Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 270

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/01089 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цолмон,

Хариуцагч “Алтай констракшн” ХХК-д холбогдох,

 

94 053 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цолмон нь “Алтай констракшн” ХХК-тай харилцан тохиролцож 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй “Экспресс Таур” барилгын 7 давхарт үйлчилгээ оффисын зориулалттай 123.1 м.кв талбайг “Ажлын байрны талбай захиалах гэрээ” байгуулан захиалсан бөгөөд 1 м.кв тутмын үнэ 1 800 ам.доллар, нийт 221 580 ам.долларыг төлөхөөр тохиролцож, уг үүргээ бүрэн биелүүлж, гүйцэтгэсэн тул 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг захиалсан ажлын байраа албан ёсоор хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Уг талбайг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан MNS 6058:2009 стандартын дагуу хэмжсэн “Тоонот констракшн” ХХК-ийн хэмжилтээр 87.18 м.кв буюу 35.98 м.кв-ын зөрүүтэй болох нь тогтоогдсон. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан 123.1 м.кв талбайг биш 87.18 м.кв талбай хүлээлгэн өгсөн нь Барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний 1.2, мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

Шаардах эрхийн хугацааны хувьд, барилгатай холбоотой шаардах эрх нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаар хойш 3 жилийн дотор гэсний дагуу захиалагч талбайг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн авсан тул гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд багтана.

Иймд Б.Цолмонгийн 36 м.кв талбайд илүү төлсөн 64 656 ам.доллар буюу тухайн үе болох 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцон 93 557 232 төгрөг, “Тоонот констракшн” ХХК-иар хэмжилт хийлгэсний төлбөр 496 100 төгрөг, нийт 94 053 332 төгрөгийг хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас 93 557 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 496 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 625 736 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас талуудын оролцоо, тэгш байдал алдагдаж, зөвхөн нэг талын баримтад үнэлэлт дүгнэлт хийсэн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Цолмон нь “Алтай констракшн” ХХК-д холбогдуулан 94 053 332 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч “Алтай констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирт шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх болон тайлбар, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулах ажиллагааг хэрхэн явуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж өгөх ажиллагааг шүүх хуульд зааснаар явуулаагүй байхад хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодруулбал, тайлбар, нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм. 

            Мөн хэргийн 25 дугаар тал дахь шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримт нь хүлээн авсан хүний гарын үсэггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт зааснаар холбогдох ажилтанд хүргүүлж, гарын үсэг зуруулахаар журамласны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

            Иймд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид шуудангаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж түүний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх ба мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/01089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 625 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ