Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

  2020             4              21                                          2020/ДШМ/496

 

 

З.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч С.Одгариг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Тий өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлоор З.Тд холбогдох 2006005130366 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн З-ийн Т, 2000 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч О.Хонгорзулын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Сургуулийн ... дүгээр гудамжны нийтийн байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч З.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” төвийн Б1 давхарт байрлах тусгайлан хамгаалсан ажилчдын хувцас солих байранд нэвтэрч иргэн И.Батнямын хувцасны шүүгээнд байсан куртикнээс бэлэн 500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокуророос газраас: З.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Зэлма овгийн Зоригоогийн Тг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Тий өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Тг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна.

Шүүгдэгч З.Т нь 2000 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин би хүний халааснаас эд зүйлийг нь авахгүй. Би цагдан хоригдох хугацаандаа засарч хүмүүжиж байгаа. Намайг нэг удаа уучилж, хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс З.Тд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь эрх олгосон заалт болохоос үүрэг болгосон заалт биш учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Монгол” төвийн Б1 давхарт байрлах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан ажилчдын хувцас солих байранд нэвтэрч иргэн И.Батнямын хувцасны шүүгээнд байсан куртикнээс бэлэн 500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч И.Батнямын “...би 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн үед манай хувцас солих өрөөнд хулгай орсон байсан. Манай ажил 3 давхарт, хувцас солих өрөө 1 давхарт байдаг. Манай ажлын Болд-Эрдэнэ гэх хүн хувцас солих өрөөнд ороход түрийвч нь алга болчихсон байсан гэсэн. Бид нарт ирээд “хулгай орсон байна, эд зүйлээ үзээрэй” гэхэд нь би өөрийн эд зүйлээ шалгахад куртикны дотор халаасанд байсан 500.000 төгрөг алга болсон байсан. ...”/хх 14/,

 

шүүгдэгч З.Тий “...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол” төвийн 3 дугаар давхарт байрлах “Калифорниа” ресторанд очсон. Тэгээд ажилчдын өрөөний зүүн талын эхний шүүгээнд байсан шар өнгийн куртикны энгэрийн халаасанд байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, нийт 500.000 төгрөг бэлнээр байхаар нь аваад гараад явсан. ...” /хх 49/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 3/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Тг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч З.Тий “Их Монгол” төвийн Б1 давхарт байрлах тусгайлан хамгаалсан ажилчдын хувцас солих байранд нэвтэрч иргэн И.Батнямын хувцасны шүүгээнд байсан куртикнээс бэлэн 500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч З.Тий өмгөөлөгч С.Одгариг “...оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэлсэлгүй байна. Учир нь;

 

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Тий гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хорих ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд энэ зүйл, хэсэгт заасан 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул болохыг, энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин шүүгдэгч З.Т хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан ажилчдын хувцас солих байранд нэвтэрч үйлдсэн байхад шүүх “орон байранд” нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Цаашид гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн шинжээр бус аль нэг тохирох шинжээр гэм буруутайд тооцож байх нь хэргийн бодит байдлыг тогтоох агуулгад нийцэхийг анхаарах нь зүйтэй.

 

Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Тий өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтад “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд...” гэснийг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Тий өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                        

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ