Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 22

 

Б.*******д холбогдох хэргийн талаар

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ш.Баттогтох, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Э. Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******, В.******* Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч В.*******, Ж.******* Э.******* нарын давж заалдсан гомдлоор Б.*******д холбогдох 201613000101 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* гол баг хэсгийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД: /ИЙ-/ Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.*******д өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 1051м2 хэмжээтэй хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн толгойн томографийн CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие нь хохирогчийг цааш түлхэх гэтэл өөрөө цаашаа унасан юм. Миний үйлдлээс хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хийсэн үйлдлээс болж хохирогч орчиндоо харьцах ямар ч чадваргүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар миний үйлдлээс болоогүй ар дагзаараа унахад баруун чамирхайд гэмтэл учрахгүй гэж мэдүүлж байсан 103-ын дуудлагын эмч өөрөө босоод явсан эмнэлэг дээр очоод орноос унасан гэж сувилагч эгч хэлсэн, мөн эмнэлэгийн гаднах сандал дээрээс унасан байсан. Ийм болохоор миний үйлдлээс болоогүй гэж үзэж байна. Иймд уг хэргийг дахин хянаж үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэдэлт зорилго, арга хэлбэр, цаг хугацааны хамаарлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад гэрч М. шүүх хуралдаан дээр “ ... би очиж үзсэн. Тэгэхэд амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Б. өөрөө босоод машинд суусан, эмнэлэгт өөрөө орсон. Намайг үзэхэд маш их согтуу байсан. Ухаантай байсан. Намайг 2 дугаар эмчид хүлээлгэж өгөхөд ухаантай байсан ...” гэх мэдүүлэг, хохирогч Б. шүүх хуралдаан дээр “... би эмнэлэгийн гадаа Б.*******гээр тамхи, ундаа, авахуулаад тамхи татаад, ундаа уусан үүнийгээ сайн санаж байна ...” гэх мэдүүлгүүдээс харахад хохирогч Б.*******д цохиулаад орчинтойгоо харьцах чадваргүй байсан гэх нь үгүйсгэгдэж байна. Гэрч М. хэлэхдээ би үзээд 2-р эмчид 1940 -20 цагийн хооронд хүлээлгэж өгсөн гэдэг. Гэрч Т. хүлээж авсан гэдэг. Энэ хооронд хохирогч хаана байсан талаар хавтаст хэргийн материалд огт тодруулаагүй. Энэ хугацаанд хохирогч өөрөө гадаа гарсан би орон дээрээс унасан талаараа өөрөө хэлээд байгаа. Би өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас боллоо. Б.*******д ямар ч хамаагүй гэж мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Л.: “... Орон дээрээс унаад болохгүй газар хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн материалд байгаа. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч М., М. нар “хохирогч ар дагзаараа унасан тохиолдолд баруун чамархайд гэмтэл учрахгүй” гэж мэдүүлсэн байгаа. Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Э.*******, В.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд нотлох баримтыг бүх талаас нь бодитой үндэслэлтэй үнэлээгүй болно. ...хохирогч ийг унасаны дараа яаралтай тусламжийн эмч М.ыг ирж үзэхэд хохирогчид гавал тархины гэмтэл авсан гэх шинж тэмдэг илрээгүй амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан нь түргэн тусламжийн хуудас болон гэрч М.ын мэдүүлэгээр тогтоогдсон. Гэрч Л.ы мэдүүлгээр “...хохирогч ийг ажиглах зорилгоор онош тодруулах өрөөнд оруулсан байхад орноос унасан байсан нь тогтоогдсон бөгөөд уг өрөөний шал плита, модон хийцтэй гэдгийг гэрчилсэн. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн болон ШСМҮХ-ийн шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээний дүгнэлтээр хохирогч ийн баруун чамархай яс шугаман хугаралтай хугарлын харалдаа цусан хураа үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч , нар мэдүүлэхдээ “Чамархайн яс нь хамгийн нимгэн яс бөгөөд чамархай хэсгээр орноос унахад уг гэмтэл үүсч болно. Уг гэмтлийг авсан даруйд даралт ихсэх, ухаан алдах шинж илэрнэ.” гэж хариулсан өөрөөр хэлбэл уг гэмтлийг нэгдсэн эмнэлэгт ирсэнээс хойш авсан байх боломжтой гэж үзэх үндэстэйг шүүх анхаарч үзээгүй. Урд болсон шүүх хуралдаанд хохирогч мэдүүлэхдээ би хэзээ гэмтэл авсанаа санахгүй байсан, их согтуу байсан талаараа мэдүүлсэн. Хохирогчийн баруун чамархайн яс хугарсан байсан нь гэрч ы “...орны урд баруун талаараа унасан хэвтэж байсан...” гэх мэдүүлэгтэй байрлалын хувьд тохирч байгааг шүүх анхаарч дүгнээгүй. Иймд Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж Б.*******гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн тайлбар байхгүй гэв. Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчид гэмтэл учирсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан уу гэдгийг тогтоохдоо бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй байна. Хэрэг гарах үед гэрч хохирогчоос тусдаа явж байсан. Тухайн хэрэг явдал гарах үед хохирогч ямар үйлдэл гаргаж, шүүгдэгч түүний хаана нь эхэлж цохьсон талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байхад шүүх үүнийг тогтоогдсон мэтээр үнэлж шийдвэр гаргасан. Шүүгдэгч хохирогчийн цээжин тус газарт хөлөөрөө тийрсэн байх нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоогоогүй. Хохирогчийн цээж рүү нь тийрэхэд ямар хүч үйлчилсэн асуудал тодорхойгүй. Хэрэг гарсны дараа түргэний эмч хохирогчийн биеийн байдлыг үзээд авч явах боломжтой гэж үзсэн учраас эмнэлэг рүү авч явсан байдаг. Хохирогч нь шүүгдэгчийн үйлдлээс болж явах чадваргүй болсон уу эсвэл согтолтоос болоод явах чадваргүй байсан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Гэрч ын мэдүүлэгт нэг залуу архи уусан байдалтай, ил шарх сорвигүй араараа унасан байдалтай байсан. Анх дуудлага хүлээж авсан хүний тэмдэглэлд ухаан алдаж өөрийгөө жолоодох чадваргүй болсон гэж дүгнэх нөхцөл байдал харагдахгүй байгаа юм. Гэтэл хохирогчид учирсан гэмтлийг шууд шүүгдэгчийн үйлдлээс болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч орноос унасан тухайд гэрч мэдүүлэхдээ хохирогчийг маш их согтолттой байсан учраас архийг нь гартал ажиглая гэсэн байдаг. Хохирогч согтолтоос болж хүнээр түшүүлж явсан уу, цохилтоос явж чадахгүй байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч тухайн үед согтолтоос болж явж чадахгүй байсан зүйл харагдаж байгаа юм. Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэдэлт зорилго, цаг хугацааны хамаарлыг бүрэн бодитой тогтоогоогүй, мөн шүүгдэгч санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудсанд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шинжээчээс асуулт асуусан нь тусгагдсан. Түүнд шинжээчээс ар дагзаараа унасан тохиолдолд баруун чамархайд гэмтэл учрах уу гэж асуухад гэмтэл учрахгүй гэж хариулсан байдаг. Үүнээс үзэхэд хохирогчийн амь насанд аюултай гэмтлийг хэн учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд нь эргэлзээ гарвал тухайн эргэлзээ бүхий нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байдаг. Энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчид ял халдаах нь үндэслэлгүй юм. Тухайн үед хамт байсан гэх 2 гэрч хоёулаа согтуу байсан. Мөн хохирогч 2 гэрчтэй хамт өглөөнөөс хойш хэдэн шил архи уусан нь тодорхойгүй байдаг. Энэ 2 гэрч тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хоёулаа яг ижил зүйл мэдүүлсэн байдаг. Машины урд болсон явдлыг машины ардаас харж байсан 2 гэрч үнэн зөв мэдүүлсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хохирогчийн зүй бус хууль бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдаг. Иймээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв. Шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч өөрийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан гэдгийг өөрөө анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан. Иймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв. Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байхад үүнийг үнэлээгүй. Хохирогчийн буруутай үйлдлийн талаар хэрэгт хангалттай нотлогдсон. Хохирогчийн унасан байдал гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдлыг харахад хохирогч цементэн гадаргууд толгойн дагз хэсгээрээ унасан гэдэг. Шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн баруун чамархайн нимгэн ясны хэсэгт шугаман хугаралт үүссэн, түүний харалдаа харвалт үүссэн гэсэн байдаг. Хохирогч 2016 оны 6 сарын 19-ны өдрийн 19 цагт унасан, түргэн тусламж ирээд эмнэлэг рүү 20 цагт хүргэсэн байдаг. Яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд хохирогчийг ирж үзээд ухаан санаа саруул, биеийн байдал дунд зэрэг, согтолттой гэсэн онош тавьсан байдаг. Гэрчүүдийн мэдүүлэгт хохирогч түргэний машинаас хөл дээрээ бууж өөрөө эмнэлэг рүү орсон гэсэн байдаг. Хохирогч эмнэлэгт байхдаа гарч орсон, ундаа ууж, тамхи татаж ухаан санаа нь саруул байсан гэдгийг хохирогч өөрөө мэдүүлдэг, мөн энэ талаар нотлох бусад баримт хэрэгт авагдсан байдаг. Өвчтөний түүхийг үзэхэд хохирогч 23 цаг 15 минутад ухаан алдсан гэж тэмдэглэсэн байдаг. Хохирогч ухаан алдахаас өмнө ажиглалтын өрөөнд байхдаа орноосоо унасан, баруун талаараа хэвтэж байсныг нь буцааж оронд нь хэвтүүлсэн, дахиад унасан байхаар нь газарт хэвтүүлсэн талаар гэрчийн мэдүүлэг байдаг. Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа. Харин шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан учраас уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Эмнэлэг дээр унасан гэж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Эмнэлэг дээр унасан нь гэрч ы мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Хохирогч эмнэлэгт байхдаа баруун талаараа унаснаас, баруун чамархай ясны хугарал үүссэн нь нотлогдож байгаа, харин хохирогч толгойн ар дагзаараа унаснаас баруун чамархайн яс хугарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй байвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгах саналтай байна гэв. Прокурор Э. давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нөхөж гүйцээгээд анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсний тухайд 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчим хохирогч биедээ гэмтэл авсан талаар Шүүхийн шинжилгээний албанаас дүгнэлт гаргасан. Мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин дүгнэлт гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж дүгнэлт гаргасан. Эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй. Анх гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн байдаг. Хэрэг гарах цаг үед Баруун бүсийн худалдааны төвийн гарах хаалганы хажууд шүүгдэгч хохирогчийн цээжин тус газарт өшиглөсөхийг харсан 2 гэрч байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 2 гэрч болон хохирогчоос тухайн үед хэр хэмжээний архи уусан бэ гэж асуухад Биндэръяа, 2 гайгүй байсан, би тэр 2-той уулзахаас өмнө архи уусан байсан гэж хариулсан. Гэрчүүдийг согтуу байхад нь гэрчээр байцаагаагүй. Тухайн гэрчүүдийн оршин суух газар нь тодорхой бус байсан учраас сарын дараа гэрчээр байцаахад харсан зүйлээ үнэнээр нь мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан дахин байцаахад ******* гарч ирээд 4-5 алхаад ийн цээжин тус газарт өшиглөсөн. Түүний улмаас цементэн талбай дээр араараа саваад толгойгоороо унахад тас хийх чимээ гарсан гэсэн байдаг. Хохирогч тухайн үед өөрөө явж байсан гэж байгаа боловч гэрч, түргэний эмч ******* нарыг гэрчээр байцаахад нь ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхгүй газар хэвтэж байсан, сууж байсан гэж мэдүүлдэг. Тухайн үед Биндэръя нар сугадаж өргөөд эмнэлэгийн машинд оруулсан, эмнэлэг рүү оруулсан гэсэн байдаг. Өмнө нь хүнийг хэл амаар доромжлох зэргээр зөрчил гаргаж идэвхтэй үйлдэл хийж байсан хүн шүүгдэгчид цохиулсаны дараа хөдөлгөөн хийх боломжгүй болсон байдаг. Гэрч 103-т дуудлага ирээд өрөө рүү явчихаад буцаад ирэхэд эмнэлэгийн ороос газар унасан байсан. Түүнийг яг унаж байхыг нь нүдээр хараагүй гэдэг. Энэ талаар шүүх хуралдаан дээр хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэрч аас “... та хохирогчийг яагаад согтуу гэж дүгнэсэн бэ? гэхэд хохирогчийн амнаас архи үнэртэж байсан учраас маш их согтуу байна гэж бодсон” гэж хариулсан. Хохирогчийн цуснаас ямар нэгэн шинжилгээ аваагүй, драйгер үлээлгээгүй. Хохирогчийг орноос унаж байхыг харсан гэрч байхгүй. Хохирогч тамхи ундаа аваад ир гэж хэлсэн зүйл яригддаг. Харин түүнийг яг тамхи татаж байхыг нь харсан хүн байхгүй. Цээжин тус газарт өшиглөсөн талаар гэрч нарын мэдүүлэг байдаг. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд өөрт нь буюу ойр дотны хүнд нь хүч хэргэлсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээл дарамтанд нь байсаны улмаас сэтгэл санааны цочролд хоромхон зуурт автаж гэсэн байдаг. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг ямар нэгэн байдлаар дарамтлаад байсан зүйл байхгүй, машиных нь урд саад болж зөрчил гаргасан. Хохирогчийн энэ үйлдэлтэй нь холбогдуулж шүүгдэгч цагдаа дуудах зэргээр өөр боломж бололцоо байсан. Гэтэл шүүгдэгч хүнд гэмтэл учруулсан үйлдлийг мэдэж зорьж хийсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учраас хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төвийн” гарах хаалган дээр хохирогч Б.ийг машин хөдлөхөд машины урдаас холдсонгүй, урдаас хэл амаар доромжилж салаавч гаргалаа гэсэн шалтгаанаар түүний цээжин тус газарт нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан Б., гэрч Ч.Биндэръяа, С. нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******гийн хохирогчид учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогч Б.ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 –р зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.*******, В.*******, Э.******* нар нь давж заалдсан гомдолдоо “... Шүүгдэгч Б.*******гийн бусдын биемахбодид хүнд гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.*******, В.*******, Э.******* нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.*******гийн хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Түүнчлэн шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан шинэ Эрүүгийн хуулинд заасан ялын хүрээнд хөнгөрүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой юм гэж үзэв. Торгох ялын 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Б.*******г 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгож, шүүгдэгч Б.*******гийн орлого олох боломжийг харгалзан шинэ 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг төлүүлэхээр тогтоов. Хэрэв шүүхээс тогтоосон торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мямарсүрэнд анхааруулав. Мөн шүүгдэгч Б.*******д анхан шатны шүүхээс өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгож, Б.*******г шүүх хуралдааны танхимаас суллав. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-дэх хэсэгт шинээр ... Шүүгдэгч овгийн *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, 2 дахь хэсэгт шинээр ... шүүгдэгч овгийн *******г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж, 5 дахь хэсэгт шинээр ... Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын 6,7,8,9,10 дахь заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.*******, В.*******, Э.******* нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ