Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2346

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02944 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д, М.Х нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 125 294 800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Х, Н.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Хариуцагч Н.Д, М.Х,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д, хамтран зээлдэгч М.Х нар нь манай байгууллагатай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгөд зориулан зээлж авсан. Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах зээлийн барьцааны гэрээг байгуулан дараах нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зохих бүртгэлийг хийлгэсэн. 80/БГ дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.Д, М.Х нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/, 22В байрны 3, 4 дүгээр давхар /УБД:Ү-2204055792/ хувийн сууц болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй. Зээлдэгч нар хүү зогсоох хүсэлт гаргасан боловч зээлдүүлэгчийн зүгээс барьцааны хөрөнгийг худалдан борлуулж үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хүүг зогсоох боломжтой гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.13, 8.2-т гэрээний үүргээ гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд хүү үргэлжлэх талаар тохиролцсон. Мөн иргэн М.Х нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлийг авсан. Зээлийг олгохдоо 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/БГ-01 болон 68/БГ-02 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулан дараах хөрөнгийг барьцаалсан. 68/БГ-01 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 2 дугаар гудамж, 468 тоот хаягт байршилтай 56 м.кв /УБД: Ү-2203030245/ хувийн орон сууц, 68/БГ-02 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Н.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай зуслангийн нэгж талбарын дугаар 18641335264027, 020041 дугаартай зуслангийн газар зэрэг эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч М.Х нь 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээлд 500 000 төгрөг, зээлийн хүүд 750 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр огт төлөөгүй болно. Зээлээ төлөхийг шаардсан удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М.Д, М.Х-тай байгуулсан 80/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, хүү 50 550 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 620 000 төгрөг, нийт 105 170 000 төгрөг, зээлдэгч М.Х-тай байгуулсан 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг, үндсэн хүү 9 604 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 020 300 төгрөг, нийт 20 124 800 төгрөг, нийт 125 294 800 төгрөг нэхэмжилж байна. Зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү. Зээлдэгч нар бусдад төлөх төлбөртэй гэдгээ бидэнд мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 125 294 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан “Г ББСБ” ХХК-иас 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй, мөн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. Уг зээлүүдийн үндсэн зээлд 500 000 төгрөг, зээлийн хүүд 750 000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлж чадаагүй юм. Бид өөрсдийн эзэмшлийн 13 дугаар хороолол 22в тоот 4 давхар объектоо зарж эдгээр зээлийг төлж бүрэн хаах хүсэлтэй байгаагаа “Г ББСБ” ХХК-д учирлаж удаа дараа хүүгээ зогсоохыг хүссэн албан бичиг, хүсэлт тавьсны дүнд 2017 оны 02 дугаар сард уг 2 зээлийн хүүг зогсоож объектоо яаралтай зарж зээлийн үндсэн мөнгө болон хүүг төлөхөөр тохиролцсон. Бид “Г ББСБ” ХХК-иас авсан зээл болох 60 000 000 төгрөгөөс гадна Капитал банк ХХК-д 365 000 000 төгрөг, Ариг банк ХХК-д 65 000 000 төгрөг, Монголиан мортгэйж ББСБ ХХК-д 47 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк ХХК-д 64 000 000 төгрөг, нийт 601 000 000 төгрөгийн өртэй бөгөөд эдгээр зээлүүдийг төлж чадаагүй заримтай нь эвлэрлийн гэрээ байгуулан хугацаа тохирсон, зарим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжсэн төлбөр барагдуулах, битүүмжлэх үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Гэвч объект маань зарагдалгүй өдийг хүрээд байгаа юм. Ийм хүнд байдалтай байгаа үед “Г ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 125 294 800 төгрөгийг өөрөөр барагдуулах боломжгүй. Мөн бид “Г ББСБ” ХХК-тай дахин гэрээ сунгаагүй тул бидний өнөөдрийн хүнд байдлыг харгалзан үзэж шүүх байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд гэрээг хүчин төгөлдөр байх 1 жилийн хугацааны төлбөр үндсэн төлбөрийн хүүгийн хамт төлөхөөр хасч шийдвэрлэж өгнө үү. Бид дөрвөн хүүхдийн хамт амьдардаг жирийн нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэр бүл учраас энэ их өрийн дарамтнаас гарахад маш их хүнд байгаа тул биднийг өөрсдийн объектыг зарж өрөө барагдуулах хүртэл хугацаанд тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, дээрх зээлийн нэхэмжилсэн дүнг гэрээний хүчинтэй хугацаагаар тооцож хасахыг хүсч байна. Иймд нэхэмжлэгчтэй 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 80/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүүг 3 хувиар тооцож, гэрээний хугацааны хүү буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний хүртэлх хугацааны хүү 18 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг, М.Х-н 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 68/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг, хүүг 3 хувиар тооцож 1 жилийн хугацааны хүү болох 3 420 000 төгрөг, нийт 12 920 000 төгрөг, 2 гэрээний үүрэгт нийтдээ 80 920 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг төлбөрийн чадваргүйгээс болоод төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү, хүүг зогсоох хүсэлтийг зээлдүүлэгчид удаа дараа тавьж байсан болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.О нь өөрийн амьдардаг хашаа байшингийн бичиг баримтыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эгчийн хүү М.Х болон түүний гэргий Н.Д нарт эмчилгээний зардлын мөнгө хэрэгтэй болсон гэж гуйгаад байхаар нь итгэж, барьцаанд тавиулаад өнөөдрийг хүртэл гар дээрээ авч чадахгүй хохирч байна. М.Х нь өөрийн орон сууцаа зараад миний бичиг баримтыг өгнө гээд байгаа. Хувийн сууцных нь зарах дүн хангалттай өндөр байгаа тул миний бичиг баримтыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Д, М.Х нараас 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 49 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 620 000 төгрөг, нийт 104 420 000 төгрөг, хариуцагч М.Х-с 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 500 000 төгрөг, хүү 9 604 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 020 300 төгрөг, нийт 20 124 800 төгрөг, нийт 124 544 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 104 420 000 төгрөг төлөх үүргээ хариуцагч Н.Д, М.Х нар сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055792 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол,/13373/ 22В байрны 3, 4 давхар хаягт орших 282 м.кв талбайтай хувийн сууц, хариуцагч М.Х нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 20 124 000 төгрөг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Н.О-н №0240041 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18641335264027 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030245 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, хувийн сууц үл хөдлэх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Д, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 780 674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгуулагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Х, Н.Д нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хугацааны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжпэгч нь Н.Д-тэй 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 80/ЗГ зээлийн гэрээний авсан 50 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг жилийн хүү 18 000 000 төгрөг нийт 68 000 000 төгрөгийг төлөх, М.Х-тай 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 68/ЗГ зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 500 000 төгрөг, нэг жилийн хүү 3 420 000 төгрөг, нийт 12 920 төгрөг, хоёр зээлийн гэрээний үүрэгт 80 920 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 04, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дууссанаас хойш нэхэмжлэлийн шүүхэд гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 43 624 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний дагуу 59 500 000 төгрөг аваад 124 544 800 төгрөг болгон буцаан төлөх боломжгүй байгаа тул үндсэн зээл, хүүгийн хамт 100 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү 24 544 800 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК хариуцагч Н.Д, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125 294 800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ тоот зээлийн гэрээгээр хариуцагч М.Х-т 10 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ тоот зээлийн гэрээгээр хариуцагч Н.Д, М.Х нарт 50 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлдүүлж, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 68/БГ-01, 68/БГ-02 тоот зээлийн барьцааны гэрээгээр Н.О-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030245 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай зуслан, 700 м.кв газрыг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 80/БГ тоот зээлийн барьцааны гэрээгээр М.Х, Н.Д нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204055792 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 22В байрны 3, 4 дүгээр давхар, 282 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэргийн 5-17 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, итгэмжлэл, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээл болон зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 10 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.8-д энэ гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу төлөгдөх шатлалтай зээлийн төлбөрийг зээлдэгч нь графикт хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хугацаанд нь тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүү /4.5 хувь/-гийн 20 хувь /0.9 хувь/-иар нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүг нийт 5.4 хувиар бодож төлүүлэхээр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч М.Х, Н.Д нар зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу тул хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгоно. Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.8-д хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээгээр тооцох талаар тодорхой заасан, харин хэтэрсэн хугацаанд зээлийн хүүг гаргуулах тухай заалт гэрээнд тодорхой бус байна.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн  үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

 Хуулиар хэтэрсэн хугацаанд хүү тооцож болно, харин хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээнд тусгах бөгөөд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ үндсэн зээлийн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байхыг үүрэг болгосон байна.

 

Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК нь хариуцагч Н.Д, М.Х нартай хэтэрсэн хугацааны хүүгийн талаар гэрээнд заасан баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн хэсгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд эхний 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 68/ЗГ тоот зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, зээл, зээлийн хүүд төлсөн 1 250 000 төгрөг хасагдаад хариуцагч М.Х-с нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д үндсэн зээл 9 650 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 4 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900 000 төгрөг, нийт 15 050 000 төгрөг, 2 дах 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 80/ЗГ тоот зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү хасагдаад хариуцагч Н.Д, М.Х нараас нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д үндсэн зээл 50 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 27 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 560 000 төгрөг нийт 81 560 000 төгрөг буюу 2 зээлийн гэрээний үүрэг нийт 96 610 000 төгрөг болж байна.

 

Анхан шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2 зээлийн гэрээний үүрэгт 124 544 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс тооцооллын алдааг залруулж хариуцагч Н.Д, М.Х нараас 2 зээлийн гэрээний үүрэгт 96 610 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 684 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хэргийн 14 дүгээр талд итгэмжлэл авагдсан бөгөөд уг итгэмжлэлд иргэн Н.О-н өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай зуслан, 700 м.кв, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмших эрхийг банк бус санхүүгийн байгууллагаас авах зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөөлөн гарын үсэг зурах, бичиг баримт бүрдүүлэх, ЭХЭУБГ болон газрын албанд бүртгүүлэх, хүлээлгэн өгөх, хүлээн авах, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоход бичиг баримтыг хүлээн авах бүрэн эрхийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатайгаар М.Х-т Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон байна.

 

            Хариуцагч М.Х нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 20 124 000 төгрөг төлөх үүргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О-н өмчлөлийн №0240041 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18641335264027 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030245 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О-н өмчлөлийн №0240041 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18641335264027 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030245 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Энэхүү шийдвэр нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдэд холбогдуулан барьцааны үүргийг хангуулах тухай шаардлага гаргахад саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02944 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д, М.Х нараас 81 560 000 төгрөг, хариуцагч М.Х-с 15 050 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 684 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д, М.Х нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ 22В байраны 3,4 давхар 282 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055792 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Н.О-н өмчлөлийн №0240041 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18641335264027 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар xopoo, Зуслан, Санзай байрлалтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030245 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай 2 гудамж, 468 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “780 674” гэснийг “641 000” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Х, Н.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ