Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1089

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24А байр, 01 тоотод оршин суух, Боржигон овогт Болдын Цолмон/РД: ХЕ63042960/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай бьюлдинг, 5 давхарт байрлах, “Алтай констракшн” ХХК/РД: 2761165/-д холбогдох,

 

94 053 332 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болд овогтой Цолмон нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Экспресс Таур” барилгын 7 давхарт үйлчилгээ оффисын зориулалттай 123.1 м.кв талбайг Алтай Констракшн ХХК-тай харилцан тохиролцож “Ажлын байрны талбай захиалах гэрээ” байгуулан захиалсан бөгөөд 1 м.кв талбайн үнийг 1800 америк доллар, нийт үнийн дүнд 221580 (123.1x1800) америк долларыг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирон уг үүргээ 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бүрэн биелүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг захиалсан ажлын байраа албан ёсоор хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн 6272244 тоот гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Цолмон нь тус үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар cap хүртэл бусдад түрээслүүлэх хэлбэрээр ашиглаж байсан ба түрээслэгчийн зүгээс танай энэ 701 тоот өрөөний талбайн хэмжээ 123.1 м.кв-д хүрэхгүй байна гэсэн гомдол ирсэн тул албан ёсны тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн “Тоонот Констракшн” ХХК-д хандан хэмжилт хийлгэх хүсэлт гаргасан.

Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52-р тогтоолоор батлагдсан MNS 6058:2009 стандартын дагуу Алтай Констракшн ХХК-ний барьж хүлээлгэн өгсөн 701 тоот 123.1 м.кв бүхий оффисын талбай нь Тоонот Констракшн ХХК-ийн хэмжилтийн дүнд 87.18 м.кв болж бүхэл бүтэн 35.98 м.кв-ийн зөрүүтэй болох нь тогтоогдсон болно.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан 123.1 м.кв талбай бүхий ажлын байр биш 87.18 м.кв талбайг бүхий ажлыг хүлээлгэн өгсөн нь Барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний 1.2, мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т заасныг тус тус зөрчсөн тул захиалагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д заасан ажил гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу захиалагч илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Шаардах эрхийн хугацааны хувьд байшин барилгын доголдолтой холбоотой шаардах эрх нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гэсний дагуу захиалагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2013 оны 10 сарын 11-нд шилжүүлэн авсан тул гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд багтаж уг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлж байна.

Иймд захиалагч Цолмонгийн илүү төлсөн үнэ болох 36 м.кв-ын талбайн үнэ 64656 мянган ам доллар буюу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Банкны ханшаар тооцсон 93557232 (64656x1447) төгрөг, “Тоонот Констракшн” ХХК-иар хэмжилт хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан төлбөр 496100 төгрөг, нийт 94053332 (ерэн дөрвөн сая тавин гурван мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийг “Алтай Констракшн” ХХК-аас гаргуулж Цолмонгийн зөрчигдсөн эрхийг сэргээн, хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч “Алтай Констракшн” ХХК-д холбогдуулан илүү төлсөн үнэ 93 557 232/ерэн гурван сая таван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг, дүгнэлт гаргуулсан төлбөрт 496100/дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуу/ төгрөг, нийт 94 053 332/ерэн дөрвөн сая тавин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба, мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Зохигчид 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь уг Гэрээний/хх-7-8/ хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэхүү гэрээний зүйл нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар “Экспресс Таур” оффисын барилгын 7 давхарын 123.1 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисийн зориулалттай талбай байна.”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Гүйцэтгэгч нь барилга барих ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.” гэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн материалаар Гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн зохигчдын хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх ба тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгтэй нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч нь 123.1/нэг зуун хорин гурав аравны нэг/ метр квадрат талбайтай үйлчилгээ, оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар/хх-7-9/ тогтоогдож байна.

  

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зохигчид 123.1/нэг зуун хорин гурав аравны нэг/ метр квадрат талбайтай үйлчилгээ, оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барих ажлын нийт хөлсийг 221580/хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун ная/ америк доллараар тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Гэрээнд заасан хөлс болох 221580/хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун ная/ америк долларыг хариуцагчид төлж, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, улсын бүртгэлийн Ү-2202020681 дугаарт бүртгэгдсэн 701 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.        

 

Нэхэмжлэгч нь 701 тоот оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбай Гэрээнд заасан 123.1/нэг зуун хорин гурав аравны нэг/ метр квадратад хүрэхгүй байгаа болохыг 2016 оны 03 дугаар сард мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Тоонот констракшн” ХХК-ийн “Олон нийт, оффисын барилгын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-р нотлогдож байна.

 

701 тоот оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбайн хэмжээ 87.18/наян долоо зууны арван найм/ метр квадрат болох нь “Тоонот констракшн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Олон нийт, оффисын барилгын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-р тогтоогдож байна.

 

2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар 123.1/нэг зуун хорин гурав аравны нэг/ метр квадратад талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барих нийт хөлс 221580/хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун ная/ америк доллар буюу нэг метр квадратын хөлс 1800/221580:123.1=1800/ /нэг мянга найман зуу/ америк доллар болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.”, 227 дугаар зүйлийн 227.5-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол .... учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгчид нийт 87.18/наян долоо зууны арван найм/ метр квадрат талбайтай буюу Гэрээнд зааснаас 35.92/гучин тав зууны ерэн хоёр/ метр квадрат дутуу талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн болох нь “Тоонот констракшн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Олон нийт, оффисын барилгын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-р тогтоогдож байна.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 35.92/гучин тав зууны ерэн хоёр/ метр квадратын зөрүүгээс 93 557 232/1800х35.92=64656 ам.доллар, 64656х1447 төгрөг=93557232/ /ерэн гурван сая таван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээний хуулбар, “Олон нийт, оффисын барилгын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-р тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хэмжилт хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөд 496100/дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуу/ төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч “Алтай Констракшн” ХХК-иас 93 557 232/ерэн гурван сая таван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 496100/дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч “Алтай Констракшн” ХХК-иас 93 557 232/ерэн гурван сая таван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 496100/дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай Констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 625736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ