Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 168

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баясах трейд” ХХК-д холбогдох

 

“Баясах трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16А/060 тоот тогтоол, болон тус компаний шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, С.Энхтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баясах трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь тус компаний хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16/060 тоот тогтоол болон тогтоолоор батлагдсан дүрмийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Анх “Баясах трейд” ХХК-ийг Д.Туяа болон Д.Батболд нар нь 1999 онд үүсгэн байгуулсан. Энэ компаний хувьцааны 40 хувийг Д.Туяа, 40 хувийг Д.Батболд, 20 хувийг Д.Өлзиймөнх нар эзэмшдэг. Гэтэл энэ компанийн үүсгэн байгуулагч 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.Туяад мэдэгдэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг ашиг сонирхол нэгтэй гишүүд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулан тогтоол гаргаж, компаний шинэчилсэн журмыг баталсан. Ингэснээрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг давхар зөрчсөн. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангалгүйгээр хурлаар асуудлыг хэлэлцүүлсэн. Хурлын тов болон журмын шинэчилсэн төслийг Д.Туяад мэдэгдэлгүй Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.5, 60.2.6, 60.2.7 дахь хэсгүүдийг зөрчсөн. Мөн дүрмийг шинэчлэн баталж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч нараас саналыг тусгайлан авах, саналыг нэгтгэсний дараа дүрмийг батлах ёстой байсан.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т зааснаар хувьцаа эзэмшигч компанийн дүрмэд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгыг батлах эсэх асуудлаар саналаа гаргах эрхтэй. Компанийн гүйцэтгэх удирдлагыг тогтоосон өмнөх шийдвэрийг хүчингүй болгоогүй байхад өөр дүрмийг баталсан. Үүний улмаас Д.Туяагийн хяналтын үүрэг байхгүй болж, түүний цалин ч мөн хасагдсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурал байх шаардлагыг зөрчсөн.

Иймд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16А/060 тоот тогтоол, тухайн хурлаар батлагдсан “Баясах трейд” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцлийг хангалгүйгээр хуралдсан гэж нэхэмжлэгч тал үзээд байгаа. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал болон 10 хувиас дээш хувьцаа эзэмшигчийн аль, аль нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Үүний дагуу компанийн хувьцаа эзэмшигч Д.Батболд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан. Хуралдуулахын өмнө бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүргийнхээ дагуу мэдэгдсэн.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлдээд гарах шийдвэрийн төсөл болон холбогдох материалыг хүргүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр удаа дараа хурлын товыг нэхэмжлэгч Д.Туяад албан бичгээр хүргүүлж, мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь энэ бичиг баримтуудыг хүлээж аваагүй, мэдэгдээгүй гээд байгаа боловч компанийн бичиг хэргийн ажилтан гэрч А.Наранболор үүнийг бүрэн нотлоно. Хувьцаа эзэмшигч Д.Туяагийн хувьд гарын үсэг л зураагүй болохоос биш хурлын саналыг хүлээж авсан. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт заасан байх ёстой зүйлсийг жагсаасан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шинэчилсэн найруулгын төсөл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төсөл гэсэн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалтай холбоотой бүх асуудлыг иж бүрнээр нь хүргүүлсэн. Энэ нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Хариуцагч талын хувьд цөөн хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хурлын саналыг санал авах хуудсаар авах шаардлага байхгүй. Үүнийг Компанийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа.

Нэхэмжлэгч мөн ашиг сонирхол нэгтэй гэр бүлийн гишүүд компанийн дүрмийг өөрчилсөн нь хууль бус гэж үзэж байна. “Баясах трейд” ХХК нь 3 гишүүнтэй, гэр бүлийн компани. Гэхдээ хэдийгээр гэр бүлийн гишүүдийн компани ч гэсэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх асуудал нь гэр бүлийн гишүүд хувьцаа эзэмшигч байгаад ямар ч хамаагүй.

Нэхэмжлэгч Д.Туяа нь хурал зарлагдах гэж байсан үеэс эхлээд хурлыг мэдэж байсан. Тэр нь ч гэсэн өөрийнх нь ирүүлсэн албан бичгээр нотлогддог. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16/056 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Д.Батболдод ирүүлсэн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах талаар хэлж байсан албан бичгийг ирүүлсэн. Мөн дээрээс нь нэмээд хамтдаа шийдэл гаргах талаар ч ярьж байсан. Тэгэхээр хурлын талаарх материалыг аваагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Хурлыг хувьцаа эзэмшигч Д.Туяагийн ирүүлсэн саналыг хүлээж аваад хуралдсан. Д.Туяаг 3 удаа хуралд дуудахад ирээгүй учраас 4 дэх удаагаа хурлаа хуралдсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээд хүчин төгөлдөр, 60 хувийн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар шийдвэр гарсан байдаг.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн 50 хувийн хувьцаа эзэмшигчид нь ирсэн бол хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Нэхэмжлэлд дурдсанаар Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг урьдчилан гаргаагүйгээр шууд бичгээр санал авах ажиллагаа явуулалгүйгээр хуралдаж, Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 66.5 дахь хэсгийг зөрчсөн байгаа гэж бичсэн байна. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудлын саналыг саналын хуудсаар авах аргын хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэглэж болно гэж заасан. Энэ нь шууд хамаарах зохицуулалт биш байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн гэж байна. Удаа дараагийн хэлэлцэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ороогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талын 2012 онд батлагдсан дүрэм болон 2016 оны дүрэмд дэд захирлын албан тушаалтай холбоотой заалт ерөөсөө байхгүй. Дэд захирлын албан тушаалд ерөөсөө өөрчлөлт ороогүй. Компанийн гүйцэтгэх удирдлага нь гүйцэтгэх захирал байна гэж заасан. Энэ нь шинэ дүрэм дээр ч хэвээрээ байгаа. Дүрмээр байхгүй болгосон зүйл ерөөсөө байхгүй байгаа юм. Дүрэм өөрчлөгдсөнтэй хамааралтайгаар юу ч өөрчлөгдөөгүй. Зөрчсөн гэж үзээд байгаа заалт нь 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалттай хамааралгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16/060 тоот тогтоолыг эрх бүхий байгууллага хянаад хуульд нийцэж байна гэж үзээд бүртгээд авсан. Хуулиараа хянаад бүртгэсэн тогтоол, дүрэм байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан Д.Туяагийн нэхэмжлэлтэй “Баясах трейд” ХХК-д холбогдох “Баясах трейд” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16А/060 тоот тогтоол, тухайн тогтоолоор батлагдсан шинэчилсэн дүрмийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баясах трейд” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрт “...хурлыг хуралдуулахаар “Баясах трейд” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газар хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлож, хувьцаа эзэмшигчдэд хурлын зар хүргэх зэрэг ажлыг хийсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг зөрчсөн”. Энэ нь шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Наранболорын тайлбараар давхар нотлогдож байна гэжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь компанийн ажлын дотоод зохион байгуулалт буюу бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлаа хийж гүйцэтгэсэн байдлыг мушгин гуйвуулж тайлбарласан, бодит байдалд нийцээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Тодруулбал:

“Баясах трейд” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, Төлөөлөн удирдах зөвлөлгүй, хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Д.Батболд нь компанийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг, мөн компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлдэг. Компани нэгэнт Төлөөлөн удирдах зөвлөлгүй тул Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Гүйцэтгэх захирал эсхүл 61.7-д заасан этгээд Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргах ёстой билээ.

Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурал нь ээлжит бус хурал байсан тул хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргахдаа Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан. Тодруулбал, Хувьцаа эзэмшигч Д.Батболд нь мөн хуулийн 61.7-д заасны дагуу хурал хуралдуулах шйдвэрийг бие даан гаргасан. Энд заасан журмыг баримтлахад 61.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага гаргах ёстой хэдий ч дээр дурьдсанаар Д.Батболд нь хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий хувьцаа эзэмшигч төдийгүй Компанийн гүйцэтгэх захирал учир өөрөө өөртөө хурал хуралдуулах санал, шаардлага гаргах боломжгүй бөгөөд ингэх нь ч утгагүй юм. Бодит байдал ийм байтал шүүгч үүнийг анхаарч үзсэнгүй.

Нөгөө талаас компанийн хувьцаа эзэмшигч Д.Батболд, Д.Туяа нар нь компанийн эрх бүхий албан тушаалтнууд бөгөөд хэн аль нь компанийн дотоод бүтцийн нэгжийн ажилтнуудад үүрэг даалгавар өгөх, хувьцаа эзэмшигчийнхээ хувьд албан бичиг хүлээн авах, явуулах бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд Д.Батболд, Д.Туяа нарын хэн нь ч хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрийн төслийг боловсруулах болон хурлын зарыг хүргүүлэх зэрэг ажлыг компанийн Захиргаа, хүний нөөцийн албанд даалгаж гүйцэтгүүлэх боломжтой. Тус газрын ажилтнууд захирлуудын өгсөн үүргийн дaгyy албан бичиг боловсруулж хүргэх ажлыг гүйцэтгэсэн нь шүүхийн шийдвэрт дурьдсанчлан хурлыг товлож, хурлын зар хүргэсэн асуудал огт биш юм. Хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хурлын зар болон санал хүргүүлсэн удаа дараагийн албан бичгүүд Хувьцаа эзэмшигч Д.Батболд, Д.Туяа нарын гарын үсэгтэй байгаа билээ.

Гэтэл шүүх “... Захиргаа хүний нөөцийн газар хурлыг товлосон байна” гэсэн огт үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна гэрчийн мэдүүлгийг ч мушгин гуйвуулж тайлбарласан байна. Аливаа байгууллагын захиргаа хүний нөөц хариуцсан нэгж тухайн байгууллагын бичиг хэргийн төлөвлөлт, бүртгэл болон хүлээн авах, хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг нь тодорхой билээ.

2. Шүүхийн шийдвэрт “Баясах трейд” ХХК-ийн албан бичгийн бүртгэлд Д.Туяа нь гарын үсэг зураагүй байх тул хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, холбогдох нотлох баримтыг хүлээн аваагүй байна гэж дүгнэлээ” гэжээ.

Шүүгчийн захирамжаар компанийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Наранболорыг шүүх хуралдаанд гэрчээр дуудан асуусан бөгөөд гэрчийн мэдүүлэгт хурлын зар хүргүүлсэн албан бичгүүдийг холбогдох бичиг баримтуудын төслийн хамт тухай бүр нь хүргүүлсэн талаар тодорхой дурьдсан. Түүнчлэн хурлын зарыг мэдэгдсэн 16A/030, 16A/045, 16A/050, 16A/057 тоот албан бичгүүд болон бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг хэргийн материалд нотлох баримтаар өгсөн. Эдгээрээс гадна хувьцаа эзэмшигч Д.Туяагийн гарын үсэг бүхий 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16A/056 тоот албан бичигт хурлын зарыг хүлээн аваад хурлаар хэлэлцэх асуудалд нэмж санал оруулж байгаагаа тодорхой дурьдсан байдаг. Энэхүү албан бичгийг ч мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн билээ.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болно.

Түүнчлэн, компанийн бичиг хэргийн бүртгэлийн дэвтэр нь компанид ирсэн болон бусдад явуулж буй албан бичиг баримтыг эмх цэгцтэй байлгах зорилгоор бүртгэх, нэгдсэн дугаар олгох үүднээс хөтлөгддөг бөгөөд Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хийгдсэн байдаг. Бүхий л байгууллага, аж ахуйн нэгж энэхүү журмаар албан хэрэг хөтлөлтөө хийдэг билээ. Гэтэл шүүхээс Д.Туяагаар хүлээж авсан гарын үсэг зуруулаагүй гэсэн үндэслэлээр хурлын материалыг хүргүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Шүүхийн шийдвэрт “... хурлын зарыг 2-3 өдрийн өмнө мэдэгдсэн .. нь Компанийн тухай хуулийн 60.3, 69.6-д заасныг зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурал нь хувьцаа эзэмшигч Д.Батболдын гаргасан саналын дагуу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.7, 61.9-д заасны дагуу хуралдсан ээлжит бус хурал байсан. Хуулийн 61.9-д зааснаар хувьцаа эзэмшигчийн санал шаардлага гарснаас хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулах ёстой тул Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг хамаарахгүй юм.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хурлыг анх товлон зарласан хугацаандаа хуралдуулах боломжтой байсан хэдий ч хувьцаа эзэмшигчдийг хуралд бүрэн оролцуулж хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс Д.Туяа хуралд ирээгүй шалтгаанаар хуралдах хугацааг 3 удаа хойшлуулсан билээ.

Улмаар Д.Туяагаас хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16A/056 тоот албан бичгийг ирүүлснийг хүлээн авч 02 дугаар сарын 26-ны өдөр дахин хуралдах тов тогтоосон боловч Д.Туяа мөн л хүрэлцэн ирээгүй. Иймд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын зайлшгүй шаардлагаар тухайн өдөр хурлыг хуралдуулж холбогдох шийдвэрүүдийг гаргасан болно. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан хуралд нийт хувьцаа эзэмшигчдийн 60 хувь нь хүрэлцэн ирсэн тул Компанийн тухай хуулийн 69.1-д зааснаар хурал хүчин төгөлдөр болсон билээ.

Д.Туяа нь хурал зарласан анхны өдрөөс эхлэн хурлын товыг мэдэж байсан, хурлаар хэлэлцүүлэх асуудал болон холбогдох материалыг хүлээн авсан хэрнээ хуулиар олгогдсон эрхээ эдэлж Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй байхад анхан шатны шүүх хуулийн дагуу хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт Компанийн тухай хуулийн 69.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь мөн л үндэслэлгүй юм. Тодруулбал, хуулийн 69.6-д “Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ.” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтаар хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хурлыг хуралдуулах журмыг зохицуулсан, өөрөөр хэлбэл хурлын ирц хүрээгүйгээс хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Гэтэл манай компанийн хувьд хурал зарлагдах тухай бүрт нийт хувыдааны 60 хувийн хувьцааг эзэмшигчид хуралд хүрэлцэн ирсэн байсан тул хуулийн 69.3 болон 69.6-д заасанд хамаарахгүй, зөвхөн Д.Туяаг хуралд оролцуулах шалтгаанаар товыг хойшлуулж байсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй, үндэслэлгүй дүгнэлт хийлээ гэж үзэж байна.

Эцэст нь тэмдэглэхэд, “Баясах трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16A/060 дугаар тогтоол хувьцаа эзэмшигч Д.Туяагийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 63 дугаар зүйлийн 63.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон хууль ёсны шийдвэр гэж үзэж байна.

Дээр дурьдсанд үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06622 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “Баясах трейд” ХХК-д холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16А/060 тоот тогтоол болон тус компанийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Туяа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуулийн дагуу зарлан хуралдуулсан Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч Д.Батболд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигч нарт танилцуулж, хурлын зарыг мэдэгдсэн гэж маргажээ.

 

Хариуцагч “Баясах трейд” ХХК-ийн хувьцааны 40 хувийг Д.Батболд, 40 хувийг Д.Туяа, 20 хувийг Д.Өлзиймөнх нар тус тус эзэмшдэг болон тус компани нь төлөөлөн удирдах зөвлөлгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Тус компанийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүрмийн 8.8-д “Компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдуулна” гэжээ. /хэргийн 16 дугаар тал/

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан тохиолдолд мөн хуулийн 61.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журамтай.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 61.2 дахь хэсэгт зааснаар “мөн хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй бөгөөд 61.4 дэх хэсэгт зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой юм.

 

Гэтэл хариуцагч “Баясах трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Батболд, Д.Өлзиймөнх нар нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаар санал, шаардлагыг мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, 02 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд тус тус хойшлуулж, улмаар 02 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан байгаа нь дээрх хуульд заасан журмуудыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл, компанийн хувьцааны 40 хувийг эзэмшигч Д.Батболд, 20 хувийг эзэмшигч Д.Өлзиймөнх нар нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг гаргах эрх бүхий этгээдүүд мөн боловч, энэ талаараа тус компанийн гүйцэтгэх удирдлагад хандсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд гүйцэтгэх удирдлагаас тус санал, шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэх баримт байхгүй ба 2 хувьцаа эзэмшигч, компанийн Захиргаа хүний нөөцийн газраар дамжуулан хурлыг зарлан хуралдуулсан нь буруу болжээ.

 

Хэдийгээр Д.Батболд нь тус компанийн гүйцэтгэх захирал боловч 40 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд, 20 хувийн хувьцаа эзэмшигч Д.Өлзиймөнхтэй хамтран хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан гэж тайлбарлаж байх тул гүйцэтгэх удирдлагын зүгээс хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гараагүй гэж үзнэ. Хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлагад гаргаж, шийдвэрлүүлэлгүй хуралдуулж болох талаар хуульд тусгайлан зохицуулаагүй байна.  

 

Түүнчлэн, хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь хуралд оролцох эрхтэй хувьцаа зээмшигчид хурлын зарыг мэдээлэх үүрэгтэй талаар Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зохицуулсан байхад Д.Батболд, Д.Өлзиймөнх нар нь өөрсдөө зарыг нэхэмжлэгч Д.Туяад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч “Баясах трейд” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон тус компанийн захиргаа хүний нөөцийн газарт хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт мэдээлэх үүргийг даалгасан шийдвэр гараагүй байхад дээрх хурлыг хариуцагч компанийн хүний нөөцийн газраас товлож, зар хүргэх ажлыг зохион байгуулсан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Мөн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон өдөр хариуцагч компанийн ерөнхий захирлаар томилогдсон Д.Батболд нь мөн өдөр батлагдсан бүтэц орон тоог үндэслэн нэхэмжлэгч Д.Туяаг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16/023 дугаар тушаалаар тус компанийн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд шүүх Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшилийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. 

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16А/030 тоот, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16А/045 тоот, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16А/050 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16А/057 тоот албан бичигт “Баясах трейд” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн газар гэсэн албан бичигт тус хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит бус хурал болох талаар заагаагүй байх тул шүүх хувьцаа эзэмшигчдийн хурлыг шийдвэр гаргаснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулахаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймээс Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ        

 

                                             ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                       

                                                                                         С.ЭНХТӨР