Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 297

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г, Г.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр,

хохирогч Ц.Цэрэндаш,

шүүгдэгч Н.Г, Г.А, тэдний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, Г.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн тэдэнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн Н Г, 1965 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

2. О овгийн Гын А, 1998 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

1. Н.Г нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ... тоотод иргэн Ж.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн Г.Атэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

2. Г.А нь Н.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Н Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч О овогт Гын Аийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Гыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Аийг тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Г.А нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг двд, 1 ширхэг шүдний рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ганбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Г, Г.А нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...намайг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот 125м2 орон сууцандаа орсон бөгөөд хохирогч гэх Ж.Ганбаатар, Ц.Цэрэндаш нар хуулийн байгууллагад худал мэдүүлснийг шүүх тогтоож шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би дээрхи орон сууцандаа одоо ч өөрөө амьдарч байгаа. Мөн шүүх хуралд бидний сонгон авсан өмгөөлөгч өвчний учир ирэх боломжгүй шалтгаанаа тайлбарлан баримт ирүүлж, өмгөөлөгчийн хурал давхацсан гэрээг өгч байхад өмгөөлөгчгүйгээр шүүх хурал хийж миний эрхийг зөрчсөнд гомдолтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогчийг зодоогүй. Энэ талаар гэрч мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байхад хүлээн аваагүйд гомдолтой байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Ц.Цэрэндаш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нар хууль бусаар бусдын байранд орсон. Хаалгаар орсон хүмүүсийг гэмт хэрэг үйлдээгүй гэж шийдвэрлэсэн. Ж.Ганбаатарын эмчилгээний зардлыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.Г, Г.А нарын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэл оногдуулсанг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр анх Ганбаатар гэх хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ганбаатарыг хохирогчоор байцааж, шинжээч томилсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шалгана” гэсэн заалт байдаг. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлт нээсэн байдаг. Цагдаагийн байгууллага нэг хоног илүү шалгасан процесс ажиллагааг зөрчсөн харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвөөшөөрөхгүй байна. Мөн Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, уг байранд Гын бүх эд хогшил байсан. Хохирогч нар өөрсдөө эдгээр хүмүүсийг өвлийн хүйтэнд, 2 дугаар сард гэрт нь оруулахгүй амьдрах бололцоог нь хангаагүй байдаг. Иймд хавтас хэрэгт авагдсан баримтаар орон байранд нэвтэрсэн байдал үгүйсгэгдэж байна. Хохирогч Ганбаатар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байцаалт өгөхдөө, Г намайг тухайн өдөр Гүнсээ гэх хүнтэй хамтарч зодсон гэсэн байхад мөрдөн байцаалтын явцад үүнийг шалгаагүй, мөн дээрээс нь сандалаар цохисон гэдэг энэ асуудлыг тогтоогоогүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв. 

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г, Цэрэндаш хоёр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг байрыг Цэрэндашийн нэр дээр шилжүүлсэн, мөнгө нь Гын данс руу шилжсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байрны гэрчилгээ хохирогч Цэрэндашийн нэр дээр гарсан. Шүүгдэгч Г тухай үед миний эд хогшил байгаа, би гэртээ орно гээд байдаг боловч үндсэндээ бичиг баримт хууль зүйн үүднээс бол орон сууц Цэрэндашийн өмчлөлд байсан. Энэ утгаараа Г бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон гэж үзсэн. Хохирогч Ганбаатар тухайн үед хаалгаа онгойлгоогүй учир Г цонхоор нь дамжин орж Ганбаатартай маргалдсан байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г, Г.А нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг товлосноос хойш шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Батбэхийн “хагалгаанд орсон, биеийн байдал хүнд, өвчтэй байгаа” шалтгааны улмаас түүний гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж 2019 оны 1 дүгээр сарын 3 болон 24-ний өдрүүдэд тус тус шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон бол шүүх хуралдааныг хойшлуулахаар хуульчилжээ.

 

Харин 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Гас “...өмгөөлөгч Р.Булгантай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж шүүх хуралдааныг өөр шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна” гэх дүгнэлт хийж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “...хууль зүйн туслалцаа авах...” эрхийг зөрчсөн байдлыг үүсгэжээ.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан “Өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдах” зарчмыг алдагдуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Г, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч Н.Г, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ “Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж урьдчилсан дүгнэлт хийх байдлаар шүүгчийн захирамж гаргасан, мөн шүүхийн шийдвэрт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлах эсэх”, “шүүгдэгч Н.Г, Г.А нар бүлэглэсэн...” гэж прокуророос ялласан асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Г, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Н.Г, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ