| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/05472/И |
| Дугаар | 5585 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 5585
| 2016 оны 08 сарын 30 өдө
| Дугаар 101/ШШ2016/05585 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо Хужирбулан * гудамж * тоотод оршин суух Б овогт Ч Э /*********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Консул* гудамж *тоотод оршин суух Бн овогт Л П /РД:**************/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,560,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, хариуцагч Л.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Э нь Л.Птэй 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед Л.П нь ээжийн бие муу байгаа, мөнгийг дэлгүүрийн орлогоос төлж барагдуулна гэсэн боловч мөнгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөнгө зээлсэн эхний сар гарангийн хугацаанд 5.639.900 төгрөгийг төлж, үлдэгдэл 12.560.100 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Л.Пгээс зээлээ төлөхийг шаардахад шүүхдээд аваараа гэсэн тайлбар хэлдэг.
Иймд Л.Пгийн зээлсэн 14.000.000 төгрөгийн 3 сарын хүү 4.200.000 төгрөг, нийтдээ 18.200.000 төгрөгнөөс түүний төлсөн 5.639.900 төгрөгийг хасаад үлдэгдэл 12.560.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад анх Ч.Э амаар 10 хувийн хүүтэйгээр зээл авах санал тавьсан. Анх би 8.000.000 төгрөг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр авснаас 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаанд өдөр бүр 115.550 төгрөг төлсөн. Нийт 1.502.150 төгрөг төлсөн. Дараа нь надад 6.000.000 төгрөг нэмж өгсөн. Энэ хугацаанд ерөөсөө гэрээ хийгээгүй байсан. Гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр байгуулаад өдөр болгон 231.550 төгрөг болгон өгдөг болсон. 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 1.680.400 төгрөг бэлнээр өгсөн.
Ч.Энхболорын дансанд 215.500 төгрөг, 231550 төгрөг, 447100 төгрөг хийсэн. Тэгээд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2.307.350 төгрөгийг бэлэн өгсөн. Тэрнээс хойш би мөнгө өгч чадахгүй, хүү дэндүү өндөр байна гэж хэлсэн. Манай гэрт нэхэмжлэгч ирээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 850.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Л.Пгийнх манайх 2 ойрхон болохоор ажлаасаа гэрлүүгээ явах замдаа манайхаар ирээд мөнгөө аваад явдаг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр авсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200.000 төгрөг бэлнээр авсан. Бүгд гарын үсэгтэй байгаа.
Нийт 8.387.000 төгрөг өгсөн. Ч.Эын гаргасан тооцоо нь буруу байна. Одоо би 5.813.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тооцоог буруу хийсэн байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.Э нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 12,560,100 төгрөгийг хариуцагч Л. Пгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.П нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоолол буруу байна гэж маргасан.
Нэхэмжлэгч Л.Э хариуцагч Л.П нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Э хариуцагч Л.П нар нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 14,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 8,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 6,000,000 төгрөг тус тус авсан гэж тайлбарласан боловч зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр бичгийн гэрээ байгуулагдсан байх тул энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь хүү тооцох эрхтэй болно гэж шүүх үзлээ.
Иймд 2014 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл 15 хоног 115,550 төгрөг төлж нэхэмжлэгч гарын үсэг зуран хүлээн авсан нийт 1,733,250 төгрөгийг хүү 4,200,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгчид үндсэн төлбөрөөс нийт 7,355,400 төгрөг, хүүнд 1,733,250 төгрөг, нийт 9,088,650 төгрөг төлжээ.
Иймд хариуцагч Л.Пгээс үндсэн төлбөр 6,644,600 төгрөг, хүү 2,466,750 төгрөг, нийт 9,111,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Л.Пгээс 9,111,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,448,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Пгээс 160,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 215,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ