Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0471/З |
Дугаар | 221/МА2021/0130 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0130
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, тус компанийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.Б 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичгийг хүчингүй болгож, газрын төлбөрийг 2015/208 дугаар гэрээнд заасны дагуу тооцуулахыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 751 дүгээр шийдвэрээр:
“Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6, 34.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн 2015/615 дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж байгаа 2.6 га газрын төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд 2015/208 дугаартай гэрээнд заасан хэмжээгээр тооцсугай” гэж шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх өөрийн хянан шийдвэрлэхгүй маргааныг шийдвэрлэж, захиргааны актын шинжийг хангаагүй албан бичгийг “захиргааны акт” гэж үзэн хүчингүй болгож улмаар захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд:
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасаар захиргааны акт биш юм.
Тодруулбал маргаан бүхий албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй буюу албан бичгийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Түүнчлэн тус албан бичиг нь ямар нэг зохицуулалт агуулаагүй болох нь тодорхой байна. Иймд захиргааны акт, захиргааны гэрээ, хэм хэмжээний атгын шинжүүдийг хангаагүй албан бичгийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл газрын төлбөр ногдуулах үндэслэл болсон шийдвэр нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол бөгөөд нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үндэслэл, хэмжээ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “Э” ХХК-ийн хооронд байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2015/208 дугаар гэрээ юм. Иймд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичиг нь төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр биш юм.
2. Баянзүрх дүүргийн Засаг дарга Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “Э” ХХК-ийн хооронд байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2015/208 дугаар гэрээнд заасан хэмжээгээр газрын төлбөр тооцох талаар:
Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Газрын үнэлгээний тойрог зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол батлагдсан бөгөөд тогтоолын 3 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, суурь үнэлгээ шинэчлэгдсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг шинээр баталж, захиргааны хэм хэмжээний актын 2019 оны №6 эмхтгэлд нийтлэгдэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон “Э” ХХК-ийн байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2015/208 дугаар гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4 “г”-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан. Тодруулбал тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол батлагдсаны дагуу газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул “Э” XXК нь гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргах үүрэгтэй атал тус үүргээ биелүүлээгүй.
Мөн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөний дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гэрээндээ өөрчлөлт оруулж газрын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн.
Анхан шатны шүүхийн тус компанийн 2015/615 дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж байгаа 2.6 га газрын төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд 2015/208 дугаартай гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор шийдвэрлэсэн нь Газрын төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын газрын төлбөрийг ногдуулах эрх хэмжээнд халдсан шийдвэр байна. Мөн гэрээ байгуулсан Баянзүрх дүүргийн Засаг дарга Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хэргийн оролцогчоор оролцуулалгүй, холбогдох тайлбарыг аваагүйгээр гэрээг дүгнэж, шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр байна.
Газрын төлбөр ногдуулсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Тухайн баталсан байгууллага буюу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглэх зааг хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай” 38 дугаар тогтоолоор дээрх 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хүчингүй болгосон үндэслэл нь коронавируст халдвар цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж, ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдсан шалтгаан юм. Иймд дээрх хүчингүй болгосон шийдвэрийг “25 дугаар тогтоол анхнаасаа хүчингүй” гэдэг байдлаар дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлоогүй байхад шүүх “хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж үзсэн нь учир дутагдалтай.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “...“Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг захиргааны гэрээний шинжийг агуулаагүй буюу тус гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох зорилгогүй байна” гэж дүгнэсэн.
Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолоор 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож хүчингүй болгосон.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус гэрээг шинэчлэн байгуулаагүй, эсхүл нэмэгдсэн газрын төлбөрийг гэрээнд тусгаагүй зэрэг нь газрын төлбөр төлөхгүй байх үр дагаврыг бий болгохгүй.
Учир нь уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “Газар эзэмших гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тусгах”-аар заасан нь эрх бүхий этгээдээс тогтоосон нэгж кв газрын төлбөрийг тухайн эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээгээр тооцож, нийт төлөх төлбөр болон тухайн жилд төлбөрийг хэрхэн хувааж төлөх хугацааг л тодорхойлох агуулгыг илэрхийлэхээс бус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, …журмыг гагцхүү хуулиар тогтооно, өөрөөр хэлбэл талууд гэрээгээр газрын төлбөр тогтоодоггүй.
Нэхэмжлэгчийн тухайд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 дугаар тушаалаар Богдхан уулын Төрхурахын аманд 2.6 га газар ашиглах эрхтэй болсноос хойш газар ашиглах гурвалсан гэрээнд заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байсан газрын нэгж үнэ болох 396 төгрөгөөр тооцож, жилд нийтдээ 10.2 сая төгрөг төлж байсан, харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоосны дагуу нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2.6 га газрын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичгээр 2019 он, 2020 оны 1 дүгээр улирлын газрын төлбөрт 97.413.000 төгрөг төлүүлэхээр шаардаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 6 дугаар зүйлийн З-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заасан.
Шүүхээс газрын үнэлгээ, итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон дээрх 25 дугаар тогтоолыг Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг, ийнхүү хүчингүй болгох болсон үндэслэлийн талаар дүгнэхдээ нэхэмжлэгчийн тухайд өмнөх буюу гэрээнд заасан хэмжээгээр төлөх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь 38 дугаар тогтоолыг гаргах болсон шалтгаан нь “цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой” гэх боловч цаг хугацааны хувьд хариуцагчаас энэхүү 38 дугаар тогтоолыг гарахаас өмнөх буюу дээр дурдсанчлан 2019, 2020 оны 1 дүгээр улирлын төлбөрийг шаардсан байх тул 25 дугаар тогтоолыг хүчинтэй байх үеийн газрын төлбөрийг нэхэмжилснийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 38 дугаар тогтоолыг илт хууль бусд тооцож, хүчингүй болгосон талаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан, гэвч энэ нь шүүхийн шийдвэрээс хойших үйл баримт байх тул нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж анхан шатны шүүхийн буруутгах үндэслэл болохгүй.
Газар ашиглах гэрээ нь Газрын, Газрын төлбөрийн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тус тус нийцэж хийгддэг, өөрөөр хэлбэл эдгээр болон бусад хууль тогтоомжоос илүү зохицуулалт агуулдаггүй, шинээр ямар нэгэн хэм хэмжээ тогтоодоггүй учраас гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хийдэггүй.
Тухайлбал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-өөр зааснаас бус “гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж хуульчлаагүй.
Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д заасан “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Газар, зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчээс газрын төлбөрт нийт 97.413.000 төгрөг шаардсаныг хуульд нийцсэн гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.5, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13/942 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 2015/615 дугаар гэрчилгээний дагуу тооцуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН