Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 6622

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2016/06622

Улаанбаатар хот

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Хан-УУл * хороо * хэсэг Хатантуул * байр * тоотод оршин суух Б трейд ХХК-ний  хувьцаа эзэмшигч С овогт Д Тгийн /РД:******/ нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Консулын гудамж “Б трейд” ХХК-ний байр 316 тоотод байрлах “Б трейд” ХХК-ний захирал Бн овогт Д Бд /РД:*********/-д холбогдох

 

“Б трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн ******** тоот тогтоол, болон тус компаний шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.МТ С.Э, гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь тус компаний хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * тоот тогтоол болон тогтоолоор батлагдсан дүрмийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа.

 

Анх “Б трейд” ХХК-ийг Д.Т болон Д.Бд нар нь 1999 онд үүсгэн байгуулсан. Энэ компаний хувьцааны 40 хувийг Д.Т, 40 хувийг Д.Бд, 20 хувийг Д.Ө нар эзэмшдэг. Гэтэл энэ компаний үүсгэн байгуулагч 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.Тд мэдэгдэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг ашиг сонирхол нэгтэй гишүүд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулан тогтоол гаргаж, компаний шинэчилсэн журмыг баталсан.  Ингэснээрээ нэхэмжлэгчийн  эрх ашгийг давхар зөрчсөн.

 

 Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангалгүйгээр хурлаар асуудлыг хэлэлцүүлсэн. Хурлын тов болон журмын шинэчилсэн төслийг Д.Тд мэдэгдэлгүй Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.5, 60.2.6, 60.2.7 дах хэсгүүдийг зөрчсөн. Мөн дүрмийг шинэчлэн баталж байгаа тохиолдолд дүрмийн төслийг хувьцаа эзэмшигч нарт урьдчилан танилцуулах шаардлагатай.  Хувьцаа эзэмшигч нараас саналыг тусгайлан авах, саналыг нэгтгэсний дараа дүрмийг батлах ёстой байсан.

 

 Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч компаний дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгыг батлах эсэх асуудлаар саналаа гаргах эрхтэй. Компанийн гүйцэтгэх удирдлагыг тогтоосон өмнөх шийдвэрийг хүчингүй болгоогүй байхад өөр дүрмийг баталсан. Үүний улмаас Д.Тгийн хяналтын үүрэг байхгүй болж, түүний цалин ч мөн хасагдсан.

 

Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компаний эрх барих дээд байгууллага  хувьцаа эзэмшигчдийн хурал байх шаардлагыг зөрчсөн.

 

 Иймд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******** тоот тогтоол, тухайн хурлаар батлагдсан “Б трейд” ХХК-ний шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлд хувьцаа эзэмшигчдын хурлыг хуралдуулахдаа Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцлийг хангалгүйгээр хуралдсан гэж нэхэмжлэгч тал үзээд байгаа. Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу компаний гүйцэтгэх захирал болон 10 хувиас дээш хувьцаа эзэмшигчийн аль, аль нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй байгаа. Үүний дагуу компаний хувьцаа эзэмшигч Д.Бд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан. Хуралдуулахын өмнө бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүргийнхээ дагуу мэдэгдсэн.

 

Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлдээд гарах шийдвэрийн төсөл болон холбогдох материалыг хүргүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, дараагаар нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр удаа дараа хурлыг товыг нэхэмжлэгч Д.Тд албан бичгээр хүргүүлж, мэдэгдсэн байдаг.

 

Нэхэмжлэгч нь энэ бичиг баримтуудыг хүлээж аваагүй, мэдэгдээгүй гээд байгаа боловч компаний бичиг хэргийн ажилтан гэрч А.Н үүнийг бүрэн нотлоно. Хувьцаа эзэмшигч Д.Тгийн хувьд гарын үсгээ л зураагүй болохоос биш хурлын саналыг хүлээж авсан байдаг. Компаний тухай хуулйин 60 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт зааснаар шийдвэрт заасан байх ёстой зүйлсийг жагсаасан байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шинэчилсэн найруулгын төсөл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төсөл гэсэн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалтай холбоотой бүх асуудлыг иж бүрнээр нь хүргүүлсэн байдаг. Энэ нь Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дах хэсэгт заасантай нийцэж байгаа. Хариуцагч талын хувьд цөөн хувьцаа эзэмшгчтэй компаний хувьд хурлын саналыг санал авах хуудсаар авах шаардлага байхгүй. Үүнийг Компаний тухай хуулийн 71 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа.

 

Нэхэмжлэгч мөн ашиг сонирхол нэгтэй гэр бүлийн гишүүд компаний дүрмийг өөрчилсөн нь хууль бус гэж үзээд байгаа. Угаасаа “Б трейд” ХХК нь 3  гишүүнтэй, гэр бүлийн компани байгаа юм. Гэхдээ хэдийгээр гэр бүлийн гишүүдийн компани ч гэсэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх асуудал нь гэр бүлийн гишүүд хувьцаа эзэмшигч байгаад ямар ч хамаагүй.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хурал зарлагдах гэж байсан үеэс эхлээд хурлыг мэдээд явж байсан. Тэр нь ч гэсэн өөрийнх нь ирүүлсэн албан бичгээр нотлогдож байдаг. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16/056 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Бдод ирүүлсэн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах талаар хэлж байсан албан бичиг ирүүлсэн байдаг. Мөн дээрээс нь нэмээд хамтдаа шийдэл гаргах талаар ч ярьж байсан байдаг. Тэгэхээр хурлын талаарх материалыг аваагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Хурлыг хувьцаа эзэмшигч Д.Тгийн ирүүлсэн саналыг хүлээж аваад хуралдсан байдаг. Д.Тг 3 удаа хуралд дуудахад ирээгүй учраас 4 дэх удаагаа хурлаа хуралдсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээд хүчин төгөлдөр, 60 хувийн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар шийдвэр гарсан байдаг.

 

Компаний тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн 50 хувийн хувьцаа эзэмшигчид нь ирсэн бол хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Нэхэмжлэлд дурдсанаар Компаний тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг урьдчилан гаргаагүйгээр шууд бичгээр санал авах ажиллагаа явуулалгүйгээр хуралдаж, Компаний тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 66.5 дах хэсгийг зөрчсөн байгаа гэж бичсэн байна. Компаний тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дах хэсэг болон 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хувьцаат компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудлын саналыг саналын хуудсаар авах аргын хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэглэж болно гэж заасан. Энэ нь шууд хамаарах зохицуулалт биш байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасан эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн гэж байна. Удаа дараагийн хэлэлцэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ороогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талын 2012 онд батлагдсан дүрэм болон 2016 оны дүрэмд дэд захирлын албан тушаалтай холбоотой заалт ерөөсөө байхгүй. Дэд захирлын албан тушаалд ерөөсөө өөрчлөлт ороогүй. Компаний гүйцэтгэх удирдлага нь гүйцэтгэх захирал байна гэж заасан. Энэ нь шинэ дүрэм дээр ч хэвээрээ байгаа. Дүрмээр байхгүй болгосон зүйл ерөөсөө байхгүй байгаа юм. Дүрэм өөрчлөгдсөнтэй хамааралтайгаар юу ч өөрчлөгдөөгүй. Зөрчсөн гэж үзээд байгаа заалт нь Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах заалттай хамааралгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * тоот тогтоолыг эрх бүхий байгууллага хянаад хуульд нийцэж байна гэж үзээд бүртгээд авсан. Хуулиараа хянаад бүртгэсэн тогтоол, дүрэм байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Гэрч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүний нөөц бүх албан бичгийг төлөвлөөд үйлддэг, тэгээд төлөвлөсөн бичгийнхээ дагуу * тоот албан бичгийг Д.Тд танилцуулсан. Албан бичгийн хамт хавсарсан материал болох шинэчилсэн дүрэм, гэх мэт материал зэргийг танилцуулсан. Албан бичгийг хэвлэсэн байдлаар танилцуулсан. Та гарын үсгээ зурна уу гэхэд гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Хавсралт материалыг мөн өгсөн байгаа. Тусгагдсан материалыг бүгдийг нь тоо ёсоор өгсөн гэв.

 

           

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад                                                

                                                                                                            

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч  нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Т нь “Б трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн ******** тоот тогтоол, болон тус компаний шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “Б трейд” ХХК-ний захирал Д.Бдод холбогдуулан гаргажээ.

           

         Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргах эрхтэй байна.

 

        Нэхэмжлэгч Д.Т “Б трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргах болон тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдээгүй мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж  шүүхэд мэдүүлж, хариуцагч “Б трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Бд нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах бүрэн эрхтэй тул хууль зөрчөөгүй, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигч Д.Т, Д.Ө нарт мэдэгдсэн тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй “Б трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явагдсан гэж маргаж мэтгэлзсэн болно.

 

            “Б трейд” ХХК нь 1999 оноос үйл ажиллагаа эхэлж, 2007 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн Д.Бд 40 хувийн, Д.Т 40 хувийн, Д.Ө 20 хувь гэсэн хувьцаа эзэмшигчтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан болох нь  улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б трейд ХХК-ийн дүрэм, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заажээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолоор баталсан “Б трейд” ХХК-ний дүрмийн 8.1-д Гүйцэтгэх удирдлага нь “Компаний гүйцэтгэх захирал байна” гэж заасан боловч  “Б трейд” ХХК-ний …2016 оны 02 сарын 01-ний өдрийн * тоот , 2016 оны 02 сарын 19-ны өдрийн * тоот, 2016 оны 02 сарын 22-ний өдрийн 16А/050 тоот, 2016 оны 02 сарын 23-ний өдрийн 16А/057 тоот албан бичгүүдээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар “Б трейд” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн газар”  хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлож, хувьцаа эзэмшигчдэд хурлын зар хүргэх зэрэг ажлыг зохион байгуулсан нь Компаний тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх заалтыг зөрчсөн. /х.х-ийн 69,70,72,75 тал/

 

Хариуцагч хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг тус компаний хүний нөөцийн ажилтанаар хүргүүлсэн болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Н “...манай хүний нөөц бүх албан бичгийг төлөвлөөд үйлддэг, төлөвлөсөн бичгийнхээ дагуу А.Тд танилцуулсан, хавсралт материалыг мөн өгсөн” гэх тайлбараар давхар нотлогдож байна.

 

Мөн “Б трейд” ХХК-ний албан бичгийн бүртгэлд Д.Т нь гарын үсэг зураагүй байх тул хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, холбогдох  нотлох баримтыг хүлээн аваагүй байна гэж дүгнэлээ.

 

Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компаний дүрмэнд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэж заасныг зөрчсөн байна.

 

 “Б трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 10 цагт товлогдсон  хурлын зарыг 2016 оны 02 сарын 01-ний өдрийн * албан бичгээр, 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 10 цагт товлогдсон хурлын зарыг 2016 оны 02 сарбн 19-ны өдрийн * тоот албан бичгээр, 2016 оны 02 сарын 24-ний өдрийн 10 цагт товлогдсон хурлын зарыг 2016 оны 02 сарын 22-ны өдрийн * тоот албан бичгээр, 2016 оны 02 сарын 26-ний өдрийн 10 цагт товлогдсон хурлын зарыг 2016 оны 02 сарын 23-ны өдрийн * тоот албан бичгээр хурлын зарыг  2-оос 3 өдрийн өмнө мэдэгдсэн  гэх албан бичгийг явуулсан нь хавтас хэрэгт авагдсан албан бичгээр нотлогдож байх тул Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 69 дүгээр зүйлийн 69.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Компаний дүрмийг шинэчлэн найруулах өөрчлөлт оруулах нөхцөлд шинэчилсэн дүрмийн төслийг хувьцаа эзэмшигч нарт урьдчилан хүргүүлж, хувьцаа эзэмшигч бүрээс саналыг авч шинэчлэн найруулгад тусгаж хувьцаа эзэмшигч нарын саналыг нэгтгэсний дараа хурлын зард шинэчлэн найруулсан дүрмийн төсөл хэлэлцэх асуудлыг тусгах зэрэг Компаний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах заалтыг хангаагүй байна.

 

 Мөн хувьцаа эзэмшигч Д.Бд нь Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан  ”Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчжээ.

 

Дээрхи үндэслэлээр “Б трейд”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн хурлын тогтоол, тухайн тогтоолоор батлагдсан тус компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

         1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д  заасныг баримтлан Д.Тгийн нэхэмжлэлтэй “Б трейд” ХХК-нд холбогдох “Б трейд”ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн ******** тоот тогтоол, тухайн тогтоолоор батлагдсан шинэчилсэн дүрмийг хүчингүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б трейд” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ