Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, өмгөөлөгч Ч.Ул, Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ог, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Х” ХХК-ийн захирал А.Бг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэр, дүгнэлт зөвлөмж, Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаар зөвлөмж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Б” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэр, дүгнэлт зөвлөмж, Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаар зөвлөмж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Бадрангуй-Орших” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

Техникийн тодорхойлолтод тусгагдсанаар Шахагч төхөөрөмжтэй автомашины хойд тэнхлэгийн даац 4700, урд тэнхлэгийн даац 3100 кг байх ёстой гэдэг ба “Б” ХХК нь тендерийн материалдаа Шахагч төхөөрөмжтэй хогийн машины даацыг 5 тн гэж санал болгодог.

Гэвч бодит байдал дээр “Б” ХХК нь техникийн тодорхойлолтоос хэт бага 2 тонны даацтай шахагч төхөөрөмж бүхий машин оруулж ирэн хүлээлгэж өгсөн нь гаалийн мэдүүлгээс харагдах ба энэ нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг “Б” ХХК хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэсэн.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем www.smartcar.mn хаягаас Шахагч төхөөрөмжтэй хоёр автомашины ......, ......... улсын дугаараар хайлт хийхэд техникийн тодорхойлолтод заасан даацын хэмжээнд хүрэхгүй, илт бага даацтай гэдэг нь харагдана. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн шүүх “...“Б” ХХК-ийн санал болгосон №0155-2002-QA-GRC-RvA/Rev.1 тоот ISО9001:2015 стандартын гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байхад гэрээг монгол хэлээр орчуулахдаа “2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр” гэж хүчинтэй мэтээр орчуулсан. “Б” ХХК нь “Б” ХК-тай гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан ба тус гэрээний эх хувь дээрх огноо нь “2020 оны 10 сарын 01-ний өдөр” гэсэн байхад гэрээг орчуулахдаа гэрээ байгуулагдсан огноог “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр” гэж илт зөрүүтэй орчуулсан.

Хэрэв “Б” ХХК нь “Б” ХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан гэж үзвэл гэрээний хугацаа дууссан. Веigi Foton motor Co.Ltd буюу “Б” ХК-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдах байтал Foton international trade co.Ltd /Фотон интернэйшнл трейд/ гэх өөр компани тамга дарагдсан хэр нь гарын үсэг зурагдаагүй, мөн Beejing poton daimlar avtomototive co.Ltd гэх компанийн чанарын удирдлагын гэрчилгээг санал болгож орчуулахдаа “Б ХК” гэж орчуулсан байгаагаас дүгнэн үзэхэд “Б” ХХК албан ёсны борлуулагчийн гэрээн дээрх компанийн нэр, гэрээт борлуулагчийн гэрчилгээн дээрх нэрс хоорондоо зөрүүтэй байхад үүнийг нягталж он, сарыг нь тулгаж шалгаагүй ба тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т “үйлдвэрлэгчийн гэрчилгээг ирүүлнэ” гэж зааснаас үзвэл дээрх компаниудын аль нь үйлдвэрлэгч гэдэг нь тодорхойгүй байхад Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1(ё) 3-т заасныг хангаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үнэлгээний хороо нь дээрх нотлох баримтуудыг сайтар тулгаж нягталж үзэх үүрэгтэй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж зөв дүгнэсэн.

Гэвч “Б” ХХК-ийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1, 12.1 (ё) хэсгийн 4-т тус тус заасан шаардлагуудыг хангахгүй байгаа талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1-т “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт: Шаардлагатай. Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана” гэж заасан байтал тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу шалгарсан “Б” ХХК-ийн санал болгосон 5 тн-ын даацтай авто машины хөдөлгүүрийн багтаамж, хөдөлгүүрийн чадал, нийт хэмжээний өргөн, өндөр зэрэг үзүүлэлт, 8 тн-ын даацтай автомашины тэнхлэг хоорондын зай, газраас тэнхлэг хүртэлх зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал овор хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрөөтэй байдаг.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хандсан Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/3786 дугаар албан бичигт “...“Б” ХХК-ийн ...үзүүлэлтүүд нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрөөтэй байх бөгөөд Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийгээгүй байна” гэсэн байдаг.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ ч тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийгээгүй нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон тайлан, дүгнэлт зэргээс илт харагдах ба хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс техникийн тодорхойлолтод оролцогчийн санал болгож буй автомашин нь доорх үзүүлэлтээс багагүй байна гэж заасан бөгөөд “Б” ХХК-ийн санал болгож буй үзүүлэлт нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс илүү тул шаардлага хангаж байна гэж тайлбарладаг. Гэтэл техникийн тодорхойлолт нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны нэг хэсэг ба Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд Худалдан авах барааны талаарх дор дурдсан өгөгдлүүд нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны холбогдох зүйл, заалтын мэдэгдлийн гүйцэтгэх нэмэлт оруулах эсхүл өөрчлөх зорилготой.

Хэрэв ТОӨЗ-ны зүйл заалттай зөрчилдвөл энэхүү хүснэгт дэх мэдээллийг зөв гэж үзнэ гэж заасан тул Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1-т “нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана” гэж заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс татгалзах ёстой байсан.

Нөгөөтээгүүр захиалагчийн санал болгож буй техникийн үзүүлэлтээс илүү гэх үндэслэлээр шалгаруулж болохгүй. Учир нь үзүүлэлт тус бүр ихсэх нь захиалагчийн тооцоолж буй хэрэглээний зардал болон хорт утаа ялгаралт хэт өндөр болно.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 (ё) хэсгийн 4-т “Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ” гэж заасны дагуу “Б” ХХК мэргэжлийн засвар үйлчилгээний төвийг 2019 оноос эхлэн ажиллуулж байна гээд сэлбэгийн дэлгүүр болон засварын газар гэх зургийг ирүүлсэн.

Гэвч энэхүү зургууд тухайн засварын газар “Б” ХХК-ийн эзэмшил гэдгийг нотлохгүй буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 1 (ё) хэсгийн 4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.4-т “тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт” гэж заасныг зөрчиж байна.

Тодруулбал тухайн засварын газар “Б” ХХК-ийн эзэмшлийн байхын тулд үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээний дагуу эзэмшин үйл ажиллагаа явуулж буй талаарх баримт байх шаардлагатай. Мөн засварын газарт ажиллах боловсон хүчин, мэргэжилтэн, засварчин байхгүй. түүнийг нотолсон баримт байхгүй байна. Харьцуулбал “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн засварын төвтэй талаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 117 тоотод байршилтай автозасвар, үйлчилгээний зориулалттай 3287 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, засварын төвийн зураг, багаж тоног төхөөрөмжийн зураг, боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байсан гэрчилгээнүүдийг ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1(ё) хэсгийн 4-т заасан шаардлага хангаж байна.

“Б” ХХК-ийн дээрх үйлдэл нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 (ё) хэсгийн 4-т заасан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд өөрийн эзэмшлийн засварын төвгүй гэж үзэн ТӨШХ-ийн 12.1(ё) дэх хэсэгт “Дээр заасан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд:

Шүүх “...тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер явуулж үнэлэхийг даалгасан ч гэрээний хүчинтэй байх хугацаа дууссан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал тендерийн баримт бичгийн хэд хэдэн шаардлагыг хангаагүй тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.3. 27.4-т заасныг зөрчсөн хууль бус байх ба улмаар 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан нэхэмжлэгчийн өрсөлдөх тэгш боломжтой байх эрхийг зөрчсөн тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хамгаалах үүрэгтэй.

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хог тээврийн шахагч автомашин 2 ширхэг, хог тээврийн автомашин 1 ширхэг хүлээн авсан тул шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэх боловч энэ талаарх баримт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7204 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх арга хэмжээ авахад байсан буюу автомашинуудыг хүлээн авсан байсан ч шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлсэн.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тухайн актын үйлчлэлийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түр зогсоож, нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт тогтоож, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох боломжтой нөхцөлийг хамгаалах зорилготой.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7204 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхдээ шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой бөгөөд уг байдалд хамгаалалт тогтоосон шийдвэр юм.

Гэтэл уг нөхцөл өөрчлөгдөөгүй байхад шүүх Үнэлгээний хорооны хууль бус шийдвэр байгаа хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэж дүгнэж буй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх, уг шийдвэр нь хэрэгжих боломжтой. Аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас хохирсон хохирлоо “Б” ХХК өөрөө хариуцах эрх зүйн үр дагавартай тул шаардлага хангахгүй машиныг нийлүүлэгч “Б” ХХК-д буцаах, улмаар дахин үнэлгээ хийх, тендерийн сонгон шалгаруулалт явуулах бүрэн боломжтой.

Тендерийн баримт бичигт заасан хэд хэдэн шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг шалгаруулсан, тухайн “Б” ХХК нь “4700 кг даацтай автомашин оруулж ирнэ” гэсэн боловч хорт утаа их ялгаруулдаг, хэт бага 2000 кг даацтай машин оруулж ирсэн, уг байдлыг мэдэх, шалгах ёстой ч хүлээн авсан гэх мэт маш их хууль бус үйлдлүүд болсон байтал “гэрээ дуусгавар болсон, шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй” гэж дүгнэх нь аливаа хууль бус, үйлдэл, үйл ажиллагааг үл тоож, өөгшүүлж буй үйлдэл байна.

Хэдийгээр тендер хэрэгжсэн ч хууль бус шийдвэр, үйл ажиллагаа явуулсан байвал дахин тендерийг үнэлэх, сонгон шалгаруулалт хийхийг даалгах, гэрээг цуцлах зэрэг тохиолдлууд шүүхийн практикт бий болсон ба ингэж хууль бус үйлдэлтэй тэмцэж нийгэмд шударга ёсыг тогтоох учиртай.

“Х” ХХК шалгарах ёстой байхад шаардлага хангаагүй “Бадрангуй-Орших” ХХК-ийг хууль зөрчин шалгаруулсан улмаар хорт утаа ихээр ялгаруулах, хэт бага даацтай автомашин нийлүүлсэн нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буйг анхаарах нь зүйтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 755 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Захиалагчаас худалдан авах хог тээврийн автомашины /шахагч/ техникийн тодорхойлолтыг тогтоохдоо тухайлбал хөдөлгүүрийн багтаамж 3907 сс, хойд тэнхлэгийн даац 4700 кг, урд тэнхлэгийн даац 3100 кг, хог ачих тэвшний нийт багтаамж 6м3, ачих хэсгийн багтаамж 0.8 м3-ээс тус тус багагүй байхаар заажээ.

Тендерт шалгарсан “Б” ХХК болон нэхэмжлэгч “Х” ХХК-ийн санал болгосон хог шахагч автомашины техникийн үзүүлэлт дээрх шаардлагыг бүрэн хангасан байна.

Техникийн тодорхойлолтод үүнээс өөрөөр буюу автомашины “даац”-ын талаарх шаардлага тавигдаагүй, иймд “…тендерт оролцохдоо 5 тн-ын даацтай автомашин нийлүүлэхээр санал болгосон атлаа импортоор оруулж ирсэн 2 автомашины гаалийн мэдүүлэгт “даац 2 тн” гэж мэдүүлснээр техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй…” гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт буруу.

Харьцуулан үзэхэд гуравдагч этгээдийн санал болгосон автомашины хойд, урд тэнхлэгийн даац техникийн тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд тендерт нийцсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн санал болгосон автомашины тухайд ч энэхүү үзүүлэлт адил байна.

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 1.2.6-д “бүх жин” гэж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг” ойлгохоор, мөн 24.1-д “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхээргүй байна” гэж заасан.

“Б” ХХК-ийн санал болгосон автомашины өөрийн жин 5350 кг, ачих даац 2000 кг гэж үзвэл дээрх дүрэмд зааснаар бүх жин 7350 кг, энэ нь тендерийн баримт бичигт заасан урд, хойд тэнхлэгийн даацтай дүйцэж байна. 

Иймд тус компанийн тендерийн баримт бичгийн 174 дэх талд буй DONGFENG DFAC 4х2 шахагч төхөөрөмжтэй хогны автомашины үзүүлэлтэд “даац 5 тн” гэж бичсэн, гэвч бодит байдалд оруулж ирсэн автомашины даацыг 2 тн гэж гаальд мэдүүлсэн зэрэг нь тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх үр дагаварт хүргэхгүй.

2.Хог тээврийн зориулалттай автомашины тухайд тендерийн шаардлагад даацыг 8 тн-оос “багагүй” байхаар заасан, гуравдагч этгээдээс санал болгосон автомашины техникийн үзүүлэлт нь 16 тн байна.

ТОӨЗ-ны 19.1-д “Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана” гэж заасны “зөрсөн” гэдгийг энэ тохиолдолд захиалагчийн тавьсан шаардлагад үзүүлэлтээрээ хүрэхгүй байхыг ойлгохоос бус тухайлбал 8 тн-ын даацтай хогны машин худалдан авах тендерт 16 тн-ын даацтай автомашин санал болгосныг зөрсөн гэж үзэхгүй.

Мэдээж даацын хувьд захиалагчийн хүссэнээс 1 дахин их байгаа учраас тухайн автомашины тэнхлэг хоорондын болон газраас тэнхлэг хүртэлх зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал, овор хэмжээ, зэрэг үзүүлэлтүүд 8 тн-ын даацтай автомашины техникийн тодорхойлолтод зааснаар илүү байх нь зүйн хэрэг. 

Шахагч машины тухайд техникийн тодорхойлолтыг хангаж байгаа талаар нэгэнт дүгнэсэн тул мөн ТОӨЗ-д заасан “зөрсөн” гэдэгт хамаарахгүй.  

Өмнө нь Сангийн яам гомдлыг хянаж “…шалгарсан компанийн санал болгосон автомашины техникийн үзүүлэлт тендерийн баримт бичигт заасан тодорхойлолтоос зөрүүтэй байгааг дахин хянан үз…” гэж шийдвэрлэхдээ захиалагчийн тавьсан “багагүй байна” гэсэн шаардлагыг анхаарч үзээгүйгээс үнэлгээ дахин хийгджээ.

Нэхэмжлэгчээс хог шахагч автомашин 2 ширхэг, хог тээвэрлэх автомашин 1 ширхэгийг нийт 699.899.000 төгрөгөөр, харин гуравдагч этгээд ....... төгрөгөөр тус тус нийлүүлэхээр санал болгосон, иймд “Б” ХХК-ийн тухайд санал болгосон автомашинуудын техникийн үзүүлэлт шаардлагад нийцсэн төдийгүй хог тээвэрлэх машины хувьд даац нь захиалагчийнхаас 1 дахин их, мөн тендерийн үнийн санал нь нэхэмжлэгчийнхээс ....... төгрөгөөр бага байх тул үнэлгээний хорооноос “Б” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлийн 28.1-д “…шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэнтэй тус тус нийцсэн гэж үзнэ.

3.Шүүх гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигт байгаа “…ISO9001:2015 стандартын гэрчилгээний хүчинтэй хугацаа, Б компанитай байгуулсан гэрээт борлуулагчийн гэрээний огноо орчуулгатайгаа, мөн гэрээнд дарагдсан тамга, гарын үсэг, гэрээт борлуулагчийн нэр зөрүүтэй…” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхдээ тендерт шалгарсан “Б” ХХК 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу автомашинуудыг импортоор оруулж, мөн оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн, тухайн автомашинууд хог тээвэрлэж байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй.

ТШӨХ-ийн 12.1(ё)-ын 4-т “Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг дэх Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тус компанид олгосон авто засварын үйлчилгээ эрхлэх болон сэлбэг худалдахыг зөвшөөрсөн гэрчилгээ, засварын газрыг харуулсан фото зураг хангахгүй гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл баталгаат засварын төвтэй болохоо нотлох баримтад чухам ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт хууль болон ТШӨХ-д тусгагдаагүй, иймд нэхэмжлэгчийн хувьд энэ талаар хангалттай баримт бүрдүүлсэн нь гуравдагч этгээдийн бүрдүүлсэн дээрх баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН