Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0765

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр          Дугаар 128/ШШ2020/0765           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О /РД:/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “С.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын бичилт хийлгэх[1]

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “С.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэх.

Иргэн С.О миний бие 2013 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшиж, иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авч тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2017 онд мөн дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдаанаас тус хорооны засаг даргад дахин нэр дэвшиж, олонхын буюу 55.3 хувийн саналын дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагын болон хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж  ирсэн.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь орон нутгийн хурлын сонгууль хараахан болоогүй байхад, Иргэдийн нийтийн Хурлын бүрэн эрхийг хүндэтгэхгүйгээр, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс хууль бусаар чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч миний бие дараах үндэслэлээр дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж байна. Үүнд:

1. Бүх шатны Засаг дарга сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг улс төрийн албан тушаалд хамаардаг байхад төрийн жинхэнэ болон үйлчилгээний ажилтан мэт ойлгож үндэслэлгүйгээр ажил албан тушаалаас чөлөөлсөн.  Нэхэмжлэгч С.О миний эрхэлж байсан албан тушаал болох хорооны Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг албан тушаал бөгөөд хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 -д заасан “улс төрийн албан тушаалд” хамаардаг.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох” гэж заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар бус тус тусын хуулиар зохицуулагддаг, үүний дотор бүх шатны “Засаг дарга”-ыг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахаар хуульчилсан байдаг.

Гэтэл Хорооны Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1. 32.2-т заасны дагуу ... тухайн шатны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн.. ажил албан тушаалаас чөлөөлөх талаар нарийвчлан зохицуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн үндэслэлээр хорооны Засаг даргыг тэр дундаа улс төрийн албан хаагчийг Дүүргийн Засаг дарга Н өөрийн Ажлын албаны бүтэц; зохион байгуулалтын албанд ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний  ажилтан, албан хаагч мэтээр ойлгож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн.           

2. Иргэдийн нийтийн Хурлын саналгүйгээр, хууль заасан журмыг баримтлахгүйгээр хуулиар олгогдсон  эрх хэмжээг хэтрүүлэн Хорооны Засаг даргын ажил, албан тушаалаас  чөлөөлсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-т “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.   

Дээрх хуулийн зохицуулалтаар Баг, хорооны Засаг даргыг зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу буюу хуулийн 28.5-т “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн”.... томилж, чөлөөлөх эрх нь Дүүргийн Засаг даргад олгогджээ.

Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “...тухайн шатны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэх ... " журмыг баримтлахгүйгээр “хорооны Засаг даргыг” албан тушаалаас нь чөлөөлсөн дүүргийн Засаг дарга Нийн шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, хууль тогтоомжид нийцээгүй, иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхгүйгээр “эрх хэмжээгээ хэтрүүлэн” хорооны Засаг даргыг чөлөөлсөн захирамж гаргасан.

3. Тэтгэвэрт гарах шалтгаанаар Хорооны Засаг даргын ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг Дүүргийн Засаг даргад гаргаж байгаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хугацаанаас өмнө хууль бусаар чөлөөлсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг  энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөхөөр хуульчилсан бөгөөд хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ, 32.5-т “Засаг дарга огцрох тухай хүсэлтээ бичгээр гаргаж болно" гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг Засаг дарга өөрөө бичгээр гаргасан бол бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөхөөр, мөн Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдөхөөр тус тус хуульчилжээ.

Гэтэл дүүргийн Засаг дарга Нд нэхэмжлэгч миний бие 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул тэтгэвэрт гарах шалтгаанаар хорооны Засаг даргын ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр болон амаар гаргаж байгаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Засаг даргын албан тушаалаас хууль бусаар хугацаанаас өмнө чөлөөлсөн.

4. Захиргааны акт хууль бус захиргааны акт гаргасан. Дүүргийн Засаг дарга Н.Б-н ажлаас халсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хууль үндэслэх, 4.2.2. шуурхай, тасралтгүй байх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ... зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан захиргааны актыг гаргасанд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.2-т “Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх огцруулах саналыг... хэлэлцэн сум дүүргийн Засаг даргад уламжлах гэж заасан байхад өөрөөр хэлбэл хорооны Засаг дарга намайг огцруулах, чөлөөлөх талаар ямар нэгэн санал Хорооны иргэдийн Нийтийн хурлаас гаргаагүй байхад дүүргийн Засаг дарга хорооны Засаг даргыг чөлөөлсөн захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар Засаг даргыг чөлөөлөхөөр хуульчилсан байхад “Засаг дарга миний бие гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдоогүй, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй ...” гэсэн нөхцөл байдал үүсээгүй,

Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө огцруулах асуудал хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдээгүй, өөрөөр хэлбэл хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргыг огцруулах, чөлөөлөх саналыг гаргаж Дүүргийн Засаг даргад хүргүүлээгүй, Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, тэтгэвэрт гарах хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргаагүй, Хорооны Засаг дарга нь дүүргийн Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн Хөдөлмөрийн болон холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэж, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг зөрчиж, хууль тогтоомжид нийцэхгүйгээр хугацаанаас өмнө намайг чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт тэтгэврийн насанд хүрсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хорооны Засаг дарга бөгөөд энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар бүх шатны Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан байдаг ба сонгуулиар сонгогддог. Үүнийг өөр үе шаттай явагддаг иргэдийн хурлаар дамжиж Засаг даргад уламжилдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь Засаг захиргаа нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар асуудлыг шийдвэрлэх ёстой байтал үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг барьж ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас халах нь үндэслэлгүй юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд бүх шатны Засаг дарга нарыг чөлөөлөх асуудлыг арай өөрөөр хуульчилсан учраас үүгээр шийдвэрлэх ёстой гэж ойлгож байна. Засаг дарга асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэр гаргадаг.

Засаг даргыг чөлөөлөхдөө эрүүл мэндийн байдал муудсан бол чөлөөлөгдөнө, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон бол гуравдугаарт хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухай шатны хурал, бүрэн эрх нь дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад хүртэл хандах асуудал байдаг. Засаг даргаас огцрох хүсэлтээ гаргасан бол ажлаас чөлөөлж болно. Гэтэл эдгээр зүйлүүдийн аль нь яригдаагүй байхад ажлаас халсныг буруу гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хорооны Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 “төрийн улс төрийн алба”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 “бүх шатны Засаг олон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан юм.

Хорооны Засаг даргын хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэж ойлгох нь зөв боловч маргаан үүсээд байгаа хөдөлмөрийн харилцааг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 4.5 “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна” гэж бусад хуулиар зохицуулагдахаар хуульчилсан байна.

Төрийн алба хаах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуулийн 41 зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж зааж өгсөн боловч төрийн улс төрийн албан хаагчдын төрийн алба хаасны дээд хязгаарыг тодорхой зааж өгөөгүй байна. Энэ нь төрийн улс төрийн хаагчдын төрийн алба хаах насны дээд хязгаарыг заагаагүй гэж ойлгож болохгүй бөгөөд төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу төрийн улс төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг дээрх заалтуудын дагуу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах нөхцөлийг хуулиар зааж өгсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 55 нас гэж зааж өгсөн.

Нэхэмжлэгч С.О /РД: / нь 2020 оны 03 дугаар сарын байдлаар 60 нас 4 сар хүрсэн байсан. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу эмэгтэй төрийн улс төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хуулийн дагуу захирамж гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн М нь урт хугацааны акттай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тул М нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Х намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.

Өмгөөллийн “Заяа энд Золоо” ХХН 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн

23/114 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандсан байна. Уг албан бичгийн дагуу Тамгын газраас дээрх байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Иймд Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн. 30.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасны дагуу өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсье” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх иргэн С.О-ээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “С.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            I. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Нэхэмжлэгч С.О нь 2017 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдаанд тус хорооны засаг даргад нэр дэвшиж, олонхын буюу 55.3 хувийн санал авч, тус саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч С.О-г 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилжээ[3].

            Дээрх захирамжаар томилогдон ажиллаж байхад нь нэхэмжлэгч С.О-г Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн, тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийслэлийн Засаг даргын 2015 оны "Журам батлах тухай” А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс нь чөлөөлжээ.

            Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл. “Төрийн албаны ангилал”, 6.1. “Төрийн албыг доор дурдсанаар ангилна:”, 6.1.1. “төрийн улс төрийн алба;”, 10 дугаар зүйл. “Төрийн албан тушаалын ангилал, төрөл”, 10.1. “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:”, 10.1.1. “төрийн улс төрийн албан тушаал;”, 11 дүгээр зүйл. “Төрийн улс төрийн албан тушаал”, 11.1. “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог ... дараах албан тушаал хамаарна:”, 11.1.9. “бүх шатны Засаг дарга ... ;”, 4 дүгээр зүйл. “Хуулийн үйлчлэх хүрээ”, 4.1. “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудыг агуулгаас үзвэл хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан байх бөгөөд эрх зүйн байдлыг нь хуулиар тогтоохоор зохицуулжээ.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 17 дугаар зүйл. “Баг, хорооны Хурлын бүрэн эрх”, 17.1. “Баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 17.1.2. “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 26 дугаар зүйл. “Засаг дарга, түүнийг томилох”, 26.2. “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, ... ийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”, 26.3. Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ... .” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл хорооны Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох зохицуулалттай байна.

            Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Сг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдаанаас гарсан саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар хорооны Засаг даргаар томилсон нь хуулийн дээрх заалтуудтай нийцжээ.

            Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйл. “Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх”, 28.4. “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1[5], 32.2[6]-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна.”, 28.5. “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулга нь хорооны Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах асуудлыг хуулиар зохицуулсан байх бөгөөд эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд иргэдийн Нийтийн Хурлаар чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, Хурлаас гаргасан саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч С.Онь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хорооны иргэдийн Нийтийн Хурал болон дүүргийн Засаг даргад гаргаагүй байх бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэхэмжлэгч Сг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар санал гараагүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

            Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Сг ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

            II. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Шүүхээс маргаан бүхий Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-г Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл. “Хуулийн үйлчлэх хүрээ”, 4.1. “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, 4.4. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

            III. Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд гаргасан эрх зүйн туслалцаа авч, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

             Хариуцагч дүүргийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/1415 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Х-ыг оролцуулж, Г.Х-т захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1., 28.2.3., 28.2.6.-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгожээ.

            Уг хэрэгт хариуцагчаас 3 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмнэлгийн магадалгаатай, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг 4 удаа, ээлжийн амралттай, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт 1 удаа, хэргийн материалтай танилцах хүсэлтийг 1 удаа,  өмгөөлөгч авах хүсэлт[7] 4 удаа гаргасныг шүүхээс тус тус хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах эрхээр удаа дараа хангаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол 91.4. “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”. 91.5. “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Иймд хуулийн дээрх заалтуудын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж боломжтой гэж үзэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээр хангуулах хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзэв.

            Учир нь шүүхээс өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээр 4 удаа хангасан байх тул энэ үндэслэлээр дахин хүсэлт хүлээн авах боломжгүй бөгөөд дээрх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нэхэмжлэгч Сгээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Сг ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 11 дүгээр зүйлийн 11.1.9., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн  28 дугаар зүйлийн 28.4., 28.5. дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “С.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн С.О-г Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /С.О/ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

              

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-6 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-6, 42-43 хуудас.

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 9-12 хуудас.

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 26 хуудас.

[5] 32.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.”

[6] 32.2. “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.”

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 113, 119-120, 189-191 хуудас, хавтаст хэргийн 2 дугаар хавтас 1, 51-53 хуудас.