Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х гаргасан давж заалдах гомдлоор, С.О нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.О 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “С.О ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “С.О ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн С.О Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /С.О/ 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...С.О Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 55 нас” гэж тус тус зааж өгсөн.

Нэхэмжлэгч С.О 62 насанд хүрсэн байна. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу эмэгтэй улс төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 55 нас байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж түүнийг ажлаас чөлөөлсөн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х миний бие уг маргаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасны дагуу өмгөөлөгчтэй оролцох эрхээ эдлэх гэсэн боловч энэ эрхийг минь шүүхээс үндэслэлгүйгээр эдлүүлээгүй.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл”-д тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан атал шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг 3-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.

Иймд хууль хэрэглээ болон процессийн алдаатай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4“Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” заасны дагуу хорооны Засаг даргыг ажлаас чөлөөлөх харилцаа зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 буюу “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэсэн заалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

Тухайлбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж тус тус заасан, гэтэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга С.О чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, мөн тус хорооны иргэдийн Нийтийн Хурлаас түүнийг чөлөөлөх талаар санал гаргаагүй байхад “тэтгэвэр авах эрх үүссэн буюу 62 насанд хүрсэн” гэсэн шалтгаанаар албан үүргээс нь чөлөөлж буй Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан “хорооны Засаг даргыг чөлөөлөх, …саналыг хэлэлцэн …дүүргийн Засаг даргад уламжлах” хорооны Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хууль бусаар халджээ. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д бүх шатны Засаг даргыг төрийн улс төрийн албан тушаалд хамааруулсан, харин 11.1-д улс төрийн албан тушаалыг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах… албан тушаал” гэж тодорхойлсон байна.

Иймд дүүргийн Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан нэхэмжлэгч С.О тухайд “ажил олгогч” огт биш, тэрбээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн саналаар нэр дэвшиж хорооны Засаг даргаар томилогдсон улс төрийн албан хаагч.

Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, төрийн албан хаагчид олгох тусламжийн харилцааг зохицуулсан уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно…” гэж тус тус зааснаас үзэхэд ч хорооны Засаг даргад насны дээд хязгаар хуулиар тавигдаагүй болно.

Тиймээс “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдэгт хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд заасан зохицуулалтууд үл хамаарна.

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн 4 хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, хэн нэгнийг хорооны Засаг даргад томилуулахаар уламжлаагүй, бодит байдалд нэхэмжлэгч С.О чөлөөлснөөс хойш Б.Б Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцсон нь үндэслэлтэй.

2.Давж заалдах гомдлын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эрхийг олгоогүйг процессийн зөрчилд, улсын тэмдэгтийн хураамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоолгүйгээр шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаанд тус тус тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалттай олгосон болохыг шийдвэрт тодорхой дүгнэсэн, холбогдох баримтууд ч хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн “гомдлоор авч хэлэлцэх хэрэг”-т энэ маргаан хамаарахгүй.

Харин С.О маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байхад уг шаардлагыг “эгүүлэн тогтоохыг даалгах” байдлаар шийдвэрлэснийг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтын “…тус тус баримтлан…” гэсний дараа “С.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган,” гэж нэмж, “…эгүүлэн тогтоохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай” гэснийг “эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН