Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00722

 

“А” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02509 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 188 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.П-, Б.Г- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 714 011 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, Д.Дэлгэрнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ази номхон дайлан хөрөнгө оруулалтын групп” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г-, А.П- нартай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн хүүний төлбөрт 2017 оны 01 дүгээр сард 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэхүү мөнгө нь зээлийн үндсэн хүүнд 195 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49 333 төгрөгийг суутгаж авсан. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ хугацаанд шүүх хурал хойшлогдоод 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт зээлийн төлбөрт 25 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 14 697 069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 014 242 төгрөг, нотариатын зардал 2 700 төгрөг, нийт 41 714 011 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байр 151 тоот хаягт байрлах 46.36 мкв 2 өрөө орон сууц, мөн фидуцийн гэрээ байгуулан 1991 онд үйлдвэрлэгдэж 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсад opж ирсэн Тоёота ланд Круйзер маркийн хар өнгийн 08-12 УНМ улсын дугаартай суудлын автомашин барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлбөрийг суутгаж авсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш энэ дарааллыг тогтоодог. Тиймээс 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“А” ГХОХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г-, А.П- нартай 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагад 31 415 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлөх ёстой мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн төлбөрөөс 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 04 дүгээр сараас эхлээд мөн оны 08 cap хүртэл нийт 5 сарын хугацаа хэтэрсэн байна гэж үзэхээр нэг caрд гэрээний дагуу сарын хүү 5 хувь байна гэсэн сарын хүү 1 250 000 төгрөг болж байгаа. Хугацаа хэтэрсэн 5 сараас үржүүлэхэд хүүний төлбөр гарах юм. Үндсэн зээл 23 000 000 төгрөг, 6 250 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1 767 667 төгрөг нотариатын зардал 2 700 төгрөгийг нэмээд, сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 1 479 452 төгрөгийг нэмээд 32 499 819 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02509 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-, А.П- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 502 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 211 311 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-, А.П- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох А.П-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467 953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Г-, А.П- нараас 310 463,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ГХОХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 188 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-, А.П- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 682 697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 031 314 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “310 463” гэснийг “361 363” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой байдлаар дүгнэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэстэй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл огт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа гэж үзэж хууль буруу хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шинээр бүртгэсэн байна үүнийг ямар хугацаатай олгосон бэ гэж хавтаст хэрэгт огт байхгүй зүйлийг асууж хэт нэг талыг барьж хийсвэр дүгнэлт хийсэн. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэдгийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хамааруулахаар заасан байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа үүнд хамаарах хэдий ч уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ажиллах Монгол улсын хуулийн этгээд байхаар гэж заасан байна. Нэхэмжлэгч “А” ГХОХХК нь уг Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нь хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохгүй тул уг хуулийн зээлийн тусгай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Г-, А.П- нараас зээлийн гэрээний үүрэгт 40 234 559 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж, 41 714 011 төгрөг болгожээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс 32 499 819 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсан байна.

Зохигч нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ мөн өдөр байгуулжээ.

Нэхэмжлэгч компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд нь тусгагджээ. “А” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна \хх-ийн 12 дугаар тал\.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан бус харин хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ гэж дүгнэж, улмаар зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээг багасгаж тооцсон нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээлд 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 415 000 төгрөг нийт 31 415 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлжээ. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын төлбөл зохих үүргийн хэмжээг үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрээр тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 188 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН