Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2509

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/02509

Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АНДХОГ ХХК-ийн,

Хариуцагч: А.П,

Хариуцагч: Б.Гнарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41.714.011  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,  Ч.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,  Ч.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ази номхон дайлан хөрөнгө оруулалтын групп ББСБ” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Г, А.Пнартай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн хүүний төлбөрт 2017 оны 01 дүгээр сард 2.000.000 төгрөгийг өгсөн. Энэхүү мөнгө нь зээлийн үндсэн хүүнд 195.066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49.333 төгрөгийг суутгаж авсан. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ хугацаанд шүүх хурал хойшлогдоод 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт зээлийн төлбөрт 25.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 14.697.069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.014.242 төгрөг, нотариатын зардал 2.700 төгрөг, нийт 41.714.011 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 90 а байр 151 тоот хаягт байрлах 46.36 м.кв 2 өрөө орон сууц, мөн фидуцийн гэрээ байгуулан 1991 онд үйлдвэрлэгдэж 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсад орж ирсэн Тоёота ланд Круйзер маркийн хар өнгийн 08-12 УНМ улсын дугаартай суудлын автомашин барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлбөрийг суутгаж авсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш энэ дарааллыг тогтоодог. Тиймээс 25.000.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэв. 

Хариуцагч Б.Г, А.Пнар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АНДХОГ ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Г, А.Пнартай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагад 31.415.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ төлөх ёстой мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн төлбөрөөс 23.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 04 дүгээр сараас эхлээд мөн оны 8 сар хүртэл нийт 5 сарын хугацаа хэтэрсэн байна гэж үзэхээр нэг сард гэрээний дагуу сарын хүү 5 хувь байна гэсэн сарын хүү 1.250.000 төгрөг болж байгаа. Хугацаа хэтэрсэн 5 сараас үржүүлэхэд хүүний төлбөр гарах юм. Үндсэн зээл 23.000.000 төгрөг, 6.250.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1.767.667 төгрөг, нотариатын зардал 2.700 төгрөгийг нэмээд, сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 1.479.452 төгрөгийг нэмээд 32.499.819 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.      

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь хариуцагч Б.Г, А.Пнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд анх 40.243.559 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 41.714.011 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь хариуцагч Б.Г, А.Пнарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн ЗГ00160068 дугаартай гэрээ байгуулагдан, зохигчид 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр бизнесийн зориулалтаар тохиролцон зээлийн гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээний хуулбараар тогтоогддог.

Мөн нэхэмжлэгч “АНДХОГ ХХК болон А.Пнарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр БГ00160068 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба гэрээгээр барьцаалуулагч А.Пгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан болох нь барьцааны гэрээний хуулбараар тогтоогддог.

Түүнчлэн нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь хариуцагч Б.Г нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Гийн эзэмшил, өмчлөлийн 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдэж, 2006 унд Монгол улсад орж ирсэн суудлын автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “АНДХОГ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцон, мөн сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүртгүүлсэн болох нь фидуцийн гэрээний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь шүүхэд зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, фидуцийн гэрээний үүрэгт маргаагүй, тус гэрээний үүрэгт автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч хариуцагч нарын эзэмшил, ашиглалтанд байгаа тул автомашин гаргуулах шаардлага гаргаагүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь хариуцагч нартай зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан тул тэднээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25.000.000 төгрөг,  үндсэн хүү 14.697.069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.014.242 төгрөг, нотариатын зардал 2.700 төгрөг, нийт 41.714.011 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, зээлийн гэрээний үүргээ 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 400 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, 2.000.000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлээс хасан тооцох боломжгүй, үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг эхлээд төлөхөөр гэрээгээр тохиролцсон, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “АНДХОГ ХХК-ийн өмчлөлийн 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдэж, 2006 унд Монгол улсад орж ирсэн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талаас зээлийн гэрээний эргэн төлөлтөд хийгдсэн 2.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасан тооцох нь зүйтэй, уг хассан үнийн дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг  тооцох нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 32.499.819 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж маргадаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлд хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах болон зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж маргадаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулах эрхтэй болохоо нотлоогүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг л шүүхэд ирүүлсэн, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогддог.

Иймээс зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэдгийг банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хамааруулахаар заасан байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа үүнд хамаарах хэдий ч уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ажиллах Монгол улсын хуулийн этгээд байхаар заасан байна. Нэхэмжлэгч “АНДХОГ ХХК нь уг Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохгүй тул уг хуулийн зээлийн тусгай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүсээгүй байна.

Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаарах зээлийн гэрээ байгуулагдсан,  зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тогтоогдож байна гэж үзлээ.

Зохигчдын хооронд харилцан тохиролцон байгуулагдсан зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу 25.000.000 төгрөгийн үндсэн зээлийг 6 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлдүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нараас уг хугацааны үндсэн үүргийг тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан заалтад нийцэх юм.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үүрэг гүйцэтгээгүйгээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна, алданги төлөхөөр тохиролцоогүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Б.Г, А.Пнар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 25.000.000 төгрөг, үндсэн зээлийн 5 хувиар тооцон 6 сарын хугацааны хүүнд 7.500.000 төгрөг, нийт 32.500.000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогддог, уг үүргийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Хариуцагч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг төлсөн байх ба зохигчид 2.000.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй тул түүнийг хасан тооцож 30.500.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 Мөн нэхэмжлэгчээс нотариатын хөлсөнд 2.700 төгрөг нэхэмжилснийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх ба хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор бий болсон хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах хэдий ч нотариатын үйлчилгээнд 2.700 төгрөг төлсөн болох нь Монголын нотариатчдын танхимаас олгсон бэлэн мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул хариуцагч Б.Г, А.Пнараас 2.700 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв. 

Иймд хариуцагч Б.Г, А.Пнараас 30.502.700 төгрөгийг гаргуулан “АНДХОГ ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.211.311 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь А.Пгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Дээрх шаардлагыг шүүх ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна, А.Пгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ./ХХ-ийн 6-7 дугаар хуудас/

Харин фидуцийн гэрээний үүрэгт 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдэж, 2006 унд Монгол улсад орж ирсэн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч Б.Г нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогддог, нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний үүрэг шаардаагүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Г, А.Пнараас 310.463,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АНДХОГ ХХК-ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г, А.Пнараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.502.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АНДХОГ ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.211.311 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г, А.Пнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох А.Пгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Г, А.Пнараас 310.463,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АНДХОГ ХХК-ид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА