Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 47

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О даргалж, шүүгч  Б.С, шүүгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг дарга Ц.М-гийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болон Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие 2014 оны 9 дүгээр сарын 12 нд Архангай аймагт зарлагдсан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтанд орж тэнцээд 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 

2016 оны 6 сарын 30-ний өдрийн Б/56 дугаар захирамжаар тус ажлын байрандаа жинхлэн томилогдсон. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга хууль зөрчиж Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн байдаг. Би уг албан тушаалд ажиллаж байхдаа ямар нэгэн гаргасан зөрчил байхгүй. Тиймээс аймгийн Засаг даргаас ирүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургуулийн захирал Д.М хүргүүлсэн үндэслэлгүй мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаж байна. 

Харин Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт залруулах тухай захиалгыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 2.1-д зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ гэж заасан. Гэтэл Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал дээр сул орон тоо гаргаагүй, Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй. Д.М-ыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон зүйл байхгүй байна. 

Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 захирамжаар Д.М-ыг тухайн албан тушаалд жинхлэн томилохдоо Боловсролын тухай хуулийн 30.1.15, аймаг нийслэлийн сонгон шалгаруулалтын дүн, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох тухай хуулийн заалтыг үндэслэн тухайн үед нийтлэг зарлагдаж байсан төрийн албан хаагчийн нээлттэй сонгон шалгаруулалтанд тэнцэн иргэдийн үнэлгээ, Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2015 оноос 2016 оны хичээлийн жилийн ажлын үр дүнг харгалзан Д.М-ыг тухайн албан тушаалд жинхлэн томилоход татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2014 оны 03/10278 дугаартай Д.М-ыг Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан бичгүүд тус тус үндэслэсэн байдаг. 

Хариуцагч тухайлсан ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтанд Д.М ороогүй гэсэн тайлбарыг хэлдэг. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зарлагдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтанд Д.М орж тэнцсэн. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн учраас түр тушаалаар тухайн ажлын байранд томилсон. Томилсон хугацааны ажиллах ур чадварыг харгалзан уг ажилд нь жинхлэн томилсон байдаг.

Иймд Архангай аймгийн Засаг даргын Боловсрол, соёл, урлагийн газрын даргад хүргүүлсэн сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна." гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М-ын ажиллаж буй ажлын байран дээр огт сонгон шалгаруулалт зарлагдаагүй, сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаагүй байхад шууд томилсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан “...шударга ёс, ардчилсан, тэгш байх...” зарчмыг тус тус зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг дарга 2016 онд үүрэгт ажлаа авсны дараа өөрийн эрхлэх ажлын хүрээнд хамаарагдах сургууль цэцэрлэгүүдэд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол хэрхэн хэрэгжиж байгаа талаар  судалгаа хийсэн. Уг судалгаанд үндэслээд Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль, зарим сургууль цэцэрлэгүүдийн удирдах албан тушаалтны орон тоон дээр зайлшгүй сонгон шалгаруулалт явуулан эрх бүхий албан тушаалтныг томилох шаардлагатай гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.М нь Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд  2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн б/06 дугаар Архангай аймгийн Засаг даргын  захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр  томилогдсон байдаг. 

Д.М-ыг ажилд жинхлэн томилох тухай захирамж гарснаас хойш 1 жил 5 сарын дараа Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль дээр сонгон шалгаруулалт огт явагдаагүй байсан. Тийм учраас нэхэмжлэгчид мэдэгдлийг хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад Засаг даргын зүгээс захиалгыг хүргүүлсэн.

Архангай аймгийн Засаг даргын Б/56 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.5 дугаар зүйл, 17.1 дүгээр заалт, төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолыг бүхэлд нь, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад уг сургууль нь шинээр байгуулагдсан сургууль болох нь харагддаг. Шинээр байгуулагдсан сургууль учраас тухайн захирлын албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй. Иймд Архангай аймгийн Засаг даргын сонгон шалгаруулалт явуулах захиалга үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 Иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Д.М-аас Архангай аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0279 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ийнхүү хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин хүлээн авч, нэхэмжлэгч Д.М-аас “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг, Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /2-р х.х-н 29-30/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нь Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх хүлээн авч хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргээс Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох хэргийг тусгаарласан болохыг тэмдэглэв. /2-р х.х-н 72-74/

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэгч талаас “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, үлдсэн Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт залруулах тухай захиалгын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно./2-р х.х-н 95/

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар  Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаар албан бичгээр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал албан тушаалд сонгон шалгаруулалтын захиалга нь захиргааны актын шинжүүдийг агуулсан /захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг асуудлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан / байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /2-р х.х-н 36/

 

Маргааны үйл баримтаас дурдвал: Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаар албан бичгээр “ Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал ...-ын ажлын байранд сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж дүнг ирүүлэх...” тухай захиалгыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлснээр уг маргаан үүсжээ. /2-р х.х-н 36/

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал албан тушаалд сул орон тоо гараагүй гэж;

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.М-ын ажиллаж буй ажлын байран дээр огт сонгон шалгаруулалт зарлагдаагүй, шинээр байгуулагдсан сургууль учраас тухайн захирлын албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  дүгнэв. Учир нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах .. цалин хөлс авах” эрх болон Арван ёсдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус Монгол Улсын Үндсэн хуулиндаа хуульчилсан хуулийн заалтуудыг болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж тус тус заасан Төрийн албаны үндсэн зарчмуудыг зөрчжээ.

 

Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Архангай аймгийн Засаг даргын орлогч 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/1138 дугаар албан бичгээр тус аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган сумын II, Тариат сумын Мөрөн, Өндөр-Улаан сумын Хануй, Жаргалант сумын Хоолт багийн сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохион байгуулан дүнг танилцуулахыг аймгийн Боловсролын газарт үүрэг болгожээ. /1-р х.х-н 105/

Дээрх албан бичгийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.М 62.5  оноо авч тэнцсэн байна. /1-р х.х-н 48/

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Д.М-ыг Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад ороогүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Аймгийн боловсролын газрын дарга 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар албан бичгээр “2014 онд сонгон шалгаруулалтад орж Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар түр томилогдсон Д.М-ыг 2015-2016 оны хичээлийн жилийн ажлын үр дүнг харгалзан жинхлэн томилоход татгалзах зүйлгүй” гэж,  Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/10278 дугаар албан бичгээр “Эрдэнэбулган сумын Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Д.М нь тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна” гэсэн саналуудыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.    

Дээрх саналуудыг үндэслэн аймгийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн б/56 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.М-ыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар жинхлэн томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. /1-р х.х-н 24, 77, 94/

 

Нэхэмжлэгч Д.М-ыг Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн б/06 дугаар захирамжаар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/56 дугаар захирамжаар тухайн албан тушаалд жинхлэн томилсон захиргааны актууд нь хүчин төгөлдөр байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор сонгон шалгаруулах захиалга, ажлын байрны тодорхойлолтын хамт аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Нэгийн 1.1, 1.2, 1.3, Хоёр. “Захиалга ирүүлэх”, 2.1.“Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ.” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “..Сул орон тоо гарсан..” гэж хуулийн 23, 24 , 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлыг албан тушаалаас нь бууруулсан, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан, нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулахаар зохицуулжээ. 

 

Гэтэл хариуцагч, түүний төлөөлөгч “Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор 7.5-д “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М-ын ажлын байран дээр огт сонгон шалгаруулалт зарлагдаагүй, тухайн сургууль нь шинээр байгуулагдсан учраас сонгон шалгаруулалт явагдах ёстой” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Спортын төрөлжсөн сургалттай сургуульд тусгай зөвшөөрөл олгох тухай” а/13 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын IV багт байрлалтай спортын төрөлжсөн сургалттай сургуульд тусгай зөвшөөрөл, 0001909 дүгээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосноор Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулагджээ. /1х.х-н 87,89-91/

 

Улмаар нэхэмжлэгч Д.М төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн, Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Д.М-ыг спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” б/06, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Д.М-ыг ажилд жинхлэн томилох тухай” б/56 дугаар захирамжаар захирлын албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 03, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төсвийн ерөнхийлөн захирагчтай Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2016 оны 1, 2, 3 дугаар улиралд Үр дүнгийн гэрээний урамшуулал авч байжээ .

Гэрч А.А шүүхэд мэдүүлсэн “ .... Д.М нь сонгон шалгаруулалт өгч тэнцсэн, мөн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан тусгай шаардлагыг хангасан, биеийн тамирын багш мэргэжилтэй, боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан байсан учраас захирлаар түр томилсон. 2014 оноос 2015 оны хичээлийн жилд ажиллаж байсан үр дүнг харгалзан үзэж аймгийн Засаг даргатай зөвшилцөн жинхлэн томилсон... “ гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль нь 2015 онд байгуулагдсан, тус сургуулийн захирлаар  Д.М нь 2 жил 10 сар ажиллаж байгаа, цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа нь нотлогдож байна. /1х.х-н 6-23, 24-25, 47-48, 80-87, 176-190/

Дээрхи нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: Спортын төрөлжсөн сургалттай сургууль шинээр байгуулагдсан сургууль гэж үзэж тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах нь хууль бус бөгөөд Төрийн болон тухайн аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан алдааны улмаас нэхэмжлэгч Д.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирох ёсгүй юм. 

 

Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд Д.М нь өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаартай албан бичиг нь захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулсан бөгөөд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” уг хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг тус тус зөрчиж хууль бус захиргааны акт гаргажээ. 

    

  Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.М-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаартай албан бичгийн холбогдох хэсэг болох Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн шүүх хуралдаан хойшлуулах, мэтгэлцэх боломжоор  хангах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийг 106.3.1, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаартай албан бичгийн холбогдох хэсэг болох Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг дарга Ц.М-гийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Б.ОДОНТУЯА

                                                 ШҮҮГЧИД  Б.СУГАР Б.БАТЧИМЭГ