Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00735

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00153 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөр 94 442 080 төгрөг бусад зардалд 5 000 000 төгрөг, нийт 99 442 080 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 55 557 920 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Хаш-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ш” ХХК-тай 15/013 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ХG955Н маркийн СХG00955V001Е0803 шинэ хүнд даацын механизмийг харилцан тохиролцсоны дагуу боломжит нөхцлөөр 6 сарын хугацаанд төлбөр төлөхөөр хүлээлгэн өгсөн. Гэтэл “Ш” ХХК нь төлбөр төлөхгүй машин механизм нуун далдалж, бид техникээ олж авахаар олон удаа явж, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас аваад гэрээний 3.11-т зааснаар түрээсийн төлбөрийг сарын 15 000 000 төгрөгөөр тооцох болсон.

Иймд гэрээний 4.1.7-д зааснаар төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүйгээс худалдагчид учирсан хохиролд 1 ширхэг дугуйны үнэ 2 500 000 төгрөг, техникийн 2 ширхэг аккумляторын үнэ 500 000 төгрөг, техник хурааж авах томилолтын зардалд 2 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг, нэмж 155 000 000 төгрөгөөс гэрээний үүрэгт төлсөн 55 557 920 төгрөгийг хасч үлдэгдэл 99 442 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.11-т “Худалдан авагч гэрээний 3.2-т заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно” гэж заасныг үндэслэн 150 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилсэн байна. Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн гэрээний зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь түрээсийн төлбөр төлснөөр авто ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах эрх үүсэх эсэхийг гэрээнд тусгаагүй, тодорхойгүй байна. Түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудын аль алинд байгаагүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй.

Иймд худалдагч түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг худалдан авагчаас шаардах эрхгүй. Мөн авто ачигчийг хураан авахтай холбоотой гарсан зардалд 5 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба зардлын баримтууд нь “Монтрак групп” ХХК-ийн нэр дээр гарсан, авто ачигчийг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хурааж авсан гэх боловч томилолтын зардлын баримтууд нь тухайн өдрөөс хойш огноотой. Зарим баримтууд нь бүдэг, хуучирсан учир огноо, дүнг тодорхойлох боломжгүй. Зарим тооцооны хуудас огноогүй, мөн Хэнтий аймагт тоног төхөөрөмж хурааж авсан хэрнээ Говьсүмбэр аймгийн цайны газарт хоол идсэн баримт хавсаргасан. “Шакман Моторс” ХХК-иас дугуй, аккумулятор худалдаж авсан зарлагын баримтыг хавсаргасан хэдий ч тухайн баримт нь авто ачигчийг хурааж авсан өдрийн огноо мөн бодитоор худалдаж авсан эсэх нь тухайн зарлагын баримтаар нотлогдохгүй тул бодит бус зардал хохирлыг хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Манай компани улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүйтний улиралд ажлаа зогсоох шаардлагатай болдог. 2015 оны 09 дүгээр сард олборлолтын техникүүд эвдэрсэн, геологийн үр дүн батлагдаагүй, цаг агаар хүйтэрсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлуудын улмаас олборлолтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ийнхүү олборлолт зогсож компанийн орлого эрс багассаны улмаас авто ачигчийн төлбөрийг төлөх боломжгүй тухай “М” ХХК-д амаар болон бичгээр мэдэгдэж, гэрээний төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан.

“М” ХХК-ийн ажилтнууд 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн урьдчилсан мэдэгдэл өгөлгүй Хэнтийн аймгийн Цэнхэр мандал суманд байрлах уурхай дээр очиж авто ачигчийг авч явсан бөгөөд гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн. “М” ХХК нь гэрээнээс татгалзсан нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. “М” ХХК-ийн авто ачигчийг буцаан авсан үйлдэл болон Иргэний хуулийн дээрх эохицуулалтаас худалдагч буюу “М” ХХК нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүссэн тул “М” ХХК-д 55 557 920 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөхгүй машин механизм нуун далдалсан, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр техникээ авсан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх заасныг зөрчсөн гэж 55 557 920 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Гэрээний зүйлийн онцлог шинж болох хүнд даацын техник, худалдах үнэ өртөг өндөр, зээлээр худалдаж байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй тодорхой хугацаа өнгөрвөл гэрээний үүргийг солихоор тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний 3.11-д түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ гэж зааснаар нотлогдоно. Түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дүгээр зүйлийн 319.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас 94 442 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Ш” ХХК-ийн 55 557 920 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655 150 төгрөгийг, хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 630 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00153 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 57 000 ам.долларын үнэтэй авто ачигчийг зээлээр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 57 000 ам.долларын үнэтэй авто ачигчийг шилжүүлж, хариуцагч төлбөрийг гэрээнд заасан графикт хугацааны дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний тохиролцоо хийсэн нь тодорхой байдаг. Нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “Ш” ХХК-иас түрээсийн төлбөрт нийт 99 442 080 төгрөг гаргуулж өгнө үү гэж гаргасан байдаг ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ш” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №15/013 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.11 дэх хэсгийг үндэслэн талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан тул сарын түрээсийг 10 сараар тооцож, 150 000 000 төгрөгөөр түрээслэсэн байна гэж тодорхойлсон байдаг. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэх зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.11-т “худалдан авагч гэрээний 3.2-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд...” гэж байх ба энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Урьдчилгаа төлбөр 7680,5 ам.доллар” гэсэн байдаг. Хариуцагч “Ш” ХХК-ийн хувьд урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь нэхэмжлэгч талд төлсөн байдаг тул дээрх гэрээний 3.11-д заасан “Түрээсийн төлбөр” тооцох эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй юм.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан байдаг. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-ийг үгийн шууд утгаар тайлбарлавал худалдан авагч урьдчилгаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрөөр тооцох эрх худалдагч талд үүснэ гэж ойлгоно. Дээрх агуулгаар ч талууд харилцан тохирч, худалдан авагчийн хувьд нэгэнт урьдчилгаа төлбөрийг төлсөн тул өндөр дүнгээр түрээсийн төлбөр төлөх асуудал яригдахгүй гэж ойлгосон байдаг. “Ш” ХХК-ийн хувьд дээрх авто ачигчийг Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах ил уурхайн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор авсан байдаг. Гэрээ байгуулах үеийн талуудын хүсэл зориг ч анхнаасаа авто ачигчийг зээлээр худалдах-худалдан авах тохиролцоо байсан ба түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэдэг нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон талуудын хооронд солилцсон албан бичгүүдээс тодорхой харагддаг. Мөн гэрээний 1.2-т “Энэхүү гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэсэн байдаг. Худалдагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэх Б.Амарсанаа болон Б.Оюунболор нарт тус компанийг төлөөлөн хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх олгоогүй, олгосон талаарх баримт ч байдаггүй тул энэхүү гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр болоогүй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” байсан гэдэг нь тодорхой байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэл байдаг тул анхнаасаа түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэн түрээсийн төлбөр нэхэмжилсэн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болж байна.

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр нэхэмжилсэн шаардлагыг хангасан учраас нийт 10 сарын түрээсийн төлбөр болох 150 000 000 төгрөгөөс худалдан авагчийн худалдагчаас шаардах эрхтэй 55 557 920 төгрөгийг суутган тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэх зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор нэхэмжлэгчид төлсөн тул энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-д зааснаар түрээсийн төлбөр тооцох эрх нэхэмжлэгч буюу худалдагчид үүсэхгүй юм.

...Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 болон энэ хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу талууд харилцан өгсөн авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 55 557 920 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх эрхтэй байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-иас түрээсийн төлбөр шаардсан тохиолдолд шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож,  улмаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлох учиртай.

Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үзсэнийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны талаар анхан шатны шүүх эрх зүйн үүднээс хангалттай дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар нэхэмжлэгч тал хяналтын гомдол гаргаагүй байна. Харин үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааснаар хангасан гэж үзэхээр байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2018/00153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН