Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 371

 

Б.М, И.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,                                                                                   

шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч З.Ариунцэцэг,

шүүгдэгч, хохирогч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч З.Ариунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.М, И.М нарт холбогдох эрүүгийн 1906034722372 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................., 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, зээ дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжны 184 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ДЮ.................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн;

 

2. ....................., 1974 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 16 дугаар байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Х............../;

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоот өрөөнд хохирогч И.Мтай маргалдаж, улмаар түлхэн хана мөргүүлж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

И.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоот өрөөнд иргэн Б.Мтай маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М, И.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.М, Б.М нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, И.М нарт 3 жилийн хугацаагар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М, И.М нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Б.М, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Б.М, И.М нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Маас 203.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мад олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч И.Маас, хохирогч И.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Маас тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М, И.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа. Би энэ хэрэгт орохоосоо өмнө өндөр настай ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж маань одоо 83 настай. Би ээжийгээ асарч, тэтгэж, тэжээж, халамжилж явсан. Одоогоор ээж маань биеийн байдал тааруу, харж хандах хүнгүй хэцүү байдалд байгаа. Миний хувьд гэмт хэрэгт холбогдох үедээ бусдад цохиулсны улмаас ой санамжаа алдагдуулж, тархи их өвдөж 80 хувийн групптэй болсон. Мартах процесс илүү идэвхжиж, ухаан санаа сарнилттай болж, эрүүл мэндийн бодит нөхцөл байдал бие организмд учирч тохиолдож байгаа тул эрүүл мэндийн минь байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Ар гэрийн байдал болон хувийн байдлыг минь хүндэтгэн авч үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруутай үйлдэлд минь тохирох хуулийн хариуцлагыг эрх тэгш байдлын хүрээнд оногдуулж өгнө үү. Өөрийн эрүүл мэндэд гэмтэл авснаас шалтгаалан татаж унадаг өвчтэй болсон. Насан туршийн эмгэгтэй болж үлдсэн бодит нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг уян хатан байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч И.Мын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд өөрөө маш хүнд гэмтэлтэй, тархиндаа мэс засал хийлгэж 50 хувиар ой санамжаа алдаж, группэд орсон юм. Цаашид И.М нь мэс засал, мэдрэл, сэтгэцийн эмнэлгийн эмч нарын хяналтанд байж эмчлүүлэх шаардлагатай байгаа. И.М нь өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Амьдрал ахуй хүнд байдалтай, ээжийг нь өөр асран хамгаалах хүнгүй юм. И.М нь тархины хүнд гэмтлийн улмаас ухаан алдан унадаг болсон. Үүнээсээ болж хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Цаашид И.Мыг сэтгэцийн эмнэлгийн хяналтад эмчлэх шаардлагатай гэсэн юм. Иймд И.Мын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч З.Ариунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын хохирогчоор өгсөн “...Мөнхбат бид хоёр маргалдаж эхэлсэн. Би Мөнхбатад гар хүрч зодолдон ноцолдож байснаа санаж байна. ...Би толгойдоо хагалгаа хийлгэсэн.” гэх мэдүүлгээр /хх 51/ тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл дээрх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд И.Мын хохирогчоор өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би өөрийн ухаанаа алдтал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ухаанаа алдтал, хэн хэнтэй ууснаа хэлж мэдэхгүй байна. Би хэрхэн толгойдоо гэмтэл авсныг санахгүй байна. ...” гэх /хх 50/ мэдүүлгээр няцаагдаж байх ба онцгой ач холбогдол бүхий дээрх хоёр нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүх тогтоолдоо заагаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Барсхүүгийн өгсөн “...Миний бодлоор уг хүмүүс хоорондоо хэрэлдсэн байж магадгүй. Уг залуучууд нилээд согтуу байсан. Ямар ч байсан нэг нь газар согтуу хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57/, гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн “...Миний анх харахад уг залуугийн амнаас нь хөөс гарчихсан баруун талын завьжнаас нь цус гарчихсан харагдсан. 103-ын эмч нар уг эрэгтэйгийн ам хамрыг нь арчиж аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 58/, гэрч Д.Ууганбаярын өгсөн “...111 дүгээр байрны подвалын 03 тоотод байрлах гэр рүүгээ орж байхад манай 04 тоотын хаалганы урд нэг согтуу эрэгтэй дээшээ харсан байдалтай унтаад байсан...” гэх мэдүүлэг /хх 60/ зэрэг хэрэгт цугларсан байдаг ч дээрх мэдүүлэг өгсөн гэрчүүд нь хэрэг учрал болох үед тухайн цаг мөчид Б.М, И.М нарын дэргэд байгаагүй, хэргийн талаар бодит болсон байдлыг мэдэхгүй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт мэдэхгүй юм. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн “...араас Мэндбаяр юугаар юм бүү мэд намайг цохиж авсан, би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад Мэндбаярыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайраад байхаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нэлээд ноцолдсон. ...Би Мэндбаярын биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг /хх 94-95/ мөрдөгч О.Нармандах нь хууль зөрчин Б.Мын хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэн. Яллагдагч ярьсан зүйлээс огт өөр байна, би ингэж мэдүүлээгүй, гарын үсэг зурахгүй, өөрийн хэлснийг үнэн зөвөөр засаж бичвэл гарын үсэг зурна гэхэд мөрдөгч зодож цохин гарын үсэг зуруулсан байдаг. Энэ талаар тухайн үед мөрдөгчид гомдол гаргахад хүлээж аваагүй. Иймд Авлигатай Тэмцэх газарт мөрдөгч О.Нармандахад холбогдуулан гомдол гаргасан боловч тухайн үед мөрдөгч О.Нармандах, Б.М хоёроос өөр хүн байгаагүй, харсан гэрч байхгүй, мөрдөгчийн мэдүүлэг авсан ажлын өрөөнд камер байхгүй учраас зодож цохиж мэдүүлэг авсан нь тогтоогдохгүй байдал үүссэн. Иймд гомдолд дурдсан асуудлууд нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн болно хэмээн татгалзсан хариу өгсөн. Камерын хяналттай өрөөнд, эсвэл гэрч болох хүний дэргэд мөрдөгч нь хэргийн холбогдогчийг зодож дарамталж хууль зөрчсөн үйлдлээ баримт нотолгоо үлдээхгүй нь мэдээжийн хэрэг юм. Мөрдөгчийн мэдүүлэг авсан ажлын өрөөнд камер суурьлуулаагүй, мэдүүлэг өгч байгаа хүний дэргэд өөр гэрч байгаагүй нь хэргийн холбогдогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл хийхэд таатай нөхцлийг мөрдөгчид бүрдүүлж, Б.Мын эрхийг зөрчин хохироосон үйлдэлдээ хариуцлага тооцогдохгүй үлдэж байгаа нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. Энэхүү дүгнэлтэд ноцтой нөлөөлж байгаа яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хууль зөрчиж авсан мэдүүлэг хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байхад нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. И.М нь хохирогчийн хувьд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд энэ нь Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан мөнгөөр илэрхийлэгдэх хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөгч, прокурор нар эргэлзээгүй тогтоож чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын Б.Мад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Мыг хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд 3 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, И.М нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон учир анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харин шүүгдэгч Б.Маас мэдүүлэг авахдаа мөрдөгч О.Нармандах хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгож, зодож цохин гарын үсэг зуруулсан гэх асуудлыг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргахад нь прокурор мэдсэн. Шүүгдэгч Б.Маас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анх гэрчээр мэдүүлэг авсан. Тэрхүү мэдүүлэгтээ тухайн хэргийн болсон явдлыг ярьж, би өөрөө бас зодуулж гэмтэл авсан гэдгээ хэлж байсан. Иймээс шинжээч томилж Б.Мад гэмтэл учирсан нь тогтоогдсон тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг авсан. Энэхүү 3 мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, тогтвортой өгсөн мэдүүлгүүд байсан. Мөн Б.М болон түүний эгч нараас прокурорт хүсэлт гаргаж байсан боловч тэрхүү хүсэлтдээ энэ талаараа огт дурдаж байгаагүй. Өмгөөлөгч авсны дараагаас эхлэн гэнэт мөрдөгч О.Нармандахыг хууль зөрчиж мэдүүлэг авсан гэх үндэслэлгүй зүйл ярьж эхэлсэн. Энэ талаар мөн Авлигатай тэмцэх газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Мын “...И.М нь над руу агсарч “би 150 шавьтай, чи 45 дахь шавь” гээд байхаар нь би И.Мыг өрөөнөөсөө гар гээд түлхсэн боловч гарахгүй хаалга алдалж зогсоод байсан. Би уул нь уг өрөөнөөс гарах гэж байсан бөгөөд өөрийн хэвтдэг ороо янзлаад зогсож байхад араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиод авсан. Би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрхаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон. ...” /хх 54-55/,

Б.Мын яллагдагчаар “...би уул нь уг өөрөөнөөс гарах гэж байсан бөгөөд өөрийн хэвтдэг ороо янзлаад зогсож байхад араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиод авсан. Би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрхаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон. ...би И.Мын биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...И.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, хатуу хальсан доор цусан хурааг авах мэс заслын дараах байдал, шуу сарвуунд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 7178 дугаартай дүгнэлт /хх 76/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоот өрөөнд хохирогч И.Мтай маргалдаж, улмаар түлхэн хана мөргүүлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Гэтэл анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ, Б.Мын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.М нь хохирогч И.Мыг цохисон үйлдлийн хариуд биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдлийн улмаас хүнд хохирол учруулахад хүргэжээ. Тэрээр хохирогч И.Мын биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн биед хүнд хохирол учруулахыг хүсч, тухайн түлхэлтийн улмаас хохирогч хана мөргөж, улмаар гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, хатуу хальсан доор цусан хураа гэмтлийг авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгч Б.Мыг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Мын түлхэлтийн улмаас архи ууж согтуурсан байсан хохирогч И.М цааш хана мөргөн гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, хатуу хальсан доор цусан хураа буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй байна. 

            Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин, И.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоот өрөөнд иргэн Б.Мтай маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Мын “...И.М нь над руу агсарч “би 150 шавьтай, чи 45 дахь шавь” гээд байхаар нь би И.Мыг өрөөнөөсөө гар гээд түлхсэн боловч гарахгүй хаалга алдалж зогсоод байсан. Би уул нь уг өрөөнөөс гарах гэж байсан бөгөөд өөрийн хэвтдэг ороо янзлаад зогсож байхад араас И.М юугаар юм бүү мэд намайг цохиод авсан. Би толгойгоо бариад авахад толгойноос цус гарч байхаар нь уурлаад И.Мыг үүд рүү түлхсэн чинь ард талын ханаа хүчтэй мөргөсөн. Тэгээд уйлаад над руу дайрхаар нь бид хоёр барьцалдаж аваад орон дээр нилээн ноцолдсон. И.М явахгүй байгаад байхаар нь тэнд нь үлдээгээд нөгөө залуугийн хамт подвалиас гараад орцны үүдэн дээрээс салаад явсан. ...надад учруулсан гэмтлийг И.М нь учруулсан. ...” /хх 54-55/,

гэрч Б.Барсхүүгийн “...миний бодлоор уг хүмүүс хоорондоо хэрэлдсэн байж магадгүй. Уг залуучууд нилээн согтуу байсан. Ямар ч байсан нэг нь газар согтуу хэвтэж байсан. ...” /хх 56-57/,

гэрч Д.Сүхбаатарын “...Мэндбаяр гэх хүн нь агсам тавиад Мөнхбат бид хоёр руу ална хядна гээд дайраад байсан. Архиа ууж эхлээгүй байсан. ...би тэр Мэндбаяр гэх хүнийг агсам согтуу тавиад байхаар нь би тэр хоёроос салаад гэртээ харихаар явсан. ...” /хх 69-70/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Мын биед дагз ясны хугарал, дагзны хуйхны шарх, баруун ухархайн дотор доод хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 7735 дугаартай дүгнэлт /хх 81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч И.Мын хохирогч Б.Мын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч И.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч З.Ариунцэцэг “...мөрдөгч О.Нармандах нь хууль зөрчин Б.Мын хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэн. Яллагдагч ярьсан зүйлээс огт өөр байна, би ингэж мэдүүлээгүй, гарын үсэг зурахгүй, өөрийн хэлснийг үнэн зөвөөр засаж бичвэл гарын үсэг зурна гэхэд мөрдөгч зодож цохин гарын үсэг зуруулсан байдаг. Энэ талаар тухайн үед мөрдөгчид гомдол гаргахад хүлээж аваагүй. ...Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөгч, прокурор нар эргэлзээгүй тогтоож чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын Б.Мад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.М нь хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар тогтвортой, тодорхой, ойлгомжтой мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөрдөгч О.Нармандах хууль зөрчин тайлбар, мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч З.Ариунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Должин овогт Ичинхорлоогийн Мэндбаяр, Шагал овогт Баасанцээгийн Мөнхбат нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Должин овгийн Ичинхорлоогийн Мэндбаярыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шагал овгийн Баасанцээгийн Мөнхбатыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, И.М нарт 3 жилийн хугацаагар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мыг 2 жилийн хугацаагар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М, И.М нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар И.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Мад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч З.Ариунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ