Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 63

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                    Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                                  А.Золзаяа

Шүүгдэгч                                   З.Янсансүрэн

                    Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Л.Батжав

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж  шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжавын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд, Боржгон овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518020362 дугаартай, 149/2016/0020/Э хэргийн индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер, мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 6-141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Авто стандарт” группын захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд /РД: ХМ74052337/

2.Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3 дугаар байр 30 айлын №10 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн. /РД: ЧЕ56122370/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 79 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн     11.4-р зүйлийн 2.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр З.Янсансүрэнг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Т.Ганболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9-р зүйд заасан журмаар ял оногдуулж болохыг анхааруулж,

-Шүүгдэгч З.Янсансүрэн, Т.Ганболд нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-р зүйлийн 1.1-д зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Нефтийн 3-10 тоот хаяг байрлах 29мк  орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Янсансүрэн, Т.Ганболд нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг гараад 2 жил болсон. Давж заалдах шатны шүүхээр 5 дахь удаагаа орж байна. ...Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх хэлэлцээд Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах шийдвэр гаргасныг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн дараах үндэслэл, нотлох баримтуудаар Ганболдод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулахаар гомдол гаргаж байна.

Нэг. Хохирогчийн мэдүүлэг, түүний шүүхэд гаргасан бичгийн баримтуудыг шинжлэхэд:

А/ Баталгаа гэх бичгийн баримт.

Хавтаст хэргийн 134, 135 дугаар хуудсанд байгаа 2014-10-16 гэж оноо андуурсан Баталгаа, 2015-10-18-нд гэсэн Баталгаа гэх бичгийн баримтыг хохирогч Пүрэвдорж нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахаасаа өмнө өөрийн гараар бичиж үйлдсэн байдаг. /Энэхүү баримтыг шүүгдэгч Ганболд хэрэг шүүхэд шилжсэний дараа гаргаж өгсөн./ Энэхүү баталгаа гэх бичгийн баримтаараа Ганболдод бус Янсансүрэнд зодуулж, хавиргаа хугалуулсан гэдгээ бичсэн байдаг. Харин өргөдөл өгөхдөө хавсаргасан 2015-10-18-нд гэсэн Баталгаа нь өмнө нь бичиж өгсөн баримтаа үгүйсгэж нөхөж бичиж өгсөн. Түүндээ Ганболд, Янсансүрэн нарт зодуулсан гэж бичсэн болно.

Б/ Хүсэлт гэх бичгийн баримт.

2017 оны 7 сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр хохирогч Пүрэвдорж нь Хүсэлт гэх өөрийн гараар бичсэн бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөхийн хамт, шүүх хуралдаан дээр уншиж танилцуулсан. Энэхүү баримтад мөн л тэрээр Ганболдод бус Янсансүрэнд зодуулж, хавирга, хурууны ясаа хугалуулсан гэдгээ бичиж, хэлсэн болно.

В/ Шүүхэд өгсөн мэдүүлэг.

2017 оны 7 сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр хохирогч Пүрэвдорж нь мэдүүлэг өгөхдөө Ганболдод бус Янсансүрэнд зодуулж, хавирга, хурууны ясаа хугалуулсан гэдгээ хавтаст хэрэг уншаад өмнөх шүүх хуралдааны явцаас ойлгосон. Тиймээс Ганболдод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Янсансүрэнд ял оногдуулж өгөхийг хүсч, мэдүүлэг өгсөн. Гагцхүү түүний мэдүүлгийн дараа прокурор асуух асуулт байна гэж шүүгчээс зөвшөөрөл авсны дараа асуулт асуухгүйгээр, өгсөн мэдүүлгээсээ буцвал танд хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсний дараа эргээд Ганболд намайг өшиглөсөн гэж мэдүүлсэн болно.

Хохирогчийн өөрийн гараар бичсэн дээрх 3 бичгийн баримт, шүүх хуралдаан дээр өгсөн өөрийнх нь мэдүүлгийг шинжлэн судлахад Ганболд нь Пүрэвдоржийг өшиглөөгүй гэдэг нь нотлогдож байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Г/ Хохирогчийн мэдүүлгийн зөрүү.

-Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд хохирогч мэдүүлэг өгөхдөө цээжрүү өшиглөөд хэд хэдэн удаа дэвссэн гэдэг. Гэтэл дэвссэн талаарх мэдүүлгээ өөрөө үгүйсгэхийн хамт өөр гэрч нотолдоггүй.

-Хавтаст хэргийн 175 дугаар хуудасны ар талд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Ганболд өшиглөсөн. Мөнх-Эрдэнэ аваад явсан гэж мэдүүлдэг. Ганболдыг          Мөнх-Эрдэнэ бус Чулуунбаатар хориглосон гэдэг нь бусад гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог.

-2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ, Пүрэвдорж нь урьд өмнө хэзээ ч мэдүүлж байгаагүй дараах мэдүүлгийг өгсөн. Ганболд нь нүүр рүү цохисон, заазуураа эргүүлж гүйж ирээд намайг өшиглөсөн гэдэг. Ийм зүйл болсныг хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн бүх гэрчүүд хараагүй бөгөөд мөрдөн байцаагч өөр юу болсон талаар асуухад ийм мэдүүлгийг нэг ч хүн өгөөгүй болно.

Тиймээс хохирогчийн мэдүүлэг өөр өөр байгаагаас түүний мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна.

 

Хоёр. Гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлахад:

Хавтаст хэрэгт хэргийн газар байсан 7 гэрч асуугдсан байдаг бөгөөд 6 гэрч нь Ганболд нь Пүрэвдоржийг өшиглөхийг хараагүй буюу өшиглөөгүй, хажууд нь зогсож байсан гэж хэлсэн бөгөөд гагцхүү хэрэг гарснаас хойш жил гарны дараагаар Пүрэвдоржтой ажил хэргийн түнш болсон Хаш-Эрдэнэ анхны тайлбар, 2 удаагийн мэдүүлгээсээ буцаж, Ганболд өшиглөсөн гэдэг.

Гэрчүүдийн мэдүүлгийг тодруулбал: 1. Гэрч Мөнх-Эрдэнэ: Хавтаст хэргийн 9 дүгээр хуудасны ар тал. Тайлбар өгөхдөө Ганболд, Янсансүрэн нар нь биеийн аль хэсгээр, юугаар хэдэн удаа цохьж гэмтээснийг харж мөрдөн байцаагчийн асуултад Ганболдыг яг хаана байсныг мэдэхгүй гэж хариулсан байна.

-Хавтаст хэргийн 43 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Пүрэвдоржийн биед Ганболд, Янсансүрэн нар нь гэмтэл учруулсан байх гэж мэдүүлсэн байдаг.

-Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд Янсансүрэн нар бүлэглэж зодсон уу, Ганболд хаана байсан гэсэн мөрдөн байцаагчийн асуултад Пүрэвдорж, Янсансүрэн нар зодолдоод байсан. Ганболд хажууд нь зогсож байсан гэж мэдүүлсэн байдаг.

-Хавтаст хэргийн 76 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд хажууд нь зогсож байсан. Чулуунбаатар холдуулсан гэж мэдүүлсэн байдаг.

Дээрх 1 тайлбар, 3 мэдүүлгүүдийг шинжлэхэд гэрч Мөнх-эрдэнэ нь Ганболд нь Пүрэвдоржийг цохиж, зодохыг хараагүй гэж 3 удаа хэлсэн бөгөөд гэмтэл учруулсан байх гэж 1 удаа мэдүүлэг өгсөн байна. Тиймээс түүний мэдүүлэг нь Ганболдыг гэм буруутайг нотлох баримт биш юм. Энэхүү 3 мэдүүлгийг прокурор яллах талын  нотлох баримт болгож, Пүрэвдорж, Янсансүрэн нар зодолдоод байсан. Ганболд хажууд нь зогсож байсан гэсэн мэдүүлгийг яллах дүгнэлтэндээ дурдаж, шүүх түүнийг нь шинжлэн судлаад шүүхийн тогтоолдоо яллах талын баримт болгож үнэлсэн байна. Энэхүү мэдүүлгүүд нь Ганболдын бус Пүрэвдоржийн гэм буруутайг нотлох баримт юм. Харин энэхүү гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлэгт байгаа Ганболд, Пүрэвдорж нар барьцалдаж авсан гэдэг мэдүүлгийн хувьд Пүрэвдорж нь эхлээд сууж байсан Ганболдын толгойг уургаа хугартал цохьсоны дараа Ганболд босож иртэл Пүрэвдорж барьж авсан болохоос бүлэглэж зодохоор хийсэн үйлдэл биш. Зодох үйлдэл огт болоогүй.

2. Гэрч Оргил: Хавтаст хэргийн 17 дугаар хуудас. Тайлбар өгөхдөө Пүрэвдоржийг хэн зодсоныг мэдэхгүй гэсэн байна.

- Хавтаст хэргийн 49 дүгаар хуудасны ар талд. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд Янсансүрэн нар нь Пүрэвдоржийг зодож байхыг харсан уу гэсэн мөрдөн байцаагчийн асуултад хараагүй гэсэн байна.

- Хавтаст хэргийн 77 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийг өшиглөхийг харсан уу гэсэн мөрдөн байцаагчийн асуултад хараагүй гэсэн байна.

- Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас. Нүүрэлдүүлэн байцаалтад мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийг өшиглөсөн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад мөн л өшиглөөгүй гэсэн байна.

Дээрх 1 тайлбар, 3 мэдүүлгүүдийг шинжлэхэд гэрч Оргил нь Пүрэвдоржийг хэн зодсоныг мэдэхгүй, хараагүй, өшиглөөгүй гэж Ганболд бусдыг зодоогүй нотлох агуулгатай мэдүүлэг 4 удаа өгсөн байна.

 

3. Гэрч Чулуунбаатар: - Хавтасд хэргийн 50 дугаар хуудасны ар талд. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганбааг би хорьж зогсоосон гэсэн бол ямар шалтгаанаар Ганболд, Янсансүрэн нар Пүрэвдоржийг зодсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад Ганболд зодоонд орлцоогүй, би хориглосон гэж мэдүүлсэн байна.

- Хавтаст хэргийн 78 дүгээр хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд хаана байсан, Ганболд Пүрэвдоржийг өшиглөсөн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “Ганболд хажууд байсан. Өшиглөөгүй зодооныг эхнээс нь дуустал нь хажууд нь харж байсан” гэсэн байна.

- Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас. Хохирогчтой нүүрэлдүүлэн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийг өшиглөсөн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад мөн л өшиглөөгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна.

-Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас. Гэрч Хаш-Эрдэнэтэй нүүрэлдүүлэн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийг өшиглөсөн уу гэсэн Мөрдөн байцаагчийн асуултад мөн л өшиглөөгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Дээрх 4 мэдүүлгүүдийг шинжлэхэд гэрч Чулуунбаатар нь зодоон болоход эхнээс нь дуустал нь хажууд нь байсан, Ганболд нь Пүрэвдоржийг зодоогүй, өшиглөөгүй болохыг нотлосон агуулгатай мэдүүлэг 4 удаа өгсөн байна.

Түүний мэдүүлгүүд нь Ганболдын бус Пүрэвдоржийн гэм буруутайг нотлох баримт юм.

4. Гэрч Оюун-Эрдэнэ: Хавтаст хэргийн 54 дүгээр хуудасны ар тал, 55 дугаар хуудсанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө: Ганболд, Янсансүрэн нар нь Пүрэвдоржийн аль хэсэгрүү өшиглөсөн бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “Би цохиж, зодохыг нь хараагүй, Пүрэвдорж ах л Ганболдыг өшиглөсөн гэж байсан. Би бол хараагүй” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл мэдүүлгийг шинжлэхэд гэрч Оюун-Эрдэнэ нь Ганболд нь Пүрэвдоржийг цохиж, зодохыг хараагүй гэж мэдүүлэг өгсөн нь түүнийг гэм буруутайг нотлох баримт биш юм. Оюун-Эрдэнийн мэдүүлгийг прокурор яллах талын нотлох баримт болгож, яллах дүгнэлтэндээ дурдаж, шүүх түүнийг нь шинжлэн судлаад шүүхийн тогтоолдоо яллах талын баримт болгож үнэлсэн байна. Энэхүү мэдүүлэг нь Ганболдын бус Пүрэвдоржийн гэм буруутайг нотлох баримт юм.

 

5. Гэрч Ану-Мэргэн: Хавтаст хэргийн 62 дугаар хуудасны ар тал, 63 дугаар хуудсанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө: Ганболд Пүрэвдорж ахыг цохиод байх шиг байсан гэсэн бол Ганболд, Янсансүрэн нар нь Пүрэвдоржийн аль хэсэгт нь цохьсон бэ, Цохьсон уу, өшиглөсөн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “Яг яасныг нь ялган хэлж чадахгүй байна” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл мэдүүлгийг шинжлэхэд гэрч Ану-Мэргэн нь Ганболд нь Пүрэвдоржийг цохиж, зодохыг шууд нотлоогүй бөгөөд мөрдөн байцаагч тодруулахад яасныг нь ялгаж чадахгүй байна гэж бөөрөнхийлөн мэдүүлгээсээ буцжээ. Өөрөөр хэлбэл эхний хариултаа сүүлчийн хариулт нь няцаасан гэж ойлгож байна. Нөгөө талаар хохирогч Ганболдыг цохиогүй өшиглөсөн гэдэг. Анумэргэний мэдүүлгийг Прокурор яллах талын нотлох баримт болгож, яллах дүгнэлтэндээ дурдаж, шүүх түүнийг нь шинжлэн судлаад шүүхийн тогтоолдоо яллах талын баримт болгож үнэлсэн байна. Энэхүү мэдүүлэг нь Ганболдын бус Пүрэвдоржийн гэм буруутайг нотлох баримт юм.

6. Гэрч Мөнхцог: Хавтаст хэргийн 136 дугаар хуудас. Шүүхэд гаргасан хүсэлтдээ Ганболд Пүрэвдорж руу очиход Чулуунбаатар урдуур нь орж, хориглосон гэж бичээд мэдүүлэг өгөхийг хүссэн.

-Хавтаст хэргийн 73 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийг өшиглөхийг харсан уу гэсэн мөрдөн байцаагчийн асуултад хараагүй гэж мэдүүлсэн байна.

Гэрч Мөнхцогийн хүсэлт, мэдүүлэг нь Ганболдыг бусдыг бүлэглэж зодоогүйг нотлох баримт юм.

7. Гэрч Хаш-Эрдэнэ: Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас. Тайлбар өгөхдөө Ганболд, Янсансүрэн нар Пүрэвдоржийн аль хэсэгт цохьсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад харж амжаагүй гэж мэдүүлсэн бол гэсэн Янсансүрэн Пүрэвдоржийн дээр байхад Ганболд хаана байсан бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “Янсансүрэнгийн хажууд байсан. Гэхдээ зодож, цохиж байхыг нь хараагүй” гэж мэдүүлсэн байна.

- Хавтаст хэргийн 45 46 дүгээр хуудас.Гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Янсансүрэн ах босож ирээд Пүрэвдорж ахыг барьж унагаасан. Янсансүрэн дээр нь гараад Ганболд дэргэд нь зогсож байгаа харагдсан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Хэн өшиглөж байгаа нь харагдаагүй” гэж мэдүүлэг өгсөн байна.

- Хавтаст хэргийн 47 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Янсансүрэн ах босож ирээд Пүрэвдорж ахыг барьж унагаасан. Янсансүрэн дээр нь гараад Ганболд дэргэд нь зогсож байгаа харагдсан” гэж мэдүүлэг өгсөн байна.

- Хавтаст хэргийн 75 дугаар хуудас. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Ганболд Пүрэвдоржийг 1-2 удаа өшиглөсөн гэсэн байна.

Гэрч Хаш-Эрдэнэ нь тайлбар 1, гэрчээр 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тайлбар, түүнээс хойш гэрчээр 2 удаа мэдүүлэг өгөхдөө “Ганболд хажууд нь зогсож байсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй гэж мэдүүлж байснаа 1 жил гарны дараа 4 дэх удаагаа мэдүүлэг өгөхдөө өмнөх 3 тайлбар, мэдүүлгээсээ буцаж “Ганболд нь 1-2 удаа өшиглөсөн гэдэг. Тиймээс Хаш-Эрдэнийн мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддоггүй.

Эцэст нь хэргийн газар байсан 7 гэрчийн мэдүүлгүүдийг нэгтгэн дүгнэхэд 6 гэрч нь Ганболд бусдын биед гэмтэл учруулсныг хараагүй, угаасаа зодоогүй, цаашилбал хажууд нь зүгээр зогсож байсныг нотлоод 1 гэрч нь өмнөх мэдүүлгээсээ буцсан. Гэхдээ гэрч Хаш-Эрдэнэ өмнө нь 3 удаа тайлбар, мэдүүлэг өгөхдөө Ганболдыг бусдыг зодохыг хараагүй гэж мэдүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарна биз.

Гурав. Хуульд зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримт бөгөөд бусад мэдүүлгээр нотлогдох ёстой. Шүүгдэгч Янсансүрэнгийн мэдүүлгийг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Янсансүрэн:

-Хавтаст хэргийн 5 дугаар хуудас. Тайлбар өгөхдөө Ганболд Пүрэвдоржийн хаана нь цохьсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “мэдэхгүй” гэж мэдүүлсэн байдаг.

-Хавтаст хэргийн 83 дугаар хуудас. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийн хаана нь цохьсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад цохиж байхыг хараагүй гэж мэдүүлсэн байдаг.

-Хавтаст хэргийн 84 дугаар хуудас. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийн хаана нь цохьсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “цохиж байхыг хараагүй” гэж мэдүүлсэн байдаг.

-Хавтаст хэргийн 89 дугаар хуудас. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Ганболд Пүрэвдоржийн хаана нь цохьсон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “Ганболд өшиглөөгүй” гэж мэдүүлсэн байдаг.

-2017 оны 1 сарын 25-ны анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө “Би хавирга руу нь хүчийг нь саруулах гээд 2 талаас нь цохьсон. Тэгтэл Пүрэвдорж надтай хамт арагшаа унасан. Тэгэхэд хавирга нь хугарсан байж магадгүй. Хурууг нь бол гарнаас нь чангаахад хугарсан байж магадгүй” гэж мэдүүлсэн байдаг.

-2017 оны 7 сарын 20-ны анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө “Би цохилтын хүчийг нь сулруулах гээд гараараа цээжнийх нь 2 талруу хавсарч цохьсон” гэж мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч Янсансүрэнгийн мэдүүлгийг шинжлэхэд Ганболд зодоонд оролцоогүй бөгөөд, Ганболдыг Пүрэвдоржийг цохьсоныг хараагүй, өшиглөөгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд Пүрэвдоржийн хавирга, хурууг өөрөө хугалж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний Пүрэвдоржийг зодсон үйлдэл нь хохирогчийн болон 7 гэрчийн мэдүүлгээр шууд нотлогдож байгаа юм.

Шүүгдэгч Ганболд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор “би хэрэгт оролцоогүй, өшиглөөгүй” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт эсрэгээрээ “Пүрэвдорж гуай надыг зодсон. Загасны уургаар толгой руу цохиж хугалсан, өшиглөсөн, чулуу барьж далайхад нь хүн салгасан. Надаас мөнгө авах гэж гүтгэсэн. Тухайн үед миний толгой хавдсан. Түүнээс хойш толгой байнга өвддөг болсон. Олон жилийн танил, нөхөрлөж байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ийм зан гаргахыг мэдсэн бол үзүүлдэг байж гэж одоо харамсаж байна. Надыг босох гэхэд Чулуунбаатар суулгасан. Пүрэвдорж намайг зодчихоод хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байна” гэж байнга хэлдэг.

    Хэн нэгэн сэжигтэн яллагдагчаар татагдсан хэдий ч заавал түүнийг яллах албагүй. Нотлох баримтыг шинжлээд буруутай бол яллаад, буруугүй бол цагаатгах ёстой. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Ганболдод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Энэ хэрэг өмгөөлөгчийн хэлснээр 2 жилийн хугацаанд шалгагдаж байна. Хамгийн сүүлд давж заалдах шатны шүүхээс буцаж мэдүүлгийн зөрүүг арилгахаар нүүрэлдүүлэн байцаалт авсан. Баталгаа нь Т.Ганболд, З.Янсансүрэн нарт зодуулсан учраас 4 сая төгрөг авахаар тохиролцсон гэсэн учраас энэ баталгааг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Гэтэл Т.Ганболд тухайн үед хэрэв намайг оролцуулж бичвэл 4.000.000 төгрөгийг өгөхгүй гэсэн байдаг. Хохирогч Пүрэвдорж шүүх хуралдаан дээр “Ганболдод зодуулаагүй, Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж” хэлээгүй. Харин эсрэгээрээ “З.Янсансүрэн миний хурууг барьчихаад, Т.Ганболд өшиглөж байсан. Би Т.Ганболдыг өшиглөсөн, өшиглөөгүй гэж хэлж байгаагүй” гэж мэдүүлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал Хаш-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгөхдөө Т.Ганболд, З.Янсансүрэн нар өшиглөсөн зодсон. Гэрч Мөнх-Эрдэнэ “Пүрэвдоржийн биед З.Янсансүрэн, Т.Ганболд гэмтэл учруулсан байх. Өөр хүнтэй зодолдоогүй”, гэрч Оргил “Өглөө сэрэхэд Т.Ганболд Пүрэвдоржтой маргалдсан гээд гарыг нь барьсан байсан. ...Надаас өвчин намдаах эм авч уусан”, гэрч  Анумэргэн нарын дамжмал нотлох баримт, хохирогч Пүрэвдорж Т.Ганболд, З.Янсансүрэн нар миний хавиргыг хугалсан талаар мэдүүлсэн зэргээр бүлэглэн зодсон нь тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.Янсансүрэн мэдүүлэхдээ “Замд Т.Ганболдын машин шаварт суусан ба Пүрэвдорж машинаас бууж ирэхгүй болохоор нь яасан талаар Т.Ганболдоос асуухад “хавирга нь хугарсан юм шиг байна” гэж надад хэлсэн талаар хэлж байсан” гэдэг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг давхар нотолж байдаг.Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 79 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 11.4-р зүйлийн 2.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр З.Янсансүрэнг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Т.Ганболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар, тус тус тэнсэж хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9-р зүйд заасан журмаар ял оногдуулж болохыг анхааруулахаар... тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Ганболдын өмгөөлөгч Л.Батжавын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу Т.Ганболдод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн “…би З.Янсансүрэнг холдуулах санаатай өндийтөл Т.Ганболд миний цээж рүү суган доогуур хүчтэй нэг удаа өшиглөсөн …” /1-р хх-ийн 39-40-р ху/, “…Т.Ганболд баруун гарын суган доогуур “май чи” гээд өшиглөсөн, тэгээд миний хавирга хугарсан, би болсон асуудлыг тодорхой сайн санаж байна. Т.Ганболд миний хавирга луу өшиглөхдөө бүр хөлөө бэлдэж байгаад өшиглөсөн…” /1-р хх-ийн 41-р ху/, “…Янсансүрэн ахын гэдэс рүү нэг хөлөө жийх маягтай хүзүүнээс нь барьж аваад унах яг тэр мөчид Т.Ганболд хүрч ирээд баруун талын хавирга орчимд 11 метрийн зайнаас бөмбөг өшиглөх гэж байгаа тамирчин шиг тас хийтэл өшиглөсөн…” /1-р хх-ийн 175-р ху/,  “…Гэтэл Т.Ганболд босч ирэхээр нь бид хоёр барьцалдаад автал З.Янсансүрэн хажуугаас ирж намайг дайрч унагасан. Намайг унах зуур Т.Ганболд хажуугаас ирж миний хавирга руу өшиглөсөн…” /1-р хх-ийн     225-р ху/,  “…Би унах хооронд Т.Ганболд өшиглөсөн” /2-р хх-ийн 30-р ху/, “…Т.Ганболд миний хавиргыг хугалсан, З.Янсансүрэн миний хурууг хугалсан… гээд бичиж  байсан чинь Т.Ганболд харснаа …З.Янсансүрэн ах та хоёр зодолдсон шүү дээ, би мөнгийг нь өгч байгаа болохоос... гэхээр нь …би тэгээд юу гэж бичих юм бэ… гэхэд …З.Янсансүрэн миний хавиргыг хугалсан, Т.Ганболдод хамаагүй… гэж бичүүлсэн /2-р хх-ийн 71-р ху/, “…Энэ хавирга бол гутлаар цохихоор л хугарна уу гэхээс хавсарсны төлөө хугардаггүй юм. Т.Ганболд намайг өшиглөсөн. Би амьсгаа авч чадахгүй байсан. Би анхнаасаа л хэлсэн. Т.Ганболд намайг өшиглөсөн. З.Янсансүрэн миний хурууг хугалсан...” /2-р хх-ийн 133-р ху/,  “…Тухайн үед зодоон болсныг 9 хүн есүүлээ харж байсан. Тэр хүмүүсийн мэдүүлгээс уншихад …яг хэн, хаана нь цохиод хугалсныг хараагүй…гээд байдаг. Тухайн үед жаахан бүрэнхий байсан. Миний санаж байгаагаар З.Янсансүрэн гуай миний хурууг барьчихсан, Ганболд хажуугаар өшиглөж байсан. Бид сүүлд нь 2, 3 шүүх хуралдааны дараа яг гурвуулаа суугаад “яагаад миний хавирга хугарчихав” гэж ярилцахад Янсансүрэн гуай “…би чиний хавирга руу хоёр талаас нь хавсраад цохисон. Дараа нь чиний заамдсан гарыг авахуулах гээд хурууг чинь мушгисан гээд байгаа. Энэ үнэн бол Ганболд намайг цохиогүй л юм байлгүй… Яг тухайн үед зодоон болоод улсууд салгасны дараа ийм бэртэл авсан нь тодорхой байгаа…Минийхээр бол энэ хоёр хоёулаа л хэд хэдэн удаа өшиглөөд байдаг шиг санаад байна…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 229-р ху/,

гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцалтанд өгсөн “…Пүрэвдоржийн биед Янсан, Ганболд хоёр гэмтэл учруулсан байх. Пүрэвдорж өөр хүнтэй ноцолдож зодолдоогүй. Янсан, Ганболд хоёртой ноцолдсон…, Эхлээд Т.Ганболд Д.Пүрэвдоржтой маргалдаад барьцалдаад авсан. Тэгсэн хажуунаас нь З.Янсансүрэн орж ирээд Д.Пүрэвдоржийг унагаасан. Тэгсэн Д.Пүрэвдорж З.Янсансүрэнгийн доор нь орчихсон ноцолдоод байсан. Тухайн үед Т.Ганболд хажууд нь зогсож байсан…” гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн42-44-р ху/,

гэрч Р.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “….Янсан, Т.Ганболд хоёр Д.Пүрэвдорж ахыг бүлэглэн зодож гэмтэл учруулсан. Өөр хүн Д.Пүрэвдорж ахыг зодож цохиогүй…”, З.Янсансүрэн ирээд Д.Пүрэвдорж ахыг унагаагаад дээр нь гарчихаад зодолдоод байсан. Т.Ганболд хажууд нь байсан…” гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 45-47-р ху/,

гэрч С.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Цохиж зодохыг нь би хараагүй. Харин сүүлд Д.Пүрэвдорж ах хэлэхдээ …Ганболд миний хавирга руу өшиглөсөн…гэж галын дэргэд сууж байхдаа галын дэргэд сууж байсан 2-3 хүнд хандаж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн54-55-р ху/,

гэрч Ч.Ану-Мэргэний мөрдөн байцаалтанд өгсөн “…Янсан ах босож ирээд Пүүжээг гараараа цохиод унагаасан. Тэгээд дээр нь гарч суугаад ноцолдон, хажуунаас нь Ганболд Пүүжээ ахыг цохиод байх шиг байсан…,Тэрхэн зуур өшиглөсөн үү, эсвэл цохисон уу, яг яасныг хэлж чадахгүй байна. Ямар ч л байсан пид падхийх чимээ гараад салцгаасан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р ху/,

Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Д.Пүрэвдоржийн биед учирсан 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь нэг удаа өшиглөхөд үүсэх боломжтой…,” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн71-72-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал Сумын Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын      04-ний өдрийн 232 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /1-р хх-ийн 66-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Хэдийгээр хохирогч Д.Пүрэвдорж нь “…Хэргийн байцаалт болон шүүх хуралдааны явцад Т.Ганболд, З.Янсансүрэн бүлэглэж зодсон биш, З.Янсансүрэнгийн цохилтын улмаас хавирга, гарын хуруу хугарсан нь тогтоогдсон болно. Иймээс Т.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн З.Янсансүрэн нь эмчилгээний зардал болон гарсан хохирлыг бүрэн барагдуулсан тул миний бие цаашид гомдолгүй боллоо. З.Янсансүрэнд оногдуулж болох хамгийн бага ялыг, боломжтой бол хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлтийг /2-р хх-ийн 223-р ху/  шүүхэд гаргасан боловч хохирогч Д.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Тухайн үед зодоон болсныг 9 хүн есүүлээ харж байсан. Тэр хүмүүсийн мэдүүлгээс уншихад …яг хэн, хаана нь цохиод хугалсныг хараагүй гээд байдаг. Тухайн үед жаахан бүрэнхий байсан. Миний санаж байгаагаар З.Янсансүрэн гуай миний хурууг барьчихсан, Ганболд хажуугаар өшиглөж байсан. Бид сүүлд нь 2,3 шүүх хуралдааны дараа яг гурвуулаа суугаад “яагаад миний хавирга хугарчихав” гэж ярилцахад Янсансүрэн гуай “…би чиний хавирга руу хоёр талаас нь хавсраад цохисон. Дараа нь чиний заамдсан гарыг авахуулах гээд хурууг чинь мушгисан гээд байгаа. Энэ үнэн бол Ганболд намайг цохиогүй л юм байлгүй…. Яг тухайн үед зодоон болоод улсууд салгасны дараа ийм бэртэл авсан нь тодорхой байгаа…Минийхээр бол энэ хоёр хоёулаа л хэд хэдэн удаа өшиглөөд байдаг шиг санаад байна…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 229-р ху/, болон мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгүүдэд удаа дараа өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн Д.Пүрэвдоржийн эрх чөлөөнд халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул Т.Ганболдод холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Л.Батжавын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт  З.Янсансүрэн, Т.Ганболд нарын үйлдсэн гэмт хэргийг  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт  энэ талаар заалт хийлгүй орхигдуулсан байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

1 дүгээр  заалтыг:

“Эрүүгийн хуулийн /2002 оны/  ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/  тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр З.Янсансүрэнг  01  /нэг/ жилийн хугацаагаар, Т.Ганболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                   Д.БУЯНЖАРГАЛ