Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00313

 

“ГФ ББСБ”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02944 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2346 дугаар магадлалтай,

“ГФ ББСБ”ХХК-ний нэхэмжлэлтэй

Н.Д, М.Х нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 125 294 800 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зулаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагч Н.Д, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д, хамтран зээлдэгч М.Х нар нь манай байгууллагатай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгөд зориулан зээлж авсан. Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах зээлийн барьцааны гэрээг байгуулан дараах нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зохих бүртгэлийг хийлгэсэн. 80/БГ дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.Д, М.Х нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/, 22В байрны 3, 4 дүгээр давхар /УБД:Ү-0000000000/ хувийн сууц болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй. Зээлдэгч нар хүү зогсоох хүсэлт гаргасан боловч зээлдүүлэгчийн зүгээс барьцааны хөрөнгийг худалдан борлуулж үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хүүг зогсоох боломжтой гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.13, 8.2-т гэрээний үүргээ гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд хүү үргэлжлэх талаар тохиролцсон. Мөн иргэн М.Х нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлийг авсан. Зээлийг олгохдоо 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/БГ-01 болон 68/БГ-02 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулан дараах хөрөнгийг барьцаалсан. 68/БГ-01 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.Огийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 2 дугаар гудамж, 468 тоот хаягт байршилтай 56 м.кв /УБД: Ү-0000000000/ хувийн орон сууц, 68/БГ-02 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.Огийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай зуслангийн нэгж талбарын дугаар 00000000000000, 020041 дугаартай зуслангийн газар зэрэг эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч М.Х нь 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээлд 500 000 төгрөг, зээлийн хүүд 750 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр огт төлөөгүй болно. Зээлээ төлөхийг шаардсан удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М.Н.Д, М.Хтай байгуулсан 80/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, хүү 50 550 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 620 000 төгрөг, нийт 105 170 000 төгрөг, зээлдэгч М.Хтай байгуулсан 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг, үндсэн хүү 9 604 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 020 300 төгрөг, нийт 20 124 800 төгрөг, нийт 125 294 800 төгрөг нэхэмжилж байна. Зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү. Зээлдэгч нар бусдад төлөх төлбөртэй гэдгээ бидэнд мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГФ ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 125 294 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан “ГФ ББСБ” ХХК-иас 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй, мөн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. Уг зээлүүдийн үндсэн зээлд 500 000 төгрөг, зээлийн хүүд 750 000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлж чадаагүй юм. Бид өөрсдийн эзэмшлийн 13 дугаар хороолол 22в тоот 4 давхар объектоо зарж эдгээр зээлийг төлж бүрэн хаах хүсэлтэй байгаагаа”ГФ ББСБ” ХХК-д учирлаж удаа дараа хүүгээ зогсоохыг хүссэн албан бичиг, хүсэлт тавьсны дүнд 2017 оны 02 дугаар сард уг 2 зээлийн хүүг зогсоож объектоо яаралтай зарж зээлийн үндсэн мөнгө болон хүүг төлөхөөр тохиролцсон. Бид “ГФ ББСБ”ХХК-иас авсан зээл болох 60 000 000 төгрөгөөс гадна Капитал банк ХХК-д 365 000 000 төгрөг, Ариг банк ХХК-д 65 000 000 төгрөг, Монголиан мортгэйж ББСБ ХХК-д 47 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк ХХК-д 64 000 000 төгрөг, нийт 601 000 000 төгрөгийн өртэй бөгөөд эдгээр зээлүүдийг төлж чадаагүй заримтай нь эвлэрлийн гэрээ байгуулан хугацаа тохирсон, зарим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжсэн төлбөр барагдуулах, битүүмжлэх үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Гэвч объект маань зарагдалгүй өдийг хүрээд байгаа юм. Ийм хүнд байдалтай байгаа үед “ГФ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 125 294 800 төгрөгийг өөрөөр барагдуулах боломжгүй. Мөн бид “ГФ ББСБ” ХХК-тай дахин гэрээ сунгаагүй тул бидний өнөөдрийн хүнд байдлыг харгалзан үзэж шүүх байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд гэрээг хүчин төгөлдөр байх 1 жилийн хугацааны төлбөр үндсэн төлбөрийн хүүгийн хамт төлөхөөр хасч шийдвэрлэж өгнө үү. Бид дөрвөн хүүхдийн хамт амьдардаг жирийн нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэр бүл учраас энэ их өрийн дарамтнаас гарахад маш их хүнд байгаа тул биднийг өөрсдийн объектыг зарж өрөө барагдуулах хүртэл хугацаанд тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, дээрх зээлийн нэхэмжилсэн дүнг гэрээний хүчинтэй хугацаагаар тооцож хасахыг хүсч байна. Иймд нэхэмжлэгчтэй 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 80/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүүг 3 хувиар тооцож, гэрээний хугацааны хүү буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний хүртэлх хугацааны хүү 18 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг, М.Хын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг, хүүг 3 хувиар тооцож 1 жилийн хугацааны хүү болох 3 420 000 төгрөг, нийт 12 920 000 төгрөг, 2 гэрээний үүрэгт нийтдээ 80 920 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг төлбөрийн чадваргүйгээс болоод төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү, хүүг зогсоох хүсэлтийг зээлдүүлэгчид удаа дараа тавьж байсан болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.О нь өөрийн амьдардаг хашаа байшингийн бичиг баримтыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эгчийн хүү М.Х болон түүний гэргий Н.Д нарт эмчилгээний зардлын мөнгө хэрэгтэй болсон гэж гуйгаад байхаар нь итгэж, барьцаанд тавиулаад өнөөдрийг хүртэл гар дээрээ авч чадахгүй хохирч байна. М.Х нь өөрийн орон сууцаа зараад миний бичиг баримтыг өгнө гээд байгаа. Хувийн сууцных нь зарах дүн хангалттай өндөр байгаа тул миний бичиг баримтыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02944 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Д, М.Х нараас 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 49 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 620 000 төгрөг, нийт 104 420 000 төгрөг, хариуцагч М.Хаас 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 500 000 төгрөг, хүү 9 604 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 020 300 төгрөг, нийт 20 124 800 төгрөг, нийт 124 544 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГФ ББСБ”" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 104 420 000 төгрөг төлөх үүргээ хариуцагч Н.Д, М.Х нар сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол,/13373/ 22В байрны 3, 4 давхар хаягт орших 282 м.кв талбайтай хувийн сууц, хариуцагч М.Х нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 20 124 000 төгрөг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Н.Огийн №000000тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Д, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 780 674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГФ ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгуулагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2346 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02944 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д, М.Х нараас 81 560 000 төгрөг, хариуцагч М.Хаас 15 050 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 684 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д, М.Х нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ 22В байрны 3,4 давхар 282 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Н.Огийн өмчлөлийн №000000тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 780 674 гэснийг 641 000 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Х, Н.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зулаа хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 124 544 800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлээс 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2346 дугаартай магадлалаар зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Үүнд: 1.Нэхэмжлэгчийн хувьд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг болон 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан заалтуудыг огт зөрчөөгүй болно. - Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-д “...зээл нь нэг сарын 4,5 хувийн хүүтэй байх ба зээлийн хүүг сар бүр төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож бодно” гэж заасан нь зээлийг бүрэн төлөгдөж дуусах хүртэл буюу хэтэрсэн хугацаанд ч бодогдох хүүгийн хэмжээг илт тодорхой зааж өгсөн утга тодорхой заалт бөгөөд энэхүү гэрээний заалт нь дээр дурдсан хуулийн тухайлан заасан заалт нэг бүрийн утга агуулгатай бүрэн нийцэж байна. - Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...хэтэрсэн хугацааны хүүгийн талаар гэрээнд заасан баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн хэсгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэн нийт 28 684 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй...” болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. -Түүнчлэн Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.13 болон 4.1.6-д заалтад тус тус гэрээний хугацаа дууссанаас үл хамааран Зээлийн гэрээнд заасан нөхцлөөр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг анхааруулсан бөгөөд энэхүү заалтыг зээлдэгч тал танилцаж, улмаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх-үндэслэл болохгүй.” гэсэн хуулийн заалтыг нийцэж байна гэж үзэж байна. - Гэтэл давж заалдах шатны шүүхээс Талуудын хооронд байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөхдөө хайхрамжгүй хандснаас хариуцагчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлж байгаа байгаа нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан заалтыг илт зөрчсөн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэж байна. 2. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч М.Хтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд Н.Огийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс ханган шийдвэрлэсэн хэсгийг ямарч хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. -Учир нь М.Хт зээлийг олгохдоо Н.Огийн итгэмжлэлийг үндэслэн зохих барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасантай шууд нийцэж байна. -Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ.” гэсэн байхад Нэхэмжлэгчийн давуу эрхэд халдан, тодорхой бус шалтгаанаар хуулийн ямар ч үндэслэл дурдалгүй, хэрэгсэхгүй болгож, улмаар хариуцагчийг үүргээ биелүүлэхгүй байх боломжийг олгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдээр 2017 оны 11 сарын 13 өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2346 дугаартай магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээг үнэн зөв дүгнээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг огт хэрэглэлгүй орхигдуулж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2346 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25 өдрийн 101/ШШ2017/02944 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, хариуцагч Н.Д, М.Х нарыг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байх ба давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг үндэслэж, хариуцагч нарын үүргийн хэмжээг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 101.1, 153.1, 155.1-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлын энэ хэсгийг хангаж, зээлийн үүргийг бүрэн хангуулахыг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК нь хариуцагч Н.Д, М.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 125 294 800 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “...зээлийн хүүг зогсоохоор тохирсон...” гэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“ГФ ББСБ” ХХК нь 2 удаагийн зээлийн гэрээгээр буюу 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 68/ЗГ тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Хт 10 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 80/ЗГ тоот зээлийн гэрээгээр хариуцагч Н.Д, М.Х нарт 50 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар тус тус зээлдүүлж, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан нөхцлөөр буцааж төлөх үүрэг хүлээжээ.

2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор мөн өдөр 68/БГ-01, 68/БГ-02 тоот барьцааны гэрээг байгуулж, Н.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай зуслан, 700 м.кв газрыг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор мөн өдрөө 80/БГ тоот барьцааны гэрээ байгуулж,  М.Х, Н.Д нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 22В байрны 3, 4 дүгээр давхар, 282 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан, гэрээг улсын бүртгэл бүртгүүлсэн,барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166.1-д нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нар авсан зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцааж төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.8-д энэ гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу төлөгдөх зээлийн төлбөрийг зээлдэгч графикт хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд хэтэрсэн хугацаанд тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүү /4.5 хувь/-гийн 20 хувь /0.9 хувь/-иар нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүг нийт 5.4 хувиар бодож төлүүлнэ гэж заасан нь хэтэрсэн хугацаанд зээлийн хүүг хэрхэн тооцохыг тодорхой бус болгосон тул зээлийн хүүг хэтэрсэн хугацаанд тохироогүй гэж үзэж, хэтэрсэн хугацааны хүүг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан “...хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Хаас үндсэн зээл 9 650 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 4 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900 000 төгрөг, нийт 15 050 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Д, М.Х нараас үндсэн зээл 50 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 27 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 560 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий   болжээ.

Н.О нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг банк бус санхүүгийн байгууллагаас авах зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бичиг баримт бүрдүүлэх, ЭХЭУБГ болон газрын албанд бүртгүүлэх, хүлээлгэн өгөх, хүлээн авах, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоход бичиг баримтыг хүлээн авах бүрэн эрхийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04 хүртэл хугацаатайгаар М.Хт олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг зөрчөөгүй  байна.

2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул Н.О нь барьцааны зүйлийн өмчлөгчийн хувьд эд хөрөнгөд ногдуулсан үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байхад давж заалдах шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай түүнд холбогдох нэхэмжлэлийг гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 13-ны өдрийн 2346 дугаар магадлалын тогтоох хэсгийг 1 дэх заалт дахь “...тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Н.Д, М.Х нар нь шүүхийн шийдвэрийг сайн дуруураа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 22В байрны 3, 4 дүгээр давхар, 282 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Н.Огийн өмчлөлийн №000000тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 301 374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА