| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1841/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 15.1.2., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 244
2020 02 12 2020/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Я.Сансар,
Хохирогч Ц.Энхчимэг, түүний өмгөөлөгч О.Анхбаяр /ҮД:2570/,
Иргэний хариуцагч Б.Цэрэнноров, түүний өмгөөлөгч Б.Базаррагчаа /ҮД:0199/,
Шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Г.Нямдалай /ҮД:0486/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Од холбогдох 1906 04213 2263 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Инфинити” арьс гоо заслын эмнэлэгт их эмч, эмчилгээ эрхэлсэн эмнэлгийн дарга ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171-в байрны 36 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ёын О /РД. /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ё.О нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инфинити” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Энхчимэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй,
Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Оын өгсөн: “Ц.Энхчимэг тэр өдөр манай эмнэлэгт өөр эмчилгээ хийлгэхээр ирсэн. Хийж байх явцад өөрөө санал тавьсан. Би эмнэлгийнхээ гаргасан журам, дүрэм, стандартын дагуу хийх ёстой журмынх нь дагуу хийсэн боловч эмчилгээний хүндрэл гарсан. Цаг алдалгүй авах арга хэмжээнүүдийг авсан. Эмнэлэгт хүргэсэн, эмнэлэгт байх хугацаанд нь сахисан, гадагшаа эмчилгээнд явуулсан. Одоо өөрийнхөө чадах хэмжээнд туслаад явж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “Намайг санал тавьсан гэж байна тийм зүйл болоогүй. Өмнө 1 сард арьсаа чангалуулах үйлчилгээ хийлгэсэн. Эрүүний филлер гараагүй гээд 3 дахь удаагаа очсон. Өглөө нь цаг авах гээд эмнэлэг рүү залгасан чинь ресепшн нь авсан. Тэгэхээр нь “Март эмч байгаа юу” гэсэн чинь “байгаа” гэхээр нь “хэдэн цагийн үед очих боломж байна” гэсэн чинь 3 цагт гэсэн. Тэгээд эмнэлэг рүү очин дотор ороод сууж байсан чинь “Март эмч байхгүй, өнөөдөр ирэхгүй, хэн тэгж хэлсэн юм” гэсэн. Тэр үед О ирж Цэрэнноровтой яриад “ийм хүн ирсэн, Март эмч амарч байгаа” гэсэн, тэгсэн Цэрэнноров авчих гэсэн юм шиг байсан. О намайг эмчилгээний өрөө лүү оруулсан. Би хамар янзлуулах зорилготой очоогүй. О өөрөө эхэлж санал тавьсан. Би Оаас “би цэргийн хүн 5 цаг 30 минутаас нэгдэнэ, зүгээр юм уу” гэхэд “зүгээр, бага зэрэг улайна, ямар ч хөхрөлт энэ тэр байхгүй” гэж хэлсэн. Удаан шахдаг гэж байна. Шахангуут л шууд хэдхэн секундийн дотор хараагүй болсон. Тэгээд шууд л бөөлжөөд харвалт өгсөн. Би өөрөө мэдэхгүй болчихсон, тариа энэ тэр хийгээд байх шиг байсан. Би энэ хүнд гомдолтой гэж хэлээд энэ хүн ял аваад явлаа гэхэд адилхан эмэгтэй хүн надад хэцүү байна. Гэтэл би нэг насаараа сохор нэг нүдээрээ энэ хорвоог харж, юм хайж тэмтэрч насаараа явах аягүй хэцүү. Би гомдолгүй гэж хэлж чадахгүй. Цаашид гарах зардал мөнгө гэхээр багадаа өдөрт 2-3 нүдний дусаалга хэдэн төгрөг болох уу, би өөрөө цэргийн хүн цалин ямар билээ. Одоо дарга нар маань “чамайг анги хамт олон 3 сар харж үзлээ, хандив ч цуглуулаад явуулсан, хорт хавдар 6 сар байдаг, цэргийн байгууллага цэцэрлэг биш, чиний толгойг илж бараг жил явлаа” гэж уурлаад байгаа. Яагаад гэхээр би нүдээ сохорсон гэдгийг нуусан. Шилний цаана яваад байгаа учраас дарга нар ойлгохгүй. Оаас гуйн байж 6 сарын эмчийн бичиг хийлгэсэн, өчигдрийн байдлаар тэр бичгийг маань урдаас шидсэн. “Чи зүгээр ажлаа хий, харуул манаандаа гараад яв, үгүй бол халагд, ийм 6 сарын бичиг гэж байдаггүй юм” гэж уурлаад байгаа. Цаашид ажиллахад хэцүү болж байна. Би одоо 41 настай учраас хувь тэнцүүлээд гарах гэхээр нас хүрээгүй. Тэтгэвэртээ гарах гэхээр жил нь болоогүй. Өвчний журмаар гэхээр сохорсон гэдгээ хэлэх шаардлагатай болоод болохгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх зардал мөнгө хэрэгтэй байна. Солонгос улс руу дахин явж мэс засал хийлгэнэ. Эмчийнх нь хэлснээр бол нүүрний арьсыг доош нь хуулж байгаад дахин 2-3 удаа мэс засал хийх юм байна лээ. Олон сая төгрөг болно гэсэн. Амралтаа аваад 5 сард явъя гэж бодож байгаа. Байнга л мөнгөний хэрэг гарч байна. Цаашид гарах зардал мөнгийг шийдэж өгнө үү. Энэ хүнийг заавал яллах тийм зүйл миний сэтгэлд байхгүй. Би сохорчихоод өнөөдөр ингээд шилний цаана, орондоо хүртэл шилний цаана, үр хүүхдээсээ хүртэл ичээд солир долироо үзүүлэхгүйн тулд хэцүү байдалтай амьдарч байна. Энэ нүдний аягыг дээд тал нь 10 жил байлгаж болох юм байна лээ. Энийг Солонгос улсад авахуулъя гэсэн 15 сая вон гэсэн. Цаашид гарах зардал мөнгийг шийдэж өгнө үү. Тэрнээс биш энэ хүнийг шоронд оруулснаар миний нүд хараа орохгүй. Хохирол төлбөрийн тухайд Цэрэнноров дансанд 50.000.000 төгрөг хийсэн. Эмчилгээний зардлын мөнгө 9.000.000 төгрөг болсон. Намайг Солонгос улсад байхад Цэрэнноров надад 2.000.000 төгрөг өгсөн. Надад бага багаар мөнгө өгч байсан. Би 14.000.000-15.000.000 төгрөгийн зээл авсан, одоо 9.700.000 төгрөг хавьцаа үлдсэн байсан. Тэрийг О 7 сараас хойш төлөөд явж байгаа. Сарын 585.000 төгрөг төлдөг. Цаашдаа Солонгос улсад протез солиулах 5.000.000 төгрөг, хамраа янзлуулах 88.360.000 вон, хүн харахад хамраа аятайхан болгомоор байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Цэрэнноровын өгсөн: “Хохирогч арьсаа чангалъя гээд манай эмнэлэг дээр арьс чангалдаг үйлчилгээнд орох гэж ирсэн. Тэр үед “би урьд нь нүүрэндээ 10 удаа филлер хийлгэж байсан, эрүүний филлер олон жил болсон ч гэсэн хайлахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь “эрүүний хэсэгт нь дахиад 1 орчихвол хайлах байхаа” гээд манай эмнэлэг дээр филлер хайлуулах эмчилгээнд орсон. Эрүүл мэндэд нь ийм хүнд асуудал тохиолдсонд бид нар харамсаж байгаа. Бид нар хамгийн боломжтой арга хэмжээнүүдийг авч байгаа. “Одоо яах вэ? Хэдүүлээ” гээд хамгийн боломжтойгоор нь Солонгос улс руу эмчилгээнд явуулсан. Цаашид гарах эмчилгээний зардал гэж 200.000.000 гаруй сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Инфинити гэх эмнэлэгийн 77186666 гэх дугаарт залгаж хөмсөг шивдэг Март гэх эмчийг ажиллаж байгаа эсэхийг асуухад ажиллаж байгаа гэсэн бөгөөд 15:00 цагт цаг авсан. Тэгээд 15:00 цагт тус эмнэлэг дээр очиход “Март гэх эмч байхгүй, өнөөдөр амардаг өдөр, та түр хүлээгээд сууж бай” гэж хэлээд захиралтайгаа “энд өмнө нь үйлчлүүлж байсан Энхчимэг гэх хүн ирчихсэн байна, давхар эрүүний өөх хайлуулах эмчилгээнд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл захирал нь “О гэх эмчтэй орж уулз” гэж хэлсэн байсан. Тэгээд би О эмчтэй орж уулзаад эрүүндээ тос түрхүүлээд байж байтал О нь надад “та эрүүний өөх хайлуулж байхаар, хамраа өндөрлүүлэх юм бол гоё юм байна” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “450.000 төгрөг” гэж хэлсэн. Тэр үед би хариу хэлээгүй байхад миний эрүүнд тариа хийж байгаад нэг мэдсэн чинь миний хамарт тариа тарьсан, миний хамарны доод хэсэг болон дээд хэсэгт 2 удаа хатгасан. 2 удаа хатгаад миний хамарнаас их цус гарч байсан тэр үед О нь “судас дайрчихсан юм байхдаа, яагаад ингэж их цус гараад байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгээд миний хамранд утас гүйлгээд тэр эмэгтэй надад “таньд их хэмжээний филлер орох юм байна, шовойгоод гоё болгох юм байна” гэж хэлээд утас гүйлгэсэн нүх рүүгээ тариа шахсан. Тариа шахаад хэдхэн секундын дараа миний нүдэнд оч манараад явсан. Тэгээд нүдээ нээж үзэхэд миний зүүн нүд юм харахгүй байсан тул би “миний нүд юм харахгүй байна” гэж орилсон. Би орилоход миний хэл ам нэг л сонин болоод толгой руу хатгуулж өвдөж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, ухаан ороод харахад эмнэлэгийн машинд суусан байсан... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгдо эмнэлэгийн эрчимт эмчилгээнд орсон, миний биед тариа хийлгэснээс болоод тархинд цус харвасан, мөн зүүн нүдний дор гадны биет байна гэсэн дүгнэлт гарсан... намайг эмнэлэгт хэвтэж байхад “Инфинити” эмнэлэгийн ажилтан гэх хүн надад “хамар өндөрлөх тариа хийлгэж утас гүйлгэхэд хурууны өндөгнөөс цус авахад ялгардаг цустай ижил хэмжээний цус гардаг судас дайрсан тохиолдолд л их хэмжээний цус гардаг” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх.1.20-21/,
“... Би зөвхөн эрүүндээ филлер хайлуулах тариа хийлгэх гэж очсон. Урьд нь би тэр эмнэлэгт арьс чангалах эмчилгээг хоёр удаа хийлгэж байсан. Энэ үед эмнэлгийн захирал Цэрэнноров “эрүүний чинь филлер хайлахгүй бол дахиад ирээрэй, манайх үнэгүй дахиж аппаратанд оруулна” гэсэн. Ингээд 3 дахь удаа очсон нь ийм зүйл болсон. О эмч “та наад эрүү гэж байхаар хамраа өндөрлөчихөөч, ёстой гоё болно, жижигхэн царай чинь тодроод гоё болно, хөөрхөн ч нүдтэй юм байна” гэсэн. Би үнийг нь асуугаад “хэр хугацаа орох юм бэ, би буцаад ажилдаа явна шүү дээ хавдах уу хөхрөх үү” гэж асуусан. Гэтэл О нь “асуудалгүй, хавдахгүй харин жоохон хөхөрч магадгүй” гэсэн. Тэгээд би за ч гээгүй байж байтал эрүүнд 4-5 удаа тарьснаа шууд хамар луу час хийтэл хатгасан. Намайг зөвшөөрөөгүй байхад тарьсан. Мөн эрсдэл тайлбарлаагүй, гарын үсэг зуруулаагүй, тарьлаа гэж анхааруулж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнноровын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө ажил дээрээ ирэхэд Энхчимэг гэх үйлчлүүлэгчийн эгч, дүү нар ирж уулзаад болсон асуудлыг сонссон... О эмч надад хамар өндөрлөх филлер хийж байх явцад өвдөлт өгч, тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нарангэрэлийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хөдөө яваад орой 22 цагт гэртээ ирээд байж байтал Энхчимэгийн хүү надруу залгаад ээж тариа хийлгээд бие нь муудаад 1 дүгээр эмнэлэг дээр байна та хурдан хүрээд ир гэж хэлсэн. Яваад очтол дүү маань унтаж байгаа байдалтай юмуу, ухаангүй байгаа байдалтай юмуу байсан, би ухаангүй байна гэж бодсон. Тэгээд эмчтэй нь уулзахад “хамар өндөрсгөх тариа хийлгэсэн байна, түүнээсээ биеийн байдал муудаад манайд ирсэн, ийм тохиолдол Монголд гарч байгаагүй, ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй байна, хөдөлгөж болохгүй, хэвтүүлээд хүлээх хэрэгтэй, өглөө шинжилгээ авна” гэж хэлсэн... давхар эрүү арилгах эмчилгээ хийлгэхээр очиход энэ эмч “та хамраа өндөрлүүлвэл гоё болно” гэж хэлээд хийсэн байсан. Хүнии эрүүл мэндийн шалтгаан биеийн онцлог, харшил зэргийг шалгахгүй, шууд хийсэн 17 цагт ажилтай гэхэд “зүгээр өвдөхгүй, хавдахгүй хийлгээд яваад очиж болно” гэж хэлсэн байсан. Энэ тариаг хийхэд үзэгдэх төдий цус гардаг, тэгтэл манай дүүгийн хамарнаас маш их цус гарсныг марлинд шингээж авч байсан гэсэн, нэг эмч “судас таарсан үргэлжлүүлж болохгүй шүү дээ, ямар тэнэг юм” гэж хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Номингийн өгсөн мэдүүлэг /хх.1.33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8525 дугаартай: “... С.Энхчимэгийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.1.36/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгальмаагийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай:
“... Их эмч Ё.О нь 2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжил, болосролын бакалавр зэрэгтэй төгссөн байна. Дипломын №Д201207429 дугаартай. Эмчлэх эрхийн №0023844 дугаар бүхий 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.
Мэргэшсэн байдлыг авч үзвэл:
... Хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүйгээс хүндрэл гарч хөхрөлт, хараагүй болох, арьсны үхжилт үүссэн байгаа нь тус эмнэлэгийн даргын баталсан “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай” эмнэлзүйн заавар, аргачлалд заасан дараах хэсгүүд зөрчигдсөн байна. Үүнд:
Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлэгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулах ёстой. Үйлчлүүлэгч Ц.Энхчимэг нь гоо заслын ажилбар, эмчилгээний талаар зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Дээрх байдлаас үзэхэд эмч Ё.О нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуулинд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн...” гэх дүгнэлт /хх.1.41-43/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Номингийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт /хх.1.48-51/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд №1160195 дугаар бүхий Арьс судлалаар 2 жил суралцсан арьсны эмчийн мэргэжлийн диплом /хх.1.238/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд №2170228 дугаар бүхий Эмнэлзүйн дархлаа судлалаар 6 cap суралцаж, харшил судлалын эмчийн мэргэжлийн үнэмлэх /хх.1.239/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд №2170139 дугаар бүхий Гоо заслын эмчээр 6 cap суралцаж, Гоо заслын эмч мэргэшлийн үнэмлэхтэй, АШУҮИС-ийн №Е20184303 магистрын диплом /хх.1.240/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай :
“1.2.3. Ц.Энхчимэг нь урьд өмнө нь дүүргэгч /филлер/ хийлгэж байсан гэх эмнэлгийн бичиг баримт хэрэгт ирээгүй байна.
4. Хохирогчид үүссэн нүдний артерийн бөглөрөл, хамрын нурууны арьсны үхжил, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт нь хамарт филлер /дүүргэгч/ тариа хийх үед үүссэн болно. Ц.Энхчимэгийн биед зүүн нүдний хараагүйдэл, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын баруун, зүүн угалз, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65%-р алдагдуулах болон гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх.4.118-121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ё.Оын яллагдагчаар өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Инфинити арьс гоо заслын эмнэлэгт байрандаа байх үед Ц.Энхчимэг гэдэг үйлчлүүлэгч ирсэн. Энхчимэг нь манай гоо сайханч Мартыг асууж ирсэн. Март тэр өдөр амарч байсан. Манай ресепшн Батчимэг надад “захирал сая ярилаа, энэ хүнийг эрүү хэсэгт нь аппаратанд дахиад оруулаад өгчих гэнээ” гэсэн. Би Энхчимэгтэй уулзсан. Энхчимэг нь “өмнө нь Солонгост амьдарч байх хугацаандаа 10-аад удаа филлер тарилга хийлгэж байсан, эрүү хэсгийн филлер арилахгүй арваад жил болж байгаа, өмнө нь танай захирал арьс чангалдаг аппаратанд ороход эрүү хэсгийн филлер бага зэрэг хайлдаг гэсэн чинь өмнө нь хоёр удаа орсон боловч сэтгэлд хүрсэнгүй, дахиад аппаратанд орох хүсэлтэй байна” гэсэн. Би “филлер тарилга бол хоёр жилийн хугацаанд бүрэн уусч арилах ёстой байдаг, ийм олон жил болсон бол өөр бүтэцтэй филлер байхыг үгүйсгэхгүй, тийм учраас филлер хайлуулах тарилга гэж байдаг. Эхний удаадаа тэр тарилгыг хийгээд үзье болохгүй бол аппаратанд оруулъя” гэж хэлсэн. Тэгээд Энхчимэг өөрөө зөвшөөрч тариа хийхээр тохирсон. Эмчилгээний өрөөнд ороод эрүү хэсгийг нь ариутгаад тариагаа танилцуулсан. Гэтэл Энхчимэг нь “чиний хамар гоё юмаа, би урд нь хамрандаа филлер хийлгэн өндөрлөж байсан. Гэхдээ одоо хайлчихсан. Би гол нь хамрыхаа сартгар хэсгийг засуулж болох уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “хамрын сартгар хэсгийг коллагентэй утас хийгээд засаж болно, харин хамрыг өндөрлөхөд филлер тарилга хийгддэг” гэж хэлсэн. Тэгээд “үнэ нь 700.000 төгрөг болно” гэж хэлсэн. Энхчимэг зөвшөөрч “тэгвэл хийлгэчихье” гэсэн. Тэгээд би мэдээ алдуулах, судас агшаах тос, эрүү болон хамар хэсэгт нь түрхсэн. 15-20 минутын дараа эхлээд эрүүнд филлер хайлуулах тариа хийсэн. Дараа нь хамарт нь дахиад мэдээ алдуулах тариа тарьсан. Уг тариаг хамрын үзүүр болон уг хэсэгт тарьж мэдээ алдуулсан. Дараа нь бүдүүн зүүгээр хамрын үзүүрт нүх гаргасан. Энэ үед хатгасан нүхээр цус гарсан. Тэгээд цусыг тогтоогоод дараа нь коллагентэй утас хийсэн. Дараа нь толинд харуулсан. Энхчимэг “хүүе ээ, ийм хурдан юм уу, хүн мэдчихгүй байгаа, би буцаад ажилдаа очих ёстой” гэж хэлж байсан. Би “бага зэрэг хавдах байх, гэхдээ хүн анзаарахаар хэмжээний өөрчлөлт байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд хамарны уг руу филлер тарьж эхэлсэн. Тарьж эхлээд удаагүй байтал Энхчимэг “нүд эвгүй болж байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би тарихаа зогсоосон. Зүүгээ сугалж аваад бэлэн хажууд байсан филлер хайлуулах тариагаа хамрын угт тарьсан. Энхчимэг “нүд эвгүй болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд багш Алтанзул руу залгасан. Алтанзул багш бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Арьс гоо заслын багш юм. Болсон явдлыг багшид хэлтэл багш “филлер хайлуулах тариа хий, үрэвсэл харшлын эсрэг тариа хий, судас тэлэгч эм өг” гэсэн. Өөрөөр хэлбэл “дексаметазон, виагра” хэрэглэх ёстойг зааж өгсөн. Ингээд дексаметазон тариа нь бэлэн байсан учраас тариаг өгзөгний булчинд хийсэн. Виагра эм байхгүй байсан учраас сувилагчийг эмийн сан руу авчруулахаар явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь “тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан” гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэлэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дарааллаар тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдаж, эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан... Энхчимэгийн хувьд өмнө нь эрүүндээ их хэмжээний филлер шахуулж байсан нь харахад мэдэгдэж байсан. Мөн барьж үзэхэд илүү мэдрдэгдэж байсан. Хамрандаа хийлгэж байсан эсэх нь харахад мэдэгдэхгүй байсан. Гэхдээ өөрөө надад хэлэхдээ “Солонгост байхдаа 10-аад удаа хамартаа, хацартаа эрүүндээ хийлгэж байсан. Эрүүнийх үлдээд хайлахгүй далийгаад байдаг учраас энийгээ янзалмаар байна, хамарных болохоор хайлсан” гэж хэлж байсан. Надад хэн ч туслаагүй. Гоо сайхны эмчилгээг ганцаараа хийдэг. Хүндрэл үүсч байх явцад дэргэд өөр хүн байгаагүй. Харин хүндрэл гарсны дараа нэг ажилтныгаа эмийн сан руу явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дараалан тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдан, эрсдлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан. Мэргэжлийн эмчийн хувьд өмнө нь хийлгэсэн гоо сайхны эмчилгээнүүдийг буюу ямар эмчилгээ, ямар тарилга, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг гаднаас нь хараад зарим тохиололд мэдэх боломжтой байдаг. Ямар эмчилгээ хийснээс хамаарна. Энхчимэгийн хувьд өмнө нь эрүүндээ их хэмжээний филлер шахуулж байсан нь харахад мэдэгдэж байсан. Мөн барьж үзэхэд илүү мэдрдэгдэж байсан. Хамрандаа хийлгэж байсан эсэх нь харахад мэдэгдэхгүй байсан. Гэхдээ өөрөө надад хэлэхдээ “Солонгост байхдаа 10-аад удаа хамартаа, хацартаа филлер хийлгэж байсан. Эрүүнийх үлдээд хайлахгүй далийгаад байдаг учраас энийгээ янзалмаар байна, хамарных болохоор хайлсан” гэж хэлж байсан. Энхчимэгт эмчилгээ хийж байх үед надад хэн ч туслаагүй. Гоо сайхны эмчилгээг ганцаараа хийдэг. Хүндрэл үүсч байх явцад дэргэд өөр хүн байгаагүй. Харин хүндрэл гарсны дараа ажилтныгаа эмийн сан руу явуулсан” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,
Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.6/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.1.44-45/,
Эмчилгээний баримтууд /хх.1.72-205/,
Хэлцлийн баримт /хх.1.181-182/,
Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.206-210, 241, 242-244/,
Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж /хх.1.210-215/,
Хамар өндөрлөх филер буюу дүүргэгч тарилга хийх аргачлал /хх.1.224/,
Иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.2.21-22/,
Ирээдүйд гарах эмчилгээний зардлын баримтууд /хх.2.42-55/,
Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжууд /хх.4.104-106, 114-116/,
Хохирол төлсөн баримтууд /шинээр гаргасан 12 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ё.О нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инфинити” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Энхчимэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй,
Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... О нь надад “та эрүүний өөх хайлуулж байхаар хамраа өндөрлүүлэх юм бол гоё юм байна” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “450.000 төгрөг” гэж хэлсэн. Тэр үед би хариу хэлээгүй байхад миний эрүүнд тариа хийж байгаад нэг мэдсэн чинь миний хамарт тариа тарьсан, миний хамарны доод хэсэг болон дээд хэсэгт 2 удаа хатгасан. 2 удаа хатгаад миний хамарнаас их цус гарч байсан, тэр үед О нь “судас дайрчихсан юм байхдаа, яагаад ингэж их цус гараад байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгээд миний хамранд утас гүйлгээд тэр эмэгтэй надад “таньд их хэмжээний филлер орох юм байна, шовойгоод гоё болгох юм байна” гэж хэлээд утас гүйлгэсэн нүх рүүгээ тариа шахсан. Тариа шахаад хэдхэн секундын дараа миний нүдэнд оч манараад явсан. Тэгээд нүдээ нээж үзэхэд миний зүүн нүд юм харахгүй байсан тул би, миний нүд юм харахгүй байна гэж орилсон. Би орилоход миний хэл ам нэг л сонин болоод толгой руу хатгуулж өвдөж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг. /хх.1.20-21/,
“... Намайг зөвшөөрөөгүй байхад тарьсан. Мөн эрсдэл тайлбарлаагүй, гарын үсэг зуруулаагүй, тарьлаа гэж анхааруулж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнноровын өгсөн: “... О эмч надад хамар өндөрлөх филлер хийж байх явцад өвдөлт өгч, тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нарангэрэлийн өгсөн: “... давхар эрүү арилгах эмчилгээ хийлгэхээр очиход энэ эмч та хамраа өндөрлүүлвэл гоё болно гэж хэлээд хийсэн байсан. Хүнии эрүүл мэндийн шалтгаан биеийн онцлог, харшил зэргийг шалгахгүй шууд хийсэн 17 цагт ажилтай гэхэд зүгээр өвдөхгүй, хавдахгүй хийлгээд яваад очиж болно гэж хэлсэн байсан. Энэ тариаг хийхэд үзэгдэх төдий цус гардаг тэгтэл манай дүүгийн хамарнаас маш их цус гарсныг марлинд шингээж авч байсан гэсэн, нэг эмч “судас таарсан, үргэлжлүүлж болохгүй шүү дээ, ямар тэнэг юм гэж хэлж байсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8525 дугаартай: “... С.Энхчимэгийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.1.36/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгальмаагийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай:
“... Хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүйгээс хүндрэл гарч хөхрөлт, хараагүй болох, арьсны үхжилт үүссэн байгаа нь тус эмнэлэгийн даргын баталсан “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай” эмнэлзүйн заавар, аргачлалд заасан дараах хэсгүүд зөрчигдсөн байна. Үүнд:
Хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх ёстой. Канниула буюу мохоо зүүгээр эмчилгээ хийх аюулгүй гэх боловч дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйгээс судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүссэн.
Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлэгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулах ёстой. Үйлчлүүлэгч Ц.Энхчимэг нь гоо заслын ажилбар, эмчилгээний талаар зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Дээрх байдлаас үзэхэд эмч Ё.О нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуулинд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн...” гэх дүгнэлт /хх.1.41-43/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд №1160195 дугаар бүхий Арьс судлалаар 2 жил суралцсан арьсны эмчийн мэргэжлийн диплом /хх.1.238/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд №2170228 дугаар бүхий Эмнэлзүйн дархлаа судлалаар 6 cap суралцаж, харшил судлалын эмчийн мэргэжлийн үнэмлэх /хх.1.239/,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд №2170139 дугаар бүхий Гоо заслын эмчээр 6 cap суралцаж, Гоо заслын эмч мэргэшлийн үнэмлэхтэй, АШУҮИС-ийн №Е20184303 магистрын диплом /хх.1.240/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай:
“1.2.3. Ц.Энхчимэг нь урьд өмнө нь дүүргэгч /филлер/ хийлгэж байсан гэх эмнэлгийн бичиг баримт хэрэгт ирээгүй байна.
4. Хохирогчид үүссэн нүдний артерийн бөглөрөл, хамрын нурууны арьсны үхжил, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт нь хамарт филлер /дүүргэгч/ тариа хийх үед үүссэн болно. Ц.Энхчимэгийн биед зүүн нүдний хараагүйдэл, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын баруун, зүүн угалз, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65%-р алдагдуулах болон гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх.4.118-121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ё.Оын яллагдагчаар өгсөн: “... Дараа нь бүдүүн зүүгээр хамрын үзүүрт нүх гаргасан. Энэ үед хатгасан нүхээр цус гарсан. Тэгээд цусыг нь тогтоогоод дараа нь коллагентэй утас хийсэн... Тэгээд хамарны уг руу филлер тарьж эхэлсэн. Тарьж эхлээд удаагүй байтал Энхчимэг “нүд эвгүй болж байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би тарихаа зогсоосон. Зүүгээ сугалж аваад бэлэн хажууд байсан филлер хайлуулах тариагаа хамрын угт тарьсан. Энхчимэг “нүд эвгүй болоод байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.59-60/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... Шахангуут л шууд хэдхэн секундийн дотор хараагүй болсон. Тэгээд шууд л бөөлжөөд харвалт өгсөн....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан урьдчилсан шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч миний зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мэргэжлийн салбар коммисын дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаж шүүгчээс Мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилсон захирамж гарсан.
1. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх ба шүүгч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвийн шинжээчээр давтан дүгнэлт гаргуулахдаа яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, урьд хэрэгт нэгэнт авагдсан Шүүх Шшжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон анх гарсан шүүгчийн захиражаас өөр утга агуулгатай, гоо сайхны мэргэжлийн эмч нарын дүгнэлт биш тул шүүх хуралдаан цааш явагдах боломжгүй байна.
2. Мэргэжлийн салбар коммисын эмч нараар дүгнэлт гаргуулах талаар яллагдагч хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны эхнээс прокурорт хүсэлт гаргаж байсан ба өмгөөлөгчөөс мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг ханган шийдвэрлэж шүүхийн шатнаас шинжээч томилсон.
3. Яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол “хүнд гэмтэл” учирсан нь эмчийн буруутай үйлдлээс болсон гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “... филлер тарилгыг хурдтай шахсанаас судас хагарч уг гэмтэл учирсан...” гэсэн дүгнэлт нь мэргэжлийн гоо сайхны эмчийн дүгнэлт бус байх ба хурдтай шахсан нь ямар баримтаар, яаж тогтоогдоод байгаа нь тодорхойгүй байна. Хохирогч өмнө нь хэд хэдэн удаа филлер хийлгэж байсан, уг эмнэлэгт энэхүү урьд хийлгэсэн филлер бодисыг xaйлуулах зорилгоор үйлчилгээ авч эхэлсэн нь өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон байна.
Какниула гэх мохоо үзүүртэй зориулалтын зүү нь судас хагарахаас бүрэн сэргийлсэн олон улсын гоо сайхны эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл юм.
Энэ бодис нь химийн шинжийн хувьд арьсны завсар ороод шууд царцдаг шинжтэй юм бол хохирогчийн урьд нь олон удаагийн тарилгаар хийгдсэн филлер бодис нь хамар болон нүдний салст судсуудад нөлөөлсөн байсан нь бодисыг удаан шахсан ч арьсны доор байрлах судасны хана шахагдах, хавчигдаж тасрах зэргээр хагарахад хүргэсэн байхыг үгүйсгэхгүй тул ямар гэм буруутай үйлдэл байна гэдгийг нарийн тодорхой болгож байж гэм буруугийн талаар ярих боломжтой болох тул мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулмаар байна гэж удаа дараа хүсэлт гаргаад байгаа юм.
Иймд эдгээр байдлуудыг хөдөлшгүй шинжлэн тогтоох зайлшгүй шаардлагатай тул яллагдагч болон өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангах үндэслэл байх ба мөн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж гоо сайхны мэргэжлийн мэдлэг бүхий эмч нараар дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан болно.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх хүсэлттэй ижил агуулга бүхий яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шинжээч томилсон шүүгчийн захирамжаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.4.118-121/-ийг хохирогч Ц.Энхчимэгийн биед үзлэг хийж, хавтаст хэргийн материалыг үндэслэн гаргажээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ё.Оын өгсөн: “... Энхчимэг “... урд нь хамрандаа филлер хийлгэн өндөрлөж байсан... Солонгост байхдаа 10-аад удаа хамартаа, хацартаа филлер хийлгэж байсан...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэв.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ё.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ё.Отгожаргалын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ц.Энхчимэгт Ё.Оаас гадаад, дотоод эмчилгээний зардалд 29.000.000 төгрөг, зээлийн хүүнд 4.680.000 төгрөг, нийт 33.680.000 төгрөг, “ЭМ СИ ГРАНД” ХХК-й “ИНФИНИТИ” эмнэлгээс гадаад, дотоод эмчилгээний зардалд нийт 32.414.680 төгрөг сайн дураар нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал 88.360.000 солонгосын вон буюу 202.344.400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Харин хохирогч Ц.Энхчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ё.О болон иргэний хариуцагч “ЭМ СИ ГРАНД” ХХК-й “ИНФИНИТИ” эмнэлгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ё.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ё.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ё.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ё.Од оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эрх хасах ялын хугацааг тоолно.
Ё.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Ёын Оыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ё.Од сануулсугай.
4. Ё.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч “ЭМ СИ ГРАНД” ХХК-й “ИНФИНИТИ” эмнэлгээс хохирогч Ц.Энхчимэгт нийт 65.094.680 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ц.Энхчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ё.Оаас болон иргэний хариуцагч “ЭМ СИ ГРАНД” ХХК-й “ИНФИНИТИ” эмнэлгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ё.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР