Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00723

 

А.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2018/00003 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Уийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Ц-т холбогдох,

13 034 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Уийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч Э.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Э.Ц- нь надаас 2015 оны 12 сард 9 800 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 09-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14 000 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс өнөөдрийн байдлаар 16 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 9 800 000 төгрөгийг өгөөгүй байгаа учраас тус нэхэмжлэлийг гаргасан. 9 800 000 төгрөгийг би Хас банкнаас сарын 2.2 хувийн хүүтэйгээр нөхрийнхөө нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж зээлж өгсөн мөнгө учраас 9 800 000 төгрөг дээр сарын 2.2 хувийн хүүг бодсон. Нийт 13 034 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч 2015 оны 12 сард 9 800 000 төгрөгийг авсан гээд байгаа. Би нэхэмжлэгчээс 9 800 000 төгрөгийг бэлнээр аваагүй. Баярцогт, Батболд, Уранчимэг нар хоорондоо орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаад орон сууц авсан. Баярцогтын өгөх ёстой байсан мөнгийг би Уранчимэгт өгсөн. Эхний мөнгийг 06 дугаар сарын 19-нд 6 сая төгрөгийг Цоглог худалдааны төвийн үүдэнд өгсөн. Үүний дараа 10 сард би 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу нь хийсэн. 2 300 000 төгрөгийг өөрийнх нь ажил дээр аваачиж өгсөн. Надаас нэхэмжлэх ёсгүй мөнгийг нэхэмжлээд байна. Би нэхэмжлэгчээс ямарч мөнгө зээлээгүй. Энэ мөнгөн дээр ямар нэгэн байдлаар хүү тооцно гэж яриагүй. Гэхдээ би хүүг нь тооцоод Батболдын Хас банкны данс руу нь 300 000 төгрөг хийсэн. Мөнгөө дандаа бэлнээр аваачиж өгч байсан нь миний алдаа болсон байна. 2016 оны 11 сард нэхэмжлэгч “хоёулаа тооцоогоо нийлье” гээд намайг гэнэт ажил дээрээ дуудахаар нь очсон чинь надаас хүү нэхсэн. Тэгэхээр нь би “хүүг чинь өгье, гэхдээ 8 хувиар өгмөөргүй байна, 5 хувь болгоё” гэж хэлсэн. Гэхдээ энэ хүү зөвхөн 14 сая төгрөг дээр л яригдсан. 9 800 000 төгрөг нь дээр тухайн үед Баярцогттой гэрээ байгуулсан гэж надад хэлсэн. Нэхэмжлэгчээс би 16 сая төгрөг аваад 20,3 сая төгрөг болгож, хүүг нь 8 хувиар тооцож өгсөн. Нэхэмжлэгчээс би 9 800 000 төгрөгийг бэлнээр авч зээлээд хэрэглэчихсэн юм байхгүй. Хоёр хүний дундуур ороод Баярцогтын өгөх ёстой байсан мөнгийг нэхэмжлэгчид өгсөн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Ц-ээс 9 800 000 /есөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 234 000 /гурван сая хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 855 /хоёр зуун хорин гурван мянга найман зуун тавин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-ээс 171 750 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ут олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2018/00003 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Ц-ээс давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171 750 /нэг зуун далан нэг мянга долоон зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Би зээлийн үлдэгдэл 9 800 000 төгрөгийг банкнаас зээлсэн хүүгээрээ тооцож хүүгийн хамт нийт 13 034 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх 9 800 000 төгрөг хариуцагчаас гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хуульд зааснаар хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч татгалзлаа нотолсон нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хариуцагч Э.Ц- нь надад зээлийн үлдэгдэлгүй, бүх мөнгийг өгсөн гэх ямар ч баримтгүй худал тайлбарыг нь үнэлэн хэргийг шийдсэн гэж үзэж байна. Тэрээр Б.Баярцогтод 9 800 000 төгрөгийн өглөгтэй байсан ба Б.Баярцогтоос надад ирэх байсан 9 800 000 төгрөгийг надад шууд өгөхөөр болж, энэ мөнгөө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба харин надаас зээлсэн мөнгөө бүрэн барагдуулаагүй атлаа барагдуулсан мэтээр тайлбарлаж, баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн 218\МА2018\0003 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 139\ШШ2017\00384 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Э.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 13 034 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Э.Ц- нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 12 дугаар сард 9 800 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  14 000 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч энэ байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч А.У нь Б.Баярцогт гэгчид үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, худалдан авагч талын А.Ут төлөх төлбөрийн зарим хэсгийг хариуцагч Э.Ц- нь тухайн хүний өмнө хүлээсэн өөрийн ээж Б.Эрдэнэцэцэгийн өрийн зарим хэсгийг хаах зорилгоор төлсөн байх нь Э.Ц-ийг зээлдэгч гэж, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч А.У хариуцагч Э.Ц-т мөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй, Б.Баярцогт Э.Ц-ээс ямар нэг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ А.Ут шилжүүлсэн гэж үзэх байдал тогтоогдоогүй нөхцөлд А.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын эрх зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.          

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг эрх зүйн тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2018/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН