсан байна лээ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246/,
-Л.Д-оос Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / 2 дугаар хавтаст хэргийн 74-75/,
-Д.А-ээс Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / 2 дугаар хавтаст хэргийн 109-110/,
-Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 онд “Мандах бүртгэл” дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн суралцсан. Сурч байх хугацаандаа Б.Ч-тай найз болсон. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ч- надтай холбогдоод “би виза картаа алга болгочихлоо, чиний данс руу мөнгө хийлгээд авч болох уу?” гэхээр нь зөвшөөрөөд 3, 4 дүгээр хорооллын “Өргөө” кино театрын хажуугийн *****д уулзсан. Тэгээд миний дансыг аваад 472800 төгрөгийг миний данс руу шилжүүлээд би өөрийнхөө данснаас авч Б.Ч-д өгсөн.”
...тэгээд удалгүй миний данс руу 15-16 цагийн орчимд 1884800 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би *****гийн хажуу талын ХААН банкны АТМ-ээс 1884800 төгрөгийг нь авч Б.Ч-д өгчихөөд хүн тосох гэж байсан болохоор Драго авто вокзал руу явсан.” гэх мэдүүлэг //2 дугаар хавтаст хэргийн 118-119, 165-166/,
-Д.А-ийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 122/,
-Д.А- Б.Ч- нарын пэйсбүүк чатаар харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 123-134/,
-*****гийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 136/,
-Д.О-оос Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / 2 дугаар хавтаст хэргийн 156-157/,
-Д.О-ы эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 169/,
-Д.О- Б.Ч- нарын пэйсбүүк чатаар харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 170-174/,
-*****гийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 181-184/,
-Б.Ч-ын эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 196-198/,
-*****гаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 235/,
-Гэрч С.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкийн “Чех дэх Монголчуудын групп” дээр “ажлын гэрээгээр хүн гаргана” гэсэн пост байхаар нь би мэдээлэл авъя гэж сэтгэгдэл бичсэн чинь Б.Ч- гэх эмэгтэй над руу чатаар холбогдоод Чех улс руу гэрээгээр ажиллах талаар мэдээлэл өгөөд нэг хүний 5000000 төгрөг гэсэн. Тэгээд би нөхөр Д.Ч-ын хамт Чех улс руу ажиллах гэж байсан болохоор бид хоёр хамт материалаа бүрдүүлэхээр болж эхлээд бэлнээр шинжилгээ болон элчинд орох цагийн мөнгө гэж 560000 төгрөг, хэд хоногийн дараа билет захиалгын мөнгө гэж 1460000 төгрөг, дараа нь үлдэгдэл гэж 1300000 төгрөгийг өгсөн. Чех улсын виз 1-3 сарын хугацаанд гарна гэж байсан юм. Б.Ч- өөрийгөө зуучлагч гэж танилцуулж байсан ба төрсөн 2 эгч нь Чех улсад амьдардаг, тэгээд эгчийнхээ өмнөөс хүн зуучилж өгч, гадаад руу авч явдаг гэж хэлсэн.
...Б.Ч- хэлэхдээ би Монгол Улсад данс эзэмшиж болохгүй, монгол утасны дугаар ашиглаж болохгүй байгаа гэж ХААН банкны ***** дугаартай***** гэсэн дансаар мөнгөө авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 241-242/,
-*****ийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 3/,
-Д.Ч-, Б.Ч- нарын пэйсбүүк чатаар харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 5-20/,
-Х.Б-аас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 41/,
-Хохирогч Х.Б-аас мөнгө шилжүүлсэн талаарх банкны шилжүүлгийн баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 42-54/,
-*****ын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 152/,
-Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байх З.Минжирмаа нотариатчийн 2018 оны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлаж авсан баталгаа /3 дугаар хавтаст хэргийн 154-156/,
-Хохирогч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөрийнхөө***** гэсэн дугаарын данснаас 2500000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр машин ирнэ гэхээр нь гэрээгээ хийсэн.
...би гомдолтой байна, 2500000 төгрөгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 158, 161-162/,
-*****ын эзэмшлийн Төрийн банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 183-184/,
-*****, Б.Ч- нарын пэйсбүүк чатаар харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 187-193/,
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 194-205, 236-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-5/,
-Т.М-оос Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 32/,
-Б.Ч-аас 2019 оны 09 сарын 06-ны өдөр Х.Б- гэх хүний *****тоот данс руу 478000 төгрөг, 2019 оны 09 сарын 08-ны өдөр мөн дансруу 500000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019 оны 09 сарын 06-ны *****ээ гэх хүний ***** тоот данс руу 100000 төгрөг*****ы ***** тоот дансруу 2019 оны 8 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 40/,
-*****гийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 43-46/,
-П.Х-ы эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 49-52/,
-Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ч- нь манай дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс нягтлан бодогчоор орж ажилладаг болсноос хойш таньдаг болсон.
...манай дэлгүүр өглөө 10 цагаас орой 17 цаг хүртэл ажиллаад буухдаа кассын орлогоо тоолоод нягтлан Б.Ч-тай нийлж бэлэн мөнгөний орлогоо Б.Ч-д хүлээлгэж өгөөд дараагийн ээлж солигддог. 17 цагаас 00 цаг хүртэл гарсан ээлж мөн адилхан тухайн өдрийн орлогоо маргааш өглөө нь ирж тоолж тулаад бэлэн мөнгөний орлогоо нягтлан бодогч Б.Ч-д хүлээлгэж өгдөг. Б.Ч- нь бид нараас авсан бэлэн мөнгөний орлогоо захирлын данс руу тушаана гээд аваад явдаг, цаашаа тушаадаг үгүйг нь мэдэхгүй.
...Б.Ч- нь манай дэлгүүрт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа өөрөө ямар ч банкны карт байхгүй гээд П.Х- бас миний Хаан банкны виза картыг ашиглаад хүн рүү мөнгө шилжүүлэх, эсвэл захирал руу орлого тушаахад ашиглаж байсан.” гэх мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 66/,
“...Б.Ч- нь 640382 төгрөгийн бараа материал, 14541604 төгрөгийн бэлэн мөнгө, нийт 15181986 төгрөгийн дутагдал гаргасан байна. “...Б.У- нь 128230 төгрөгийн дутагдал гаргасан байна. П.Х- нь 223440 төгрөгийн кассын дутагдал, дураараа авсан барааны дутагдал 87163 төгрөг, бүгд 310603 төгрөгийн дутагдал гаргасан байна.” гэх “Пийк Ом Аудит” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн аудитын дүгнэлт, хүснэгтэн үзүүлэлтүүд болон холбогдох материалууд /4 дүгээр хавтаст хэргийн75-78, 79-250, 5 дугаар хавтаст хэргийн 1-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Ч- нь 8 удаагийн үйлдлээр бусдыг залилан нийт 30499500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар,
-мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 14541604 төгрөгийн бэлэн мөнгө, 640382 төгрөгийн бараа материалыг завшиж, бусдад нийт 15181986 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох кассын орлогоос 128230 төгрөгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар,
Шүүгдэгч П.Х- нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 223440 төгрөгийн бэлэн мөнгө, 87163 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийт 310603 төгрөгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Ч-, Б.У-, П.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.У-д 12000000 төгрөг, Б.Т-ад 1700000 төгрөг, Л.Д-ид 181000 төгрөг, Д.А-эд 771500 төгрөг, Д.О-д 3011200 төгрөг, Д.Ч-ад 3326000 төгрөг, Х.Б-д 7009800 төгрөг, Ч.Н-ад 2500000 төгрөг “Мартини Бакарди” ХХК-д 15620819 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ад 12000000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Ч- нь 1700000 төгрөгийг хохиролд төлсөн. Гэхдээ би өөрөө хүүтэй мөнгө зээлж Б.Ч-д өгч хохирсон тул 1700000 төгрөгийг хүүнд тооцно. Иймд одоо 12000000 төгрөг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн бөгөөд залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлох тул шүүгдэгч Б.Ч-аас 10300000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.У-ад олгож, 1700000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хохирогч Х.Б-д 7009800 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1277000 төгрөгийг хасаж үлдэх 5732800 төгрөгийг, хохирогч Л.Д-ид 181000 төгрөгийн хохирол учирснаас 7000 төгрөгийн бараа өгснийг хасаж 174000 төгрөгийг, Б.Т-ад 1700000 төгрөг, Д.А-эд 771500 төгрөг, Д.О-д 3011200 төгрөг, Д.Ч-ад 3326000 төгрөг, *****ад 2500000 төгрөг, “Мартини Бакарди” ХХК-нд 15181986 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Ч-аас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Х-, Б.У- нар нь бусдад төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ч-, П.Х-, Б.У- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ч-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Х-, Б.У- нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар П.Х-, Б.У- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Х-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ч-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Ч-ын эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ч-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 30499500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
-мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 15181986 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч П.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 310603 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Б.У- бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 128230 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч
П.Х, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.Х-, Б.У- нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Х-, Б.У- нарт анхааруулсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-аас 42697486 /дөчин хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч П.Х-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ч-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Х-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ