Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

2020         01         27                                      2020/ШЦТ/144

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч З.Ариунцэцэг /ҮД:1144/,

Шүүгдэгч, хохирогч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, И.М нарт холбогдох 1906 03472 2372 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тоддорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжны 184 тоотод оршин суух, ам бүл 3, эгч, зээ дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, Ш овогт Бгийн М /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 16 дугаар байрны 46 тоотод оршин суух, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Игийн М /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 04 тоот өрөөнд хохирогч И.Мтай маргалдаж түлхэн хананд мөргүүлж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

И.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 04 тоот өрөөнд иргэн Б.Мтай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өглөө над руу утсаар яриад хаана байна гэсэн. “Би Жуковт байна одоо 61 рүү явах ёстой. Намайг унаа ирж авна” гэж хэлсэн. Тэгсэн чинь “түр байж бай, одоо очлоо” гэсэн. Тэгээд над дээр ирсэн. Би 111-4 тоотоос хувцасаа авах гээд явж байсан чинь Гансүх гээд 63 дугаар байрны оршин суугчтай таарсан. Тэр залуутай хамт архи ууна гэхээр нь “та 2 хоорондоо таардаггүй улсууд шүү” гэж хэлчихээд явсан. Би 63 орчихоод буцаад ирсэн чинь Американ Дэнжийн саадан дотор хоёулаа зодолдоод энэ газар хэвтчихсэн байхаар нь би очиж салгачихаад “би явлаа” гэсэн чинь “тэгвэл би цуг явж байгаад хойноос автобусанд суучихъя” гэсэн. Тэгээд би байрны гадаа очоод “би орлоо” гэсэн чинь “тэгвэл надад автобусны мөнгө өгчих” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь “5.000 төгрөг өгчих” гэхээр нь “5.000 төгрөг байхгүй, 500 төгрөг байна, авбал ав” гэсэн. Тэгээд 500 төгрөг өгчихөөд өрөөндөө орж хувцасаа өмсөөд байж байсан чинь араас 1 хүнтэй хамт орж ирсэн. Би тэр хүнийг нь харж байгаагүй юм байна лээ. 1 тал архи барьчихсан орж ирэхээр нь “одоо энд архи ууж болохгүй, би одоо ингээд явлаа, хажуу талын хүмүүс архи уулаа гэнэ” гэж хэлсэн. Манай хажуу талын өрөөний хөөрөг зардаг залуу орж ирээд “наад улсууд чинь архи уугаад байгаа юм уу” гэхээр нь “одоо гарах гэж байна” гэж хэлчихээд гар гэсэн чинь “энийг уучихаад гарлаа, чи намайг яахаараа хөөдөг юм” гээд байсан. Тэгээд би орныхоо бүтээлгийг янзлаад байж байсан чинь ардаас цохичихсон. Би тухайн үед юугаар цохисон болохыг нь хараагүй. Тонгойгоод сууж байсан чинь дахин дайраад байхаар нь гараараа тулсан. Хана түг энэ тэр гэж чимээ гараагүй. Тэр чинь зүгээр эслэг хавтан. Тэгээд гараад яваад өгсөн. Би орны урд сууж байгаад тонгойсон чинь цус гараад байхаар нь нойл орж угаачихаад хэсэг хэвтэж байгаад угаасаа болохгүй нь гэж бодоод гарсан. М “үнэхээр уучлаарай энийг танайд уучихъя” гээд нөгөө залуутайгаа байж байхаар нь “тийм зүйл байхгүй” гэж хэлчихээд би гараад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Мын өгсөн: “Анх М намайг халтуур хийх үү гээд дуудсан. Би сангийн мэргэжилтэй хүн. М намайг “өчигдөр яагаад ирээгүй” гээд намайг архины шилээр гавлын яс руу цохисон. Тэгээд би ухаан алдсан одоо юу болсныг санахгүй байна. Урьд нь бас намайг “өчигдөр яагаад ирсэнгүй” гээд, тэгээд байдаг байсан. Би айгаад очдог. Бид 2 цуг халтуур хийдэг. Нэг мэдсэн чинь архины шилээр цохиулаад хүнд гэмтэл авсан. Одоо хааяа ухаан алдаж унадаг, юмаа амархан мартдаг болсон. Би амьдралдаа хүнд гар хүрч үзээгүй. Хүнд дарлуулж, зодуулж байсан болохоос биш хүнд гар хүрч үзээгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын хохирогчоор өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Жуков дээр таараад тэндээс явж байсан чинь замд энэ хүнтэй муудалцахаар нь салгаад “унааны 5.000 төгрөг” гэхээр нь 500 төгрөг өгсөн. Тэгээд “за чи ингээд яв, би явлаа” гээд ороод байж байсан чинь араас 1 залуутай хамт 1 тал архи барьчихсан орж ирэхээр нь “одоо энд архи ууж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд байж байсан, манай хажуу талын өрөөний залуу орж ирээд “наад улсууд чинь архи уугаад байгаа юм уу” гэхээр нь “одоо гарах гэж байна, би угаасаа хөдөө явлаа” гэж хэлчихээд “гар” гэсэн чинь “энийг уучихаад гарлаа, чи намайг яахаараа хөөдөг юм” гээд байсан. Би ороо янзлаад байж байсан чинь араас цохисон. Би доошоо суугаад дарсан чинь цус гарчихсан байсан. Буцаж дайраад байхаар нь гараараа тулсан чинь гараад явчихсан. Толгой өвдөөд байхаар нь орон дээр хэсэг хэвтэж байгаад гараад ирсэн, үүдэнд 1 архи барьчихсан “уучлаарай ахаа, танайд ороод уучихъя” гэхээр нь “үгүй ээ үгүй” гэж хэлчихээд тэр залуутай орхиод гарсан. Миний тархины суурь яс гэмтэлтэй, нүд, тархины судсанд 1 асуудал байгаа гээд хагалгаанд орох магадлалтай гээд одоо хяналтад байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт И.Мын хохирогчоор өгсөн: “Архины шилээр цохисон яс хугарсан. Одоо эмчлүүлж байгаа. Хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаараа мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-16/,

Хохирогч И.Мын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмнэлгээс гарах үеийн эпикризийн хуулбар /хх.29-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын хохирогчоор өгсөн: “... Би маш их согтсон байсан тул сайн тодорхой хэлж чадахгүй байна. Би Мын гэрт байснаа санаж байна. Би Мтай яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. М бид хоёр маргалдаж эхэлсэн. Би Мад нэг гар хүрч зодолдон ноцолдож байснаа санаж байна. Тэрнээс биш миний толгойд хэрхэн яаж гэмтэл учирсныг санахгүй байна. Учир нь маш их согтсон байсан... Би толгойдоо хагалгаа хийлгэсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын хохирогчоор өгсөн: “... Би уул нь уг өрөөнөөс гарах гэж байсан бөгөөд өөрийн хэвтдэг ороо янзлаад зогсож байхад араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиж авсан, би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрахаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон. И.М явахгүй байгаад байхаар нь тэнд нь үлдээгээд нөгөө залуугийн хамт подвалиас гараад орцны үүдэн дээрээс салаад явсан... Надад учруулсан гэмтлийг И.М нь учруулсан... Би эмчилгээний зардлаа нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Барсхүүгийн өгсөн: “... Миний бодлоор уг хүмүүс хоорондоо хэрэлдсэн байж магадгүй. Уг залуучууд нилээн согтуу байсан. Ямар ч байсан нэг нь газар согтуу л хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн: “... Миний анх харахад уг залуугийн амнаас нь хөөс гарчихсан баруун талын завьжнаас нь цус гарчихсан харагдсан. 103-ын эмч нар уг эрэгтэйгийн ам хамрыг нь арчиж аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ууганбаярын өгсөн: “... 111 дүгээр байрны подвалийн 03 тоотод байрлах гэр лүүгээ орж байхад манай 04 тоотын хаалганы урд нэг согтуу эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай согтуу унтаад байсан...” гэх мэдүүлэг /хх.60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сүхбаатарын өгсөн: “... М гэх хүн нь агсан тавиад М бид хоёр луу ална хядна гээд дайраад байсан. Архиа ууж эхлээ ч үгүй байсан... Би тэр М гэх хүнийг агсан тогтуу тавиад байхаар нь би тэр хоёроос салаад гэртээ харихаар явсан... Намайг харахад тэр хоёр зүгээр байсан. Ямар нэгэн байдлаар ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.69-70/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7178 дугаартай:

1. И.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, хатуу хальсан доор цусан хурааг авах мэс заслын дараах байдал, шуу сарвуунд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.76/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7735 дугаартай:

1. Б.Мын биед дагз ясны хугарал, дагзны хуйхны шарх, баруун ухархайн дотор доод хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.81/,

Хохирогч Б.Мын “Натур” эмнэлгийн компьютер томографийн дүгнэлт /хх.80/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.105, 117/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1348 дугаартай дүгнэлт /хх.135-136/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1378 дугаартай дүгнэлт /хх.143-145/,

Хохирогч Б.Маас гаргаж өгсөн хүсэлт, хохирлын баримт /хх.126-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Би уул нь уг өрөөнөөс гарах гэж байсан бөгөөд өөрийн хэвтдэг ороо янзлаад зогсож байхад араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиод авсан, би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрахаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон...Би И.Мын биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.94-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын яллагдагчаар өгсөн: “... Мын гэр нь 111-р байрны 1-р орцны подвалийн өрөө түрээслэн амьдарч байсан. Бид хоёр архи ууж байгаад юунаас болоод маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд маргалдчихсан, М нь архины шилээр миний толгойн тус газарт цохисон. Миний ухаан балартаад газар унаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Гэмтэлийн эмнэлэгт хэвтэж байсан. Энэнээс өөр юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.99-101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 04 тоот өрөөнд хохирогч И.Мтай маргалдаж түлхэн хананд мөргүүлж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

И.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 04 тоот өрөөнд иргэн Б.Мтай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын хохирогчоор өгсөн: “... М бид хоёр маргалдаж эхэлсэн. Би Мад нэг гар хүрч зодолдон ноцолдож байснаа санаж байна... Би толгойдоо хагалгаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын хохирогчоор өгсөн: “... араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиж авсан, би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрхаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон... Надад учруулсан гэмтлийг И.М нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Барсхүүгийн өгсөн: “... Миний бодлоор уг хүмүүс хоорондоо хэрэлдсэн байж магадгүй. Уг залуучууд нилээн согтуу байсан. Ямар ч байсан нэг нь газар согтуу л хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн: “... Миний анх харахад уг залуугийн амнаас нь хөөс гарчихсан баруун талын завьжнаас нь цус гарчихсан харагдсан. 103-н эмч нар уг эрэгтэйгийн ам хамрыг нь арчиж аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ууганбаярын өгсөн: “... 111 дүгээр байрны подвалийн 03 тоотод байрлах гэр лүүгээ орж байхад манай 04 тоотын хаалганы урд нэг согтуу эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай согтуу унтаад байсан...” гэх мэдүүлэг /хх.60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сүхбаатарын өгсөн: “... М гэх хүн нь агсан тавиад М бид хоёр луу ална хядна гэж дайраад байсан... Намайг харахад тэр хоёр зүгээр байсан. Ямар нэгэн байдлаар ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.69-70/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7178 дугаартай:

1. И.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, хатуу хальсан доор цусан хурааг авах мэс заслын дараах байдал, шуу сарвуунд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.76/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7735 дугаартай:

1. Б.Мын биед дагз ясны хугарал, дагзны хуйхны шарх, баруун ухархайн дотор доод хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.81/,

Хохирогч Б.Мын “Натур” эмнэлгийн компьютер томографийн дүгнэлт /хх.80/,

Хохирогч И.Мын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмнэлгээс гарах үеийн эпикризийн хуулбар /хх.29-47/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.105, 117/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1348 дугаартай дүгнэлт /хх.135-136/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1378 дугаартай дүгнэлт /хх.143-145/,

Хохирогч Б.Маас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.127-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиж авсан, би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрахаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон... Би И.Мын биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.94-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын яллагдагчаар өгсөн: “... Нэг мэдэхэд маргалдчихсан, М нь архины шилээр миний толгойн тус газарт цохисон. Миний ухаан балартаад газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.99-101/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын хохирогчоор өгсөн: “... Би ороо янзлаад байж байсан чинь араас цохисон. Би доошоо суугаад дарсан чинь цус гарчихсан байсан. Буцаж дайраад байхаар нь гараараа тулсан чинь гараад явчихсан. Толгой өвдөөд байхаар нь орон дээр хэсэг хэвтэж байгаад гараад ирсэн... Миний тархины суурь яс гэмтэлтэй, нүд, тархины судсанд 1 асуудал байгаа гээд хагалгаанд орох магадлалтай гээд одоо хяналтад байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт И.Мын хохирогчоор өгсөн: “Архины шилээр цохисон яс хугарсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М, И.М нарын “... хохирогчийн биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд мөн энэ талаар мэтгэлцсэн тэдний өмгөөлөгч нарын дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Түүнчлэн Б.М болон түүний өмгөөлөгч нь “яллагдагчаас мэдүүлэг авахдаа мөрдөгч дарамталж зодсон” гэх боловч тухайн холбогдогчийн гэрч, хохирогч, яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой байх бөгөөд хууль зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин И.Мын өмгөөлөгч нь “Б.Мын компьютер томографийн дүгнэлтэд хуучин гэмтлүүд гэсэн эргэлзээтэй учир шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай” гэх боловч “Натур” эмнэлгийн компьютер томографийн дүгнэлт /хх.80/-д Б.Мын зөвхөн хамар яс хоёр талдаа бага зэрэг зөрүү бүхий хуучин хугарлуудтай гэсэн байх бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан дагз ясны хугарал, дагзны хуйхны шарх, баруун ухархайн дотор доод хананы хугарал гэмтэлд огт хамааралгүй болно.

Хэдийгээр И.М нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл /хх.83/-д “санал нийлэхгүй” гэж бичсэн байх боловч дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, улмаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай яллагдагчийн хүсэлтийг хангахаас прокурор татгалзсан /хх.153/, тэгээд ч хавтаст хэргийн материалтай өмгөөлөгчийн хамт танилцахдаа /хх.156/ ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.М, Б.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Б.М, И.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Б.Мын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал нийт 203.000 төгрөгийг шүүгдэгч И.Маас гаргуулж хохирогч Б.Мад олгох нь зүйтэй.

Хохирогч И.М нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, хохирогч Б.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч И.Маас, хохирогч И.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Маас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.М, И.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.М, И.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.М, И.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.М, И.М нар “хөнгөн ял шийтгэл оногдуулна уу” гэх боловч тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг нөхөн төлж арилгаагүй нөхцөл байдал зэргээс үзэхэд шүүгдэгч нарын уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Б.М, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэд урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д овогт Игийн М, Ш овогт Бгийн М нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, И.М нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар, Б.М, И.М нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Б.М, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

5. Б.М, И.М нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Маас 203.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мад олгосугай.

          7. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, хохирогч Б.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч И.Маас, хохирогч И.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Маас тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М, И.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР