Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

   2020         03         06                                   2020/ШЦТ/369

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Я.Сансар,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Тд холбогдох эрүүгийн 2006 00513 0366 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

З.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” төвийн Б1 давхарт байрлах тусгайлсан хамгаалсан ажилчдын хувцас солих байранд нэвтэрч иргэн И.Батнямын хувцасны шүүгээнд байсан куртикнээс бэлэн 500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч З.Т нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч И.Батнямын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол төвийн 3 давхарт ажил дээрээ байж байсан ба 14 цагийн үед нэг эрэгтэй манай хувцас солих өрөөнд орж хулгай хийсэн байсан. Манай ажил 3 давхарт ажилчдын хувцас солих өрөө 1 давхарт байдаг. Манай ажлын Болд-Эрдэнэ хувцас солих өрөөнөөс түрүүвчээ авах гээд ортол түрүүвч нь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд хогийн савнаас олсон. Бид нарт ирээд хулгай орсон байна шүү, юмнуудаа үзээрэй гэхэд нь би өөрийн эд зүйлээ шалгахад куртикны дотор халаасанд байсан 500.000 төгрөг алга болсон байна лээ.

... тухайн өдөр Америк улс руу ажиллангаа аялах хөтөлбөрийн төлбөрийн үлдэгдэл мөнгө 500.000 төгрөгийг куртикныхээ дотуур халаасанд хийчихсэн байсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн

“хяналтын камерын тусгалд хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй туранхай эрэгтэй хүн 0.2 секундэд шкафнаас хувцас аван халаасыг ухаж байна, 16 секундэд куртикийг буцаагаад шкафнд хийж байна. 29 секундэд хаалгаар гарч явна. Уг бичлэг нь 1 минут 14 секундын хугацаанд үргэлжилж байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх 10/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн

“... тус б1 давхарт лифтний урд хэсгээс баруун гар тийш эргэж явахад шилэн хаалгатай өрөө байх ба тус өрөөнд хэрэг үйлдэгдсэн гэх хаалгаар дотогш ороход хоёр талд 2 эгнээ бүхий хувцасны саарал өнгийн төмөр шүүгээ байв. Тус шүүгээнүүдийн баруун хана дагуу байх хувцасны шүүгээнд мөнгө байсан гэх ба баруун хананы шүүгээний дээд эгнээний хаалга талаасаа 4 дэх шүүгээн дотор саарал өнгийн өвлийн куртик байх ба тус куртикны дотор талын баруун энгэрийн халаасанд мөнгө байсан гэх тул 5 дугаараар дугаарласныг гэрэл зургын аргаар бэхжүүлж авав” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/,

 

Шүүгдэгч З.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо сургуулийн 14 дүгээр гудамжинд байдаг нийтийн байрнаас гараад ажил олж хийх гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байдаг “Хүрээ бууз” цайны газар руу орох гэхэд хаалттай байсан. Тэгэхээр нь Монгол Улсын их сургуулийн автобусны буудлаас офицеруудын ордон орох автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, офицеруудын ордны автобусны буудал дээр буусан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эко хорооллын 111-89 тоотод очтол эгч Дашмаа гэртээ байгаагүй. Тухайн өдөр надад 400.000 төгрөг хэрэг болоод байсан. Тэгээд найз Хонгорзулын ажил дээр очиж мөнгө авах гээд Баянзүрх 26 дугаар хороо, “Их-Монгол” төвийн 3 дугаар давхарт байрлах “California” ресторанд очсон. /Өмнө нь би энд тогоочоор ажилладаг байсан гэх/ Тэгээд ажилчдын өрөө рүү нь зүүн талын эхний шүүгээнд байсан шар өнгийн куртикны энгэрийн халаасанд байсан бэлнээр 20.000 төгрөгний дэвсгэрт 25 ширхэг нийт 500.000 төгрөг байхаар нь аваад гараад явсан. Тухайн үед ажилчдын өрөө рүү орж, гарахад таарсан хүн байгаагүй.

Би тухайн мөнгийг иргэний үнэмлэхээр зээлж авсан зээлээ төлөөд бусад мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусан гэх мэдүүлэг /хх 49/,

 

-Гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

-Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 3/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс З.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /33-37/, хохирогч И.Батнямын 5009913663 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь ажилчдын хувцас солих өрөө байх бөгөөд түүний өрөө тасалгаа нь нэг субеъктийн эрх ашиг, орон зайг нөгөө субеъктийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм. 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч З.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Т нь хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

 Шүүгдэгч З.Т нь ажилчдын хувцас солих өрөөнд нэвтэрч тус өрөө эзэнгүй байхыг мэдсэн дариу бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл гэнэт төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсч хийгдсэн санаатай үйлдэл юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Тг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Тгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн гаргаж өгсөн баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд И.Батням нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлснээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Тг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Тг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ