Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 644 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал У.Б 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 644 дүгээр шийдвэрээр:

“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 9/544 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны актуудыг гаргах гэж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь оролцоог хангах боломжоор хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэт явцуу дүгнэлт болжээ. Учир нь 2018 оны 4 дүгээр сард явуулсан хяналт шалгалтын дагуу 2019 оны 2 дугаар сард сонсох ажиллагаа хийсэн нь бодит байдалд нийцэхгүй, цаг хугацааны хувьд тохиромжгүй үйл баримт юм.

Мөн хариуцагчийн зүгээс “2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэх хуудсыг цахим шуудангаар илгээсэн боловч цахим шуудан буцаж ирсэн” гэх тайлбар нь сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдлийг ч хүргүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхэд сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг цахим шуудангаар эсхүл баталгаат шуудангаар явуулсан, 9/544 дүгээр албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар тодорхой баримт байхгүй байна.

2.Хариуцагчийн шалгалтын явцад дүгнэлт хийвэл Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, “Банк банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын 9.1 дэх хэсэгт заасан шат дараалсан арга хэмжээг авахаар заасныг зөрчиж Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 дугаар тогтоол гарсныг огт дүгнээгүй.

Нөгөө талаар хариуцагч хариу тайлбартаа “...иймд 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.14 дүгээр зүйлд заасан итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэх ББСБ-д тавигдах нэмэлт нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн журмын 2.12-д заасан Валютын арилжаа эрхлэх нөхцөл журмыг хангаагүй учраас 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” гэж тодорхой дурьдсан байна. Энэхүү хариу тайлбараас үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны 22 дугаар тогтоол, 177 дугаар тушаал нь 71 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон гэдгийг тодоос тод харуулсан байна.

3.Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс маргаан бүхий тушаалыг гаргахдаа 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар батлах тухай” 71 дүгээр тогтоолыг үндэслэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 71 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр заасан.

Анхан шатны шүүх “...хуулийн дээрх шаардлагыг биелүүлэхгүй байх нь зөв. Учир нь Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь илтэд үндэслэлгүй юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталсан. Энэ журмын дагуу шаардлага тавьж, бүртгэж, хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулж байсан.

Тодруулбал журмын 1.6.3 дахь хэсэгт “эрх бүхий этгээд гэж” хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагаас гаргасан шийдвэрийг хамруулж ойлгохоор заасан. Санхүүгийн зохицуулах хороо нь энэ заалтын “хороо” гэх статуст багтаж байна. Мөн журмын 2.3.9-д “Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо 71 дүгээр тогтоолыг хянуулж, бүртгүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн уг журмын 2.5.2-т хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг зөвхөн улсын бүртгэлд бүртгэж Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхээр заасан байдаг.

Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан нь нэг талаараа дээрх 71 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр болсон гэж үзэхээргүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаас үзвэл маргаан бүхий 177 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Гэвч анхан шатны шүүх энэ нөхцөл байдал, үйл баримтыг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл 2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсан, харин дагаж мөрдөх огноо нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байна.

Шүүхийн шийдвэрийн 16 дахь талд “...Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар батлах тухай 71 дүгээр тогтоолоор баталсан захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд үүнтэй холбоотой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий 177 дугаар тушаал нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй журмыг үндэслэл болгосон талаар шүүхэд маргаан үүсгэсэн байдаг.

Иймд анхан шатны шүүх үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн гэж үзэхээр байна.

4.Хяналт шалгалтын тайланг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр танилцуулахад зөвшөөрөөгүй гэдгээ бичиж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чухам ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн, маргаагүй талаар хариу тайлбартаа дурдсан байгааг дүгнээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар хяналт шалгалтын тайланд Захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс бичгээр ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд гүйцэтгэх захирал өөрийн биеэр Санхүүгийн зохицуулах хорооны даргатай удаа дараа уулзсан байгааг дүгнээгүй гэж үзэж байна.

5.Санхүүгийн зохицуулах хорооны дээрх маргаан бүхий 2 шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Учир нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаа дууссаны дараа “тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрт хүрэх үр дагавартай” гэж үзэж байна. Энэ үр дагавар нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлийг бий болгоно” гэж үзэж байна.

6.Хяналт шалгалтыг явуулсан хугацаанд нэхэмжлэгчийн хувьд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд энэхүү асуудал 2019 оны 5 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байхдаа шинжээчийн дүгнэлт гаргуулахаар холбогдох сервер баримт материалыг хүргүүлсэн байсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 7 дахь хэсэгт “хяналт шалгалтыг давхардуулахгүй” гэж заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 644 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…2018 оны 4 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын сонсгох ажиллагааг 2019 оны 2 дугаар сард хийсэн, хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчлийг арилгуулахаар хууль, журамд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авалгүйгээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад түүнийг үндэслэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн…” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “К” ХХК-ийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тус Хорооны даргын мөн оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тушаалаар нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 9/544 дүгээр албан бичигт “…өмнө нь улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10/271 дүгээр албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон тухай, гэвч биелэлтийн хувьд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй, мөн итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэх ББСБ-д тавигдах нэмэлт нөхцөл шаардлагыг хангаагүй гэж дүгнэгдсэн талаар дурдаад, цаашид нэмэлт нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаас гадна банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх тухай асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болсныг мэдэгдсэн, энэ мэдэгдлийг хүлээн авсан талаар нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд гаргасан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03/70 дугаар гомдолдоо тодорхой дурджээ.

Мөн Хорооны улсын байцаагчийн 2017 оны 72 дугаар албан шаардлагаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа алдагдсан байгаа, түүнчлэн дүрмийн сангийн доод хэмжээг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгч, биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг боловсруулан Хорооны хурлаар хэлэлцүүлэх болохыг мэдэгдсэн байна.

Дээрхээс гадна Хорооны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 9/756 дугаар тайлангийн хариунд “…үндсэн хөрөнгийн зохистой харьцаа хангаагүй…” гэж дүгнэснээс үзэхэд санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө хариуцагчаас зохих арга хэмжээг хуульд заасны дагуу авч хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Учир нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т тус тус заасны дагуу “К” ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн, тогтоосон хугацаанд зөрчил арилаагүйгээс зохих үйл ажиллагааг нь 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг буруутгах боломжгүй.

Энэ тохиолдолд хуулийн 19.2.3 буюу “гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах”, 19.2.4 буюу “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” зохицуулалтыг алгасч хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд маргаан бүхий захиргааны актууд болох Хорооны тогтоолын болон даргын тушаалын төслийн танилцуулгад тус тус тусгагдсан дээрх албан шаардлага, бусад зөрчлүүдийг үгүйсгэсэн тайлбар огт гаргаагүй, холбогдох нотлох баримтыг ч ирүүлээгүй талаар шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэснээс гадна давж заалдах гомдолд ч энэ талаар үндэслэл бүхий няцаалт гаргаагүй болно.

Харин захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг үндэслэн 13 салбарын зөвшөөрлийг цуцалсан гэх гомдлын тухайд хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3-2/85 дугаар лавлагааны хуудаст үүнийг нотолсон боловч уг журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон аливаа шийдвэр гараагүй, нэхэмжлэгчээс энэхүү журамтай холбогдуулж маргаагүй энэ тохиолдолд журмыг хууль бус гэж дүгнэх байдлаар Хорооны даргын тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр нэр бүхий 13 салбар нь тусгай зөвшөөрлийн хүрээнд ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй, үүнийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/6484 албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн талаар, энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээс гадна тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, дуусгавар болгохгүйгээр хадгалах үүрэгтэй болохыг анхааруулсан байхад ийнхүү тогтоол, тушаал гаргасан нь хууль бус гэх гомдлын тухайд хариуцагчаас дээр дүгнэсэнчлэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, харин санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ. 

Тогтоолын 2 дахь заалтаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар Хороонд мэдэгдээгүй тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулсан байгаагаас дүгнэхэд хариуцагчаас чиг үүргээ хууль, журмын дагуу хэрэгжүүлж байгаагаас бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхааруулгыг биелүүлэхтэй холбон тайлбарлаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн зорилготой үл нийцнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН