Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ий нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Н, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани зам гүүр барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Архангай аймгийн татварын хэлтэстэй харилцдаг. Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нар нь манай компанийн 2012 оноос 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий 447.741.445.4 төгрөгийн үнийн дүнтэй падаанаар тус албан татварын ногдуулалт төлөлтийн 2012 оны 11, 12 дугаар сарын тайлангийн худалдан авалтад хасалт хийсэн зөрчилд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр татварын улсын байцаагчийн 010000032 дугаар дүгнэлт бичигдсэнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд дээрх нөхцөл байдлыг бид ил тодоор бүрэн тайлагнасан билээ.

Гэтэл Өршөөлийн хуульд хамрагдсан, ил тодоор тайлагнасан нөхцөл байдалд Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нар нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 44.774.144.5 төгрөгийн татвар төлөх 010000640 дүгээр акт тавьсныг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Архангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 010000640 дүгээр актыг баталсан 27 дугаар тогтоолыг гаргасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор дээр дурдсан нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгосны дараа мөн ил тодоор тайлагнаж, тухайн үед ил тодын тайланг цахимаар илгээхэд ямар нэгэн алдаа гэж буцаагаагүй хүлээн зөвшөөрч хүлээн авсан байж Архангай аймгийн татварын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг сүүлд нь гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байцаагч нарыг томилсон томилолт байдаг. Уг томилолтоос үзэхэд тус хяналт шалгалт хийх хугацаа гэдгийг дурдсанаар татварын хяналт шалгалтыг 2016 оны 9 сарын 19-ний өдрөөс ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэнэ гэсэн байгаа. Гэтэл энэ томилолтыг хүлээж авсан өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр улсын байцаагч дүгнэлтээ үйлдсэн. Тус дүгнэлтийг үйлдэхдээ цагдаагийн албан тоотын дагуу үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өөрчлөгдсөн. Тус хууль үйлчилж эхэлсэн өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх буюу уг цаг хугацааны дотор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайланг хүлээж авна гээд тус хуулийн 3.1-т заасан. Хавтас хэрэгт авагдсан татварын тайлан нь он, сар, өдөр байхгүй ч тухайн бар кодоос харахад хүлээж авсан нь тодорхой байгаа нь шууд харагдаж байна. Энэ цаг хугацаа өнгөрсний дараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 482 дугаар прокурорын тогтоолоор уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тогтоолын 17 дугаар хэсэгт Архангай аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХХК-ий захирал Д.О нь 417.741.445.4 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр хасалт хийж 41.774.144.5 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан гэдгийг тогтоолын олсон нь гэсэн хэсэгт тусгасан байдаг. Энэ үндэслэлээр уг тогтоолын тогтоох хэсгийн 1-д гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд шалгагдаж байсан, 2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2 дахь хэсэг, 233.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдсан байдаг. Энэ нь нэг хэсэг нь зүгээр шалгагдаж байсан, нөгөө хэсэг нь яллагдагчаар татагдан шалгагдаж байсан байна. Уг эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэсэн эрх зүйн үндэслэлээр уг тогтоол гарсан. Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн тайлбарт “С” ХХК нь сайн дурын үндсэн дээр тайлангаа тайлагнасан байх ёстой, энэ байдлыг бид дүгнэлтээр тогтоосон гэсэн хариу тайлбарыг өгч байдаг. Гэвч нэхэмжлэгч талаас танай байгууллагыг эцсийн байдлаар тогтоосон гэж үзэхгүй байна. Уг дүгнэлтийг үндэслэлтэй эсэх гэмт хэрэг мөн бишийг  шалган тогтоосон тухай прокурорын тогтоолоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас  харагдахгүй байгаа. Нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Өршөөлийн тухай хуулиар шалгах процесс зогссон. Дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар тогтоогоогүй байна. Хариуцагч талын хариу тайлбарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээсэн хэвээр байна гэсэн утга агуулга бүхий заалт байдаг. Гэтэл гэмт хэрэг гэж үзсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бүх зүйл болоод дуссан байгаа.  2016 оны 10 дугаар сарын 12 өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-т тухайн үйл баримтыг дахин хяналт шалгалт хийж хариуцлага тооцохгүй, 6.2-т зааснаар дахин нотлох баримт болгож ашиглахгүй гэж заасан. Тийм учраас Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгнэлтийг хүчингүй  болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” компаний 2012-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий 447,741,445.4 төгрөгийн үнийн дүнтэй падаанаар тус албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн худалдан авалтанд хасалт хийж улсад төлөх татвараа бууруулсан зөрчилд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр татварын улсын байцаагчийн 010000032 тоот дүгнэлт бичигдсэнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 

Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасныг үндэслэн нэр бүхий компаниудын хий бичилттэй нийт 447,741,445.4 төгрөгийн үнийн дүн бүхий падааныг ашиглан өөрийн төлөх татвараа бууруулсан зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4.3, 10.7 заалтуудыг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 тоот актаар 44,774,144.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

“С” компани нь дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд аймгийн Татварын хэлтсийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталжээ. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоол нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.” мөн Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу тухайн компани нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд зардал болон худалдан авалтыг тайлагнаж татвараас чөлөөлөх тухай ороогүй бөгөөд хуулийн 5 дугаар зүйлийн “5.1-т Апбан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө. 5.4.Энэ хуулийн 5.1, 5.2, 5.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвараас чөлөөлөхгүй. гэж заасны дагуу худалдан авалт болон зардлыг илүү тусгасан зөрчилд дээрх хууль хамаарахгүй мөн дээрхи хуулийн заалтад сайн дурын үндсэн дээр гэж орсон нь нуун дарагдуулсан үйлдлийг татварын албаны хяналт шалгалтаар бус татвар төлөгч өөрөө ил болгон мэдүүлэх харилцаан нь түс хуульд хамааралтай бөгөөд дээрхи зөрчил нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжихээс өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татварын хяналт шалгалтаар тогтоогдож татварын улсын байцаагчийн 010000032 тоот дүгнэлт гарсан.

Иймд Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 тоот актыг хэвээр баталж өгнө үү гэв.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нарт холбогдуулан “Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага  бүхий  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “С” ХХК маргаан бүхий захиргааны актыг хянасан Архангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус газрын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “С” ХХК-ий гомдлын тухай” 27 дугаар тогтоолыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, тус шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. /х.х-н 1-2, 38-39/

Нэхэмжлэгч “С” ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 тоот тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу залруулга хийж тайлагнасан тул хэрэгсэхгүй, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр акт гаргахдаа томилолт удирдамж гаргаж хяналт шалгалт хийгээгүй, мэдэгдээгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарснаас хойш гарсан, тухайн үед шинээр мэдүүлсэн тайланг цахимаар илгээхэд ямар нэгэн алдаатай гэж буцаагаагүй хүлээн зөвшөөрч авсан байж актыг сүүлд нь гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж; 

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.” мөн Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу тухайн компанийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж маргажээ.

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газрын даргад 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт: Тус хэлтэст шалгагдаж байгаа Эрүүгийн 201301000499 тоот хэрэгт уг албан бичгийн хавсралтын ... хавсралт 2 дугаарт дурдсан аж ахуй нэгжид ...яаралтай хэсэгчилсэн шалгалт хийж хариу ирүүлнэ үү. 2 дугаар хавсралтын 50 дугаарт “С” ХХК гэжээ. /х.х-н 60-63/

Татварын ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичгийг нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэст хүргүүлж, албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж дүнг хүргүүлэхийг мэдэгдсэн байна. /х.х-н 64/

Дээрх албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Үндэсний татварын албаны 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн, улсын  бүртгэлийн 111001107 дугаар, 269615 регистрийн дугаар бүхий “С” ХХК-ий 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 5 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийхээр томилогджээ. /х.х-н 66/

Цагдаагийн ерөнхий газар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгийн дагуу уг татварын хяналт шалгалтаар нийт 447741445.4 төгрөгийн зөрчил илэрч эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 010000032 дугаар дүгнэлт үйлджээ. /х.х-н 78/

Дээрх дүгнэлтээр:

 1. 2873648 тоот регистрийн дугаартай, “Т” ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12874610 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 150,226,172.7 төгрөгийн,

2. 5624149 тоот регистрийн дугаартай, “С” ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12956203 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 144,025,272.7 төгрөгийн,

3. 5523842 тоот регистрийн дугаартай, “И” ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12283714 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 30,717,272.7 төгрөгийн,

4. 5624304 тоот регистрийн дугаартай, “Г” ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12959654 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 122772727.3 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалтанд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулан ... нэмэгдсэн өртгийн албан татварын 4 падааныг хуурамчаар бичүүлэн 44774144.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн “С” ХХК-д Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих...” гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлсэн байна. /х.х-н 79, 82/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар прокурорын тогтоолын 17-д “Архангай аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХХК-ий захирал Д.О нь 2012 онд “Т”, “С”, “И”, “Г” гэсэн ХХК-ий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж нийт 417741445,4 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж, 41774144,5 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 болон 166.2-т заасан гэмт хэрэгт шалгагдсан ...Д.О холбогдох эрүүгийн 201301000499 тоот хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-н 95-99/

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар нь “С” ХХКомпанид Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 44774144.5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 010000640 дүгээр төлбөрийн акт гарснаар уг маргаан үүсжээ.  /х.х-н 30/ 

1. Нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдуулан гаргасан маргаан бүхий захиргааны акт /010000640 дүгээр акт/ хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт “татварын улсын байцаагч нь үйл ажиллагаанд хууль дээдлэх” зарчмийг зөрчсөн байна. 

Хариуцагч талаас “010000640 дүгээр акт гаргахдаа томилолт, удирдамж гаргасан  томилолтоо тухайн бүр сунгуулж байсан, нэхэмжлэгч “С” ХХКомпанид мэдэгдсэн” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн Татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл заалтын 30.1.1 дэх заалтанд “ татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” ;  30.1.9 дэх заалтанд “татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, .. зохих журмын дагуу сунгагдаагүй байхад ... татвар ногдуулах буюу хяналт шалгалтын хийх” гэснийг тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна /х.х -66-70/

Шүүхээс тус аймгийн Татварын хэлтсийн архивт нь үзлэг хийж авсан баримтуудаас дүгнэхэд: Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар нь хяналт, шалгалтын хийсэн үйл ажиллагааны тэмдэглэл болох “С” ХХК-ий захирал Д.О-т хяналт шалгалт хийх талаар утсаар мэдэгдсэн баримт нь 2015 оны 5 дугаар сарын 18, 2015 оны 5 дугаар сарын 28, 2016 оны 9 дүгээр сарын 19-нд тус тус мэдэгдэж байснаа 2017 оны 10 дугаар сарын 03-нд тэмдэглэсэн тухай баримт нь шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш хийгдсэн, мөн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолт нь 1 дэх хэсэгт томилолтын огноо: 2015 оны 06 сарын 02-ны өдөр,   7 дэх хэсэгт татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацаа: 2016 оны 09 сар 19 өдрөөс  5 хоног гэж томилолт олгожээ. Гэтэл 2015 оны 6 сарын 02-ны өдөр томилолт нь 1 жил 3 сар 16 хоногийн дараа хийх томилолт олгосон гэж үзэхээр байна.  Дээрхи баримт, мэдэгдэл болон томилолт нь  2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 тоот дүгнэлтийг гаргахдаа холбогдуулан гарч байжээ. /х.х -66-70/

Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Үндэсний татварын албаны 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэж 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд маргааны бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 010000640 дүгээр актыг гаргахдаа өмнө нь гаргаж байсан дүгнэлтийн удирдамж, томилолтыг үндэслэж, завсарлаж гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтанд “... баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг хориглосон заалтыг зөрчсөн байна .  

Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг сунгаж байсан гэх нотлох баримт шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, хариуцагч талаас уг нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл 32.1 дэх хэсэгт зааснаар  татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, танилцуулах, тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах эсхүл асуулга, ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах гэж заасан хууль журмыг зөрчсөн байна. 

Мөн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн урьдчилан мэдэгдэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасан “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” эрхээр хангаагүй байна. 

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлүүдэд зааснаар  тухайн татвар төлөгч татварын тайланг татварын цахим баримт бичгээр тушааж болох бөгөөд татварын тайлан хүлээн авахдаа татварын алба, татварын улсын байцаагч хянаж нягтлах, илэрсэн зөрчлийн арилгуулах, уг зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагч хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч “С” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын тайлангаа 2012 оны 12 дугаар сарын 10-нд, 2012 оны 12 дугаар сарын тайлангаа 2013 оны 01-р сарын 10-нд цахимаар хүлээн авсан болох нь Архангай аймгийн татварын хэлтсийн даргын  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/661 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд татварын ерөнхий хуулинд заасны дагуу цахимаар тайлагнасан энэ талаар ямар нэгэн зөрчил илрээгүй болох нотлогдож байна /х.х-71-76, 134,/

Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар прокурорын тогтоолд нэр бүхий 23 этгээд тус бүрийн үйлдлийг тус тусд нь тусгасан бөгөөд уг хэрэгт шалгагдсан 17-д ...“С” ХХК-ий захирал Д.О нь 2012 онд 11, 12 сарын татвараа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 болон 166.2-т заасан гэмт хэрэгт шалгагдсан ...Д.О-т холбогдох эрүүгийн 201301000499 тоот хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” , 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус зохицуулсан байна. 

Дээрх хуулийн заалтын  агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар прокурорын тогтоолын гэмт хэрэгт шалгагдсан ...Д.О-т холбогдох эрүүгийн 201301000499 тоот хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “ энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор... хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад хариуцагч тал маргааны бүхий 010000640 дүгээр актын хавсралтын 3 дахь хуудас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.7-д энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэж хууль бус захиргааны акт гаргажээ. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Татварын ... тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... татварын тайлангаа гаргасан .. тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын /өөрийн дур санал Монгол хэлний товч тайлбар толь/ үндсэн дээр ... тайлагнасан бол… хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” 4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль; .. гэж тодорхойлон заажээ. 

Уг хуулийг дагаж мөрдөх хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэх дагаж мөрдөх бөгөөд маргаж байгаа актанд дурдсанаар 2012 оны 11, 12 сарын тайлангаа тайлагнаагүй гэсэн үндэслэл нь тухайн хуулийн хэрэгжихээс өмнө буюу 2012 оны 12 сар, 2013 оны 01 сард тайландаа тусгасан байхад хариуцагч нар нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд  нэхэмжлэгч “С” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.4, 30.1.9, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА