Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 61

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

Шүүгчид                                        Ц.Амаржаргал

                                                                                    Д.Буянжаргал

                        Оролцогчид:

Прокурор                                      Д.Нямдэлэг                 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          М.Гансүх

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  244 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэ, Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000008 дугаартай, 148/2017/0039/Э хэргийн индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 сарын 24-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг 54 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Эрхий мэргэн овгийн Өнөрсайханы Дашзэвгэ /РД:НТ95082412/

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон мэргэн овгийн Батдэлгэрийн Бат-Ирээдүй. /РД: МЮ96060139/

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

                Шүүгдэгч Ө.Дашзэвгэ нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс эс нэртэй баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч А.Энхсамбууг зодсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.Энхсамбууг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

            Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин зэвсгийн чанартай зүйл болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж А.Энхсамбууг зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 244 дугаартай шүүгчийн захирамжаар:

            -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвэг, Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн 201718000008 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

            -Яллагдагч Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвэг, Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээжээ.

 

Прокурор Д.Нямдэлэг эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар заасан байхад “шүүгч нар амарсан, өөр анхан шатны шүүхээс шүүгч томилуулан хэргийг хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа” гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-д “...хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй...” гэж заасан байхад шүүгч 244 дугаартай захирамжийн 3-д гомдол гаргахгүй болохыг дурьдсугай гэж заасан нь буруу байна. Иймд Б.Бат-Ирээдүй, Ө.Дашзэвгэ нарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гансүх тайлбартаа:

Тухайн хэрэг хэд хэдэн удаа давж заалдах шатны шүүхээр орж байна. 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болсон байна. …Прокурорын бичсэн эсэргүүцэл ойлгомжгүй байна. Тухайн шүүх хуралдааны тэмдэглэлээс бүх зүйл тодорхой харагдана. Тухайн шүүх хуралдаан дээр “хэргийг мөрдөн байцаалтанд буцаагаач, зөв зүйл ангиар нь зүйлчилье” гэж прокуророос хандаж байсан мөртлөө өнөөдөр өөрийн тавьж байсан саналаасаа эсрэг байдлаар эсэргүүцэл бичиж байгаа нь хэр зохимжтой юм бол… Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч болно гэж үзвэл хэрэг хэдийгээр эцэслэн шийдвэрлэгдээгүй боловч хуульд заасан үндэслэлээр тухайн үйлдэл гэмт хэргийн шинжгүй болсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

Ө.Дашзэвгэ нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс эс" нэртэй баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч А.Энхсамбууг зодсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.Энхсамбууг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

Б.Бат-Ирээдүй нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин зэвсгийн чанартай зүйл болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж А.Энхсамбууг зодож танхайрсан гэх гэмт хэрэгт  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь  хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 244 дугаартай шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвэг, Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн 201718000008 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот эсэргүүцлийн дагуу Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.

  1. хэргийг буруу тусгаарласан бол,
  2. шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол
  3. мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол ..., гэж хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг тодорхой заажээ.

 

          Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсэгт   “...шүүгч нар амарсан, өөр анхан шатны шүүхээс шүүгч томилуулан хэргийг хянан хэлэлцэхэд хүндрэлтэй байгаа үед шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгч дангаар шийдвэрлэх болсон нь хэргийг түргэн шуурхай хянан шийдвэрлэх боломжтой болж байна...” гэсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

         Түүнчлэн анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 3 дахь заалтанд “...Энэхүү шүүгчийн захирамжинд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай…” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй…” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгааг анхны шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй байна.

          201718000008 дугаартай эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтасны 88 дугаар хуудсанд авагдсан “Иргэний үэнмлэхний лавлагаа”-нд Өнөрсайханы “Дашзэвгэ” гэж бичигдсэн байх ба анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжинд “Дашзэвэг” гэж яллагдагчийн нэрийг ташаа бичсэн алдаа гаргасныг мөн дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай

                                      ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ