Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 2020        01          31                                   2020/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч О.Багшбаяр, 

Хохирогч Ц.Цэрэндаш, түүний өмгөөлөгч Ч.Энхээ,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Б.Баднайсүрэн,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1806 02341 0911 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод иргэн Ж.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Мөн шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                  

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байр 06 тоотод унтаж байхад хаалгыг чанга нүдэж, хаалганы цаана чанга чанга яриад байхаар нь Гантулгынхан ирсэн байгааг нь мэдсэн. Удалгүй цонх хагалах гээд юмаар нүдээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Гэтэл болконоор цонхыг хагалж Гантулгын хүү нь гэх нэг залуу дамжин орж ирээд хаалга тайлж гаднаас олон хүн орж ирсэн. Тэгээд намайг цохиж, юм шидэхээр хүүхдээ онуулахгүй гээд хүүхдээ дээрээс нь тэврээд доош хараад хэвтэж байхад нуруу руу Г  гэх хүн сандлаар цохьсон. Би Цэрэндаш ахыг дуудхаар утсаа гаргаж ирэхэд Г  нь гар утсыг булааж аваад цаад өрөөндөө ороод алга болсон. Дуудлагаар ирсэн цагдаагийн утаснаас залгахад Г ас миний хувэйе-пи9 загварын гар утас эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Утсыг хэрэглэхэд ирж байгаа дэлгэц дээр харагдахгүй туяарад, мэдрэгч нь өөр өөр газарт мэдрээд байхаар нь дахин ашиглаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 198-199-р хуудас/

 

Хохирогч Ц.Цэрэндашийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугазр байрны 06 тоотын 125 м2 талбай  бүхий 3 өрөө байрыг 90.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.Гантулгын данс руу 90.000.000 төгрөгийг бүрдүүлж шилжүүлсэн. ... Г  одоохондоо бидэнд очих газар байхгүй байна гэхээр нь байрны зардлаа төлөөд амьдрах газраа олтол түр амьдарч бай, би орох цагтаа хэлээд суллуулж авъя гээд байлгасан. 2018 оны 1 дүгээр сард Г  би байраа хямдхан зарсан байна. Мөнгийг чинь буцааж өгөөд байраа авъя гэхээр нь би жил тойрон болчоод буцаана гэж юу байх вэ. Би одоо байр хайна гэж юу байхав. Бид байрандаа орно суллаж өг гэхэд суллаж өгсөн. Гэхдээ одоо тавилгаа авах боломжгүй байна. Ойр зуурын хэрэглэх зүйлээ авъя гээд аваад явсан.

Дүү Ж.Ганбаатарыг уг байрыг харж бай гээд байлгаж байхад 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 20-21 цаг болж байхад Ж.Ганбаатар над руу утасдаад Н.Г нь эхнэр хүүхэдтэйгээ нийлээд найм есүүлээ ирчихээд миний байр, суллаж өг гэж дайрч орж ирээд намайг цохиж нүдээд байхаар нь би цагдаа дуудсан. Одоо цагдаагийн 2 дугаар хэлтэс орно гээд байна. Та яаралтай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад хүрээд ир гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/

 

Гэрч Н.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 онд нөхөр Г  наймаа хийх зорилгоор Ишдорж гэх хүнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47-6 тоотод байх байраа барьцаалан 40.000.000 төгрөг зээлсэн. 2018 оны 02 дугаар сард Ишдорж, Ганбаатар гэх хүмүүс биднийг хөөж гаргаад байранд орсон. Учир нь зээлсэн мөнгө өгөхгүй байгаад байхаар орсон гэж бодож байна. Бид айлаар байж байгаад 2018 оны 03 сарын 09-ний өдөр гэртээ ирээд хаалга тогшсон. Дотор нь Гантулгынхан байна гээд утсаар яриад байхаар нь Г  байна үүдээ гэж хэлээд тайлахгүй байхаар нь манай нөхөр Ганбаа гадна тагтаар дамжаад хуучин хагархай хэсгээр ороод гэрийн үүдээ тайлсан. Ж.Ганбаатар би цагдаа дуудсан гэж хэлээд хэл амаар доромжлоод Г тай барьцалдсан зогсож байхад Дүгэрсүрэн орж ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 59-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 568 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй:

1.Хүний бид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3496 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ганбаатарын биед тухайн үед учирсан тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Ганбаатарын биед тухайн үед учирсан тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хавтаст хэргийн материалд хавсрагдсан рентген зураг, КТГ-н зураг, шээсний ерөнхий шинжилгээ хэт авиан шинжилгээ зэргүүдээс харахад гэмтэл тогтоогдсонгүй. Харин үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал байх ба шүүх эмнэлгийн анхны үзлэгээр шүд болон буйланд гэмтэлтэй эсэх талаар тусгагдаагүй шүдний эмчийн үзлэгийн он cap өдөр засвартай байгаа тул энэ нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131-132-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн БЗ2-18-1543 дугаартай:

Хувэй пи-9 загварын гар утас 2018 оны 03 сарын 09-ний өдрийн зэх зээлийн үнэлгээгээр 280.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 205-206-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 6 тоот гэртээ орох гэтэл Ж.Ганбаатар гэгч ороод хаалганы гол сольсон хаалга цоожтой, тогшсон боловч тайлахгүй гэр дотор Гантулгынхан байна. Манайхан бол утсаар ярьж байгаад орж ирдэг гэсэн яриа сонсогдоод оруулахгүй байхаар нь би тагтаар орсон. Уржнан жил тагтны шилийг хагалсан байсан учир тэрүүгээр ороод хаалга нээх гэтэл манай хүү миний ардаас цонхоор орж ирсэн чинь Ганбаатар манай хүүг хараад юун хүн бэ гэж байсан. Ганбаатар бидний урдаас чи байрандаа орно гэвэд битгий горьд, чамайг ичээнэ шүү, би олон хурандаа таньдаг, шүүхийг судалсан хууль мэддэг гээд салаавч гаргаад байхаар нь бид барьцалдаж авсан. Ах Дүгэрсүрэн биднийг салгасан. ... Ганбаатар утсаар яриад дууссан, гар утсаа барьсан байхаар нь намайг гэртээ ороогүй байхад яагаад цагдаа дуудаж байгаа юм бол, хэзээ дуудсан байна гэдгийг харах гээд булааж авсан. Түгжээг нь тайлах гээд чадаагүй. Ганбаатар утсаа авъя гэж орилсон. Би ч өгөөд цагдаа нар орж ирсэн. Байрыг гэрээ байгуулан худалдсан гэж залилан мэхэлсэн асуудал Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгагдаж байгаа учир өөрийнхөө, Ишдоржийн байранд нэвтрэн орсон гэж надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 136-137, 212, 217-р хуудас/,

Миний гэр орон учраас гарахгүй байгаа. Байрыг хууль бусаар худалдан авах гэрээ хийж намайг залилсан гэж тэр хүмүүсийг үзэж байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхийн байгууллагад хандсан байгаа гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174/

 

Шүүгдэгч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Сонсгож байгаа зүйл ангийг ойлгож мэдлээ. Прокурорын тогтоолоор 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 47-р байрны 6 тоотод хохирогч Ц.Цэрэндашийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллгадагчаар татаж байгаа юм байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хийсэн үйлдэлтэй сонсгож байгаа ял тохирохгүй байна. Би хууль бусаар нэвтэрч ороогүй. Гэр рүүгээ орсон. Би хэрэг үйлдээгүй. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аав, ээж хоёрыг гэртээ орно гэхээр нь дагаад явсан. Өөрийн гэр биш хүнийх хэзээ болсоныг бол мэдэхгүй. 2018 оны цагаан сарын үеэр ээж аавыг явсанаас хойш өрөөндөө хэд хоносон. Энэ үед аав, ээжийн танилууд гээд хүмүүс нөгөө өрөөнд байдаг байсан. Ямар учиртай байдаг байсныг нь мэдэхгүй. Нэг өдөр гэртээ иртэл хаалганы гол сольсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 250/

... би гэртээ байгаа учраас гэрээсээ гарахгүй байгаа. Аав, ээжтэйгээ цуг амьдардаг. Манай байрыг хүмүүс хууль бусаар гэрчилгээг нь гаргуулж авсан асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхээр явж байгаа. Бид дээрмийн гэмт хэрэг хийгээд байсан зүйл байхгүй. Ээж аавын зөвшөөрлөөр байранд түр хугацаагаар байхдаа тэр хүмүүс цоожны голыг сольж бид нарыг гаргасан гэдгийг цагдаагаас шалгаад эхлэхээр нь мэдсэн. Тиймээс би өөрийгөө хүний өмч рүү халдсан гэж ойлгохгүй байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 176/

 

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

-2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №000549029 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 72-р хуудас/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 80/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Н.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягын тодорхойлолт, Г.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.А Н.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 4 дугаар хорооны тодорхойлолт /1-р хх-ийн 42-47/, Г.А Н.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 147, 2-р хх-ийн 9-10/, Г.Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 13/, 

Хохиоргч Ж.Ганбаатарын шинжилгээ хийлгэсэн тухай баримтууд /хх-ийн 82-89/, Номун эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 113-123/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ж.Ганбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар, шүүгдэгч Г.А, Н.Г нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.А, Н.Г нарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод байрлах орон сууцны зориулалттай байр нь шүүгдэгч Н.Г болон түүний гэр бүлийн эзэмшил, өчлөлийн эд хөрөнгө байсан байх ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу  хохирогч Ц.Цэрэндашийн өмчлөлд шилжсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаартай гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэргээр тогтоогдсон болно. Дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байна.

Иймд тухайн байрыг хохирогч Ц.Цэрэндашийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно. Шүүгдэгч нарын өөрийн гэртээ орсон гэх өгүүлмж нь үгүйсгэгдэх хууль зүйн үндэслэл бүхий баримт байхгүй ба тэдний уг байрны цонхоор оршин суугч, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орж байгаа үйлдэл нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч байгаа үйлдэлд тооцогдох хууль зүйн зохицуулалттай юм. 

 

Шүүгдэгч Г.А, Н.Г нар нь хохирогч Ц.Цэрэндашид төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Гас хохирогч Ж.Ганбаатар нь хохирол нэхэмжилэх боловч хохиролыг нотлох төлбөр төлсөн баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдаагүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан байгаа баримтууд /1-р хх-ийн 82-89/ нь шинжилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд болно. Хавтаст хэргийн 88 дугаар талд 1.105.000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын баримт байх боловч уг төлбөрийн дүнг төлсөн болохыг нотлох татвар шингэсэн төлбөрийг төлсөн /НӨАТ/ гэх ямарч  баримт байхгүй байгаа учир хохирогч нь уг төлбөрийг тухайн байгууллагад төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ж.Ганбаатарын утсыг түүнд өөрт нь буцаан өгсөн байна. Утсыг буцаан олгосон байхад түүнийг бүтнээр нь үнэлэж хохирол тооцон гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эвдрэлийг засварлуулсан талаарх баримт хэрэгт байхгүй, хохирогч нь гаргаж өгөөгүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод байх иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсоны улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Ж.Ганбаатарын нэхэмжилсэн хохиролыг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь шүүгдэгч Н.Гас хохирол нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Н.Гантулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Г, Г.А нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Тухайн гэмт хэргүүд нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч нарынн үйлдсэн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүдний рентген зураг 1 ширхэг, хохирогч Ж.Ганбаатарын биед учирсан гэмтлийн талаарх бичлэг бүхий двд 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Н.Г, Г.А нарын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хорооллын 47 дугаар байрны 06 тоот 125 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Г, Г.А, хохирогч Ц.Цэрэндаш, гэрч Н.Уранчимэг нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэднийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар болон тухайн байрны хууль ёсны өмчлөгчийн асуудлаар талууд маргалдаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн холбогдох баримтуудаар нотлогдож байгаа.

 

Шүүгдэгч нар нь тухайн байранд 2007 оноос хойш амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Харин тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр хохирогчид шилжүүлсэнтэй холбоотой өмчлөлийн талаарх маргаан нь иргэний эрх зүйн харилцаа байх бөгөөд Н.Г, Ц.Цэрэндаш нарын хооронд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр эсэх, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг зохих шатны шүүх хянаж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байх үндсэн бүрэлдэхүүнтэй. Гэмт этгээд нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэж, өмчлөгчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдахгүйгээр авахдаа өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдэн өмчлөлдөө бүр мөсөн авсан байх нь тухайн гэмт хэргийн обьектив шинжийг хангасан байх явдал юм.  

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь тухайн эд хөрөнгийг бүр мөсөн өмчлөл, эзэмшилдээ авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч нар нь “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч Олхонууд овогт Гантулгын Аийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гд холбогдох “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, шүүгдэгч Г.Аэд холбогдох “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг двд, 1 ширхэг шүдний рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ганбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ