Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00749

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

11 520 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 4 дүгээр хорооны 12А байрны 4 дүгээр давхарт байрлах 34/1 тоот өрөөг хариуцагч “Б” ХХК-д түрээслүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ байгуулсан юм. Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байранд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгаагаа мэдэгдсэн ба 13 сарын түрээсийн төлбөрт нийт 7 680 000 төгрөгийг тодорхой график хугацаанд төлнө гэснийг бид хүлээн авсан. Гэвч хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхгүй, өмнөх шүүх хуралдааны явцад төлнө, энэ талаар нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэсэн боловч түүнээс хойш шүүх хуралдааныг үндэслэлгүй хойшлуулж, цаг хугацаа хожиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар түрээслэгч тал төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөхөөр заасан бөгөөд алдангийн хэмжээ нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 3 840 000 төгрөгийн алдангийг 7 680 000 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

Миний бие “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж, баталсан тул гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуульд заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан. Хэдийгээр гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж менежер П.Анар-Эрдэнэ гарын үсэг зурахаар тусгасан байх боловч ямар учраас компанийн тэмдэг дарагдаагүй болон тэрээр гарын үсэг зураагүйг хэлж мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар манай компани 900.6 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг ба хариуцагчид дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм. Түрээслэгчийн хувьд түрээсийн байрыг 2017 оны 03 дугаар сард хүлээлгэн өгсөн тухай аливаа маргаан байхгүй ба гагцхүү түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Иймд хариуцагчаас 11 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгийн хэлбэрийг зөрчиж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулахаар талууд тохиролцсон бол энэ талаар баримт үйлдэж, гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31/1 тоот ажлын байр түрээслэх гэрээг байгуулахдаа талууд батлав гэсэн хэсэгт түрээслүүлэгчийг төлөөлж захирал Т.Жигмэддагва гарын үсэг зурсан ч тамга, тэмдэг дарагдаагүй, мөн түрээслэгчийн төлөөлөгч менежер П.Анар-Эрдэнэ гарын үсэг зураагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл П.Анар-Эрдэнийн хувьд уг гэрээг байгуулахад төлөөлөх эрхтэй этгээд байсан уу, үгүй юу гэдгийг итгэмжлэлээр харуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, мөн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн хариуцагч “Б” ХХК-иас 11 520 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199 310 төгрөг, хариуцагчийн төлсөн 137 830 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд Батлав захирал гэдэг бөгөөд гэрээ байгуулсан этгээдүүд нь тэдгээрийн төлөөлөгчид байдаг. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 196.1.2-т заасныг зөрчсөн. Мөн түрээслэж байх хугацаанд тухайн байранд гарч байсан доголдол болон гэрээг цуцлах тухай санал гаргаж байсныг гэрчлэх гэрч оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь процесс зөрчсөн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.                              ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 7 680 000 төгрөг, алдангид 3 840 000 төгрөг, нийт 11 520 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Б” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигч нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “ажлын байр түрээслэх” нэртэй гэрээ байгуулж, “К” ХХК нь Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 4 дүгээр хороо, 12А байрны 4 давхарт байрлах 34\1 тоот өрөөг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, “Б” ХХК нь уг ажлын байрыг ашигласны төлбөрт сар бүр 600 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээ гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээг түрээсийн гэрээ гэдэг байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар болон зохигчийн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар анзын талаар тохиролцсон, уг тохиролцооны агуулга, анзын хэмжээ зэргийг шүүх зөв тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээнд түрээслүүлэгч хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүй, гэрээг компанийн менежер байгуулж, захирал нь баталсан зэрэг байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Харин хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн буруу биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН