Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

2020         02         18                                   2020/ШЦТ/281

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

             улсын яллагч Ц.Гантулгабат,

            хохирогч Ц.Ч., түүний өмгөөлөгч Д.Тунгалаг /ҮД:1866/,

            гэрч Ж.Баасандорж, Д.Оюунбалт, Р.Ононцэцэг, А.Д.,

            шинжээч эмч Н.Энхцолмон,

            шүүгдэгч О.Б., түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал /ҮД:0722/, Ц.Алтанцэцэг /ҮД:6070/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт О.ын Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04712 2648 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын ….. хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний аюулгүй байдал, бие хамгаалал мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, жолооч ажилтай, цагдаагийн ахлагч цолтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт О.ын Б..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч О.Б. нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Ч.ыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                           /яллах дүгнэлт бичсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орой 22:00 цагийн орчим жижүүрт дуудлага өгсөн байсан. 99Б байрны гадаа хүмүүс архидаж, амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад хохирогч Ц.Ч. хэсэг хүмүүстэй байрны гадаа архи ууж байсан. Ахмад А.Д. очиж, “22:00 цаг өнгөрсөн байна, хүмүүс салхилдаг, хүүхдүүд тоглодог газар архи ууж болохгүй, гэр орондоо ор” гэсэн шаардлага тавьсан. Шаардлагыг тухайн хүмүүс ойлгоод “уучлаарай, бид нар гэртээ орлоо, бид нарын буруу” гэж хэлж байсан. Гэтэл Ц.Ч. “та нарт ямар хамаатай юм бэ? Би өөрийнхөө газарт ууж байна, та нарыг хэн явуулсныг мэдэж байна” гээд эсэргүүцсэн. Гэтэл ахмад А.Д. “Та яагаад байгаа юм бэ? Таныг гэртээ ороод уучих гэж байна” гэхэд нь хохирогч “Цонхоороо орох уу, тооноороо орох уу?” гээд салаавч үзүүлсэн. Ахмад А.Д. “Та намайг өдөөд байгаа юм уу?” гэж хэлсэн. Ц.Ч. над руу хандаж ,“Чи ингэж бичлэг хийх эрх байхгүй шүү” гэхэд нь ахмад А.Д. “Таныг авч явж эрүүлжүүлэх ёстой юм байна” гэж хэлсэн. Гэтэл Ц.Ч. “Чаддаг юм бол аваад яв” гээд цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн. Эхнэр нь түүнийг орц руугаа дагуулж орох гэтэл Ц.Ч. цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон байдалтай орц руугаа орсон. Ахмад А.Д. араас нь орсон. Би орц руу орох гэтэл миний араас татах шиг болсон. Тэр үед миний энгэрийн камер унтарсан байсныг мэдээгүй. Ахмад А.Д. “Таныг авч явна” гэхэд хэл амаар доромжлоод байсан. Би эхнэрийг нь татаж холдуулаад, Ц.Ч.т албадлагын арга хэмжээ авч, биеийн хүч хэрэглэн гавлаж, эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Ц.Ч.ыг авч явж байхад заналхийлж, хэл амаар доромжилж, та нарыг ажилгүй болгоно, би прокурор, шүүхэд танилтай хүн гэж байсан. Ж.Баасандорж гэх хүнийг хамт авч явсан. Энэ хүн цагдаагийн машины ард зогсоод явуулахгүй гэж эсэргүүцэж байсан. Бид нарыг мөн дарамталж, хэл амаар доромжилсон. Ц.Ч.ыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд биеийн байдал нь зүгээр байсан. Хэрэг гардаг өдөр маш их халуун байсан юм. Ц.Ч.ын согтуурлын зэргийг шалгахад 2.28 промилле гарсан. Харин Ж.Баасандоржийг ахмад А.Д. “явуулчих” гэхэд нь би тушаалын дагуу явуулсан. Ц.Ч.ын эхнэр нь “Миний дүү, манай нөхрийг гаргаад явуулчих, маргааш чухал ажилтай юм” гэхэд нь “Би мэдэхгүй, би тушаал биелүүлсэн, та манай офицертэй уулз” гэсэн. Гэтэл “Офицер чинь надтай ерөөсөө харьцахгүй байна, чи хэлээд өгөөч” гэж хэлсэн. Би “Надад тийм эрх байхгүй, та манай жижүүрийн ахлах офицертэй уулз” гэхэд “за за, тэгвэл таньдаг прокурортойгоо л ярихаас” гэсэн. Ингээд офицер бид хоёр дараагийн дуудлагандаа явсан юм. Нэг цагийн дараа жижүүрээс залгаад, “наад хүнээ гарга, янз бүрийн хүмүүс залгаад байна, торгоод явуулчих” гэж ярьсан. Офицер бид 2 буцаж очоод, би Ц.Ч.ыг эрүүлжүүлэх байрнаас хүлээж авсан. Харин офицер маань дуудлага хаалгах гээд жижүүр дээр үлдсэн. Тухайн үед Ц.Ч. гуай эрүүлжүүлэх байрнаас зүгээр гарч ирсэн. Гарсны дараа эрүүлжүүлэх байрны үүдэнд доошоо суусан. “Миний бие муудаад толгой эргээд байна” гэхээр нь би “Та манай эмчид үзүүлчих” гэхэд “Би наад руу чинь дахиж орохгүй” гэсэн. Би эмчийг дуудаж үзүүлэхэд эмч “биеийн байдал нь зүгээр байна, бүгчим байгаа учраас хямарсан байх” гэсэн. Эхнэр нь “манай нөхрийн нойр булчирхай сүүлийн 3 хоног өвдсөн, дэмий архи өглөө” гэж байсан. Би тухайн үед нойр булчирхай нь өвдсөн байх гэж бодсон. Ингээд би өөрийнхөө утсаар 103 луу залгаж дуудаад, Ц.Ч.ыг офицерт хүлээлгэж өгөөд зогсч байтал жижүүрээс дахиад 3 дуудлага ирсэн, яаралтай яв, наад хүнийг чинь 103 ирэхээр үзүүлнэ, эргээд холбогдоно гэж хэлсэн. Ц.Ч.ыг 103-ын эмч ирж үзээгүй, өөрсдөө дүүргийн эмнэлэг рүү явсан гэсэн. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өглөө рапорт өгөх гээд сууж байтал “та 2 хүн зодсон байна, тэр хүн чинь Гэмтэл дээр байна” гэсэн” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ц.Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би байрны урд талын цэцэрлэгт найзуудтайгаа нэг шил архи, нэг пиво уух гээд байж байсан. Олон эрчүүд байсан учраас инээж, хөхрөлдөөд тэр хавийн айлуудад төвөг удсан байх. Удалгүй цагдаа нар ирж шаардлага тавихад “ойлголоо” гэж хэлсэн. Би тухайн үед цагдаа нарт “өөрийнхөө мэдлийн газарт байна, яагаад архи ууж болдоггүй юм бэ” гэж хэлсэн. Гэтэл эхнэр цонхоор “ор” гэж хэлээд, намайг авахаар гарч ирсэн. Манай нэг найз хажуунаас “төрийн хамгаалалтаас эхнэрийн хамгаалалт руу шилжлээ” гэж хэлсэн. Гэтэл ахмад А.Д.гийн дургүй нь хүрсэн бололтой “тэгвэл чамайг би хийдэг газар нь хийе” гээд орц руу дагаж орж ирсэн. Тэгээд намайг гавлах гэж ноцолдож байх хооронд жижиг цагдаа нь зүүн талаас татаад өвдгөлчих шиг болсон. Гэнэт элэгдүүлсэн байдалтай бие сонин болоод явтал өндөр нь доошоо дарчихсан. Доошоо дарахдаа мөн л хэвлий тус газраар өвдгөн дээрээ доошоо дараад гар өчсөн. Би эхэндээ ахмад А.Д.г намайг өвдгөлчихлөө гэж бодоод А.Д.д “чи намайг өвдгөлчихлөө” гэж хэлэхэд “үгүй, би таныг өвдөглөөгүй шүү” гэсэн. Ингээд намайг гавлаад эрүүлжүүлэх байр луу авч явсан. Би машин дотор цагдаа нарт “та 2 намайг өвдөглөсөн, би маргааш гомдол гаргана” гэж хэлсэн. Камерын бичлэг дээр байгаа. Орц руу энэ 2 цагдаа орж ирэхэд энгэрийн камерынх нь бичлэг асаалттай байсан. Би эрүүлжүүлэх байранд ойролцоогоор нэг цаг болсон байх. Удалгүй миний бие муудсан. Толгой эргэж, 4 мөч бадайраад ухаан алдаж унасан. Би тухайн үед эрүүлжүүлэхийн эмчид бие болохгүй, муу байна гэж хэлсэн юм. Эмч даралт үзээд “хэвийн байна, битгий баашлаад бай” гээд буцаад камер луу оруулсан. Эхнэр цонхоор “яаж байна” гэхээр нь “мэдэхгүй, гэдэс мушгиад толгой эргээд бие эвгүй байна” гэсэн чинь “би цагдаатай уулзаад гаргахыг бодъё” гэж хэлсэн. Намайг камераас гарга гэхээр нь гаргаад би шатан дээр ухаан алдаж унасан. Үүнээс хойш болсон явдлыг бүдэг санаж байгаа. Бүр болохоо байгаад Госпиталийн урд талын цэцэрлэгт хүндээр бие засаад дахиж ухаан алдсан. 103-т дуудлага өгөхөд эмч нь “дуудлага ихтэй байна ирж амжихгүй” гэсэн. Ингээд өөрсдийн машинаар дүүргийн эмнэлэг рүү очиж даралтаа үзүүлсэн чинь уначихсан байсан. Эмч яаралтай шингэн залгаж, би төлбөртэй өрөөнд нь нэг хоносон. Маргааш өглөө нь ЭХО-д үзүүлтэл эмч нь хэвлийд чинь шингэн байна, томографт яаралтай үзүүл гэхээр нь үзүүлсэн. Мөн рентгенд харуулсан. Ингээд үдээс хойш нь Гэмтлийн эмнэлэг руу түргэний машинаар хүргэгдэж, орой 19:00 цагийн үед яаралтай хагалгаанд орсон. Хагалгаа дууссаны дараа сэрээд, дахиад ухаан алдаж зүрх зогссон. Ингээд маргааш өглөө нь сэхээнд сэрсэн. 2 хоногийн дараа О.Б. эхнэртэйгээ намайг эргэж ирсэн. “Манай ахмад А.Д. намайг өвдөглөсөн гээд байна, яах вэ?” гэхээр нь “Би та хоёрт хоёуланд чинь гомдол гаргана” гэж хэлсэн. Би 7 хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсны дараа Алтанзул гэх мөрдөгч “яаралтай шүүх эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт очиход А.Д., О.Б. 2 уулзъя гээд ирсэн. Тэгээд “нэгэнт шүүх эмнэлгээр орсон юм бол хүндэрч байгаа юм байна” гээд олон юм яриад байхаар нь “би та хоёртой юм ярихгүй” гээд явсан. Үүнээс хойш энэ 2 намайг нэг ч удаа эргэж ирээгүй, утсаар яриагүй” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхлээд би дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгөхөд утсаа аваагүй юм. Тэгээд даргынх нь утсыг олж аваад дуудлага өгсөн. Өдрөөс хойш нийлж архи ууж, шуугилдаад байсан. Би өөрөө цагдаагийн албанд ажиллаж байсан тул ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай цонхны дор ирээд архи уугаад байхаар нь “та нар одоо боль” гэж хэлэхэд өөдөөс хараалын үг хэлээд байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Р.Ононцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 21:00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шинэ дөл” хотхоны 99Б-01 тоот гэртээ байсан. Манай нөхөр ажлын 5-6 найзуудын хамт гадаа талбайд юм яриад сууж байхад 2 цагдаа ирэхээр нь цонхоор нөхрийгөө “ороод ир” гэтэл Чука “за” гэхээр нь би гадаа гараад нөхрийгөө гэр лүүгээ оруулах гэтэл манай нөхөр цагдаа руу хандаад “намайг авч явахыг чинь харъя, би гэрийнхээ цонхоор орчих уу, эсхүл эрүүл байгаа эхнэрээ дагаад орох уу?” гэсэн. Тухайн үед манай нөхөр халамцуу байсан. Тэгтэл нөгөө 2 цагдаа “Чи яасан том залуу вэ? Очдог газраа очиж асуудлаа шийдүүл” гээд манай нөхрийг татахаар нь би нөхрөө орц руу дагуулаад орсон. Тэгтэл нөгөө 2 цагдаа араас ирээд манай нөхрийг гавлах гэж оролдож байхад Чукагийн найзууд салгах гээд дундуур нь орсон. Тэгтэл тэр 2 цагдаагийн нэг нь манай нөхрийн гэдэс рүү өвдөглөх шиг болтол манай нөхөр “ёо, элэг” гээд унасан. Тэр  хоёр цагдаагийн намхан нь /О.Б./ нь Ц.Ч.ын гарнаас нь татаад доош нь болгож тонгойлгоод, өвдгөөрөө гэдэс, аюулхай орчим нь өвдөглөөд газар унагасан. Ингээд газар унасны дараа өндөр цагдаа /А.Д./ нь гав гаргаж ирээд хоёр гарыг нь нурууных нь ард авчраад гавласан. Тухайн үед О.Б. нь манай нөхрийн нуруун дээр өвдгөөрөө дарж байсан. Тэгээд гарыг нь гавласны дараа босгож ирээд шууд автомашиндаа суулгаад Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачиж, эрүүлжүүлэх байранд хийсэн. Тэр хоёроос нөхрөө аваад явчихъя гээд гуйхад манай жижүүрийн ахлахаас гуйгаад аваад яв гэсэн. Тухайн үед жижүүрийн ахлах нь хошууч цолтой, эрэгтэй хүн байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн жижүүрийн ахлахаас нөхрөө аваад явчихъя гэтэл авчирсан цагдаатайгаа ярь гээд А.Д. лүү залгаж, энэ хүнийхээ асуудлыг өөрөө шийдэж өг, тухайн үед нь газар дээр нь торгоод шийдэхгүй яасан юм гэсэн. А.Д. дуудлагатай гэсэн учир би эрүүлжүүлэх байр луу орж цонхоор нь хартал манай нөхөр “миний хэвлийгээр өвдөөд байна, би баамаар байна, эмч дуудаад өг” гээд орилоод байсан. Би тэгэхээр нь буцаж ирээд нэг цагдаад хэлтэл эмч нь үзчихнэ гэсэн.  Дахиад эрүүлжүүлэхийн цонхоор хартал манай нөхөр атийгаад хэвтчихсэн байсан. Удалгүй А.Д. ирээд манай нөхрийг эрүүлжүүлэхээс гаргаад 4150 төгрөг тушаа гэхээр нь тушаасан. Тэгээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 1 давхрын шатан дээр хүлээж байтал манай нөхөр Чука гарч ирээд “би явж чадахгүй  толгой эргээд байна, жаахан сууя” гээд хөл дээрээ явган суусан. Тэгтэл А.Д. “битгий баашлаад бай, гарвал гар” гээд манай нөхрийг загнатал Чука ухаан алдаад унасан. Тэгтэл эрүүлжүүлэхийн эмч гарч ирээд манай нөхрийг ухаан оруулаад даралтыг нь үзтэл “хэвийн байна, битгий баашлаад бай” гэсэн. Би нөхрөө аваад хүлээлгийн танхим руу гарсан. Манай нөхөр замдаа “миний бие өвдөөд, 4 мөч бадайраад байна” гэж байсан. Тэгээд хэлтсийн хаалгаар гараад салхи амьсгалж байтал А.Д. 103 дуудаж өгсөн. Манай нөхрийн найз Б.Даваасүрэн, бас 103 луу залгатал ирэлгүй 2 цаг гаран болохоор нь 103-ын эмчээс “бид нар хүнээ аваад хаана очиж болох вэ?” гэтэл “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яваад оч, би хүлээн авахад нь хэлчихье” гэсэн. Тэгтэл нэг цагдаа гарц ирээд заавал 103 авч явах ёстой гэхээр нь манай нөхрийн бие муудаад байна гэсэн. Үүнээс өмнө манай хүү Ч.Мөнхдөл ирээд цагдаагийн хэлтсийн өмнө шүлсээ хаячихсан чинь манай хүүхдийг 10.000 төгрөгөөр торгоод, би жолоо барьж чадахгүй учир хэлтэс дээр баталгаа бичиж үлдээд манай хүү аавыгаа аваад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явсан. Би эмнэлгээс тэргэнцэр авчраад хүлээн авахын эмчид үзүүлээд төлбөртэй өрөөнд нь хэвтүүлсэн. Манай нөхөр хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ЭХО-д харуулааад, тодосгогчтой томографикийн зураг авахуулахад манай нөхрийг хэвлийн хөндийд шингэн байна гэж үзээд Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү шилжүүлсэн. Одоогоор хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Улиастай 114 чиглэлд жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Б.гийн хамт Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. 21:00 цагийн орчим Улиастай-10 буюу жижүүрээс жижүүрийн ахлах, хошууч Ууганбаяр над руу залгаснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 99 дүгээр байрны гаднах задгай талбайд очиход 40-45 орчим насны 6-7 эрэгтэй хүн дундаа нэг шил архи тавиад уугаад сууж байхаар нь шаардлага тавьсан. Тухайн хүмүүст хандаж “энд хүүхдүүд тоглож байна, одоо орон гэртээ ор, архи уудаг газар чинь биш” гэхэд тухайн хүмүүс “ойлголоо” гэхэд нэг эрэгтэй хүн “би та нарыг хэн явуулсныг мэдэж байгаа, би гэр лүүгээ цонхоор орох уу, хаалгаар орох уу гөлөг, пизда  нар минь” гээд салаавч гаргахад хамт байсан найз нар нь “боль боль” гэхэд үгэнд нь орохгүй байсан. “Би өөрөө наад ажлыг чинь хийж байсан” гээд шаардлага биелүүлэхгүй байж байтал эхнэр нь гарч ирээд “манай нөхөр байгаа юм, би аваад оръё, жаахан согтчихсон байна” гэж хэлээд орцны үүдээ чиглээд явтал тухайн хүн эргэж хараад чаддаг юм бол аваад яв, та нар намайг яаж ч чадахгүй” гээд дахиад орохгүй салаавч гаргаад хашгичаад байсан. Тэгтэл хажуугаар явж байсан иргэд “хүүхдүүд тоглож байна, наад хүндээ арга хэмжээ аваач, ажлаа яагаад хийж чадахгүй байгаа юм” гэхээр нь араас нь очоод авах гэхэд орц руугаа орохоор нь араас нь дагаад орсон. Тухайн хүний гэр нэг давхарт 1 тоот бололтой хаалган дээрээ очоод бид хоёр луу хашгичаад байхаар нь “хамт хэлтэс рүү явъя” гэж хэлэхэд шаардлага биелүүлэхгүй байхаар нь жолооч О.Б. гав гаргаж ирээд гавлах гэтэл эхнэр болон түүнтэй хамт архи ууж байсан нэг эрэгтэй миний гарнаас татаад байхаар тухайн хоёр хүнийг өөрөөсөө холдуулаад эргээд харахад О.Б. хохирогчийн урд зогсч байсан. О.Б. тухайн хүний нэг гарт гав зүүгээд хүзүүн дээр нь дараад тонгойлгосон байхаар нь цагдаадаа туслаад гавыг нь зүүлгээд орцноос авч гарсан. О.Б. хохирогчийг өшиглөсөн эсэхийг анзаараагүй. Энэ хооронд эхнэр нь нөхрөө үлдээхийг гуйгаад байсан. Би “та ямар ч байсан араас хэлтэс дээр хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тухайн хүнийг найзын хамт машиндаа суулгаад хэлтэс явж байх үед “надад цагдаа, шүүхээр дүүрэн танил байна, банди нар минь, маргааш гэхэд та нарыг ажилгүй болгоно, чамд гомдол гаргана” гэсээр хэлтэс дээр ирсэн. Жижүүрийн ахлахад болсон асуудлыг танилцуулаад тухайн иргэнийг саатуулсан талаар хэлсэн. Үүний дараа эхнэр нь ирээд манай нөхрийн буруу, нөхрөө аваад явчихъя, нойр булчирхай нь жаахан өвддөг юм гэж хэлээд байхаар нь жижүүрийн ахлахад мэдэгдээд ахлагч О.Б.г явуулж, тухайн саатуулсан Ц.Ч. гэгчийг гаргаж эхнэрт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Оюунбалтын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би нөгөө хэд дээр яваад очтол хаанаас ч юм хоёр цагдаагийн алба хаагч ирээд “дуудлагын дагуу ирж байна, иргэдээс хүмүүс архи уугаад байна” гээд дуудлага ирээд байна. Та нар одоо тарцгаа” гэж хэлэхээр нь “за за ойлголоо, бид нар тарлаа” гэж хэлээд тарцгаасан. Энэ үед Ц.Ч.ын эхнэр нь байрны гадаа гараад ирчихсэн “би нөхрийгөө аваад орлоо” гээд сугадаад байрныхаа орц руу ортол дуудлагаар ирсэн хоёр цагдаа Ц.Ч.ын хойноос орц руу нь дагаад орж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр цагдаа Ц.Ч.ын гарт нь гав зүүгээд хоёр талаас нь мөрнөөс нь сугадаад аваад гарч ирж байсан. Араас нь эхнэр нь, А.Даваасүрэн, Ж.Баасандорж нар дагачихсан “та нар заавал гавлах ёстой юм уу, энэ хүнийг үлдээчихэж болдоггүй юм уу, гэрийнхээ гадаа байна шүү дээ” гэж хэлж байсан. Цагдаа нар үг дуугарахгүй “та  нар эндээс холд” гэж хэлчихээд Ц.Ч.ыг автомашиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Ч.ын байрны гадаа ирээд цонхных нь доор бид нар суугаад дэлгүүрээс авсан архиа уух гэж байтал гэнэт хоёр цагдаа ирээд “та нар энд юу хийгээд байгаа юм бэ, эндээс одоо явцгаа” гэж хэлэхээр нь “за за, ах нар нь одоо тарлаа, бид нарын гэр энэ байранд байдаг юм” гээд тарах гэж байтал Ц.Ч. нь гэнэт л “би өөрийнхөө эзэмшил газар дээр байна. Та нарт ямар хамаатай юм” гээд нөгөө хоёр цагдаатай ам муруйсан. Тэгтэл эхнэр нь маргалдаж байхыг цонхоороо харчихаад гарч ирээд Ц.Ч.ыг татаж аваад гэр лүүгээ орох гээд орц руугаа аваад орсон. Тэгтэл нөгөө хоёр цагдаа нь Ц.Ч.ын хойноос орц руу нь орсон. Тэр үед би байрны гадаа байж байгаад удалгүй хойноос нь ортол нөгөө хоёр цагдаа уг байрны нэгдүгээр давхрын орцонд Ц.Ч.ыг газар унагаачихсан гарыг нь ар нуруунд гавлаж байхаар нь би тэд нар дээр очоод дундуур нь ороод цагдаа нарт хандаж, “наад хүний чинь гэр нь энэ хаалганд байдаг юм. Одоо ингээд гэр лүүгээ орчихно, зүгээр явуулчихаач” гэж хэлтэл тэр хоёр цагдаагийн нэг нь намайг цааш түлхээд “олон юм яриад байвал таныг ч бас авч яваад эрүүлжүүлэхэд хийнэ шүү” гэхээр нь “ахын дүү нар наад хүнээ явуулчихаач дээ, гэрийнх нь хажуунаас авч яваад байхдаа яадаг юм” гэхэд миний үгийг тоохгүй орцноос авч гараад цагдаагийн автомашиндаа суулгачихаар нь би дагаж гараад Ц.Ч.ыг аваад үлдчих санаатай очсон чинь “та ер нь яагаад саад болоод байна” гээд намайг бас автомашиндаа суулгаад, Ц.Ч. бид хоёрыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд аваачсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны гадна ирэхэд нэг цагдаа нь “та одоо яв, энэ хүнийг эрүүлжүүлнэ” гээд Ц.Ч.ыг эрүүлжүүлэх байранд оруулсан. Цаг орчмын дараа Ц.Ч.ыг эрүүлжүүлэх байрнаас гаргаж ирж байхаар нь яваад очтол эрүүлжүүлэх байрны шатан дээр Ц.Ч. нь доошоо тонгойгоод сууж байсан. Тэгээд бие нь өвдсөн болохоор Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү аваад явсан. Миний мэдэхээр байрны гадаа бол цагдаагийн алба хаагч нартай маргалдаж, хэрэлдсэн. Тэрнээс өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, зодолдож, ноцолдсон асуудал байхгүй. Харин сүүлд намайг орц руу хойноос нь ороход Ц.Ч.ыг орцны шалан дээр унагаад нөгөө хоёр цагдаа хоёр талд нь гарчихсан, нэг намхан цагдаа нь Ц.Ч.ын нуруун дээр нь өвдгөөрөө дараад, нэг гарыг нь татаад хойш нь болгоод нурууных нь ард гавласан. Миний харснаар Ц.Ч. ямар нэгэн байдлаар ёолж дуугараагүй. Харин гавлуулсныхаа дараа царай нь сонин болчихсон юу ч дуугарч, эсэргүүцэл үзүүлэлгүй дагаад явж байсан. Д.Батболд бид хоёрыг цагдаагийн хэлтсийн гадаа байхад Ц.Ч. эрүүлжүүлэх байрны шатан дээр элгээ тэвэрч суугаад, доошоо тонгойсон байдалтай “босохоор толгой эргээд байна. Миний гэдэс эвгүйрхээд бие засмаар байна, яах уу” гээд сууж байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Батболдын өгсөн: “...Ц.Ч.ын байрны цонхны доод талд харалдаа сандал тавиад дэлгүүрээс авсан пиво уугаад сууж байтал гэнэт л хоёр цагдаа ирээд “оршин суугчдаас дуудлага ирсэн. Та нар одоо тараад гэр гэр лүүгээ орцгоо” гэж байсан. Тэгтэл Ц.Ч.ын эхнэр нь гэрийнхээ цонхоор толгойгоо гаргаж ирээд “Чука орж унт” гээд байх шиг байсан. Тэгээд гарч ирээд Ц.Ч.ыг сугадаад авахаар нь би ч хойноос нь очоод нөгөө талаас нь сугадаад гэр лүү нь оруулах гээд орц руу ортол нөгөө хоёр цагдаа орцонд дагаж орж ирээд Ц.Ч.ыг татаж аваад авч явах гэхээр нь “энэ хүнийг гэрт нь одоо оруулаад унтууллаа, эхнэр нь байна. Хүүхдүүд нь ч гэртээ байгаа” гэж хэлтэл нөгөө хоёр цагдаа нь “энэ хүнийг авч явах ёстой” гээд нэг өндөр биетэй цагдаа нь гарыг нь хойш нь татаад нурууных нь ард болгоод гавласан. Нөгөө намхан цагдаа нь урдаас Ц.Ч.ын цээж хэсэг рүү өвдөглөсөн. Энэ үед Ц.Ч. нь элэг өвдөөд байна шүү дээ гээд өвдгөөрөө газар сөхрөөд суухад нөгөө хоёр цагдаа нь “битгий баашлаад бай” гээд татаж босгоод машиндаа суулгасан. Тэгтэл Ж.Баасандорж нь би хамт явна гээд машинд нь суугаад явчихаар нь Ц.Ч.ын эхнэр Р.Ононцэцэг, Б.Даваасүрэн хоёр такси бариад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс рүү явсан. Би унадаг дугуйтай байсан учир хойноос дугуйгаа унаад очсон. Намайг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ц.Ч.ыг эрүүлжүүлэх байранд хийчихсэн байсан. Эхнэр Ононгоос асуухад “Ц.Ч.ыг эрүүлжүүлэхэд хийчихлээ, эмч даралтыг нь үзээд хэвийн байна гэсэн” гэсэн. Тэгтэл Онон дүүргийн цагдаа нартай уулзаад Ц.Ч.ыг эрүүлжүүлэхээс гаргаад ирсэн. Ц.Ч. нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд наад талын шатан дээр нь явж чадахгүй суучихаад босохгүй “миний аймхай хэсгээр өвдөөд, босч явж чадахгүй байна” гээд байсан. Тухайн үедээ 103-ын Түргэний эмч дуудсан боловч ирэхгүй байхаар нь тэндээсээ шууд хөдлөөд замын хойд талд байрлах Баянзүрх дүүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр очоод Ц.Ч.ыг эмнэлэгт хэвтүүлсэн. Ж.Баасандорж, Б.Даваасүрэн бид гурав эмнэлгийн гадаа хэсэг байж байгаад гэр гэр лүүгээ харьсан. Маргааш нь ажил дээрээ ирэхэд Ц.Ч. эмнэлэг дээр байхдаа бие нь муудаж, дотуур цус алдаж, Гэмтлийн эмнэлэг дээр тэр өдөртөө хагалгаанд орсон байсан. Миний мэдэхээр бид нар Ц.Ч.ын байрны гадаа ганц нэг пиво уугаад сууж байсан. Яахав тухайн үедээ юм ярихдаа чанга дуугараад тэр хавийн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж магадгүй. Тэрний дагуу дуудлагаа цагдаа нар ирсэн. Ирсэн цагдаа нарт учир байдлаа хэлээд бид нар одоо болилоо, тарж гэр гэртээ орлоо гээд хэл амаа ололцоод явж байтал гэнэт л Ц.Ч. цагдаагийн алба хаагч нартай ам муруйж маргалдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59/,

- Гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн: “...Бид Ц.Ч.ын гэрийнх нь цонхны дор очиж суугаад архи задлаад уух гэж байтал хоёр цагдаа ирээд “дуудлагаар ирлээ, та нар наад архиа болиод тарцгаа” гэж хэлэхээр нь бид нар ч үгэнд ороод “ах нар нь одоо явлаа” гээд босцгоосон. Тухайн үед Ц.Ч. нь “би гэрийнхээ хажууд байна” гэх зүйл яриад цагдаа нартай муудаад байх шиг байсан. Тухайн үед би тэд нараас хол зайд байсан учир юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Удалгүй Ц.Ч. нь гэр лүүгээ орох гээд орц руугаа эхнэртэйгээ хамт орж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр цагдаа Ц.Ч.ыг гавласан байдалтай орцноос нь аваад гарч ирж байсан. ...Эрүүлжүүлэх байрны цонхон дээр нь очоод гаднаас нь хартал бие нь өвдөөд байгаа бололтой доошоо тонгойгоод сууж байсан. Тэгэхээр нь би “Ч. аа” гээд дуудадахад цонхон дээр ирээд “тамхи байвал найздаа өгчих, найзынх нь гэдэс өвдөөд бие засмаар байна” гэхээр нь тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Ч. эрүүлжүүлэх байрнаас гараад, шатаар нь өгсөж байгаад ухаан нь балартаад явж чадахгүй болоод шатан дээр муужраад унасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-92/,

- Гэрч Б.Эрдэнэчулууны өгсөн: “...Үүрэг гүйцэтгэж байхад шөнө 22:00 цагийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн офицер А.Д., цагдаа-жолооч О.Б. нар нь гудамжинд архидан согтуурсан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцсэн гэсэн зөрчил гаргасан 30 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүнийг авчирсан. Ингээд манай эмч С.Отгончимэг нь биеийн байдлыг нь үзээд, эрүүлжүүлэхэд ямар нэгэн харшлах зүйлгүй гэхээр нь Пүрэвбат бид хоёр хүлээн аваад, камерт оруулсан. Тэрнээс хойш 30 орчим минутын дараа саатуулагдсан эрэгтэйн гэр бүлийн хүн болох эхнэр гэх эмэгтэй А.Д.тэй хамт орж ирээд нөгөө хүнийг аваад явсан. Ц.Ч.ыг камерт оруулахаас өмнө эмч С.Отгончимэг биед нь үзлэг хийх үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Саатуулахад харшлах зүйлгүй гээд камерт оруулсан. Ц.Ч. нь камерт ороод өрөөнийхөө хүмүүстэй хэрэлдэж маргалдсан зүйл гараагүй. Камерт ороод сараалжин хаалганы хажууд сууж байгаад л гарсан. Уг камерт ороод нээх удалгүй 30 гаран минут болоод гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/,

- Гэрч С.Отгончимэгийн өгсөн: “...тухайн хүнийг саатуулахаар авчирсан учир уг хүний биеийн байдлыг үзэхээр болж эхний удаа согтуурлын зэргийг нь тусгай багажаар шалгаж үзэхэд 2.23 хувийн согтолттой байсан. Дараа нь гадна биеийн үзлэг хийхэд биед нь ил харагдах гэмтэл шархгүй байсан, ухаан санаа эрүүл, асуусан асуултад өөрийн үгээр хариулна. Артерын даралтыг үзэхэд 90/60 байсан. Уг хүнийг саатуулахад эрүүл мэндийн зүгээс ямар нэгэн харшлах зүйл байгаагүй.  Камерт оруулснаас хойш 1 цаг өнгөрсний дараа Ц.Ч. нь эмч дуудуулж “даралт ихсээд байна” гэхээр нь камернаас гаргаж ирээд даралтыг аппаратаар үзэхэд тухайн хүний даралт нь хэвийн 90/60 байсан. Тэгээд тухайн үед камерт олон хүн байгаа учир агаар муутай, тавгүй санагдаж магадгүй шүү гэж хэлчихээд буцаад камерт нь оруулаад байж байтал 20 орчим минутын дараа Ц.Ч.ын эхнэр нь эрүүлжүүлэх байранд орж ирээд “нөхрийгөө гаргаж авмаар байна” гэхээр нь “та энэ хүнээ гаргаж авмаар байвал энд авчирсан офицер ахмар А.Д.тэй уулз” гэж хэлсэн. Тэр эмэгтэй гарч яваад хэсэг хугацааны дараа ахмад А.Д.тэй хамт орж ирээд Ц.Ч.ыг аваад гарсан. Тэр хүн эрүүлжүүлэх байрнаас гарч явахдаа шатны хажууд алхаж байгаад зогсоод, шатны хажууд унасан. Тэгэхээр нь би хойноос нь очоод тэр хүний даралтыг үзэхэд 90/60 байсан. Ц.Ч.ын эхнэрээс “энэ хүн ямар нэг хууч өвчтэй юу?” гэхэд “нойр булчирхай өвддөг, хэд хоног архи уусан” гэж хэлэхээр нь “та ямар ч гэсэн нөхрийгөө дагуулаад хойд талын дүүргийн эмнэлэгт очиж үзүүл, бид нар нойр булчирхайн өвчнийг үзэж, оношилж, эмчилгээ хийх боломжгүй” гэсэн. Тэгээд тэр эмэгтэй Ц.Ч.ыг аваад явсан. Тэр хооронд ахмад А.Д.гийн 103-т дуудлага өгсөн эмч нар явсаных нь дараа ирчихээд буцаад явсан. Анх ахмад А.Д., О.Б. нар Ц.Ч.ыг авчирахад нь тухайн хүнтэй ярилцахад миний асуултад цэгцтэй хариулж, ямар нэгэн  байдлаар танай цагдаа нар намайг зодсон, миний биеийн байдал муу байна гэж хэлээгүй. Саатуулах байранд орж ирэхдээ нэлээн ууртай орж ирсэн. Саатуулах байранд авчирсан ахмад А.Д., О.Б. нартай маргалдаад орж ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/,

- Гэрч Х.Батдэлгэрэхийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 16:50 цагт Гэмтлэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар Ц.Ч. гэх эрэгтэй ирж, яаралтай хэвтсэн ба жижүүрийн эмч үзээд хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтний гэмтэл байж магадгүй гэж үзээд, зохих шинжилгээнүүдийг бүрдүүлээд яаралтай хагалгаад орохоор байна гэж намайг дуудсан. Би тухайн өвчтөнийг ирж үзээд яаралтай хагалгаанд орохоор болсон. Ц.Чулунбаатарын хэвлийн хөндийг нээж үзэхэд хэвлийдээ 2300 мл цустай, хөндлөн гэдэсний чацархай няцарч, задарсан байсныг оёж цус тогтоогоод, угааж гуурс тавьсан. Мэс заслын дараа өвчтөнийг ерөнхий унтуулганаас сэрээх явцад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсч, сэхээн амьдруулах үйл ажиллагааны дүнд сэргэж, ухаан орсон. Эрчимт эмчилгээний тасагт өвчтөнийг хянаж, эмчилгээг үргэлжлүүлж биеийн байдал тогтворжсон тул цээж хэвлийн мэс заслын тасагт шилжүүлэн хэвтүүлэх гэж байна. Өвчтөн одоогоор биеийн байдал хүнд, мэс заслын дараах байдалтай, ухаантай, асуултад хариулж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “Энэ гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу гэх мэт зүйлсийг авч үзнэ. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн хэсэгт гаднаас өвдөг, тохойлдох зэргээр хүчтэй даран цохих зэргээс болж дээрх гэмтэл нь үүсгэгдэж болно. Тухайн гэмтлийг авсан даруйд өвчин зовиур мэдэгдэж, цус алдалтаас хамаарч дотуур цус алдалт нэмэгдэх зэргээр тухайн хүний биед судасны цохилт ихэсч, даралт унаж, амьсгаадах, дотор муухайрах, хэвлийн хэсгээр хүчтэй өвдөлт өгнө. Мөн ухаан алдаж, шоконд орох шинжүүд илэрнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-120/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9017 тоот:

1. Ц.Ч.ын биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чадархайн няцарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон” гэх дүгнэлт /хх-ийн 98/,

- Компакт дискэнд /камерын бичлэг/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-29/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 205-206, 216, 218, 220, 225, 228, 229, 231, 234, 235, 238, 239, 242, 248, 2-р хх-ийн 11/,

- СӨХ-ийн болон энгэрийн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргалын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25/5574 тоот албан бичиг /1-р хх-ийн 33/,

- Ц.Ч.ын гэрчээр өгсөн: “Би уучихсан байсан учир цагдаагийн дургүй хүргэсэн байх. Тэгээд эхнэр гарч ирээд бид хоёр орц руу ортол нөгөө 2 цагдаа заавал авч явна гээд гавлах гэж байх явцад дээрээс 2 цагдаа дараад, би эсэргүүцэж байх явцад хэвлийн орчим эвгүй болохоор нь би ахмад залууд “чи намайг өвдгөлчихлөө” гэж хэлэхэд хоёулаа нийлээд дараад гавлаад аваад явсан. Яг хэн нь өвдөглөсөн талаар мэдэхгүй байна, баруун талаар л өвдөглөх шиг болсон. Тэр даруйдаа гайгүй байсан. Эрүүлжүүлэхэд ороод байж байтал гэдэс өвдөж, толгой эргэж дотор муухай оргисон. Тэгээд эрүүлжүүлэх байрны эмчид үзүүлэхэд “зүгээр байна, хэвийн байна” гэж загнаад байсан. Тэгээд буцаж оруулаад удалгүй маш ихээр өвдөж эхэлсэн. Түүнээс хойш ухаан орж гараад, нэг ухаан ороход эрүүлжүүлэхээс гараад толгой дээрээс ус асгаж байсан. Тэгээд 103 дуудаад ирэхгүй байсан учир өөрсдөө очоод тэнд хоноод маргааш өдөр нь Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42/,

- Шинжээч  томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 96/,

- Өвчний тэмдэглэл /1-р хх-ийн 108/,

- О.Б.гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 133-146/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 156/,

- Дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 167/,

- Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 169/,

- Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавал /1-р хх-ийн 179-186/,

- Гэрч О.Болорхуягийн өгсөн: “О.Б. бид хоёр Өвөрхангай аймгийн нэг нутгийн хүүхдүүд байгаа юм. Бид хоёр Өвөрхангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуульд сурч байсан. Сургуульд орсон цагаасаа эхлэн одоог хүртэл найзлаж нөхөрлөж байна. Манай найз төлөв даруу, хүнд тусархүү, зөөлөн сэтгэлтэй, хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хичээнгүй, үр хүүхэд, хань ижилдээ халамжтай хүн байгаа юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. О.Б. нь 3 хүүхэдтэй. Гурван хүүхэд нь бага насны, эхнэр нь хүүхдүүдээ гэртээ хардаг. Энэ гэр бүлийн ганц ажил хийдэг хүн нь О.Б. байгаа юм. Манай найз урьд нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ер нь даруу төлөв зантай, жаахан дотор талдаа хүн. Өөрт тохиолдсон зүйлээ тэгж их хүнд хэлээд яваад байдаггүй, ганцаараа шаналаад байдаг юм. Хүний хувьд үнэхээр сайн хүн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191/,

- Гэрч Ө.Анхцэцэгийн өгсөн: “Би О.Б.тай 2010 онд гэр бүл болж, одоог хүртэл эхнэр, нөхөр болон амьдарч байна. Бид хоёр дундаасаа бага насны 3 хүүхэдтэй. Манай нөхөр төлөв даруу, хүнд тусархүү, зөөлөн сэтгэлтэй, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хичээнгүй, үр хүүхэд, хань ижилдээ халамжтай, сайн эцэг байгаа юм. Манай нөхөр өөрийн хүсэл сонирхлоор 2014 онд цагдаагийн байгууллагад ажилд орж, одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Миний хувьд нөхрийгөө ажлаа хийж байгаад хэрэгт холбогдсон гэхэд гомдолтой байна. Манай гэр бүлийг нөхөр О.Б. л авч явдаг. Миний хувьд ажилгүй, бага насны 3 хүүхдээ гэртээ хардаг учир үнэхээр хэцүү байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/,

- Өвчний түүх /1-р хх-ийн 99/,

- Хохирлын тооцоо /1-р хх-ийн 198-199/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б. нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Ч.ыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн :

- Хохирогч Ц.Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Гэрч Р.Ононцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Гэрч А.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Гэрч Ж.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Гэрч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59/,

- Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/,

- Гэрч С.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/,

- Гэрч Х.Батдэлгэрэхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 120-120/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9017 тоот дүгнэлт /1-р хх-ийн 44-45/ зэрэг шүүх хуралдаанд хэргийн оролцогч болон бусад оролцогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал зөрчсөн, яллагдагчид яллагдагчаар татах тогтоол, шинжээч томилсон тогтоолыг даруй танилцуулаагүй, хохирогч зөрчил гаргасан байхад зөрчлийн хэрэг нээгээгүй, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг унтраасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хэрэгт О.Б.гийн ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, чацархайн няцарсан шархыг оёсноор хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн байх тул гэмтлийн зэрэг эргэлзээтэй, цагдаагийн алба хаагчийн учруулсан хохирлыг цагдаагийн байгууллага хариуцах ёстой, хохирогч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хохирогч гэмт хэргийн эх сурвалжийг зааж чадаагүй, хохирогч хэд хоног архи уусан, нойр булчирхай нь өвдөөд байсан, мөн машин зассан гэж ярьдаг тул түүний авсан гэмтэл нь үүнээс өмнө үүссэн байж болзошгүй, эрүүлжүүлэх байрнаас хохирогчийн бие муудаад гарсан гэх баримт байхгүй, хэргийн зүйлчлэл буруу” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, хохирлын баримтуудыг хамгаалж, скочдсон боловч арилсан, хохирогчийн зүгээс эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нийт 9.331.685 төгрөгийг нэхэмжилж байгаа, хохирогч цагдаагийн энгэрийн камерыг унтраагаагүй, хохирогч эх сурвалжаа заасан, цагдаагийн алба хаагч бусдын биед гэмтэл учруулахыг Цагдаагийн албаны тухай хуулиар зөвшөөрөөгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4/434 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б.д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах харьяаллыг Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тогтоож, прокурорын хяналтын харьяаллыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт тогтоосон нь болон мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй”, 31.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас /1-р хх-ийн 167/ үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “...яллагдагчаар татах тогтоолыг нэн даруй танилцуулна гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 4 хоногийн дараа уг тогтоолыг танилцуулсан” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж заасан байна. Прокурор 2019 оны 11 сарын 21-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэнийг мөрдөгч 4 хоногийн дараа танилцуулсан нь энэ хуулийг зөрчөөгүй байна.  Мөн шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, хэрэгт авагдсан эрүүл мэндийн байгууллагатай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг 2019 оны 07 сарын 22-ны өдөр үйлдсэн, тухайн үед шүүгдэгчийн сэжигтнээр болон яллагдагчаар татаагүй байсан байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулсан, шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцахдаа шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцаагүйгээс эрх ашиг нь хохирсон талаар гомдол, хүсэлт гаргаагүй байна. Хэрэгт Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 07 сарын 17-ны өдөр нээсэн 09759 дугаартай өвчний түүхийг 2 дахин хуулбарлан хавсаргасан байх бөгөөд хэргийн 98-109 дүгээр хуудсанд хуулбар үнэн болохыг баталсан тамга тэмдэгтэй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ц.Ч. зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг унтраасан нь гэмт хэргийн шинжтэй гэсэн нь уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад болохгүйн дээр хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд Ц.Ч. нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...жижиг цагдаа нь зүүн талаас татаад өвдгөлчих шиг болсон...” гэж, мөн гэрч Р.Ононцэцэг, Д.Батболд нар нь хохирогчийг О.Б. өвдөглөсөн гэж мэдүүлсэн нь эх сурвалж тодорхойгүй гэж үзэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.  

Нөгөөтэйгүүр, шүүгдэгчийн өмгөөлөгч “...хохирогч хэд хоног архи уусан, нойр булчирхай нь өвдөөд байсан, мөн машин зассан гэж ярьдаг тул түүний авсан гэмтэл нь үүнээс өмнө үүссэн байж болзошгүй” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Харин гэрч Б.Эрдэнэчулуун, С.Отгончимэг нарын мэдүүлгээс үзвэл хохирогч “Ц.Ч. эрүүлжүүлэх байранд бусадтай маргалдаагүй, эрүүлжүүлэх байрнаас гарч явахдаа шатны хажууд ухаан алдаж унасан” гэсэн нь хохирогч хэрэг болсон цаг хугацаанаас хойш тухайн гэмтлийг аваагүй, шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн мэдүүлэгт “...тухайн гэмтлийг авсан даруйд өвчин зовиур мэдэгдэж, цус алдалтаас хамаарч дотуур цус алдалт нэмэгдэх зэргээр тухайн хүний биед судасны цохилт ихэсч, даралт унаж, амьсгаадах, дотор муухайрах, хэвлийн хэсгээр хүчтэй өвдөлт өгнө. Мөн ухаан алдаж, шоконд орох шинжүүд илэрнэ” гэсэн байх тул гэмтлийн улмаас хохирогчийн биед зовиур хэсэг хугацааны дараа илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2-т гэмтлийн зэргийг шалгуур шинжээр нь тогтоохдоо амь насанд аюултай гэмтэл, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан гэх шинжүүд нь зайлшгүй бүгд хангагдсан байхыг шаардахгүй тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9017 тоот дүгнэлтэд “дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн нь тухайн гэмтлийн зэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана”, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.1-д зааснаар биеийн хүч буюу албадлагын арга хэмжээг “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх”, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно” гэж тус тус заажээ. Хэргийн үйл баримт, гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл тухайн этгээдүүдийг зөвшөөрөгдөөгүй газар архидан согтуурч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр тухайн газрыг орхин явах шаардлагыг тавьсан хирнээ бусдын буюу ойр дотны хүний хараа хяналтад байгаа, шүүгдэгч гэрч нарын мэдүүлснээр “биеэ хянах чадвартай” этгээдийг “цаашид гэртээ ороод зөрчил юм уу, гэмт хэрэг үйлдэж магадгүй байсан” (гэрч А.Д.гийн мэдүүлснээр), “хууль ёсны” шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар, эрүүлжүүлэх байранд саатуулах зорилгоор биеийн хүч хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хуульд заасан үндэслэл бий болоогүй байгааг мэдсэн, мэдэх боломжтой байхад тийнхүү “хуульд заасан журмын дагуу” гэж үзэн хүч хэрэглэж, улмаар хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт  “Цагдаагийн албан хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна” гэж заасан байх боловч Цагдаагийн алба хаагч О.Б. нь албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгээгүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул хохирлыг гэм буруутай этгээд хариуцах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар О.Б.г хохирогч Ц.Ч.ын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

            Хохирогч нь 9.331.685 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эмчилгээ, эмний зардал 876.150 төгрөг, хохирогч Ц.Ч.ын цалингийн зөрүү 805.000 төгрөг, асрах хугацааны цалингийн зөрүү 1.054.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 4.235.830 төгрөг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц.Ч.т олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гарган 4.450.000 төгрөгийг төлсөн болно.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч О.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг мөн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоох боломжтой гэж үзэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б. овогт О.ын Б.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б.д арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б.д оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг О.Б.д мэдэгдсүгэй.

5.Хохирогч Ц.Ч. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА