Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 25

 

Ж.Б нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Э.Гантулга Шүүгдэгч Ж.Б Б.А  Г.М Ц.М Шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм /онлайнаар/ Шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтооолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлоор Ж.Б нарт холбогдох 201207000161 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1968 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны * дүгээр гудамж ** тоотод оршин суух, урьд 1996 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 118 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Боржигон овгийн Ж-ийн Б

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд 1972 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр багийн **** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Б-ын А.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхэд, хадам аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн *** сумын ** дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Тайж овгийн Г-ийн М

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ***** сумын *** дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Ц-ийн М.

Шүүгдэгч Ж.Б, Ц.М, Г.М, Б.А  нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ж-ийн Б, Боржигон овогт Б-ын А, Тайж овогт Г-ийн М, Боржигон овогт Ц-ийн М нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Ж.Бийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.А ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Мыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Мыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.А , Г.М, Ц.М нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бийн цагдан хоригдсон 302 хоногийг, Б.А ын цагдан хоригдсон 179 хоногийг, Ц.М-ын цагдан хоригдсон 263 хоногийг, Г.М-ын цагдан хоригдсон 302 хоногийг тус бүр ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.А , Ж.Б, Г.М, Ц.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тус бүрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 475000 төгрөг, Б.А-оос 475000 төгрөг, Ц.М-аас 475000 төгрөг, Г.М-аас 125000 төгрөг нийт 1550000 төгрөгийг гаргаж хохирогч Ч.Дүгэрсүрэнд олгож түүний нэхэмжлэлээс 600000 төгрөгийг, хохирогч П.Чинзоригийн нэхэмжлэлээс 5228000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Л.Гансүхийн 50202000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ иргэний журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.М-ын эзэмшлийн 700000 төгрөгийн үнэлгээтэй Мустанг-5 маркийн мотоцикль 1, шүүгдэгч Ц.М-ын эзэмшлийн нэг бүр нь 70000 төгрөгийн үнэлгээтэй 10 эм хонь, нэг бүр нь 80000 төгрөгийн үнэлгээтэй 10 эр ямаа, 1100000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэр 1, 380000 төгрөгийн үнэлгээтэй хивс 1 ш, 980000 төгрөгийн үнэлгээтэй хөргөгч 1ш, 420000 төгрөгийн үнэлгээтэй угаалгын машин 1, 800000 төгрөгийн үнэлгээтэй морь 1, 80000 төгрөгийн үнэлгээтэй хонь 2 , 70000 төгрөгийн үнэлгээтэй ямаа 40 толгой, шүүгдэгч Ж.Б-ийн эзэмшлийн 80000 төгрөгийн үнэлгээтэй G-mobail 3.99G маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Б.А-ын эзэмшлийн 80000 төгрөгийн үнэлгээтэй Nokia Nseries маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн хөргөгч 1, шарах шүүгээ 1, 21 инчийн өнгөт телевизор 1 ш, Sharp маркийн систем хөгжим 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хохирол нөхөн төлөгдөж дуустал хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогчид тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад гомдол гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө буюу гомдол гаргах хугацаанд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Ж.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуулийн хүрээнд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ямар нэгэн Эрүүгийн хууль зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Миний давж заалдах гомдол гаргасан шалтгаан гэвэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд заагдсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байгаа. Тэгэхээр Ж.Б нарт холбогдох энэ хэрэг нь 2012 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих, мөн 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 2 дахь гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээр бүрэн дүүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг үзэж 2017 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заасан энэ зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тийм учраас 2017 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа учраас яллагдагч нарын ял эдлэх хугацаа дуусгавар болсон байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй. Бичгээр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа гэв. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй. Бичгээр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа гэв. Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй бичгээр гаргаж өгсөн байгаа гэв. Шүүгдэгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй. Бичгээр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа гэв. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар оролцож/ гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар хэрэг гарсан өдрийг тодорхой мэдэхгүй байсан. Анхан шатны шүүх нь Б.А , Ж.Б нарыг шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байгаа. 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт болохоор ялын хэмжээг 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял эдлүүлнэ гэж зүйлчилж өгсөн. Тэгэхээр шинэчлэсэн Эрүүгийн хуулийн гэмт хэргийн үйлдсэн хугацаа буюу 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээд хэмжээ 8 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол гээд зохицуулаад өгсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд ялтан нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх бүрэн боломжтой байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Завхан аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга би Монгол улсын Прокурорын тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Б.А , Ц.М, Г.М нарт холбогдох эрүүгийн 201207000161 дугаартай хэрэгт давж заалдах шатны шүүхэд дараах дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. Тус шүүхийн шийдвэрээр бол Ж.Б, Б.А , Ц.М, Г.М нарт тус тусад нь 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Энэ нь өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаа гомдлууд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус үгүйсгэдэнэ гэж үзэж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацааг хүртэл тоолно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацаа нь 2012 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих, мөн 09 сарын 06-наас 07-нд шилжих хүртлэх хугацаагаар үргэлжилж явсан байгаа. Тиймээс өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ж.Б, Б.А , Ц.М, Г.М нар нь бүлэглэн машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын олон тооны мал буюу 2012 оны 9 сарын 4-нөөс 5- нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутаг “Улаанхайрханы ар” гэх газраас хохирогч З.Б, О.Н нарын бэлчээрт байсан чөдөртэй 2 тооны, мөн 2012 оны 06-наас 07-нд шилжих шөнө тус сумын Тээл багийн Савираа гэх газраас П.Ч-ийн 9 тооны, П.Н-ийн 3 тооны, П.М-ийн 4 тооны, Ч.Д-ийн 2 тооны, Н.Б-ийн 3 тооны, Н.Б-ийн 14 тооны, Т.М-ын 1 тооны адууг, мөн шөнө тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг Ямаатын хөтөл гэдэг газраас хохирогч О.Ц-ийн 2 тооны, П.Л-ын 4 тооны адууг хулгайлсан ба дээрх 3 газраас нийт 44 тооны адууг хулгайлж бусдад 29.700.0000 /хорин есөн сая долоон зуун мянга/ төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч З.Б, П.Ч, Г.М, П.Н, П.М, Ч.Д, П.Л, О.Ц нарын, мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсэгийн 2.4-дэх хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцсон бөгөөд дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж энэ зүйл хэсэгт шилжиж байна. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн эд хөрөнгийг хурааж 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2 жилээс 8 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хөнгөрсөн ба энэ зүйлд давтан, бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заагаагүй учир 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа 2015 оны шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдал нь дээрдсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байна. Шүүх шүүгдэгч Ж.Б, Б.А , Ц.М, Г.М нарт ял шийтгэл оногдуулахдаа шинэ хуучин хоёр Эрүүгийн хуулийг /2002, 2015 оны хуулийг/ зүйл, хэсгээр нь зөв дүйцүүлэн харьцуулж ял шийтгэл оногдуулсаныг буруутгах боломжгүй юм. Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, ял шийтгэл тохирсон байна. Шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдсан гомдолдоо .... Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан хугацааны давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр, 2 дахь хэсэгт нь ... давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр зохицуулсан байна. Дээрх гомдолд дурдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь ... давж заалдах гомдол гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарч түдгэлзсэн хүчин төгөлдөр болоогүй учир хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын зүйл, хэсгүүдийг зөв хэрэглэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.М, Ц.М нарын өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ